Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01730

 

 

 

2022 09 16 210/МА2022/01730

 

А- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/02106 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А- ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Ш-ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 446,689,333 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч Б.Ш-, түүний өмгөөлөгч Ю.Батболд, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Цогтбаяр, түүний өмгөөлөгч О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч Б.Ш- нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ12182019 тоот зээлийн гэрээ байгуулан, 230,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч Б.Ш- нь зээлийг бэлнээр авсан бөгөөд бэлнээр зээл авсан баримтад гарын үсэг зурсан. Харин Б.Ш- нь авсан зээлээ хэрхэн зарцуулах нь түүний эрх бөгөөд тэрээр авсан зээлийн зарим хэсгээр Т- ХХК-ийн зээлийн төлбөрийг сайн дураар төлсөн бөгөөд зээлээс үлдсэн 128,446,349 төгрөгийг Б.Ш- өөрийн Хаан банкны данс руу шилжүүлэн авсан. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээл болон зээлийн хүүгээ буцаан төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 230,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүүд 180,994,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 35,680,667 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 446,689,333 төгрөгийг хариуцагч Б.Ш-аас гаргуулж, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Ш- би уг зээлийн гэрээг байгуулсан нь үнэн. А- ББСБ ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 230,000,000 төгрөгийг шилжүүлэх ёстойгоос 128,446,349 төгрөгийг шилжүүлсэн. Уг 128,446,349 төгрөгийг Т- ХХК-д шилжүүлсэн. Иймээс зээлийн төлбөрийг би хариуцахгүй бөгөөд Т- ХХК төлөх ёстой. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Хариуцагч Б.Ш-ын гаргасан тайлбар нь үнэн. Б.Ш-ын зээлсэн 230,000,000 төгрөгөөс Т- ХХК-ийн зээлийн төлбөр 101,553,651 төгрөгийг төлсөн бөгөөд Б.Ш- нь өөрийн дансанд шилжиж ирсэн 128,446,349 төгрөгийг "Т- ХХК-д шилжүүлсэн. Иймээс Т- ХХК нь нэхэмжлэгч А- ББСБ ХХК-ийн 165,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ш-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 446,689,333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А- ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ш- үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Б.Ш-ын өмчлөлийн Д- аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, 64 дүгээр байр, 40 хувийн гүйцэтгэлтэй, 480 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Д- аймгийн Замын-Үүд сумын 01 дүгээр баг, 8 дугаар хэсэгт байрлах, нэгж талбарын 4401010302 дугаартай, 240 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А- ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг, 2,276,581 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 272,767 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,461,596 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

5.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

5.а.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт А- ББСБ ХХК-аас Б.Ш- надад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 230,000,000 төгрөгийг бэлнээр олгосон кассын зарлагын баримт, мөн өдөр миний Хаан банк дахь 5076246633 тоот дансанд 128,446,349 төгрөгийг шилжүүлэг уртнасан гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн баримтууд авагдсан бөгөөд дээрх баримтуудын нийт дүнгээр 358,446,349 төгрөгийг надад олгосон мэт байхад анхан шатны шүүх 101,553,651 төгрөгийг кассаар олгосон гэж хэрэгт авагдаагүй баримт дурьдан илт худал дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Хариуцагч миний бие зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 446,689,333 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байгаа бөгөөд надад харилцах дансаар олгосон 128,446,349 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн хүүг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл тооцох нь хууль болон зээлийн гэрээнд нийцэж байна. Нийт 199,513,144 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа болно.

5.б.Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 25 дугаар зуйлийн 25.2 дах хэсэгт Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан ба бидний хооронд байгуулсан зээлийн гэрээнд хуулийн энэхүү заалтыг хангаж 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс хойш хүүг хэдий хэмжээгээр тооцох тухай огт тусгаагүй тул хэтэрсэн хугацааны хүү шаардах үндэслэлгүй болно А- ББСБ нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн хугацаанд болон хугацаа дууссанаас хойш огт төлөлт хийгээгүй байхад гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй нэг жилийн дараа зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүй тооцож нэхэмжилснийг анхан шатны шүүх зөвтгөж, хариуцагч хариуцлага тооцох хэлбэрээр мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хүүг хангасныг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

5.в.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т- ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбараар Д- аймгийн Замын-Үүд сум дахь 480 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь Б.Ш- миний хөрөнгө биш болох нь тогтоогдсон. Мөн зээл авах үед 40 хувийн гүйцэтгэлтэй байсан орон сууцыг бүрэн барьж, улсын комисс хүлээн 2021 оны 04 сар ашиглалтад орсон юм. Тухайн орон сууц нь 25 айлын орон сууц бөгөөд орон сууц захиалгын гэрээний дагуу худалдаж, айлууд нь эзэмшиж ашиглаж эхэлсэн байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах нь Т- ХХК болон тухайн барилгад орон сууц авсан бусад этгээдүүдийн эрх ашгийг хөндөж болзошгүй байх тул шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим алдагдах боломжтой байна. Орон сууцны эзэмшигч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой байсан гэж үзэж байна.

5.г.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд Б.Ш- миний бие А- ББСБ-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсан юм. Би нэхэмжлэл гаргахдаа шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаар дамжуулан шүүх хуралдаанаас өмнө гаргасан бөгөөд тухайн ажилтан улсын тэмдэгтийн хураамж төлөх тухай, төлөөгүй байгаа тухай надад хэлж сануулаагүй, би хуулийн шаардлагыг мэдэхгүйгээс улсын тэмдэгтийн хураамжийг төлөхгүйгээр шүүх хуралдаанд оролцсон ба хуралдаан дундуур төлөх боломж олгохыг шүүхээс хүссэн боловч шалтгаангүйгээр хүлээн авахаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар үндсэн нэхэмлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх болон түүний үүргийг хангуулах асуудлыг шийдэх нь ач холбогдолтой байсан. Анхан шатны шүүх хариуцагч миний сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хангаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлж бүрдүүлбэр хангах боломж олгохгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хуульд заасан журам зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, түүнийг шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бодитой тогтоож нэг мөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй шүүхийн шийдвэрт нөлөөлж болохоор байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх тал бүрээс нь бодитой үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн. До- аймгийг Д- аймаг гэж андуурч бичсэнийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой. Залруулж өгнө үү гэх хүсэлтээ гаргаж өгсөн. Манай зүгээс бэлнээр 230,000,000 төгрөгийг Б.Ш-ад хүлээлгэж өгсөн, хүлээж авсан талаарх баримт дээр гарын үсэг зурсан байдаг. Б.Ш-ын захиалгаар барьж буй барилгын гүйцэтгэгч компани болох Т- ХХК болон тухайн компанийн захирал н.Доржмягмарын зээлийн төлбөрийг өөрийн хүсэлтээр төлсөн. Манай зүгээс 230,000,000 төгрөгийг бэлнээр олгосон. Т- ХХК-ийн төлбөрийг төлж, үлдсэн мөнгийг кассын хүнээс гуйгаад дансаар авсан байдаг. Сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёстой. Б.Ш- нь Т- ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч А- ББСБ ХХК нь хариуцагч Б.Ш-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 446,689,333 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Зохигчид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч А- ББСБ ХХК нь 230,000,000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Б.Ш- нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 12-14-р тал/

3.а.Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Б.Ш- нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон, өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0714001945 дугаарт бүртгэлтэй, До- аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг гудамж, 64 дүгээр байр, 40 хувийн гүйцэтгэлтэй, 480 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 240 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалжээ. /хх-ийн 17-18-р тал/

4.Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна.

4.а.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.3, 2.3, 2.4-т хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон байх тул зээлдэгч нь уг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

4.б.Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч А- ББСБ ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 230,000,000 төгрөгөөс 128,446,349 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэх төлбөрийг Т- ХХК-ийн зээлийн төлбөрт авсан, мөн дээрх мөнгийг Т- ХХК үйл ажиллагаандаа зарцуулсан гэж тайлбарлажээ.

4.в.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг ба хариуцагч Б.Ш- нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 230,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүргийг нэхэмжлэгч А- ББСБ ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн. Мөн хариуцагч Б.Ш- нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 230,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь зээлийн гэрээний ар талд зурсан түүний гарын үсэг, кассын зарлагын баримт зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 13-р хуудасны ар тал, 47-р тал/.

4.г.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар гарын үсгээ зурсан дээрх баримт нотолгооны ач холбогдолтой. Иймд зээлийн мөнгөн хөрөнгө болох 230,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.д.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т- ХХК гуравдагч этгээдээр оролцож, хариуцагч Б.Ш-ын авсан зээлээр манай компани өрөө төлсөн, үлдэгдэл төлбөрийг үйл ажиллагаандаа зарцуулсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хариуцагч Б.Ш-ыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд зээлийн төлбөр төлөх үүрэг хариуцагч Б.Ш-ад гэрээний дагуу үүссэн байна.

4.е.2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 446,689,333 төгрөгийн үүрэг хариуцагч Б.Ш-ад үүссэн болох нь хэрэгт авагдсан тооцооллоор тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгчА- ББСБ ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг хариуцагч Б.Ш-аас шаардах эрхтэй. /хх-ийн 37-38-р тал/

5.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг орхигдуулсан, мөн барьцаа хөрөнгийн хаягийг буруу бичсэн зэрэг алдаа гаргасныг залруулах шаардлагатай.

6.Хариуцагч давж заалдах гомдолдоо хэтэрсэн хугацааны хүүг гэрээгээр тохиролцоогүй, барьцаа хөрөнгө бусдад худалдагдсан, мөн шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй нь үндэслэлгүй гэжээ.

6.а.1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасан бөгөөд талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.4-т Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан байх тул хэтэрсэн хугацааны хүү төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

6.б.Барьцаа хөрөнгө болох газар, үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Б.Шаравжамын эзэмшил, өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон, эдгээр хөрөнгө бусдад худалдагдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй. /хх-ийн 17-18-р тал/.

6.в.Сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн адил нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан байх шаардлагатай бөгөөд хариуцагч Б.Ш- нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул уг шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүхийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/02106 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 452.2 ... гэсний дараа 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж,

2 дах заалтын ... Д- ... гэснийг До- гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2,461,597 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