Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2020/0364/З |
Дугаар | 389 |
Огноо | 2020-10-26 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 389
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь,
Х.Батсүрэн,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0351 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 474 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0351 дүгээр шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасныг баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 474 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 351 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Дийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 474 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Нийслэлийн Засаг дарга 2017 оны А/609 дүгээр захирамжаар “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй үндэслэлээр цуцалсан.
5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлсэн эсэхтэй холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй, холбогдох газруудад хүсэлт тайлбар гаргаж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон хамгаалалтын бүстэй 96 хувийн давхцалтай нь шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна гэж тус тус дүгнэсэн.
6. Гэтэл давж заалдах шатны шүүх бодит нөхцөл байдлыг тогтоож, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт гаргахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч улсын байцаагчийн албан шаардлагыг эс зөвшөөрч маргаагүй нь тус албан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл гэж үзэхээр байгааг шүүх дүгнээгүй. Тус компани нь холбогдох хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн бөгөөд албан шаардлагын биелэлтийг хэрхэн хангасан талаар хүсэлт, баримт бичиг ирүүлээгүйгээс албан шаардлага одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна.
7. Мөн тус компанийн тусгай зөвшөөрөл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон хамгаалалтын бүстэй давхцалтай нь холбогдох баримтуудаар тогтоогдож байхад Нийслэлийн Засаг даргын зүгээс дахин судалж, шинэ акт гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэл болох улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй, Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байхад бодит нөхцөл байдлыг судалж, дахин шинэ акт гаргах гэдэг ойлгомжгүй байна.
8. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй болон энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй.” гэж заасан. Дээрх тодорхой заасан хуулийн зохицуулалт байхад давж заалдах шатны шүүх уг хуулийн заалтыг хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
9. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0351 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 474 дүгээр магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
10. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. ...“Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэл болох улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй, Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байхад бодит нөхцөл байдлыг судалж, дахин шинэ акт гаргахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлтэй байна.
12. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
13. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжаар, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус баримтлан, “Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон” гэсэн үндэслэлээр, 62 аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсанд “Т” ХХК багтсан. Хариуцагчаас, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэлийг “...тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны хамгаалалтын бүстэй давхцалтай, нэхэмжлэгч улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй, хариу тайлагнаагүй” гэж тайлбарласан байна.
14. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлахаар, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-ийн 5-д хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг бүрэн буюу хэсэгчлэн дуусгавар болгохоор, мөн зүйлийн 2-ийн 1-д газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор тус тус хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч дараах байдлаар хууль зөрчсөн нь тогтоогджээ.
15. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газар хамтран, Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалтыг явуулж, “Т” ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 дугаартай улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна.
16. Уг албан шаардлагад “...Т” ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д заасан үүргээ биелүүлээгүй, 2016 оны уулын ажлын тайлан, 2017 оны уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй, мөн 2016 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг тогтоосон хугацаанд гаргаж тайлагнаагүй, 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, орчны хяналт, шинжилгээний хөтөлбөрийн дагуу агаар, хөрс, уснаас шинжилгээ тогтмол хийлгэж, хэмжилтээр гарсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч ажиллаагүй, олборлолтын болон үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн, биологийн нөхөн сэргээлт хийж нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэж өгөөгүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгээгүй, гүний худгийн зөвшөөрөл, дүгнэлтгүй...” гэж тус тус заасан. Гэвч нэхэмжлэгчээс уг албан шаардлагыг биелүүлсэн эсэхтэй холбоотой баримтыг гаргаж, шаардлагад заасан дээрх зөрчлүүдийг арилгасан, зөрчилгүй болохоо нотлоогүй байна.
17. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/1541 тоот албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 05/2027 тоот албан бичгийн хавсралт лавлагаа болон бусад баримтуудаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн MV-011893 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол, 2015 оны 289 дүгээр тогтоолуудаар баталсан ойн сан бүхий газрын хилийн зааг, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ /96 хувийн/ давхцалтай, үлдэх талбай нь иргэдийн суурьшлын бүсэд орсон болох нь тогтоогджээ.
18. Дээрх байдлаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай, нэхэмжлэгч улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй зэргээр маргаан бүхий захиргааны актын үндэслэл тогтоогдсон, иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр хуульд нийцсэн, анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийн үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна.
19. Харин, давж заалдах шатны шүүхээс “...маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоол, ...Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолуудаар баталсан ойн сан бүхий болон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай хэдий хэмжээгээр давхцаж байгаа, ...тусгай зөвшөөрөлтэй талбайн тодорхой хэсгийг ашиглах боломжтой эсэх, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нөхөн олговрыг ямар хэмжээгээр олгох зэрэг асуудлыг шүүхээс тогтоох боломжгүй” гэж дүгнэн, дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцээгүй гэж үзлээ. Түүнчлэн, нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговор олгох асуудлаар жич маргаж шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй юм.
20. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 474 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0351 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1” гэснийг “Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА