| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1425/Э |
| Дугаар | 1508 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 1508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Амуундарь,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Хохирогч Р.Сондивсүрэн,
Шүүгдэгч Ж.С, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг /ҮД:2156/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Сд холбогдох 1806071001650 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Архангай аймгиин Булган суманд 1984 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт, Архангай аймгийн Булган сумын Тамир 3 дугаар багт оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Монгол овогт Ж.С /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ж.С нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 06 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Туул гарден” амралтын газарт иргэн Р.Сондивсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн гар цүнхтэй эд зүйлсийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Сын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Сондивсүрэнгийн өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 23-24-ний байх үүрээр 6 цагт хүүхэд рүүгээ очих гээд гэрээс гараад явж байсан. Гэтэл 3 номерийн гэрээс энэ хүн гарч ирсэн. Тэгээд сайн уу гэхээр нь би сайн танихгүй болохоор айгаад зог тусаад зогссон чинь шууд дараад авсан, тэгээд тирко тайлаад ам дараад багалзуурдаад байсан. Тэгээд би зөвшөөрч байна, чи пиджака тайлчих гэж хэлэхэд энэ хүн пиджакаа тайлсан. Тэгээд тэр хооронд нь би зугатсан. Гэтэл ардаас хөөгөөд миний өмсөж явсан пиджакнаас татахад цүнхтэй хамт татаад би цүнхээ орхиод зугатсан. Тэгээд буцаж гэрт ороод нөхөртөө хэлсэн. Манай нөхөр араас нь нэг найзтайгаа хөөсөн. Тэгээд олоогүй байсан. Цүнхэн дотор миний гар утас байсан. Тэгээд маргааш нь манай гэрийнхэн миний утас руу залгаад энэ хүн утас авахаар нь гар утас авчирч өг гэхэд авчирч өгсөн...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Сондивсүрэнгийн өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 06 цагийн үед гадаа гэгээтэй байхад амралтын өөр гэрт хүүхэд маань уйлж байна гэхээр нь гэрээс гараад 200 метр явж байтал урьд өмнө харж байгаагүй, 170 см орчим өндөртэй, шардуу царайтай, согтуу залуу №3 гэрийн хойд талаас гарч ирээд намайг хөөе хаашаа явж байгаа юм бэ гээд миний хажууд ирээд намайг шууд бүсэлхийнээс барьж аваад газар унаган үнсэх гээд, эсэргүүцсэн чинь ам дарж тирко тайлаад эхлэхээр нь би зугтаасан, гэтэл араас ирээд намайг барьж аваад дахин газар унагасан, тэгэхээр нь би босчих би чамд зөвшөөрч байна, чи пиджакаа тайлаад дэвсчих гэсэн чинь босоод тайлах гэхээр нь би шууд зугтаасан. Тэгсэн чинь араас гүйж ирээд миний гар цүнхийг бариад авахаар нь би цүнхээ үлдээн зугтаад өөрийнхөө гэрт ороод хурим хийсэн найз Батжаргалд танай найз чинь намайг хүчиндэх гээд байна гэж хэлсэн. Мөн энэ талаар нөхөртөө хэлсэн чинь тэр хоёр гэрээс гараад ирсэн чинь нөгөө залуу миний гар цүнхийг аваад зугтаасан. Тэгээд би шууд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.5-6/,
“... үүрээр хүүхэд маань уйлаад 06 цагийн орчим би гэр лүүгээ харихаар амралтын гэрээс ганцаараа гараад явж байтал гэнэт гэрийн мухраас С гэх залуу гарч ирээд шууд чирэн газар унагаагаад миний терког тайлахаар нь би эсэргүүцэж байгаад босч зугтаагаад 100 метр гүйгээд дахин баригдаад дарж унагаахаар нь орилсон чинь амыг маань дараад хүзүү хоолой багалзуурдаж шахсан, тэгж ноцолдож байгаад дахин босч гэртээ орсон. С миний араас хөөж байгаад миний үүрч явсан цүнхнээс барьж авсан чинь цүнхийг маань аваад тэр чигээрээ хоцорсон. Би гэр лүүгээ ороод нөхөртөө хэлсэн чинь манай нөхөр найзтайгаа араас нь хөөгөөд гүйцээгүй... Миний цүнх фурла брендийн цүнх 500,000 төгрөгийн үнэтэй, Ай фоне 8 плас, түрийвч 150,000 төгрөгийн үнэтэй, дотор нь банкны карт, иргэний үнэмлэх, жолооныүнэмлэх зэрэг зүйлс байсан. Нөхрийнхөө 500,000 төгрөгийн үнэтэй пиджакыг өмсөж явсан түүнийг урсан. Миний зүүж явсан 250,000 төгрөгийн үнэтэй Сваровски ээмэг алга болсон... миний амыг боогоод байсан болохоор эрүү өвдөж байна. Хүзүү ам улайсан байгаа...”