Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 222/МА2022/00011

 

2022 оны 10 сарын 17-ны өдөр         Дугаар 222/МА2022/0000             Баруун-Урт      

 

 *******ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй, “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 254 дүгээр шийдвэртэй,

нэхэмжлэгч *******ийн “газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээлгэх тухай” нэхэмжлэлтэй, 

хариуцагч *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдлоор тус шүүх 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

хариуцагч *******, *******,

нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага: газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээлгэхийг хүссэн. 

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл: Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, Дэнжийн 5 тоотод гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв газартай байсан юм. 2020 онд миний төрсөн эгч Бумаа, хүргэн ах Чулуунбор нар газрын эзэмшлээ хүү Хүрэлсүхийн нэр дээр шилжүүлчих, газар дээр чинь хүнсний зах барина, дүү нараа ажиллуулна, чамд хувь эзэмшүүлнэ, ашгаа хувааж авна гэж утсаар ярьцгаасан. Олон удаа ярьж ятгасан, зөвшилцсөн. Захиа бичсэн. Ингээд газар дээрээ хүнсний зах барьж, түрээсийн орлогоор би өөрийн гэсэн орон байртай болох, орлогоос хувь, ашиг авах талаар хэлэлцэж тохиролцсон. Харин газар маань өмчлөлийн биш эзэмшлийнх учраас эрх шилжүүлэх итгэмжлэлээр энэхүү болзлыг тавьж баталгаажуулах боломжгүй байсан учраас би өөрийн захиа  дээр болзлыг маш тодорхой бичиж явуулсан. Чулуунбор ах бүрдүүлэх бичиг баримт, итгэмжлэл хийх талаар надад заавар, зөвлөгөө өгч байсан. Ингээд би ах, эгч нартаа, түүний хүү Хүрэлсүхэд итгэж найдсан. Олон жил өвчтэй явсан, хүний асрамжид байгаа төрсөн эгчийгээ бодсон, настай ахынхаа сэтгэлийг бодсон. Хүүгийнх нь нэр дээр газраа шилжүүлэхийг зөвшөөрч, зааврынх нь дагуу нотариатаар итгэмжлэл хийлгэн, газрын гэрчилгээгээ эх хувиар нь өгч явуулсан. Хүрэлсүх нь тухайн үед би танил талынхаа хүрээгээр газрыг чинь өөрийнхөө нэр дээр өмчлөлөөр шилжүүлээд авчихна, барилга байшингаа барьчихна, эзэмшлийн газар учраас танд болохоор өмчлүүлэхгүй гэж ярьж байсан. Газрын гэрчилгээ, бичиг баримтыг минь авснаас хойш Хүрэлсүх надтай харьцахаа больсон. Барилга байшингаа бариагүй. Хэлсэн амласандаа хүрэхгүй болзлоо биелүүлэхгүй өдийг хүрлээ. Газраа шилжүүлж авъя гэж Чулуунбор ахтай уулзсан, Хүрэлсүхтэй удаа дараа утсаар ярьсан, зөвшөөрөөгүй. Уулзахгүй зугтаах болсон. Орлогоосоо хувь хүртэнэ, орон байртай болно гэдэгт итгэж, эцэст нь хохирсон. Гэтэл хөрөнгийг минь ямар ч үнэ төлбөргүйгээр өөрийн болгож авчхаад дэндүү хүн чанаргүй авирлаж байгаа тул одоо газраа буцааж авахыг хүсэж байна. Миний Чулуунборд олгосон итгэмжлэлийг үндэслэн газрын эзэмшлийг Хүрэлсүхэд шилжүүлэх гэрээ хийгдэж, гэрээг үндэслэн Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай А/645 тоот захирамжаар миний газрыг *******эд шилжүүлэн 8 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байна. Чулуунбор, Хүрэлсүх нар нь хэлэлцэж, тохиролцсон болзлоо биелүүлээгүй намайг хохироосон тул газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбарын агуулга:

