Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 222/МА2022/00009

 

 

 

 

 

2022          10            11                                            222/МА2022/00009                     

 

 С.Бат-Очирын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, “Б” танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч С.Бат-Очирын “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үнээ 1, бяруу 1, хязаалан эр үхэр 1-ийг тус тус гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, 

хариуцагч *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч С.Бат-Очирын давж заалдах гомдлоор тус шүүх 2022 оны 08  дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Бат-Очир, хариуцагч *******, нарийн бичгийн дарга  Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Бат-Очирын нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага: үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үнээ 1, бяруу 1, хязаалан эр үхэр 1-ийг тус тус гаргуулахыг хүссэн. 

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл: Манайх 2018 онд шуурганд үхрээ уруудуулж, алдсан. Манай үхэртэй хамт манай хөрш *******ийн үхэр уруудаж, явсан байсан. Үхрээ сурахад Сүхбаатар сумын Дөхөмийн худаг гэх газраас талыг нь олж, талыг нь Эрдэнэцагаан сумын нутаг Хангай гэх газраас 2019 оны 01 сард олсон. Тухайн өвөл цас ихтэй байсан учраас үхэр байсан газрынхаа ойролцоо байх айлд захиж үлдээж, сарын 150,000 төгрөг төлж, хавар хүртэл хариулуулж байгаад 2019 оны 4 сард хөөж ирсэн. Ингэхдээ намар гарсан үхрээс 7 үхрээ олоогүй. Үүнээс сүүлд нэг үнээг 2019 оны намар олсон. Дахин ойролцоо газраар хайж, сураг тавьсан ч үхрээ олж чадаагүй. Гэтэл 2021 оны 07 сард манай аав Сумъяажав, ээж Үржинханд нар нь Асгат сум руу ороод буцахад замд тааралдсан үхэр дотор 2018 онд алдаад олж чадаагүй 6 үхрийн 1 үнээ нь байж таарсан. Ингээд ойр орчмын айлаас сураглахад Оюунтунгалагийн үхэр гэж хэлсэн. Оюунтунгалагтай очиж уулзахад өөрийн үхэр гээд хүлээн зөвшөөрөөгүй тул Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Энэ үнээ нь манай аавынд байдаг миний үнээ юм. Миний өргөдлийн дагуу аймгийн Цагдаагийн газраас Нямдорж гэдэг хүн очиж уулзахад өөрийнд нь байгаа манай үхрийг 2019 онд манайх алдсан үхрээ олж авсан газрын ойролцоо газраас Батхолбоо гэх хүнтэй ачиж ирсэн болж таарсан. Нямдорж нь надтай хамт Оюунтунгалагаас мэдүүлэг авахад манай үхэр болохыг хүлээн зөвшөөрч байсан. Мөн түүний хадам ээж нь үхрээ мэднэ гэж байсан ба танай үхэр мөн бол үхрээ ав гэж хэлсэн. Оюунтунгалагийнх мөн үхрээ алдсан байсан. Манай үнээг авчраад 2 жил хариулсан тул үнээг дагаж ирсэн тугал буюу 2021 онд шүдлэн үхэр болсон үхрийг хөлсөнд нь өгье, тугалтай үнээгээ би авъя гэхэд хүлээн зөвшөөрч тохиролцсон. Тухайн үед манай аав, ээж хамт байсан. Хүлээн зөвшөөрч байгаа учраас эрүүгийн хэрэг үүсгээд яах вэ? Та настай хүн байна, энэ хүний үхрийг дараа ирэхэд нь шууд өгнө гэвэл би таны өгсөн мэдүүлгийг гомдлоор хүлээн авахаа больсон шүү, та үхрийг өгөөрэй гээд Нямдорж эрүүгийн төлөөлөгч хэлээд явсан. Тухайн үед наадмын олон хоногийн амралт эхэлсэн түүний дараа ээлжийн амралтаа аваад ажил ихтэй байсан учраас очиж, авч чадахгүй байж байгаад 8 сард авах гэтэл урьд ярьж байснаасаа огт өөр юм яриад тугалтай үнээг минь өгөөгүй. Маргаж байгаа үнээ бол 2015 оны тугал,  өвөл 02 дугаар сард тугалаад 1 чих, сүүл нь хөлдөөд, 2 чих нь хулгар, сүүл нь тасарч оодон болсон. Зүсний хувьд хоёр эврийнхээ араар хар, хонго нь хар, их бие нь цагаан үнээ. Энэ үнээний төрсөн дүү нь манайд байдаг. Адилхан зүстэй, хариуцагч ******* нь өөрийн гэж маргаж буй үнээгээ 2008 оны тугал, хөгшин үнээ гэж байгаа. Зурагт байгаа үнээ бол манай үнээ мөн, хөгшин үнээ биш. Би 2021 оны 11 сард энэ нэхэмжлэлийг гаргасан байсан тухайн нэхэмжлэл гаргах үед тугалтай үнээ 1,500,000 төгрөг, шүдлэн үхрээ 1,300,000 төгрөг гэж үнэлсэн. Өнөөдрийн байдлаар тугал маань бяруу болсон. Шүдлэн үхэр нь хязаалан болсон. Иймд мал нь байгаа учраас зүсээр нь л авна. Мөнгөөр үнэлэхгүй гэв.

2.Хариуцагчийн тайлбарын агуулга:

2.а. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.б. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 01 сард 16 тооны үхрээ шуурганд алдсан 2017-2018 он хүртэл хайж байгаад 6 үхрээ олсон. 2019 оны намар явж оодон сүүлтэй цагаан үнээгээ олж авчирсан. 2019 онд ирэхдээ тугалтай ирсэн. 2020 онд тугалаагүй сувайрсан. Цагаан үнээ маань алга болохдоо 3 тугалсан байсан одоо нийт 5 тугалаад байгаа. Манай унаган үнээ. Сумъяажав болон түүний хүү Бат-Очир нар манай үнээ гээд эзэн суугаад байгаа тул шийдэж өгнө үү. Манай цагаан үнээг Дошнуудын баазад танихгүй хүн байхгүй. Тэр усандаа ажаагийн алаг нэртэй оодон цагаан алаг үнээ бий, бүгд мэднэ. Цагдаа ирээд надаас мэдүүлэг авсан би тэдний үнээ гэж хэлээгүй, хүлээн зөвшөөрөөгүй байхад худал хэлж намайг авчирсан. Намайг хүлээн зөвшөөрсөн гэж худал хэлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг өдөр Сумъяажав манай алдагдсан үхэр танайд байна гэхээр нь энэ чинь манай үхэр шүү дээ. Би хүний үхэр аваагүй. Би нийгэмдээ 40 гаруй жил ажилласан, хүн луйвардахгүй хүнд ч луйвардуулахгүй. Нэхэмжлэгчийн ээж нь анх хэлэхдээ хүрэн толгойтой бөгсөн тал нь хүрэн үнээ гэж хэлсэн. Манайх хар толгойтой бөгсөн тал нь хар үнээ байсан. Миний үнээ бол залуу үнээ 8 литр сүү гардаг. Хоёрхон тугалсан гэж хэлсэн. Тэрний маргаж буй үнээ нь хөгшин, хэн ч очоод харсан 5-6 тугалсан үнээ байна гэхээр үнээ. Би гарын таван хуруунд багтах л үхэртэй хүн. Тэгээд одоо шүүх сэргийлэхээр орж үнээгээ авна гэсэн асуудал гарлаа. Би заавал шүүхээр яваад яахав ямартай ч өөрийнхөө харьяа газар хэлье гээд хэлсэн. Манай бэлчээр дээр ирээд үхрийн зураг аваад байхаар нь юун цагаан машин ирж зогсоод байна вэ гэхэд эдгээр хүмүүс үхрийнхээ зургийг барьчихаад үхрээ авъя гээд байна гэж төлөөлөгч хэлсэн. Тэгэхээр нь энэ чинь манай үнээний зураг байна. Эд нар манай үнээний зургийг барьчихаад л авъя гээд байна гэхэд өөрсдийнхөө алдсан үнээний зургийг аваад ир, толбо нь ч гэсэн зөрдөг юм байгаа биз дээ гэсэн. Адгийн зарга арав хоног гэгчээр нэг үнээгээ ч гэсэн өгье гэж бодоод зөвшөөрсөн. Тэгсэн дараа нь хүүхдүүд өөрийнхөө малыг арай гэж өсгөчихөөд зэлнээсээ уясан тугалах үнээгээ хүнд өгнө гэж юу байсан юм гэхээр нь би бодлоосоо буцсан. Манайхыг ямар цагаан үнээтэй гэдгийг захын айлууд мэднэ гэв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас нэхэмжлэгч С.Бат-Очирын зүсээр нь авна гэж нэхэмжилж буй хоёр эврийнхээ араар хар, хонго нь хар, их биеэрээ цагаан зүсмийн хоёр чих нь хулгар, оодон сүүлтэй үнээ 1 тооны, түүний төл бяруу 1 тооны, түүний төл хязаалан эр үхэр нэгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Бат-Очирт олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Жавзмаа нараас улсын тэмдэгтийн хураамжид 59,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бат-Очирт олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч *******гийн давж заалдах гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгож өгнө үү.