мэдүүлэг /хх.7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... өглөө 06 цаг өнгөрөөгөөд эхнэр Сондивсүрэн такси дуудаж хүүхдүүд рүүгээ очихоор гарсан, тэгээд удалгүй нүүр ам нь улаан эрээн болсон, миний пиджакийг уруулсан, 2 өвдөгнөөс доош хэсэг нь улайсан, гутал нь урагдсан байдалтай, цүнхээ булаалгасан, үс нь сэгсийсэн байдалтай, намайг хүн хүчиндэхээ алдлаа, миний гар цүнхийг булааж аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гараад нөгөө залуугийн араас хашгираад хөөсөн чинь нөгөө залуу зугтаад алга болсон, би хайгаад олоогүй. Надтай цуг Батжаргал хайсан...” /хх.14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Жавхлантөгсийн өгсөн: “... Цүнхийг нь булаасан залуу тухайн үед хурим дээр хүргэн талаас ирсэн залуу байсан. Тэр залуу хуримын орой согтуурч эмэгтэй хүн болгон дээр очин яваад байсан хөдөөний залуу байсан... маргааш нь хэрэг болсон талаар Сондивсүрэнгээс мэдсэн. Гар цүнх болон эд зүйлээ алдсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10409 дугаартай дүгнэлтэд: “1. Р.Сондивсүрэнгийн биед нуруу, зүүн хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.18/,
“Тод үнэлгээ” ХХК-с 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тогтоосон хохирлын үнэлгээ /хх.21/,
“Тод үнэлгээ” ХХК-с 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тогтоосон хохирлын үнэлгээ /хх.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Сын яллагдагчаар өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 24-ний өглөө согтуу ганцаараа Туул голын эрэг дээр сэрсэн өглөө 06 цагт архи гараагүй өөрийн буусан амралтын гэр лүүгээ явж байтал хуриман дээр байсан хүүхэн явж байхаар нь согтуу хоргоосон чинь нөгөө хүүхэн уурлаад маргаан болсон юм шиг байна лээ, би голын эрэг дээр сэрсэн чинь 09 цаг болж байсан. Надад Ай фоне 8 плас, гар утас, хаан банкны виза карт байсан эргээд би амралтын гэр лүүгээ очсон чинь хүмүүс байхгүй явсан байхаар нь шууд Сайнбуян ахынхаа гэр лүү очсон. Өдөр нь би өөрийн найз Батжаргал руу утсаар яриад миний утас алга болсон байна гэж ярьсан чинь чи манай найзын эхнэрийг оролдоод гар цүнхийг нь авсан байна гэж хэлсэн. Би өөрт Ай фоне 8 гар утас, хаан банкны виза карт байна гэж хэлсэн чинь манай найзын эхнэр Сондивсүрэнгийн гар утас гэж хэлэхээр нь би шууд Батжаргалд тэр утсыг нь өгсөн, утас нь надад байсан болохоор би цүнхийг нь аваад явсан юм шиг байгаа юм... би өөрийн гэм буруугаа хүлээгээд хохирогчийн хохирлыг бүрэн гүйцэд Хаан банкаар дансанд нь 1,440,500 төгрөгийг тушаасан байгаа...” гэх мэдүүлэг /хх.36/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.24/,
Шүүгдэгч Ж.Сын хувийн байдлын талаарх баримтууд /хх.29, 38/,
Хохирогч Р.Сондивсүрэнгийн хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ж.С нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 06 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Туул гарден” амралтын газарт иргэн Р.Сондивсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн гар цүнхтэй эд зүйлсийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 2,945,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Сондивсүрэнгийн өгсөн: “... С гэх залуу гарч ирээд шууд чирэн газар унагаагаад миний терког тайлахаар нь би эсэргүүцэж байгаад босч зугтаагаад 100 метр гүйгээд дахин баригдаад дарж унагаахаар нь орилсон чинь амыг маань дараад хүзүү хоолой багалзуурдаж шахсан, тэгж ноцолдож байгаад дахин босч гэртээ орсон. С миний араас хөөж байгаад миний үүрч явсан цүнхнээс барьж авсан чинь цүнхийг маань аваад тэр чигээрээ хоцорсон. Би гэр лүүгээ ороод нөхөртөө хэлсэн чинь манай нөхөр найзтайгаа араас нь хөөгөөд гүйцээгүй...” гэх мэдүүлэг /хх.5-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Пүрэвсүрэнгийн өгсөн: “... тэгээд удалгүй нүүр ам нь улаан эрээн болсон, миний пиджакийг уруулсан, 2 өвдөгнөөс доош хэсэг нь улайсан, гутал нь урагдсан байдалтай, цүнхээ булаалгасан, үс нь сэгсийсэн байдалтай, намайг хүн хүчиндэхээ алдлаа, миний гар цүнхийг булааж аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гараад нөгөө залуугийн араас хашгираад хөөсөн чинь нөгөө залуу зугтаад алга болсон...” гэх мэдүүлэг /хх.14/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10409 дугаартай дүгнэлт /хх.18/,
