| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1465/Э |
| Дугаар | 1541 |
| Огноо | 2018-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 1541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Бд холбогдох 1806 07473 1818 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эмэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул олон улсын худалдааны төвд хүүхдийн хувцасны тасаг түрээсэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66С-51 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, Боржигон овогт М.Б /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.Б нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн орчим иргэн Г.Солонго, Э.Баярсайхан нарыг “мэндэлж дуугарсангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Солонгийн өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр орой ажлаа тараад нөхөртэйгээ хамт явах гээд юмаа
хураачихаад төв хаалгаар гарах гээд явж байтал араас нэг хүн хөөе гээд орилохоор нь эргээд хартал Сүхээ ах байсан. Тэгээд Сүхээ ахыг яасан юм бол гэж бодоод хүлээгээд зогсож байтал ирээд манай нөхрийг чи муу их том болчихжээ, баяжсан юм уу гэж хараасан. Манай нөхөр та юу яриад байгаа юм бэ би хүнтэй юм яриад байж байхад гэж тайлбарлахад Сүхээ ах манай нөхрийг алив ийшээ явъя гэж хувцаснаас нь заамдаад явчихсан, тэгээд би очоод Сүхээ ах та битгий л дээ бид нар одоо харьж амармаар байна гээд ярилцаад зогсож байтал Б эгч үгийн зөрөөгүй гүйж ирээд манай нөхрийн толгойн тус газарт гар утсаараа 3 удаа цохьсон, тэгээд гар утсаараа нидэрч цохиод манай нөхрийн хүзүү нуруу хэсэгт зулгарсан байна... Би эгчийгээ болиулах гэтэл намайг бас зодож миний нүүр хэсэгт алгадаж, хүзүүнээс базаж шарх үүсгэсэн. Нилээн удаад салахгүй байхаар нь манай нөхөр цагдаа дууд гээд миний гарнаас утсаа булааж аваад цагдаа дуудсан... гомдол санал байхгүй манай нөхрийн хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнд хуулийн дагуу хариуцлага авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Баярсайханы өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эхнэрээ ажлаас нь авчихаад Захын хашаанаас гарах гээд явж байтал араас Хөөе гээд хүн дуудахаар нь би эргээд хартал Сүхээ ах зогсож байсан. Тэгээд Сүхээ ах ирээд хүнтэй дуугарахгүй чи их том болчихжээ гэхээр нь би яасан юм бэ гэж хэлсэн. Гэтэл чи муу банди царайлчихаад хэзээ ийм байсан юм бэ чи баяжчихжээ, баяжихаараа хүн танихаа байчихаа юу? гэхээр нь бид хоёр хэсэг маргалдаж зогссон. Тэгээд Сүхээ ах намайг фрезр даваад ална гээд байсан. Гэтэл Сүхээ ахын эхнэр Б эгч ирээд араас толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд эргээд хартал нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд Б эгчтэй нилээн зууралдаад байж байхад Сүхээ ах надад нилээн их юм ярьсан. Тэгээд Сүхээ ах намайг авч яваад ярилцаж байхад ард Б эгч ард Солонгыг зодож байсан. Тэгээд би голоор нь орж зодуулсан. Тэгээд би цагдаа дуудна гэхэд эхнэрээ аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх.22-24/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхсүхийн өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажлаа тараад бараагаа хурааж янзалчихаад хэсэг хугацааны дараа эхнэрийн эгчийн охины нөхөр болох Баярсайхантай би маргалдсан. Үл ялих зүйлээс болоод бид хоёр маргалдаж байх үед эхнэр Б гүйж ирээд Баярсайханы хацарт нь нэг удаа алгадаад авсан. Тэгээд Солонго, Баярсайхан нартай хэсэг маргалдаж байхад Солонго нөхөр Баярсайханыг өмгөөлөөд урдуур нь орж ирэхэд манай эхнэр Б бас алгадаад авсан. Тэгээд хэсэг хэрэлдэж маргалдаж байтал Баярсайхан цагдаа дуудна гэхээр нь би за за явъя гээд эхнэрээ дагуулаад явсан” гэх мэдүүлэг /хх.27-28/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10679 дугаартай дүгнэлтэд:
“... Г.Солонгын биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дотор салстад цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.31/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10678 дугаартай дүгнэлтэд:
“... 1.Э.Баярсайханы хүзүүний зулгаралт, зүүн талын хацрын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн далны зулгаралт, баруун, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх.34/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.Б нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн орчим иргэн Г.Солонго, Э.Баярсайхан нарыг “мэндэлж дуугарсангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Солонгийн өгсөн: “... Б эгч үгийн зөрөөгүй гүйж ирээд манай нөхрийн толгойн тус газарт гар утсаараа 3 удаа цохьсон, тэгээд гар утсаараа нидэрч цохиод манай нөхрийн хүзүү нуруу хэсэгт зулгарсан байна... Би эгчийгээ болиулах гэтэл намайг бас зодож миний нүүр хэсэгт алгадаж, хүзүүнээс базаж шарх үүсгэсэн...” гэх мэдүүлэг /хх.17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Баярсайханы өгсөн: “... Гэтэл Сүхээ ахын эхнэр Б эгч ирээд араас толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд эргээд хартал нүүр хэсэгт 2-3 удаа цохисон... Тэгээд Сүхээ ах намайг авч яваад ярилцаж байхад ард Б эгч ард Солонгыг зодож байсан. Тэгээд би голоор нь орж зодуулсан...” гэх мэдүүлэг /хх.22-24/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхсүхийн өгсөн: “... Үл ялих зүйлээс болоод бид хоёр маргалдаж байх үед эхнэр Б гүйж ирээд Баярсайханы хацарт нь нэг удаа алгадаад авсан. Тэгээд Солонго, Баярсайхан нартай хэсэг маргалдаж байхад Солонго нөхөр Баярсайханыг өмгөөлөөд урдуур нь орж ирэхэд манай эхнэр Б бас алгадаад авсан...” гэх мэдүүлэг /хх.27-28/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 10678, 10679 дугаартай дүгнэлтүүд /хх.31, 34/
Шүүгдэгч М.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
М.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар М.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Г.Солонго, Э.Баярсайхан нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч Г.Солонго, Э.Баярсайхан нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч М.Бг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
М.Б нь “2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Бгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
М.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Боржигон овогт М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Бд сануулсугай.
5. Хохирогч Г.Солонго, Э.Баярсайхан нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР