Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 814

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Д.Нармандах

хохирогч А.О

гэрч А.О

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн 1805032510765 тоот, 1 хавтас хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 4 дүгээр баг, Төмөр замчдын өргөн чөлөө, 133 дугаар байр, 57 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12 дугаар байр, 9 тоотод оршин суух,

ял шийтгэл; 1. 2003 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 3 сая төгрөгөөр торгох ялаар,

2. 2005 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,

дугаарын регистртэй, Ж овогт М.Ц

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М.Ц 2018 оны 6 дугаар сарны 5-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 12 дугаар байрны 9 тоотын үүдэнд эхнэрийнхээ дүү болох хохирогч А.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодсон буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би өөрийн эхнэрийн дүү О-г зодсон, түүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс дахин мэдүүлэхгүй. О-г гэрийн хаалга хүчтэй нүдээд байхаар нь болиоч гэж түлхээд, түүний гуя хэсэг рүү нь хөлөөрөө ёворсон. О-с уучлалт гуйж байна. Хохиролд гэж 10 дугаар сарын 26-ны өдөр дансаар нь 300.000 төгрөг шилжүүлсэн гэв.

 

Хохирогч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би ихэр бөгөөд ихэрийг О гэдэг. О-н хүүхдийг харах хүнгүй болоод түүнийг том эгчийндээ буюу хүргэн ах Ц-ийнд авчирсан. Гэтэл эд нар хүүхдийг харж чадахгүй, аваад яв гэснээс болж маргалдсан. Манайх бол ер нь 5 эмэгтэй хүүхэдтэй айл. Би өөрийн гэртээ, аав, ээжийнхээ байранд энэнд /Ц-д/ зодуулсандаа гомдолтой байна. Ц эхлээд миний хамар руу цохиод цус гаргасан. Тэгэхээр нь үүдэнд суугаад хамраас цус гарчихлаа ш дээ, цагдаа дуудна гэтэл миний элэг, давсаг, сав руу өшиглөсөн. Тэгээд та тавыг /манай 5 эмэгтэйг хэлж байна/ өнөө шөнөдөө багтааж ална гээд заазуур бариад дайрсан. Би хүүхэд төрүүлж байгаагүй. Гэтэл миний сав руу өшиглөсөнд гомдолтой байна. Ц нь манай эгчийг ч гэсэн зоддог. Арчаагүй амьтан.

Миний дансанд мөнгө орсон эсэхийг мэдэхгүй байна. Сая л тийм баримт үзүүллээ. Надаас уучлалт гуйсан тохиолдолд гомдолгүй. Ц-с нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Гэрч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Ц бол миний нөхөр, О бол миний төрсөн дүү. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Тухайн үед би шкафнаас хүүхдийн куртик хайж байсан болохоор яг юу болсныг хараагүй. О хаалга үүдийг хүчтэй балбаж цохиод хонхойлгосон гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч А.О “… 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 11 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах 12 дугаар байрны 9 тоотод оршин суух эгч О.ч-нд манай ихэр О-н хүүхдийг харуулахаар аваачсан. О.ч нь хүүхэд харна гэж 45.000 төгрөг авсан байсан юм. Тэгсэн хүүхэд харахгүй гэж хэлэхээр нь “Хүүхэд харахгүй юм бол үхсэнээ хийж мөнгө авсан юм. Мөнгийг нь буцаагаад өг” гэж хэлсэн чинь өөдөөс эгч О.ч “хуцаад бай” гээд тэгэхээр нь би хүүхдийг нь дагуулаад гадаа гарсан. Тэгтэл хүүхдийн куртикийг нь мартсан байсан тул буцаж авахаар хаалгыг нь нүдээд гурван удаа гараараа балбаж хөлөөрөө өшиглөсөн. Гэтэл хадам ах Ц хаалга онгойлгоод миний толгой руу дарсан. Тэгснээ гараараа миний хамар руу хүчтэй цохиод, миний хамарнаас цус гарсан. Тэр үед “намайг зодчихлоо. Би цагдаа дуудна” гээд сууж байсан чинь миний элэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Би эвхрэлдээд ухаан алдаад унасан байсан. Миний сав руу, зүүн хөлний гуя хэсэг рүү өшиглөж байсан. Тэгсэн цаанаас манай эгч “чи болиоч” гээд Ц-г болиулсан. Тэгээд “чи аллаа шүү дээ” гэхэд Ц гал тогооны өрөөнөөс заазуур барьж аваад чамайг алчихъя гэхэд нь айгаад мөлхөж гарсан. Тэгэхэд хойноос “та тавыг бүгдийг нь өнөө орой заазуурдаж алчихна шүү” гэсэн. Би гарсан чинь О.ч эгч хаалгыг хаахад би ихэр О рүү залгаад намайг зодчихлоо гэж утсаар залгаж дуудсан. Удалгүй О ирээд хаалгыг нь нүдээд “яалаа гэж зодож байгаа юм бэ” гэхэд Ц өөдөөс нь бас зодох гэж дайрсан. О, О хоёр намайг үүрч гараад ГССҮТ-рүү такси бариад явсан. Замдаа эгчийгээ “та намайг зодуулчихаад байхад яагаад гарч ирэхгүй байгаа юм” гэхэд “хохь чинь шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би О.ч-ийн хацар руу гараараа цохьсон. Тэгээд уурлаад буугаад харьсан. Би тэгээд гэмтэл дээр очиж үзүүлээд цагдаад хандсан. Ц миний дух руу гараараа түлхсэн, хамар руу нэг удаа цохьсон, газар унасан хойно элэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Заазуурдаагүй. Эгч салгасан. Гомдолтой байна. 300,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгө төгрөгөө гаргуулчихвал надад өөр гомдол санал байхгүй. Би үнэндээ хаалгыг хоёр балбаад нэг өшиглөсөн юм. Тэр үед Ц хаалгаа онгойлгоод миний нүүр рүү цохиод авсан. Би эгчтэйгээ юм ярьж байхад урдуур орж ирээд намайг цохиод, зодсон. Миний хамар руу цохиод гэдэс рүү өшиглөөд, би доош болоход давсаг, гуя руу өшиглөсөн. Та тавыг өнөөдөр ална гээд орилоод байсан. О.ч боль гээд болиулсан. Ц тухайн үед согтуу байсан үгүйг би мэдэхгүй байна. Би шүүх хуралд оролцох үгүйгээ мэдэхгүй байна. Би 9 дүгээр сарын 13-нд Солонгос явах юм. Цийн хэлсэн мэдүүлэг худлаа байна. Миний хацар руу алгадаагүй. Хамар руу цохиод хамарнаас цус гарсан юм. Хамарнаас цус гарчихлаа гээд гэр рүү нь ороход миний гэдэс рүү цохиод би ухаан алдсан. Коридорт шалан дээр би хэвтэж байхад намайг босгоогүй. Миний ихэр О намайг таксинд суулгаад эмнэлэг рүү авч явсан. Би О.ч эгчийг байнга зараад байдаггүй. Би нэг ч зарж байгаагүй. Харин ч Цийн охиныг ээж бид хоёр харж байсан. Ц намайг нэг удаа алгадаж аваагүй. Хэд хэд цохиод миний бие хөхөрсөн. Ц худал мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Ц-ийн байгаа байр нь миний эцэг эхийн байр байгаа юм. Байрандаа байхдаа би зодуулсан. Цийг байрнаас гаргамаар байна. Гомдолтой байна. Би Ц-той хэрэлдээгүй байхад О.ч-тэй хэрэлдээд хаалга хаагдсан. Би хаалгыг 2 балбаад нэг өшиглөхөд Ц гарч ирээд намайг зодсон” /хх-13-15, 48/ гэж,

гэрч А.О.ч “… 12 дугаар байрны 09 тоот гэртээ нөхөр Ц, охины хамт байсан. Тэгсэн гаднаас хаалга тогшоод манай дүү О надаар хүүхдээ харуулах гээд О-н хүүхдийг дагуулж орж ирсэн. Тэгэхээр нь би өчигдөр хүүхдийг чинь хараад хүргэж өгөхдөө өнөөдөр би харж чадахгүй, ажилтай гэж хэлсэн биз дээ гэж уурласан чинь өөдөөс өрвөгөнөөд хэрүүл хийгээд, хүүхдээ орхиод гараад явсан. Удалгүй дахиад хаалга пижигнэтэл нүдээд “Та нарын байр биш шүү, зайлаарай” гээд коридоороор нэг орилоод хүүхдийн куртик аваад ир гэхээр нь би хүүхдийнх нь куртикийг аваад очих хооронд манай нөхөр Ц очоод онгойлгосон чинь манай нөхрийг өөдөөс нь алгадаад авсан гэсэн. Зөрүүлээд Ц алгадсан чинь шалан дээр хэвтчихээд орилоод байхаар нь “би хүүе чи болиоч дээ” гэхэд “юун сүртэй юм, нэг л алгадсан” гэж хэлсэн. Тэгээд О орцонд орилж байгаад гадаа гарсан тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гарсан чинь О нь ирээд шууд намайг баруун талын хацар руу цохиод авсан. Тэгэхээр нь би муу ч сайн ч ихэр болохоороо нэгнийгээ өмөөрч байгаа юм байлгүй гэж бодоод гэр рүүгээ оччихоод тэр 2-той цуг гэмтлийн эмнэлэг рүү явсан. Явах замдаа О миний толгой руу цохисон. Тэгэнгүүт нь би том эгч нь байж эд нарт зодуулаад яадаг юм гээд машинаас буугаад гэр рүүгээ харьсан. Ц О-г нэг удаа алгадахыг харсан. Түүнээс тэгж олон удаа цохиж зодсон зүйл байхгүй” /хх-16-18/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч А.О-н гэмтэлтэй холбоотойгоор “О-н биед хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 7219 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 24/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Ж овогт М.Ц-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Ц-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгч М.Ц-д холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч А.О нь шүүгдэгч М.Ц-с 300.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч А.О цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар хэлэв.

 

Шүүгдэгч М.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Ж овогт М.Ц-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ц-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. М.Ц торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. М.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Ц-д урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