“Тод үнэлгээ” ХХК-с тогтоосон хохирлын үнэлгээнүүд /хх.21,22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Сын яллагдагчаар өгсөн: “... хүүхэн явж байхаар нь согтуу хоргоосон чинь нөгөө хүүхэн уурлаад маргаан болсон юм шиг байна лээ, би голын эрэг дээр сэрсэн чинь 09 цаг болж байсан. Надад Ай фоне 8 плас, гар утас, хаан банкны виза карт байсан... утас нь надад байсан болохоор би цүнхийг нь аваад явсан юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.36/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Сондивсүрэнгийн өгсөн: “... Тэгээд сайн уу гэхээр нь би сайн танихгүй болохоор айгаад зог тусаад зогссон чинь шууд дараад авсан, тэгээд тирко тайлаад ам дараад багалзуурдаад байсан. Тэгээд би зөвшөөрч байна, чи пиджака тайлчих гэж хэлэхэд энэ хүн пиджакаа тайлсан. Тэгээд тэр хооронд нь би зугатсан. Гэтэл ардаас хөөгөөд миний өмсөж явсан пиджакнаас татахад цүнхтэй хамт татаад би цүнхээ орхиод зугатсан. Тэгээд буцаж гэрт ороод нөхөртөө хэлсэн. Манай нөхөр араас нь нэг найзтайгаа хөөсөн. Тэгээд олоогүй байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Сын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Ж.С нь хохирогч Р.Сондивсүрэнг хүч хэрэглэж хүчиндэхийг завдах явцдаа биед нь хөнгөн гэмтэл учруулсан нийлмэл гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн эд зүйлсийг угаас дээрэмдэх сэдэлт, санаа зорилгогүй байсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчид холбогдох хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгохыг хүсч түүний өмгөөлөгч тайлбарлан мэтгэлзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар нь хохирогчийг хүч хэрэглэж хүчиндэхийг завдах явцдаа биед нь хөнгөн гэмтэл учруулсан нэг үйлдэл нь дээрх 2 гэмт хэргийн шинжийг агуулсан, мөн хохирогчийн эд зүйлсийг илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авч, улмаар араас нь хүмүүс хөөхөд зугатаан, тухайн эд зүйлсийг эзэмшилдээ шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Ж.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Ж.Сыг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдах”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авч дээрэмдэх” зэрэг гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцсон болно.
Шүүгдэгч Ж.Сын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Ж.С хохирлын 2,945,500 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Р.Сондивсүрэн нь өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ж.С нь “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдах”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Сын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Ж.Ст хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүсч байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт зөвхөн хорих ял оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй юм.
Шүүгдэгч Ж.Ст эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын дагуу шүүгдэгчид оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Ж.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч урьд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол овогт Ж.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан, Ж.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг /30 хоногийн хугацаагаар хорих ялд тооцон/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Ж.Ст оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Ж.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Ж.С урьд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 2.945,500 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.Сондивсүрэн нь өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР