Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 817

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Д.С

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1805035240840 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1956 оны 10 дугаар сарын 23-нд Дундговь аймагт төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2; эхнэрийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Hiil sait хороолол, 9 дүгээр байр, 131 тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, М овогт Д.С

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.С 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Хилл сайт” хорооллын 9 дүгээр байрны орчим хохирогч Г.И-н биед халдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалганы цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний өмнө мэдүүлсэн мэдүүлэг байгаа, хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул дахин мэдүүлэхгүй. Би өндөр насны тэтгэвэрт, сард 216.000 төгрөг авдаг. Эхнэр маань хорт хавдарын оноштой хэвтэрт байдаг. Тиймээс надад оногдуулах торгох ялын төлөх хугацааг 3 жилээр тогтоож өгнө үү гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г.И “… Өнөөдөр 9 цагийн орчим би Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэсвгэр 9 А байрнаас гараад ажлын талбай руу явах замд “Хамтын хүч-9” СӨХ-ийн дарга Д гэх залуу хамт байсан. Хүмүүсийн нэг залуу над руу заагаад нөгөөдөх чинь тэр байна гэж хэлсэн. Тэгтэл 50 орчим насны саарал подволк, хар өмдтэй эрэгтэй чи нааш ир гэж хэлээд шууд гүйж ирэхдээ гартаа тортой зүйл барьчихаад түүнийгээ газар тавиад шууд миний зүүн тал нүдний арын хэсэгт цохиход миний өмсөж явсан каск унаж, би хажууд байсан машин налсан чинь тортой зүйлээ газраас аваад СӨХ-ийн дарга Д-д өгөхөд Д хажуунаас нь “наадхаа алаад өг” гэх зэргээр намайг цохисон хүнийг хатгаад байсан чинь нөгөө хүн дахин над руу дайраад цохих гээд байхаар нь би хойшоо болж зугтаагаад байхад СӨХ-ийн хяналтын зөвлөлийн гишүүн гэх эмэгтэй намайг хажуунаас бас бариад цохиулах гээд байхаар нь би барилга барьж байгаа талбай руугаа зугтаагаад хаалганы урд очоод СӨХ-ийн хяналтын зөвлөлийн гишүүн гэх эмэгтэй чамайг оруулахгүй гээд хаалгаа таглаад байх үед намайг цохьсон эрэгтэй газраас тоосго авч чамайг ална гэж хэлээд шидэх гэтэл хажууд байсан оршин суугч байх улаан өнгийн подволк өмссөн залуу тэврээд авч шидэж чадаагүй. Тэгээд би төв зам руу зугтааж байхад намайг цохьсон хүн зүүн гуяны дотор талд 2 удаа, бөгсний орчим 2 удаа өшиглөхөөр нь би эргээд хартал миний эмзэг эрхтэн рүү нэг удаа өшиглөсөн. Би зугтаагаад гүйж байхдаа зам дээр замын цагдаа байхаар нь би цагдаа над руу энэ хүмүүс дайраад, зодоод байна гэхэд уг цагдаа та нар больцгоо гэж хэлэхэд нөгөө хүмүүс арай гайгүй болж байгаад дахин над руу дайрахад тэр үед би цагдаагийн 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Тэгээд намайг цагдаад дуудлага өгөхөд арай гайгүй болж тэгээд цагдаа ирээд би өргөдөл гаргаж өгөөд байна. Намайг өшиглөсөн ахын охиныг намайг зодсон гэж СӨХ-ийн дарга хэлээд, тэгээд намайг зодох гээд дайраад байсан юм. Толгой өвдөөд дотор муухай оргиод байна. “Солонго лайн” ХХК хяналтын камерт бүх зүйл бичигдсэн байгаа. Намайг цохьсон гэх хүнээс гадна СӨХ-ийн дарга Д гэх залууд гомдолтой байна.

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хороо, Хилл сайт хотхоны 9а байрны орцноос 09 цаг 30 минутын орчим барилгын талбай руу гарах гээд орцоор гарсан чинь хажуу талын 9в байрны гадаа сууж байсан оршин суугчид болон СӨХ-н дарга Д нь нэг хүнд намайг заагаад нөгөөдөх чинь тэр байна гэсэн чинь 50 орчим насны эрэгтэй намайг нааш ир гэж дуудсанаа над руу хүрж ирсэнээ намайг чи яадаг хүн гэнээ гээд намайг хараагаад миний нүүр лүү нэг удаа гараараа цохихоор нь би хойшоо ухарсан чинь Д нь хажуу талаас  “алаад өг наадхаа” гээд орилоод байсан. Тэгсэн чинь нөгөө хүн нь намайг дахиад толгой руу нэг удаа гараараа цохьсон. Тэр үед би хойшоогоо зугтаагаад гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудсан. Тэр үед намайг нөгөө хүн хөөгөөд хөлөөрөө өшиглөөд дайраад байсан. Би ажлын хашаа руу орох гэсэн чинь араас нэг эмэгтэй оруулахгүй гэж хаалган дээр хориглосон. Тэр үед намайг цохьсон хүн араас хүрж ирснээ газраас тоосго аваад чамайг ална гээд шидэх гэсэн чинь нэг улаан подволктой ах болиулсан. Тэгээд би хойшоогоо зугтаасан чинь нөгөө хүн араас дахин хүрж ирснээ миний цавь руу хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед би төв зам руу гарч зугтаагаад зам дээр байсан замын цагдаад хэлсэн чинь цагдаа боль гэж хэлсэн чинь нөгөө хүмүүс арай гайгүй намжсан. Тэгээд би зодуулсан талаараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна. Надад учирсан хөнгөн гэмтлийг тухайн үед намайг цохиж, хөөж дайраад байсан 50 орчим насны эрэгтэй учруулсан. Би тэр хүнийг танихгүй. Тэр үед тэр хүн саарал подволк, хар өмдтэй байсан. Тухайн үед тэр хүн эрүүл саруул байсан. Би зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ” /хх-н 5-7, 16-17/ гэж,

гэрч О.Д “… 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би Баянгол дүүргийн 02 дугаар хороо Гранд хилл хотхоны Хамтын хүч СӨХ-ы үүдэн дээр манай удирдах зөвлөлийн гишүүн С эгчтэй хамт зогсож байсан чинь 9в-д орцонд амьдардаг С.ү гэх ах над дээр хүрж ирснээ өчигдөр манай охиныг энэ барилгын ажилчид цохисон байна. Хаана байдаг юм гэхээр нь би барилгын компаний оффисыг нь зааж өгсөн чинь тэр үед нөгөө барилгын инженер И гарч ирж таарсан чинь С.ү ах И дээр очоод чи яахаараа хүний охин цохидог юм гээд толгойруу нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд маргалдаж байгаад салсан. Тухайн үед С.ү архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл саруул байсан. С нь манай СӨХ-д удирдах зөвлөлийн гишүүн 99765231 дугаарын гар утастай” /хх-н 18/ гэж,

гэрч Д.Ст “… 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би Баянгол дүүргийн 02 дугаар хороо Хилл сайт хорооллын 9а байрны гадна манай байрны оршин суугчид Гарнет бриллиант ХХК-н инженертэй маргалдаад байж байсан ба би СӨХ-н дарга Д-ий хамт наад талд нь юм яриад өчигдөр юу болсон талаар асуугаад байж байсан чинь манай орцны оршин суугч С.ү тортой юм барьчихсан гэрлүүгээ орох гэж байснаа бид хоёр дээр ирээд өчигдөр манай охины тохой хөхөрсөн байсан. Хэн цохисон бэ гэсэн чинь Д-өө өчигдөр энэ барилгынхан миний нурууг гэмтээгээд, С ахын гарыг гэмтээгээд бас танай охины гарыг гэмтээсэн гэсэн чинь С.ү тортой юм аа газар хаяад уурлаад цаана зогсож байсан Гарнет бриллиантын инжинер И дээр очоод чи яагаад миний охиныг цохьдог юм гээд маргалдсан. Тэр үед И нь өөдөөс нь бичлэг хийгээд зугтаагаад байсан ба С.ү араас нь хөөгөөд байж байсан чинь нөгөө залуу орцны хажуу талын шатан дээр зогсож байхаар нь би очоод та нар наад асуудлаа боль гэсэн чинь чамд хамаагүй, бид нар барих юм аа барина гээд байсан чинь С.ү нь намайг яагаад ингэж доромжлоод байгаа юм гээд уурласан. Тэгээд нөгөө залуу ямар ч хариулт өгөхгүй цаашаагаа гүйгээд нэг замын цагдаа дээр очоод туслаарай гэхлээр нь би наад хүн чинь хүний охины гар гэмтээчихээд ингэж байгаа юм гэсэн чинь нөгөө цагдаа яваад өгсөн. Би С.үг И-г очиж цохиж зодож байгааг хараагүй. Би тухайн үед И-г орох гэхлээр миний дүү наад учир байдлаа шийд цаана байгаа А-даа хэлж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн чинь чамд хамаагүй бид нар ажлаа хийж байна гээд байсан” /хх-н 19/ тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Г.И-н гэмтэлтэй холбоотой “Г.И-н биед тархи доргилт, баруун бугалганы цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-н 23/ гэсэн 7850 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч М овогт Д.С-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.С-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс шүүгдэгч Д.С-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь; шүүгдэгч Д.С гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргээс гадна, тэрээр өндөр настан бөгөөд сарын 216.000 төгрөгийн тэтгэвэртэй, гэр бүл ахуй амьдралын хувьд эхнэр нь өвчний улмаас хэвтэрт байгаа гэх байдал нь торгох ялыг биелүүлэхэд боломжит хугацаа олгох буюу гэм буруутай этгээдэд оногдуулсан ял бодитойгоор биелэгдэхтэй холбоотой.

 

Шүүгдэгч Д.С бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Г.И “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, ... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 49/ гэжээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.С цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Д.С шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Монгол овогт Д.С-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Д.С-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 37.500 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. Д.С торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Д.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.И гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.С-т урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