Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 222/МА2022/0010

 

 

 ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн талаар

 

1.1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

 

1.2. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******

       Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ******* /цахимаар/

       Хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******,                                                       

       түүний өмгөөлөгч ******* /цахимаар/, нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.   

1.3. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуугийн даргалж хийсэн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 232 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн давж заалдах гомдлоор нэхэмжлэгч ******* нарын 11 хүний “Зүүн бүсийн худалдааны төвийн ариун цэврийн өрөөний хийц, зориулалтыг өөрчилсөн нь хууль бус болохыг тогтоож, барилгын зурагт заасны дагуу ариун цэврийн өрөөний хийц, зориулалтаар сэргээн засварлахыг  ******* ******* ******* ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-д холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

2.1. Нэхэмжлэгч ******* нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч бид Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багийн нутагт байрлах Зүүн бүс худалдааны төвд худалдан авсан талбайг өмчилдөг ба түүнд төрөл бүрийн гутал, хувцас зэрэг бараа бүтээгдэхүүн худалддаг. ******* ******* ******* ******* ХХК нь уг худалдааны төвийг 2013 онд барьж ашиглалтад оруулан доторх талбайг 100 гаруй үл хөдлөх эд хөрөнгө болгон бүртгэлд бүртгүүлж өмчлөгч нарт худалдсан. Уг компани нь талбай өмчлөгч бидний дундын өмчлөлийн талбай болох барилгын зураг төсөлд заасан 4 ариун цэврийн өрөөний гурвыг нь буулгаж бусад зориулалтаар ашиглах, бусдад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж мөн худалдсан. 2013 онд батлагдсан барилгын зурагт 4 ариун цэврийн өрөөг уг худалдааны төвийн баруун хэсэгт төлөвлөсөн байна. Зураг төслийн дагуу анх барилга ашиглалтад орох үед 4 ариун цэврийн өрөө ашиглаж байсан ч хийц зориулалтыг өөрчлөн оффис, үсчин зэрэг болгосон. Худалдааны төвд өдөрт дунджаар 70 орчим талбай өмчлөгч худалдаа эрхлэгч ажилладаг ба дийлэнх нь эмэгтэйчүүд юм. Мөн өдөрт дунджаар 100 гаруй иргэд үйлчлүүлдэг. Гэтэл эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөг нэг болгож, 200 орчим хүний хэрэгцээнд ганцхан ариун цэврийн өрөө ашигладаг, гар угаалтуурын дэргэд шээлтүүрийг зэрэгцүүлсэн нь ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхийн тулд бид дараалалд зогсдог, бохирын шугам бөглөрөх, ачааллаас болж байнгын бохир байх зэрэг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангадаггүйгээс бидний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. ******* ******* ******* ******* ХХК нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасан “өмчлөгч, эзэмшигч нь ... зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын үндсэн хийц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламжид ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно”, 46.1 дэх хэсэгт заасан “Барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигч дараах үүргийг хүлээнэ”, 46.1.1-д “Хууль тогтоомж, норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг дагаж мөрдөх”, 46.1.3-д Барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх” гэж заасныг, мөн барилгын зураг төслийг зөрчин Зүүн бүс худалдааны төвийн ариун цэврийн өрөөний хийц, зориулалтыг ийнхүү өөрчилсөн. Худалдааны төвд үйл ажиллагаа эрхлэгч бидний 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд ажилладаг. Эмэгтэйчүүд бид амралтын өдөргүй, бүтэн цагаар лангуугаа ажиллуулдаг тул гоо сайхны үйлчилгээг хажуудаа авах хэрэгцээтэй байгааг харгалзан алжаал тайлах үсчин гоо сайхны үйлчилгээ шаардлагатай байдаг. Иймд Зүүн бүс худалдааны төвийн ариун цэврийн өрөөний хийц, зориулалтыг өөрчилсөн нь хууль бус болохыг тогтоож, агуулахын болон оффисын зориулалттай болгон өөрчилсөн ариун цэврийн өрөөг барилгын зурагт заасны дагуу сэргээн, ариун цэврийн өрөөний хийц, зориулалтаар засварлахыг ******* ******* ******* ******* ХХК-д даалгаж өгнө үү гэв.

2.2. Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь хүнсний худалдаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2011 онд байгуулагдсан бөгөөд 2012 оноос Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын 7-р багийн нутагт Зүүн бүсийн худалдааны төвийн барилгын ажлын төслийг эхлүүлж 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн СҮ-01/2014 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар бүрэн ашиглалтад оруулсан. Ингээд Зүүн бүсийн худалдааны төвийн худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайнуудыг түрээсийн гэрээгээр түрээслүүлэх болон худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээгээр худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт худалдан борлуулсан. Манай компани нь тус Зүүн бүсийн худалдааны төвийн барилгын өмчлөгч, мөн газар эзэмшигч бөгөөд барилгын үйл ажиллагаа, ашиглалт, менежментийг өдийг хүртэл хариуцан ажиллаж ирсэн. Шүүхэд гомдол гаргаад байгаа бүлэг хүмүүс нь удаа дараа ******* ******* ******* ******* ХХК-ийн Зүүн бүсийн худалдааны төвд лангуу эзэмшигч нар компанийг эрх мэдлийн хүрээнд авах гэж оролдож дотор үйл ажиллагаа эрхлэгч нарт буруу ташаа мэдээлэл тараан өдөөн турхирч байгаа билээ. Иймд байгууллага өөрийн эзэмшлийн талбайд ариун цэврийн өрөөний үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн гаргаад байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

2.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд Баруун-Урт сумын 7-р багийн Зүүн бүс худалдааны төвийн 51 тоот 13.5 м2 талбай бүхий үсчний зориулалттай үйлчилгээний талбайг 2014 оны 6 дугаар сараас түрээсэлж, 2018 онд худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. Энэ талбай нь анх ашиглалтад орох үеэсээ л үсчний зориулалтаар ажиллаж байсан ба миний зүгээс өрөөний хийц, зориулалтыг хууль бусаар өөрчилж, үсчний газар болгоогүй болно. Угаасаа үсчний газар нь стандартын дагуу цэвэр, бохир усны шугамд холбогдсон байх шаардлагатай байдаг ба энэ зориулалтын дагуу анхнаасаа засварлагдаж, тохижуулагдсан байдаг юм.

Зүүн бүс худалдааны төвийн түрээслэгчид буюу талбай өмчлөгч нарын нэхэмжлэлийн хувьд миний өмчлөгчийн эрх ашигт нөлөөлөхгүй, тэдгээрийн шаардлага нь миний өмчлөлийн талбайд бус харин ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал *******гээс 2022 онд захирал болсны дараа тусдаа байсан эрэгтэй, эмэгтэй бие засах газрыг бусдад худалдан борлуулсан үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна. Учир нь дээрх бие засах газрууд байхад тухайн худалдааны төвийн түрээслэгч, өмчлөгч, үйлчлүүлэгч нарт ямар нэгэн ачаалал үүсдэггүй, ариун цэвэр ахуйн хувьд ч хэрэгцээ шаардлагад нийцэж байсан юм. Харин ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал *******гээс тухайн худалдааны төвийн үйл ажиллагааг зөв удирдан, өөрийн болон нийтийн эрх ашигт нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах байтал зөвхөн өөрийн эрх ашгийг бодож зориулалтын дагуу ашиглаж байсан бие засах газрын зориулалтыг өөрчлөн уг талбайг бусдад зарах, эсхүл түрээслэх хэлбэрээр өгснөөр олон хүний эрх ашгийг хөндөж байгааг анхаарах нь зүйтэй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө. гэсэн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасан, мөн Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт: “эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж хууль ёсны эзэмшигчийн эрхийг, энэ хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт: “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан байхад хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал *******гээс өөрт гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хууль ёсны өмчлөгч миний эрх ашиг хөндөгдөнө гэж үзэж намайг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж байгаа нь үндэслэлгүй, хууль бус юм.

Миний хувьд хууль ёсны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг олж авсан, үүнийг хэн нэгэн өөрийн эрх ашигт нийцүүлэн миний өмчлөгчийн эрхэд халдах үндэслэлгүйг дээр дурдсан хуулиудад тодорхой заасан бөгөөд тухайн маргааны асуудал нь ******* ******* ******* ******* ХХК-ийн менежменттэй, үйл ажиллагаатай холбоотой асуудал бөгөөд үүнийг эв зүйгээр хоорондоо зохицон шийдвэрлэх боломжтой асуудал байна гэдгийг тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаа хүний хувьд хэлэх нь зүйтэй гэж бодлоо гэв.

            2.4. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 232 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт байрлах Зүүн бүс худалдааны төв-ийн ариун цэврийн өрөөний хийц, зориулалтыг өөрчилсөн нь хууль бус болохыг тогтоож, агуулах /07/-ын болон оффис /09/-ын зориулалттай болгон өөрчилсөн ариун цэврийн өрөөг барилгын зурагт заасны дагуу сэргээн, ариун цэврийн өрөөний хийц, зориулалтаар засварлахыг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д даалгаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн байна.

2.5. Хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч Б.Болортунгалаг давж заалдах гомдолдоо: Зүүн бүсийн худалдааны төвийн ариун цэврийн болон агуулахын өрөө нь ХААН банкны барьцаанд байгаа тул тус банкийг гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргахад шүүх хангахаас татгалзсан хэр нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гуравдагч этгээдээр татах шаардлагагүй гэснийг үндэслэн шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Үндэслэлээ давж заалдах шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлана гэв. 

2.6. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгч хэрэгтэйгээ танилцана гэж шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа хэрэгтэйгээ танилцаагүй юм шиг байна. Хаан банкны менежер Золбаяр гээд яриад байх юм. Захиргааны хэргийн анхан шатын шүүх хуралд дээр Сүхбаатар аймаг дахь Хаан банкны салбарын ахлах эдийн засагч Х.Алтантуяа шүүх хуралд орсон. Өмгөөлөгч ******* 3 ариун цэврийн өрөөг 2014 онд өөрчлөгдсөн гэчхээд сүүлд нь 2018, 2021 онд өөрчлөгдсөн гээд яриад байна. Бид нар дундын өмчлөл болгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ариун цэврийн өрөөний зориулалтыг 2014 онд өөрчлөөд 2021 онд гэрчилгээ нь гарсан. Бохирын шугам бөглөрснийг яаж бөглөрүүлэхгүй байх талаар ярих байтал эсрэгээрээ зориулалтыг нь өөрчилсөн. Бид нарын хувьд ашиглалтын зардлаа тухай бүрд төлж байсан. 8 жилийн хугацаанд камергүй байсан. Хоёр ариун цэврийн өрөөг барьцаанд тавьж камер тавих шаардлагагүй, худалдаа эхлэгч нарт бүгд лангуун дээр камертай байдаг. Зөвшөөрөл олгосон гэж ярьж байна. Уг зөвшөөрөл гэсэн албан бичгийг дундаа хуйвалдаад, тамга дараад гаргах боломжтой гэж үзэж байна. Бид нар орчин үеийн эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй баймаар байна. Нэг ариун цэврийн өрөөнд хүмүүс ороод, заваараад баймааргүй байна. Мэргэжлийн хяналтаас өгсөн үүрэг даалгаврыг одоо хүртэл биелүүлээгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.

2.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд заагаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесстой холбоотой, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус гэсэн хоёр үндэслэл ярьж байна. Бид нар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй болохоос хариуцагчийн татгалзлыг нотлох үүрэг бид нарт байхгүй. Өөрсдөө Хаан банктай холбоотой асуудлаараа маргаж байгаа тохиолдолд хариуцагч тал энэ талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гуравдагч этгээдээс бид нарын эрх ашиг хөндөгдөөд байна гээд шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ******* ******* ******* ******* ХХК-ийн ариун цэврийн өрөөг өөрчилсөн хоёр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдаанд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон. Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нар барьцаа хөрөнгө хүчингүй болж байгаа тохиолдолд буцаагаад зээлээ татах эсвэл шүүхийн журмаар шийдвэрлүүлэх туршлагатай гэж хэлдэг. Хариуцагч тал хуулийн компанитай уулзсан гэж ярьж байна. Өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд ярих ёстой. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байсан бол шүүх шийдэхгүй. Шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Зөвшөөрөл авсан нотлох баримтыг анхан шатны шүүх дээр маш удаан хэлэлцсэн. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэж заасан байхад 2021 оны 04 сарын 15-ны өдрийн зөвшөөрөл нь зориулалт өөрчилсөн цаг хугацаанаас хойш гарсан байдаг. Уг зөвшөөрсөн гэх албан тоот бичигт яаж өөрчлөх нь тодорхойгүй, барилгын зураг гэдэг бол албан тоот бичиг биш. Ариун цэврийн өрөөний талаар зөвшөөрөхгүй, удаа дараа шаардлагаа илэрхийлж,  эрх ашиг нь ноцтой хөндөгдсөн  болохоор шүүхэд хандсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал зөрчигдөөгүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн байцаагчийн дүгнэлтээр ариун цэврийн өрөөний зориулалт өөрчилсөн хоёр үл хөдлөх хөрөнгийг бүртгэлийг хүчингүй болгосон. Ариун цэврийн өрөө нь дундын өмчлөл гэдгийг шүүх тогтоосон. Энэ талаар давж заалдах гомдол гараагүй байдаг. Хариуцагч хоёр  үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавиад зээл авсан гэж байна. Энэ хоёр үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг өөрчилж барьцаанд тавих эрх *******д байхгүй бөгөөд Барилгын тухай хуулиар хориглосон байдаг. Хуульч хүн ямар асуудлыг ямар хуулиар зохицуулахыг мэдээд  өмгөөлөгч хийж байгаа байх.  Практик дээр хэрэглээд тогтсон хуулийг ямар хуульчаас асуугаад өөр зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Шүүхээс хуулийг зүй ёсны хэрэглэсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан, нэхэмжлэлийн шаардлага тодорхой байсан, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

2.8. Хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-ийн захирал ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани зүүн бүс худалдааны төвд камер тавих, дээвэр солих, шугам сүлжээг засварлах зорилгоор 2 үл хөдлөх хөрөнгийг Хаан банкны барьцаанд тавьж зээл авсан. Зүүн бүс худалдааны төвд эхлээд камерыг тавьсан. Дараагийн завсраа хийх гэж байхад маргаан үүссэн. Худалдаа эрхлэгч 2021 оны 10 дугаар сараас ашиглалтын зардлыг төлөөгүй. 2022 оны 03 дугаар сард эрчимд 8,000,000 төгрөгийг өртэй болсон байсан. Бид нар эхний ээлжид тогны мөнгө, хамгаалагч, үйлчлэгч нарынхаа цалинг олгосон. Би хоёр долоо хоногийн өмнө Зүүн бүс худалдааны төвийн барилгын зургийн зохиогчийн эрх эзэмшдэг хүмүүстэй уулзаад маргаан үүссэн талаараа хэлээд, яах ёстой вэ?, шүүхээс ийм шийдвэр гаргасан, нарийвчилсан зөвшөөрлийг яаж авах ёстой вэ? гэж асуухад тухайн компани үл хөдлөх хөрөнгүүдээ зарсан байхад  яагаад орон сууцных хуулиар шийдээд байгаа юм бэ? гэж байсан. Ариун цэврийн 2 өрөөг 2014 онд оффис, үсчний зориулалтай болгосон. 2014 оноос тухайн оффисын өрөөнд бүх ажиллагаагаа явуулж байсан. Худалдаа эрхлэгч нар авах ёстой баримтаа уг оффисоос очиж авдаг байсан.  Анхан шатны шүүхээс үсчин ажиллаж байгаа лангууг хүмүүст хэрэгтэй юм байна гээд зориулалтыг нь өөрчлөхөөргүй болгосон. Зориулалт өөрчилж байгаа бол үсчний ажиллаж байгаа лангууны зориулалтыг мөн өөрчлөх ёстой байсан.  Хууль адилхан үйлчлэх ёстой. Өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна гэв.

2.9. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны тэмдэглэлийг харахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Хаан банкны эдийн засагч Золбаяртай холбогдоход банкнаас барьцааг солиод зээлийн гэрээний харилцааг үргэлжлүүлээд явна гэж ярьсан байна. Уг яриатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байсан. Анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хаан банкнаас хариуцагч *******, Баярхүү нартай 2-3 удаагийн уулзалт хийхэд барьцаа хөрөнгийг солих талаар яриагүй байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн ямар заалтыг барьсан нь тодорхойгүй байна. Гэм хор  юм уу эсвэл үл хөдлөх хөрөнгийн гэрээтэй холбоотой юм уу гэдэг нь тодорхойгүй. Мөн энэ талаар шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой харагдахгүй байсан. Энэ асуудлыг ярьж байгаа шалтгаан нь 4 ариун цэврийн өрөөний 3 нь  2014 онд тухайн барилга ашиглалтад ордог жилд зориулалт нь өөрчлөгдсөн бөгөөд 8-9 жил өөрчилсөн зориулалтаар нь ашиглаж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч үсчин ажиллаж байгаа ариун цэврийн өрөөний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байсан. Хөөн хэлэлцэх хугацаа нь дээр шүүх анхаарч үзэх ёстой байсан. Нэг ариун цэврийн өрөөний зориулалтыг 2021 онд нойл нь бөглөрөөд ажиллахгүй болохоор зориулалтыг өөрчилсөн гэдэг. Зориулалт өөрчилсөн асуудал нь цаг хугацааны хувьд 2014, 2021 болсон гэдгийг давж заалдах шатны шүүх онцгойлон анхаарч үзэх ёстой. Барилгын тухай хуульд зааснаар барилгын гадна фасад өөрчилбөл ерөнхий архитекторын зөвшөөрөл авдаг. Барилгын хийц болон зориулалт өөрчилбөл  тусгай зөвшөөрөл авдаг. Уг маргааны төрөл нь барилгын зориулалтыг өөрчилсөн асуудал байдаг. Зүүн бүс худалдааны төвийн барилгын зургийн зохиогчийн эрхийг “Лайнконстракшн” ХХК эзэмшдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тус компаниас зориулалт өөрчлөхдөө зохиогчийн эрхийн зөвшөөрөл авсан нь үнэн, барилгын норм дүрэмд харшлаагүй гэсэн тодорхойлолтыг гаргаж ирүүлсэн. Уг тодорхойлолтыг шүүхээс огт үнэлж дүгнээгүй, мөн үгүйсгээгүй, ******* ******* ******* ******* ХХК-ийн өмчлөгч 4 удаа өөрчлөгдсөн. Өмчлөгч өөрчлөгдөх үед маш олон лангуунуудыг өөрчилж худалдан борлуулсан. Худалдсан авсан зарим иргэд миний гэрээ хүчин төгөлдөр бус байна гэдэг. Өмчлөгч өөрчлөгдөх үед зохиогчийн зураг нь үрэгдэж, гээгдсэн байдаг.  Тухайн үед асуудлыг хариуцаж байсан хуулийн фермийн хүмүүстэй хоёр долоо хоногийн өмнө *******, У.Баярхүү нар очиж уулзсан байдаг. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

3.1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Болортунгалагийн давж заалдах гомдлоор  нэхэмжлэгч ******* нарын 11 хүний нэхэмжлэлтэй, “******* ******* ******* *******” ХХК-д холбогдох   иргэний хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

3.2. Нэхэмжлэгч ******* нарын “Зүүн бүсийн худалдааны төвийн ариун цэврийн өрөөний хийц, зориулалтыг агуулахын болон албаны өрөө болгон өөрчилсөн нь хууль бус болохыг тогтоож, барилга байгууламжийн  зураг төсөлд заасны дагуу ариун цэврийн өрөөний хийц, зориулалтаар сэргээн засварлахыг ******* ******* ******* *******  ХХК-д даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч  “******* ******* ******* *******” ХХК“ нь ариун цэврийн өрөөний  хийц, зориулалтыг өөрчлөхдөө анх барилга барьсан компаниас зөвшөөрөл авсан, харин эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй энэ асуудал нь зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэнэ. Энэ асуудлын хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 06 дугаар сард дууссан. Барилгын тухай хууль зөрчигдөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг өгч маргажээ.

3.3  Анхан шатны шүүхээс хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдыг мэтгэлцэх эрхээр бүрэн хангаж, тэдгээрийн хооронд үүссэн маргааны зүйлийг тогтоон эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

3.4 Хэрэгт авагдсан барилга байгууламжийн зураг, төсөл /план/, шүүгчийн үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах  Зүүн бүсийн  худалдааны төвийн мэргэжлийн байгууллагаар батлагдсан барилга, байгууламжийн зураг төсөлд заасны дагуу баригдсан 06-09 дугаартай буюу 4 ариун  цэврийн өрөөнүүдээс зохих мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр  7 дугаартай ариун цэврийн өрөөг агуулах, 8 дугаартай ариун цэврийн өрөөг үсчний газар, 9 дугаартай ариун цэврийн өрөөг албаны өрөө болгож, хийц, зориулалтыг өөрчилсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.  /хх-27-30, 57-59х/,         

 

3.5  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17-03-015/03 дугаартай албан шаардлагад: Зүүн бүсийн худалдааны төвийн ариун цэврийн өрөөний хийц, зориулалтыг өөрчилсөн нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 7.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэж дурдсанаас үзэхэд Зүүн бүсийн худалдааны төвийн ариун цэврийн өрөөний хийц, зориулалтыг өөрчлөхөөс өмнө зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл,  эрүүл ахуйн дүгнэлт зэргийг гаргуулаагүйн улмаас худалдаа эрхлэгч, үйлчлүүлэгчид эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгслээр  хязгаарлагдаж, тэдгээрийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан.  /хх- 49-51, 53-55х/

 

3.6 Зохигчдын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүсээгүй, харин 2014 онд  8 дугаартай ариун цэврийн өрөөг үсчний газар, 9 дугаартай ариун цэврийн өрөөг албаны өрөө, 2021 онд 7 дугаартай ариун цэврийн өрөөг агуулах болгосон үйл баримт нь  өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан учраас түүний хөөн хэлэлцэх хугацаа  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар 10 жил байна.

 

3.7 Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзэн уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гарган зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримталж  хуулийг  зөв тайлбарлан хэрэглэжээ.

.

3.8 Хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******гээс “ХААН” банк ХХК-ийн Баянзүрх дүүрэг дэх тооцооны төвөөс 2002 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээгээр 30 сая төгрөг, 36 сарын хугацаатай авч, түүний барьцаанд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах Зүүн бүсийн худалдааны төвийн үйлчилгээний зориулалттай  А-50, В-52  тоот хаягт байршилтай 27 м.кв талбай өрөөг тавьсан тул “ХААН” банкны өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гуравдагч этгээдээр оролцуулах тухай” хүсэлт гаргасныг шүүхээс маргааны зүйлийн талаар гарах шийдвэр нь “ХААН” банкны эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй тул  хариуцагчийн уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасанд нийцэж байна. Иймээс хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Болортунгалагийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул түүнийг хангахгүй орхих нь зүйтэй.   /хх-108-121, 136-139х/

 

3.9 Нэхэмжлэгч нараас “худалдаа эрхлэгчдийн 90 гаруй хувь эмэгтэйчүүд эзэлдэг  ба алжаал тайлах, үсчин гоо сайхны үйлчилгээ авах хэрэгцээтэй  байгааг харгалзан үсчний газрыг ариун цэврийн өрөө болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэсэн байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй байх тул нэхэмжлэгч нарын дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтов.  /хх-84-86х/

 

3.10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Болортунгалагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  /хх-169х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 232 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт  “нэхэмжлэгч ******* нарын үсчний газрыг ариун цэврийн өрөө болгох тухай  нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай” гэх нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

 

Хоёр. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

Гурав. Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Болортунгалагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

Дөрөв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын өмгөөлөгч Б.Болортунгалагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

Тав. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.БААТАРСҮХ

                                         ШҮҮГЧИД                          Д.БАЙГАЛМАА

                                                            С.ОЮУНТУНГ