2.а. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.б. Хариуцагч ******* тайлбартаа: Миний ээж С.Бумаа нь нэхэмжлэгч *******ийн хамгийн том төрсөн эгч нь. Эднийх 7 хүүхэдтэй бөгөөд одоо миний ээж С.Бумаа, дүү С.Баатарсүх, *******, С.Бумууцогзол нар нь өдгөө амьд сэрүүн байна. 1990 оны өмч хувьчлалаар ээжийн дүү С.Баатарсүх нь ах дүү бид нарын ягаан, цэнхэр тасалбарыг цуглуулж өөрөө нэмэн хуучнаар Дэнжийн агент гэх жижиг байшинг дүү талийгаач С.Урантуяаг дэмжих зорилгоор хувьчилж худалдан авч өгсөн байдаг. Ингээд С.Урантуяа нь дэлгүүрээ ажиллуулахын тулд энэ хашаанд өөрийн ээж Батцэрэн, мөн охин Оргилмаагийн хамт нүүж ирсэн. Түүнээс нэхэмжлэгч *******ийн хэлснээр бага насаа өнгөрөөсөн, ээжийнхээ хамт хориод жил амьдарсан гэдэг нь худлаа. Ингээд Урантуяа эгч охин Оргилмаадаа газар эзэмших гэрчилгээгээ нэр дээр нь шилжүүлж өгсөн. Пунцаг нь Оргилмаагаас газар эзэмших гэрчилгээг нь авахыг аль эртнээс санаархдаг байсныг миний аав тайлбартаа дурдсан байсан. Харин үүнийг нь би мэдээгүй. Оргилмаагийн нөхөр Ариунболд нь эзэмшлийнхээ газрыг зарж үрэх гэж зар тавьсан байсныг нь би мэдээд ээжийнхээ дүү Пунцагт итгэж түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл Пунцаг нь анхнаасаа өөрийн эзэмшлийн газартай мэт солиорч, мөн зарж үрэн зөвхөн өөртөө ашиглах гэсэн атгаг санааг нь ойлгосны үндсэн дээр аав, ээжтэйгээ ярилцан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Төвд байрлалтай 600 м.кв талбай бүхий ашигтай хашаа л даа. Ах дүү нар нь бүгд эрх тэгш ашгийг нь хүртвэл дээр л гэж би боддог. Түүнээс Пунцаг ганцаараа үүнийг ашиглах ямар ч эрх байхгүй. Тэгээд энэ дэлгүүрийг худалдан авахад түүний ямар ч оролцоо байгаагүй. Тийм учраас миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2.в. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Намайг хүүтэйгээ нийлж эзэмшиж байгаа газрыг нь булааж авсан мэтээр гүтгэснийг зөвшөөрөхгүй. Пунцаг дүү Урантуяагаас эзэмшиж байсан газрыг амьд сэрүүн байхад нь ахаараа түрий барьж, өөрийн нэр дээр болгуулаад хэдэн жил ямар ч ашиглалтгүй байлгасан. Өөрөө энд амьдарч байгаагүй. Энэ хугацаанд хүргэн нь ээж дүү нарынх нь амьдарч байсан байшинг нураагаад хураачихсан, хашаа газар нь ашиглалтгүй, харж хандах хүнгүй эзгүйрсэн, улсад буцаад хураагдахад хүрсэн байхад нь би чи энд ирж газраа ашигла гэсэн. Тэр би Сүхбаатарт амьдрахгүй гэсэн. Тэгвэл энэ газрыг хураалгачихгүйн тулд манай хүү Хүрэлсүхийн нэр дээр шилжүүлбэл хэн хэндээ хэрэгтэй биш үү гэсэн санал тавьсныг Пунцаг өөрөө зөвшөөрч өөрийнхөө газрын эзэмшил шилжүүлэх гэрээн дээр гарын үсэг зурах эрхийг надад олгосон. Би тэр ёсоор нь гарын үсэг зурсан. Үүнээс өөр миний оролцоо огт байхгүй. Энэ дэлгүүрийн байшин, хашааг дүү Урантуяа нь 1989 онд ах дүү нарынхаа бүх ягаан тасалбарыг цуглуулж, бусдаас тасалбар худалдан авах замаар анх хувьчилж авсан. Үүнд манай ам өрхийн 8 хүний ягаан тасалбар орсон. Пунцагийн тасалбар гэж юм байгаагүй, ороогүй.  Газар дээр чинь хүнсний зах барина, дүү нараа ажиллуулна, чамд хувь эзэмшүүлнэ, ашгаа хувааж авна гэж ярьж тохирсон мэт бичжээ. Би тийм санал тавиагүй. Харин өөрөө ингэж ашиглаж болно гэсэн санал хэлж байсан. Өөрт нь болоод манай хүүд тэгж хүнсний зах барьчих бэл бэнчин байхгүй. Энэ зөвхөн мөрөөдөл байсан. Тэгээд ажиллах ажилгүй хүүхэд ч манайд байгаагүй. Нэгэнт Хүрэлсүхийн нэр дээр шилжүүлсэн газраа буцааж авна гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь уул газрыг өөрөө ашиглах гэсэн хэрэг бус бусдад дамлах, өөртөө ашиг унагаах гэсэн далд санаа. Би энэ явдалд анхнаасаа ч оролцоогүй, цаашид ч оролцохгүй. Надад хамааралгүй гэдгийг дахин хэлье гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 43 дугаар зүйлийн 43.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан Газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

4.а. 254 дүгээр шийдвэртэй хэргийг хянаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

4.б. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Аав, хүү хоёр нийлж гэр бүлээрээ хүний газрыг хууран мэхэлж авсан хүмүүсийн зөв болж, би хохироод үлдлээ. Энэ хүмүүст маш их итгэсэн, бид хоорондоо хангалттай ярилцсан. Гэтэл одоо бүхнийг үгүйсгэж байна. Би хэрэгт бүх нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Маргааны гол баримт болох захидлыг зориудаар нотлох баримтаар үнэлээгүйг ойлгосонгүй. Би утсаар ярьж, бичиг, захидлаар харилцаж байсан. Энэ бол нотолгоо. Хөрөнгөө аргатай, зальтай хүмүүст алдаж, шүүхээр хамгаалуулж чадаагүйдээ гомдолтой байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 254 дүгээр шийдвэртэй хэргийг хянаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь 2012 онд 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. 2020 онд *******, ******* нар санал гаргаж газрыг чинь ашиглая гэснийг ******* хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч тухайн газар дээр барилга барина, хүнсний захын зориулалтаар ашиглаж, ашгаар нь орон байртай болно гэсэн болзол тавьсан байдаг. Хүргэн ахдаа итгэмжлэл хийж өгсөн. 2020 оны 12 дугаар сард *******ийн нэр дээр уг газар шилжсэн. Тухайн газар дээр хүнсний зах бариагүй, ******* байртай болж чадаагүй учир болзлоо хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хэлцэл хийгдсэн, уг хэлцлийг үндэслэн газар *******ийн нэр дээр шилжсэн гэж зөв дүгнэлт хийсэн. Шүүхээс шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийг үндэслэсэн байсан. Маргааны үндэслэл нь хэлцлийг хүчингүй болгож, газар эзэмшүүлэх байсан. Гэтэл шүүхээс улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаар хуулийг буруу хэрэглэсэн. Мөн маргааны гол үйл баримт болох захидлыг нотлох баримтаар үнэлээгүй. Хариуцагчийн зүгээс *******аас авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн шилжүүлсэн үндэслэл нь эрх тэгш, ашиг хүртэх гэж тайлбарладаг.  Улсад уг газар хураагдах нөхцөл байдал үүссэн талаар нотлох баримт байхгүй. Мөн газар эзэмших хугацаа нь дуусаагүй байсан. Иймд хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

6. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний ээжийн төрсөн дүү ******* нь худлаа хэлж байна. ******* нь Сүхбаатар аймагт огт амьдарч байгаагүй. Ээжтэйгээ 20-иод жил амьдарсан гэдэг нь худал, ******* нь эмнэлгийн байрны хавьцаа үйлдвэрийн байранд хүүхэд насаа өнгөрөөсөн. Өөрийнх нь худалдаж авсан гээд байгаа байрыг авахад өөрөөс нь мөнгө гараагүй. Ах дүү нар нь нийлж уг байрыг авч байсан. Миний аав энэ хэрэгт хамааралгүй энэ газрыг зуучилж  өгсөн байдаг. Миний хувьд уг газрын ашиг шимийг ах дүү нарын хамт хүртье гэж бодоод өөрийн нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч өөрийнхөө нэр  дээр газрыг шилжүүлээд ганцаараа ашиглах гэж байгаа. Би уг газрыг аваад 2 жил болж байна. Сүүлийн 2 жил ковид-19 өвчин гараад ямар ч үйл ажиллагаа явуулах боломж гараагүй. Би анх уг газрыг 2012 онд *******ийн нэр дээр шилжүүлж өгч  байсан. Нэхэмжлэгч 8 жилийн хугацаанд уг газар дээр юу ч хийгээгүй гэв.

 

7. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч биднийг гэр бүлээрээ нийлж уг газрыг хуурч, мэхэлж авсан гэж гүтгэж байна. Уг газар нь бүрлээч дүүгийнх нь газар, ахаараа түрий барьж хүчээр өөрийн нэр дээр газрыг шилжүүлэн авч байсан. Тухайн газар нь олон жил хариуцах эзэнгүй, газрын татвар төлөөгүй учраас улсад хураагдах нөхцөл байдал үүссэн. Би *******т байшингаа янзлаад дүүгийнхээ газар дээр ирж амьдар гэж хэлэхэд ирж амьдрахгүй гэж хэлэхээр нь газрыг эзэнтэй болгох хэрэгтэй, улсад хураагдсанаас гээд миний хүү *******ийн нэр дээр шилжүүлэх талаар захидал бичиж байсан. Би хожим үр хүүхдүүдэд нь хэрэг болох байх гэсэн үүднээс захидал бичсэн. Уг газрыг ашиглах эрх нь ах дүү нар болон нэхэмжлэгчид одоо ч байгаа. Газар эзэмших эрхийг нь авч үлдсэний төлөө энэ хүн надтай заргалдаж байна. Анх дэлгүүрийг авахад нэхэмжлэгчээс бусад нь ягаан тасалбараа цуглааж худалдаж авсан. Миний хүү дэлгүүр ажиллуулахад хөлс хөдөлмөрөө зарцуулсан тул эзэмших эрхтэй хүний нэг гэж бодож байна. Би *******т газрыг аваад ямар нэгэн юм өгнө гэсэн амлалт өгөөгүй. Захидалд өөрийнх нь саналт хүсэлт байсан. Би түүнийг биелүүлнэ гэж амлаагүйг анх бичсэн миний захидал нотолно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэн зөв гарсан гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч *******аас газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг  эс зөвшөөрч, хариуцагч *******хашаа, газар нь ашиглалтгүй, харж хандах хүнгүй эзгүйрсэн, улсад буцаад хураагдахад хүрсэн тул газар эзэмших эрхийг нь шилжүүлэн авсан” гэж, хариуцагч ******* “Намайг хүүтэйгээ нийлж эзэмшиж байгаа газрыг нь булааж авсан мэтээр гүтгэснийг зөвшөөрөхгүй. Энэ газрыг хураалгачихгүйн тулд манай хүү Хүрэлсүхийн нэр дээр шилжүүлбэл хэн хэндээ хэрэгтэй биш үү гэсэн санал тавьсныг Пунцаг өөрөө зөвшөөрч өөрийнхөө газрын эзэмшил шилжүүлэх гэрээн дээр гарын үсэг зурах эрхийг надад олгосон. Би тэр ёсоор нь гарын үсэг зурсан. Үүнээс өөр миний оролцоо байхгүй...” гэж маргажээ. /хх 1-2, 23-27/

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотолсон, хариуцагч нар татгалзлынхаа үндэслэлийг баримтаар нотолж чадаагүй байна гэж үзлээ. Тодруулбал:

 

3.1.Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, *******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2012 оны А/239 дугаар болон 2020 оны А/645 дугаар захирамжууд, нэхэмжлэгч *******аас хариуцагч *******д олгосон итгэмжлэл, *******ийн эзэмшил газрын кадастрын зураг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь 15 жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан Баруун-Урт сумын 7-р багийн нутаг дахь “Дэнж”-ийн 5 тоотын 600 м.кв газрыг эзэмших эрхээ хариуцагч *******д олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч *******эд 8 жилийн хугацаагаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байгаа тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх 1-2, 23-27, 35-36, 41-42, 55-59, 63-68/

 

3.2.Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, ******* нар 2012 оноос өмнө маргаан бүхий газрын эзэмшигч нь С.Урантуяа, түүний охин Оргилмаа нар байсан, газар эзэмших эрхээ *******т шилжүүлсэн, ах дүү нар энэ газрыг хуваан эзэмших ёстой гэж тайлбарладаг боловч хэрэгт энэ талаарх нотлох баримтууд авагдаагүйгээс гадна давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******: “Оргилмааг шүүх хуралдаанд гэрчээр оролцоод өг гэж гуйхад нялх хүүхэдтэй тул та нарын маргаантай асуудалд оролцохгүй гээд нэхэмжлэгчид дургүйцлээ илэрхийлсэн” гэж хэлсэн болно. 

 

3.3.Харин нэхэмжлэгч *******ийн “Би Дэнжийн 5 тоотод гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв газартай байсан. 2020 онд миний төрсөн эгч Бумаа, хүргэн ах Чулуунбор нар газрын эзэмшлээ хүү Хүрэлсүхийн нэр дээр шилжүүлчих, газар дээр чинь хүнсний зах барина, дүү нараа ажиллуулна, чамд хувь эзэмшүүлнэ, ашгаа хувааж авна гэж утсаар ярьцгаасан. Олон удаа ярьж ятгасан, зөвшилцсөн. Захиа бичсэн. Ингээд газар дээрээ хүнсний зах барьж, түрээсийн орлогоор би өөрийн гэсэн орон байртай болох, орлогоос хувь, ашиг авах талаар хэлэлцэж тохиролцсон...” гэх тайлбар /хх 1-2, 64-65/,

хариуцагч *******ын “ “Газар дээр чинь хүнсний зах барина. Дүү нараа ажиллуулна. Чамд хувь эзэмшүүлнэ, ашиг хувь авна” гэж ярьж тохирсон мэт бичжээ. Би тийм санал тавиагүй болохыг эхэнд бичсэн. Харин өөрөө ингэж ашиглаж болно гэсэн санал хэлж байсан. Өөрт нь болоод манай хүүд шууд хүнсний зах барьчих бэл бэнчин байхгүй. Энэ зөвхөн мөрөөдөл байсан. Тэнд ажиллах ажилгүй хүүхэд ч манайд байхгүй. ” гэх тайлбар /хх 27/

хариуцагч *******ийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “Өмгөөлөгчийн хэлснээр хүнсний зах барих асуудал нь Пунцагийн бодол болохоос хэлцэл биш, бид гэрээ хийгээд гарын үсэг зурсан асуудал байхгүй. Өөрийн дотроо бодож явдаг бодлоо аавд захиагаар бичиж явуулсан.” гэх тайлбар /хх 68/,

нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын захидлууд /хх 6, 9/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн газрыг *******эд шилжүүлэхийн өмнө маргаан бүхий газар дээр хүнсний зах барьж, орлогоос нь хувь хүртэх талаар утсаар ярьж, захидал бичиж байсан болох нь тогтоогдож байна. Хэдийгээр хариуцагч тал бид харилцан тохиролцоогүй, гэрээ хэлцэл байгуулаагүй гэж маргаж байгаа боловч тухайн үедээ нэхэмжлэгчийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрсөн дүр үзүүлж, түүнд итгэл төрүүлэн *******ийн эзэмшлийн 600 м.кв газрыг эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулах бүрэн эрхийг төлөөлөгч *******д олгосон итгэмжлэлд 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гарын үсэг зуруулан авч, төлөөлөгч болон түүний төрсөн хүү ******* нар хоорондоо газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулж, *******эд газар эзэмших эрхийг нь шилжүүлжээ. /хх 35, 41/ Уг итгэмжлэлийг олгосноор Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-д заасан “төлөөлөгч бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх” үүргийг төлөөлөгч ******* хүлээсэн болно. Гэтэл нэхэмжлэгчийн эсрэг тайлбар гарган маргаж байна. /хх 26-27/

 

4.Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож, хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ.” гэж, энэ хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт “Болзолд заасан үйл явдал хэзээ ч бий болохгүй нь илт болсон тохиолдолд болзол хүчин төгөлдөр бус болно.” тус тус заасан. Мөн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ” гэж хуульчилсан байдаг. “Болзол” гэж хэлцлийн хүчин төгөлдөр болох асуудлыг ирээдүйд бий болох үйл явдлаас хамааралтай болгосон тохиролцоог хэлэх бөгөөд нэхэмжлэгч ******* нь газар эзэмших эрхээ хариуцагч *******эд шилжүүлэхдээ “маргаан бүхий газар дээр хүнсний зах барьж, ашиг орлогоос нь хувь хүртэх” болзол тавьж байсныг хариуцагч тал зөвшөөрч, уг газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авсан гэж үзлээ. Хариуцагч нарын “маргаан бүхий газар дээр хүнсний зах барих бэл бэнчин байхгүй, мөрөөдөл байсан юм” гэх тайлбараас үзэхэд болзолд заасан үйл явдал хэзээ ч бий болохгүй нь илт болсон байна гэж үзэж, газар эзэмших эрх шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх нь зүйтэй юм.

 

5.Мөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулан түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 254 дүгээр шийдвэрт дараах өөрчлөлтүүдийг оруулсугай:

1.1.тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний хариуцагч *******тэй байгуулсан газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч *******ийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “Дэнж”-ийн 5 тоотын гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв газрыг эзэмших эрхийг сэргээсүгэй” гэж,

1.2.тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 70200 төгрөг, *******оос 70200 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******т буцаан олгосугай” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-д зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Гурав. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОЮУНТУНГАЛАГ

                                     ШҮҮГЧИД                          О.БААТАРСҮХ

                                                                                Д.БАЙГАЛМАА