Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 32

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох,

Гуравдагч этгээд: “К” ХХК /

Гуравдагч этгээд: “М” ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “... “М” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүрийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “B” хотхоны ** байрны зоорийн давхрын ***, *** тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн П-г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, авто зогсоолуудыг иргэн П-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, С.Я нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн П нь “М” ХХК-тай 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “B” хотхоны, *** байрны ***, *** тоот авто зогсоолуудыг захиалж, төлбөр болох 25.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.

Ийнхүү гэрээний дагуу “М” ХХК-иас авто зогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “B” хотхоны *** байрны зоорийн давхрын ***, *** тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “М” ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/01407 дугаар шүүгчийн захирамжаар авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр иргэн П-ыг тогтоосон юм.

Дээрх 102/ШШ2016/01407 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* авто зогсоолуудын өмчлөх эрхийг П-ын нэр дээр Улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт хандсан боловч “эд хөрөнгө нь “М” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн, “К” ХХК-ны барьцаанд бүртгэлтэй. Мөн өмчлөх эрхийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул бүртгэх боломжгүй” гэх үндэслэлээр хууль ёсны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* нь уг хариуг авсны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд тус байгууллагаас 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 6/4891 тоот албан бичгээр “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу “К” ХХК-нд хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсарган мэдүүлгээ дахин гаргана уу гэх хариу өгч, иргэн П-ыг авто зогсоолуудын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зүй нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “B” хотхоны ******* А байрны зоорийн давхрын *******, ******* тоот авто зогсоолууд нь П-ын өмч хөрөнгөөр бий болсон байхад “М” ХХК нь тэдгээрийн өмчлөх эрхийг хууль бусаар өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болох П-д огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр “К” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, түүнд огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь түүний эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл юм.

Гэтэл Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг зөрчиж, “М” ХХК нь тухайн авто зогсоолыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалтгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн нь мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх” шаардлагыг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн “К” ХХК нь “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна.”, “Иргэний хууль”-ийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж, хууль ёсны өмчлөгч П-ын зөвшөөрөлгүйгээр, түүний өмч хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгүүдийг түүнд огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул түүний зүгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

Тиймээс авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн П-ыг улсын бүртгэлд бүртгэснээр “К” ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд” гэдэгт “К” ХХК хамаарахгүй юм.

Иймд “М” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн ***, *** дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***, *** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “B” хотхоны *** байрны зоорийн давхрын ***, *** тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн П-ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, авто зогсоолуудыг иргэн П-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, улсын бүртгэгч Э.Ганчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хан-Уул дүүргийн бүртгэлийн тасаг нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь “М” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн, “К” ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй, мөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул бүртгэх боломжгүй гэх үндэслэлээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дурдсан байна. “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.4.2-т Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тусгасан захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт хавсралтуудаар, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ гэж зааснаар “М” ХХК /РД:*****/-ийн ирүүлсэн өмчлөгчдийн нэрсийн жагсаалтын дагуу бүртгэл хийгдсэн байна.

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйл 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан.

“М” ХХК /РД:****/ нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан “К” ХХК-аас зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар барьцаат зээлийн гэрээ нь албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байна.

Мөн “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгох, 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч болон хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхийг хориглоно гэж заасан байна.“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.9-д “Эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн тохиолдолд өмнө олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авч хүчингүй болгон хувийн хэрэгт хавсарган хадгална” гэж заасан байх тул Эрхийн улсын бүртгэлийн ****, **** тоот гэрчилгээнүүдийг эх хувиар хураан авч хүчингүй болгосноор дараагийн өмчлөгчид өмчлөх эрхийн шинэ гэрчилгээ олгогдох тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И нь гаргасан тайлбартаа:

“...Тус банк нь “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж. 1.400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянган) ам долларыг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга газар дэд бүтцийн хамт; автомашины гараж; 3 өрөө орон сууц, гаражийн хамт; Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.

Мөн тус банк нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г “С” ХХК-тай байгуулж, “С” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд:

“М” ХХК-ийн өмчлөлийн **** тоот улсын бүртгэлийн дугаартай, *** тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ******* А тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;

“М” ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар;

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд **, **, **, ** дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр **, **, ** дүгээр байрны ** тоот авто зогсоолыг нэг бүрчлэн, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр *** дүгээр байрны *-** тоот орон сууцнуудыг нэг бүрчлэн тус тус барьцаалсан.