4.б. Нэхэмжлэгчийн маргаж байгаа үхэр манай үндсэн үхэр, би хүний үхэр аваагүй. Нэхэмжлэгч нь манай үнээ залуу, сүү ихтэй, хоёр тугалсан үнээ гэж ярьдаг. Мөн ээж нь манай үнээ хүрэн толгойтой, бөгсөн тал нь хүрэн үнээ гэж  маргаж байгаа үнээний зүснээс өөр зүс хэлдэг. С.Бат-Очирын үнээ нь 5-6 удаа тугалсан хөгшин үнээ юм. Би өөрийн үнээгээ мэднэ. Цөөхөн тооны хэдэн үнээгээ сааж амьдрал ахуйгаа залгуулдаг. Манай үнээ хар толгойтой, бөгсөн тал нь хар үнээ байсан. Би цагдаад дуудагдаад байсан болохоор настай хүн аргаа бараад Бат-Очирт үнээ өгье гэж хэлсэн нь үнэн. Гэтэл хүүхдүүд загнаад би өгөөгүй. Өөрийнхөө малын нас, зүсийг мэдэхгүй байж манай үнээг миний үнээ гэж хэлдэг. Манай үнээг миний үнээ гэж маргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй, шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хоёр үхрийг надаас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тайлбар дээрээ нэмж хэлэх зүйлгүй, давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

ХЯНАВАЛ:

            3. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн  давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

            3.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд мэтгэлцэх эрхээр хангаж оролцуулсан байна.

 3.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангажээ.

3.2.1.Нэхэмжлэгч Бат-Очир 2018 оны 12 дугаар сард шуурганаар алдсан үхрээс 2016 оны 2 сард эхээс гарахдаа сүүл, чих нь хөлдөөд оодон сүүлтэй, 2 чих нь хулгар болсон содон зүстэй цагаан алаг үнээгээ 2021 оны 07 дугаар сард аав, ээж хоёр Асгат сум ороод буцаж явахдаа бэлчээрт байсан малчин *******ийн үхэр дотроос таньж, түүнтэй очиж уулзахад манай үнээ, тугалтай, шүдлэнтэй гэж байсан. Цагдаагийн төлөөлөгчтэй тэр айлд очиход ******* хадам ээж *******гийн үнээ гэхэд манай ээж түүнтэй ярилцаж байгаад  маргаж байгаа үнээгээ  тугалтай нь манайх авахаар, хоёр жил хариулсан хөлс гэж тооцоод  шүдлэнгээ Жавзмаа гуай авахаар болж ярьж тохироод үнээгээ одоо ав гэж байсан. Гэтэл одоо өгөхгүй гэж маргаж байгаа. Би 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тугалтай үнээгээ 1500000 /нэг сая таван зуу мянга/, шүдлэн үхрээ 1300000 / нэг сая гурван зуу мянга/ төгрөгөөр тус тус үнэлж байсан бол одоо манай үхэр зүсээрээ байгаа тул үнэлэхгүйгээр  үнээ, бяруу, хязаалан үхэр тус бүр нэгийг *******, ******* нараас  авна, гаргуулж өгнө үү гэжээ. /хх-1, 64, 83 /

3.2.2. Хариуцагч ******* манайх 2017 онд 16 үхрээ алдаад  6 үхрээ олсон. 2019 онд Сүхбаатар сумын Баянгол гэх газраас оодон сүүлтэй цагаан үнээгээ олсон, тухайн үед тугалтай байсан, 2020 онд сувайрсан. Хадам ээжийн мэдлийн үхэр, ээж эхлээд тэд нарт тугалтай үнээг нь өгнө гэж хэлснээ дараа нь болилоо гэсэн. Би өөрөө сааж өсгөсөн үнээгээ өгөхгүй гэж,   /хх-13,64-65,74/

3.2.3. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч С.Бат-Очирын ээж манай алдсан үхэр танай бэлчээрт байгаа үхэрт чинь байна гэж ирж уулзсан. Тэр өөрийнхөө үнээг толгой, бөгсөн бие нь хүрэн гэж хэлсэн, манай үнээ толгой, бөгсөн бие нь хар, 2008 оны тугал, 5-6 тугалсан хөгшин үнээ байгаа. Манайх үнээгээ алдаад 2019 онд олоход тугалтай байсан. С.Бат-Очирыг төлөөлөгчтэй ирж уулзахад  нь тугалтай үнээгээ  өгье гэж хэлсэн нь үнэн, би өөрийн өсгөсөн үнээгээ яагаад хүнд өгөх ёстой гэж бодоод бодлоо өөрчилж өөрийнхөө үнээг өгөхгүй гэж хэлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  гэж тус тус маргажээ.

3.3. Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шинжлэн судалж, харьцуулан тогтоож, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн холбогдох заалт буюу 492 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.4. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Тухайлбал:

3.4.1. Гэрч *******ийн: “С.Бат-Очирыг Цагдаагийн байгууллага дээр ирж үхрийнхээ талаар мэдэгдэх үед би жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Ингээд дуудлагын дагуу тухайн айлд очиход *******, Арсланбаатар /нөхөр нь/, түүний ээж  Жавзмаа  нар байсан.С.Бат-Очирын аав, ээж 2 бидэнтэй цуг явж байсан учир Жавзмаа хөгшинтэй ярилцаж байснаа бид тохирчихлоо, манай үнээ биш юм шиг байна, манайх шүдлэнгээ авч үлдээд танайх тугалтай үнээгээ ав, тугал нь бага юм чинь эхээс нь салгаад яах вэ гэж хэлсэн. Хүү Арсланбаатар нь одоо ч авч явж болно гэхэд нь маргааш машинтай ирж авъя гэж хэлсэн. Би та нар яг тохирсон уу гэж асуухад хүү Арсланбаатар нь “бид тохирчихлоо” гэж хэлсэн гэх, /хх-21/

3.4.2. Гэрч *******ийн: Манай мал 2018 оны 12 дугаар сарын шуурганд уруудахдаа Сумъяажавын нутгаар дайрч тэдний малтай нийлж уруудсан байсан. Бид Сүхбаатар сум, Эрдэнэцагаанаас хагас үхрээ олоход манай 3, тэднийхээс 7 үхэр дутуу гээд түүн дотор их содон зүстэй 2 чих хулгар, хар бөөрлөг, гунжин үнээ байгаа гэж байсан гэх, /хх-24/

3.4.3. Гэрч *******ийн: 2018 оны өвөл шуурганд уруудаж ирсэн, С.Бат-Очир, Сээгий  нар ирж манай үхрүүд байна, дараа ирж авна гээд надад захиж орхиод явсан. 2019 оны 4 сард  үхрээ авахаа ирэхдээ заримыг нь олоогүй гээд надад тэр үхрүүдийн зүсийг бичээд үлдээхэд  хоёр чих хар, мөлүү, сүүл оодон, их л содон зүстэй үхэр байгаа гэж захиж байсан гэх,  /хх-46/

3.4.4. Гэрч *******ын: Маргаж байгаа үнээ 2016 оны тугал, хоёр эврийнхээ араар хар, хонго хар, их бие цагаан, хоёр чих хулгар, оодон сүүлтэй, тугалтай бяруун гунжаа 2018 оны 12 сарын шуурганд уруудуулан алдсан. 2021 оны наадмын үед айлын үхэртэй цуг бэлчээрт байхад нь харсан. Цагдаагийн байгууллагад хандан эрүүгийн төлөөлөгчтэй очиход шүдлэнг нь эднийх авч, тугалтай үнээгээ манайх авахаар тохирсон боловч алийг нь ч өгөөгүй гэх мэдүүлгүүд,  /хх-74/

3.4.5. Нэхэмжлэгч Б.Бат-Очирын *******тай маргаж байгаа үнээний болон түүний дүү үхрийн зураг /хх-32-33/ зэрэг нотлох баримтууд хариуцагч *******гийн “маргалдаж байгаа үнээ миний өсгөсөн өөрийн үнээ“ гэсэн тайлбар, гомдлыг няцааж байна.

3.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх “ үүрэгтэйг заажээ.

3.5.1. Хариуцагч нар хуулийн дээрх заалтад зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж  байгаагаа нотлох баримтаар нотлоогүй байна.

3.6. Шүүхийн шийдвэр нь бусдад ойлгомжтой, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахад эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх учиртай.

3.6.1. Гэтэл шийдвэрийн тогтоох хэсэгт малын үнийг бичилгүйгээр шууд үнээ, бяруу, хязаалан эр үхэр гаргуулахаар заасан нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл: Тогтоох хэсэгт заасан үхэр ямар нэг байдлаар үгүй болсон тохиолдолд  холбогдох хүнээс үнийг гаргуулах ажиллагаа хийх боломжгүй байхаар бичигдсэн байх  юм.

3.6.2. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт зохигчдын овгийг буруу бичсэн, заримынх нь овгийг бичээгүй байгааг зөвтгөх нь зүйтэй.

3.6.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дараах нэмэлт өөрчлөлтийг оруулсугай.

            1.  Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Оюунтунгалаг, Жавзмаа нараас нэхэмжлэгч С.Бат-Очирын зүсээр нь авна гэж нэхэмжилж буй хоёр  эврийнхээ араар хар, хонго хар, их биеэрээ цагаан зүсмийн хоёр чих нь хулгар, оодон сүүлтэй үнээ 1 тооны, түүний төл бяруу 1 тооны, түүний төл хязаалан эр үхэр нэгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Бат-Очирт олгосугай.” гэснийг “ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас нэхэмжлэгч С.Бат-Очирын зүсээр нь авна гэж нэхэмжилж буй хоёр эврийнхээ араар хар, хонго нь хар, их биеэрээ цагаан зүсмийн хоёр чих нь хулгар, оодон сүүлтэй үнээ 1, түүний төл бяруу 1 буюу нийт 1500000 төгрөг, түүний төл хязаалан эр үхэр 1 буюу 1300000 төгрөгийг  тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Бат-Очирт олгосугай.” гэж,

            2. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ С.Оюунтунгалаг, Жавзмаа”  гэснийг “*******, *******” гэж тус тус өөрчилсүгэй.

            Хоёр. Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Гурав. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Дөрөв. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Тав. Зохигч,тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.БАЙГАЛМАА

                      ШҮҮГЧИД                     О.БААТАРСҮХ

                                                            С.ОЮУНТУНГ