Тус банкны “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Гэтэл “М” ХХК нь иргэн П-тэй 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо. “B” хотхоны *******А байрны *******, ******* тоот авто зогсоолуудыг худалдсан байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 –т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.62-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр иргэн П нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/1112016/01407 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл иргэн П-ын өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М” ХХК-ийн өмчлөх эрхийг П-д шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу “М” ХХК-аас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн иргэн П нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдсөн байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл иргэн П нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна.

Иймд Бүгд найрамдах Солонгос улсын иргэн П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн захирал Б.Чинзориг шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“...Иргэн П нь 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай компанитай “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хотхоны “B” *** байрны зоорийн давхарт байрлах ***,** тоот авто зогсоолуудыг захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/01407 дугаар шүүгчийн захирамжаар Бүгд найрамдах Солонгос улсын иргэн П-г Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “B” хотхоны *** байрны зоорийн давхарт байрлах ***, *** тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

“М” ХХК, “К” ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ", Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг “М” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж буй “B” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм.

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд “М” ХХК нь 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Х” хотхоны ******* тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм.

Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр “С” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн *******А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, *******Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг “К” ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд иргэдэд “B” хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар *******А хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн “К” ХХК-ийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгийг тайлбарт хавсаргав.

Манай компани “К” ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, авто зогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, “К” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50 хувиар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтад хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.

Ингээд 2010 оны 05 дугаар сард бид “К” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор “К” ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр Бүгд найрамдах Солонгос улсын иргэн П-ын “B” хотхоны *** байрны зоорийн давхарт байрлах ***, *** тоот авто зогсоолуудыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд “М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн П-ын нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “B” хотхоны *** байрны зоорийн давхарт байрлах ***, *** тоот авто зогсоолуудын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц нь “...“М” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн ***,**** дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ****, **** дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, “B” хотхоны *** байрны зоорийн давхрын ***, *** тоот автозогсоолуудын өмчлөгчөөр Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн П-г бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, автозогсоолуудыг иргэн П-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч П нь 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээгээр 2 автозогсоолыг 25.000.000 төгрөгөөр 2009 оны 4 дүгээр сард багтааж гаражийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусгахаар “М” ХХК-тай гэрээ байгуулсан байх бөгөөд төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь 2009  оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, Бэлэн мөнгөний орлогын баримт, “М” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 16/102 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байх бөгөөд энэ үеэс нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүссэн гэж дүгнэхээр байна.

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн П нь “М” ХХК-д холбогдуулан “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “B”  хотхоны *******А байрны зоорийн ***, ******* тоот автозогсоолуудын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/01407 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг баталж, маргаан бүхий автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн П-ыг тогтоосон байх бөгөөд уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Улмаар нэхэмжлэгч П нь өөрийн нэр дээрх авто зогсоолуудын өмчлөх эрхийг баталгаажуулахаар Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст  2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргасан байх бөгөөд хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс газраас бүртгэхээс татгалзсан үндэслэлээ “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж “B”  хотхоны ******* А байрны *******, ******* тоот зогсоолууд нь “М” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн байх бөгөөд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “М” ХХК-тай байгуулсан №Т07/141 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 дугаартай албан бичиг, 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 124 тоот захирамжаар уг хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн тул “К” ХХК-д хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл ав...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Учир нь “М” ХХК нь “К” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээний 3.5.2-т “...7000 м.кв талбайтай, 205 автомашины гаражийн Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2007 оны дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргуулан, барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлэх”, 3.5.4-т “...тус зээлийн гэрээгээр санхүүжүүлэгдэж баригдах 5 блок 120 айлын орон сууцны дуусаагүй барилгын Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргуулан, барьцааны гэрээг шинэчилж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар бүртгүүлэн, дэд бүтцийг баригдаж дуусахад нэмж барьцаалах” гэж зээлийн нөхцлийг зааж, гуравдагч этгээд “М” ХХК-д үүрэг хүлээлгэсэн байна. 

“М” ХХК нь 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүсч, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хот төлөвлөлт, мэдээллийн хэлтсээс 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 24/1378 тоот албан бичиг, кадастрын зураг, “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Улсын тусгай хамгаалалтай газар нутаг дэвсгэр газар ашиглах 1/52 тоот гэрчилгээ, гэрээ, холбогдох дуусаагүй барилгын фото зургийг хавсарган хүсэлт гаргасан байна. 

Уг материалд хавсаргасан фото зургаас үзэхэд “М” ХХК-ийн тухайн үед барьцаалсан маргаан бүхий дуусаагүй барилгад нэхэмжлэгч П-ын  захиалгаар бариулсан автозогсоол багтаж байгаа гэдэг нь тогтоогдохооргүй байна. 

Хариуцагч нь “М” ХХК-ийн 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн *******А байрны аялал жуулчлалын цогцолборын зориулалтай 1692 м.кв 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг **** дугаарт бүртгэж гэрчилгээ олгож, “М” ХХК нь 2007 оны Т07/141 тоот зээлийн гэрээнд 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Т07/141 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай” нэмэлт гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Т07/141 тоот “Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай” нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Т07/141 тоот “Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай” нэмэлт гэрээнүүдээр өөрчлөлт оруулсан байх бөгөөд энэ үед ч 2007 оны зээлийн гэрээний 3.5.2, 3.5.4 дэх заалтуудаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, барьцааны гэрээг байгуулаагүй байна. 

Харин “С” ХХК нь “К” ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот зээлийн гэрээ байгуулж, 1.500,000,0000 ам долларын үүргийн гүйцэтгэлийн барьцаанд “М” ХХК-ийн Хан-уул дүүргийн *******а дугаар байр, *** дугаар бүхий 1692 м.кв 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга болон Хан-уул дүүргийн *******б дугаар байр *** дугаар бүхий 1692 м.кв 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, “М” ХХК-ийн Богдхан-Уулын Дархан цаазат газар байрлах 2,5 га газар, “” ХХК-ийн Богдхан-Уулын Дархан цаазат газар байрлах 1 га газар зэргийг тус тус барьцаалж гэрээ байгуулсан байна. 

Өмнө дурдсанчлан “М” ХХК-ийн Хан-Уул дүүргийн *******А дугаар байр, **** дугаар бүхий 1692 м.кв 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгад нэхэмжлэгч П-ын захиалгаар бариулсан автозогсоол багтаж байгаа гэдэг нь энэ үед ч тогтоогдоогүй бөгөөд “К” ХХК нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 899 тоот албан бичгээр “...Дээрх үл хөдлөх хөрөнгөнд ногдох үүргийн гүйцэтгэл хангагдсан тул **** тоот дугаартай барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж барьцаа хөрөнгө чөлөөлөгдсөн байна. 

“М” ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дээрх орон сууцыг тоот тус бүрээр нь салгаж бүртгүүлэх хүсэлт гаргасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн тойруу, “B” хотхоны ** байрны зоорийн давхрын ***, ** тоот 90 хувийн гүйцэтгэлтэй автозогсоолуудыг 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт тус тус бүртгэж, өмчлөх эрхийн *****, **** тоот гэрчилгээг олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашгийг хөндсөн байна. 

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дэд дарга бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаар журмын 1 дүгээр хавсралтаар баталсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.10-т “... Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анхны удаа бүртгүүлснээс хойш тухайн барилгыг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах хүртэл гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно”, 4.11-т “...Дуусаагүй барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүрэн дуусгаж, ашиглалтанд оруулсан тохиолдолд дуусаагүй барилгын өмчлөх эрхийн хувийн хэрэг, гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрчилгээг сольж олгоно” гэж тус тус зохицуулж өгсөн байх бөгөөд дуусаагүй барилгыг 2 удаа бүртгэж, дуусаагүй 90 хувийн гүйцэтгэлтэй барилгад дахин гэрчилгээ олгосон нь дээрх журамд нийцээгүй байна. 

Түүнчлэн хариуцагч нь “М” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2010 онд автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй байхад тоот тус бүрээр нь салгаж, улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгох үед нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүссэн байсан /2009 онд төлбөрийг төлсөн/ бөгөөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “B” хотхонд байрлах орон сууцны ******* А байрны зоорийн давхрын *******, ******* тоот авто зогсоолуудыг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг болон өөр өмчлөгч байгаа эсэх, захиалгаар автомашины гараж бариулах гэрээ байгаа эсэх зэрэг нотлох баримтыг шалгалгүй, өмнөх барьцаат зээлийн гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг нягтлахгүйгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг “М” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх...”, Мэдүүлэгт энэ хуулийн *******.1-т заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, 13.5-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” гэж заасныг тус тус зөрчжээ. 

Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно.”, 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна: эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх;” гэж тус тус заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, В хотхонд байрлах орон сууцны *******А байрны зоорийн давхрын *******, ******* тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн П-ыг бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзсан үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “М” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, дээрх авто зогсоолуудын өмчлөгчөөр Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн П-ыг бүртгэн, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй байна гэж дүгнэв. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн П-н Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган “М” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “B” хотхоны *** байрны зоорийн давхрын ***, *** тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр Бүгд найрамдах Солонгос улсын иргэн П-ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, авто зогсоолуудыг Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн П-н нэр дээр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэл ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОДМАА