Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 827

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Дайрийжав шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Ш.Д, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг

хохирогч Р.А

иргэдийн төлөөлөгч Б.Н

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805019330598 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 1 дүгээр сарын 12-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сум, 10 дугаар баг, Тахилтын 13 дугаар гудамж, 15 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 1; одоогоор 6 сартай жирэмсэн гэх, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамж, 169 тоотод түр оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, А овогт Ш.Д

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ш.Д 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, СОТ-н 2/1 байрны 138 тоотод хохирогч Р.А-н цээжин тус газар хутгалсан буюу “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ш.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг хэвээрээ тул дахин мэдүүлэхгүй. Хохирогч А хутгалсан, түүний биед хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрнө.

Харин тухайн үед А яагаад хутгалснаа хэлж мэдэхгүй байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 325.000 төгрөг өгсөн. “Г” гэж дууддаг эмэгтэй бол би мөн. Би одоо 6 сартай жирэмсэн. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Р.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тэр өдөр намайг миний танил O гэгч дуудаад, очиход эд нар нилээд согтсон байсан. Тэгээд надаар архи авхуулж уусан. Эд нар тавуулаа байсан ба намайг O гаднаас тосч авсан. Очоод архиа ууж байхад O, Г /Д/ хоёр ванны өрөө рүү усанд орохоор орсон. Энэ хооронд би нөгөө хүмүүстэй нь ойр зуур, цэрэг энэ тэр гэж ярьсан. 20 цагийн үед Д буюу Г нь намайг чи яв гэж хөөгөөд 2 удаа алгадсан. Тэгэхлээр нь би Г-г үсдэж дарсан. Дараа нь би унтахдаа Г-н хөлний хавьд тусдаа унтсан. Д буюу Г нь гэрийн эзэн Б гэгчтэй хамт унтаад би тусдаа унтсан. Гэтэл нэгэнт намайг хутгалсан. Энэ гэмтлийг Г буюу Д учруулсан. Хохиролд 370.000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналын хувьд гэвэл хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Эд мөрийн баримтаар хураагдсан хувцаснуудаа буцааж авах шаардлагагүй, устгуулна гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Д-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1805019330598 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, СОТ-н 2/1 байрны 138 тоотод иргэн Р.А цээжин тус газраа хутгалуулж, биедээ хүнд гэмтэл авсан байна.

 

“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэгдсэн дээрх үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл:

Тухайн өдөр хэргийн хохирогч Р.А, шүүгдэгч Ш.Д болон бусад нэр бүхий гэрчүүд нийлж архидсан бөгөөд архидан согтуурсаны улмаас уг гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Гэмт хэрэг гарсан үеийн нөхцөл байдал хийгээд гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Р.A “... 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчим би хорооллын эцсийн СОТ-н байранд айлд очсон. Очиход 2 эмэгтэй, 2 залуу архи ууж байсан. Би дэлгүүр рүү гарч нэмж архи авсан. Анх очиход O намайг байрны гадаа тосож авсан. O бид хоёр дэлгүүрээс архи авч орсон. Би ороод архиа гаргасан нөгөө хэд архиа дуусаад сууж байсан. Тэгээд тэр 2 залуутай танилцаад архи ууцгаасан. Нэг залуу нь хоол хийгээд би хоолыг нь идээгүй. Сүүлд O-г архинд явуулахад 0.75 литрийн архи авчирсан. Би гарч дахин архи авч орж ирэхэд O тэнд байсан нэг залуутай нь байхгүй явчихсан байсан. Намайг сүүлд архинд гарахаас өмнө миний түрийвчинд байсан 20.000 төгрөгийг O авчихсан мөнгө өгөөдөх гэхэд O нь өгөхгүй 1.000 төгрөг өгөхөөр нь би уурлаад гарсан. Тэгээд эргээд ороод ирэхэд O нэг залуутай нь байхгүй байсан. Хамт явсан гэдгийг нь мэдэхгүй тэр байрны эзэн Г гэх эмэгтэй хоёр байж байсан. Намайг гар утсаа тавиад архи авчих гээд байхаар нь би гарч яваад байрныхаа доод дэлгүүрт утсаа үлдээчихээд өөрийнхөө мөнгөөр Стандарт 0,75 литрийн архи авсан. Тэгээд миний авчирсан архийг Г бид хоёр хувааж уусан. Гэрийн эзэн гэх залуу нь уугаагүй хэвтэж байсан. Архи ууж байхад Г намайг манай найзынхаас яв гээд хөөж хэрүүл өдсөн. Би ядраад байна орой болчихсон унтаад явъя гэж гуйсан. Тэгсэн үгүй чи зайл гээд миний толгой руу цохиж авсан. Би уурлаад Г-г үсдээд дарсан гэрийн эзэн нь босож ирээд салгаад хэрүүл гайгүй болохоор нь газар хэвтээд унтчихсан. Г намайг унтаж байх үед цээж рүү цохих шиг болоход би гараараа цээжин дээрээ дарахад цээжнээс цус гарч байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. Цээжиндээ хутгалуулсны улмаас гэмтэл авч хагалгаанд орсон. Уушги руу хатгагдсан, артерын судас гэмтсэн байна гэсэн” /хх-н 25-30/ гэж,

гэрч С.Б “... өглөө 10 цагийн үед босоод гэрийн хөргөгчинд байсан 500 граммын Хараа архийг ууж байхаа 4-5 жилийн өмнө таньдаг болсон O-н 99-тэй дугаараа залгаж завтай бол манайд хүрээд ирээч, хоол хийж идье, тэгэнгээ гэр цэвэрлээд өгөөч гэж дуудсан. Тэгээд O, хамт нэг гэрт амьдардаг найз эмэгтэй O-тайгаа 11 цаг өнгөрч байхад ирээд миний ууж байсан архи дуусаагүй байсан учраас бид гурав хувааж уусан. Ингээд  ууж байсан архи дууссан тул ажлын Н-г утсаар дуудаж, 1 шил архи аваад хүрээд ирээч, архи ууя гэж дуудсан. Н удалгүй ирсэн Байхгүй гэв. Н-н авчирсан 750 граммын Хараа архийг дөрвүүлээ хувааж уусан. Архиа ууж байхдаа хоол хийж идэлгүй, хоёр O гэрээсээ авчирсан хөнжил даавуугаа угаасан. Тэгээд Н авчирсан архи нь дуусаад явсан. Хоёр O-н нэг нь надтай хааяа бэлгийн харилцаанд ордог. Өндөр нуруутай, өөрийгөө O гэж дууддаг, бүтэн нэрийг нь мэдэхгүй эмэгтэй юм угааж байхад үл таних хүн утас руу нь байн байн залгаад Дархан хотоос ирж байна, 5 шар дээр ирчихлээ, одоо яаж очих юм гэж яриад байсан. Тэгээд би архи уугаад тасарчихсан бэ нэг сэрсэн чинь O-тай утсаар яриад байсан эрэгтэй ирчихсэн, шалан дээр миний хэвтэж байсан орны зүүн талд дээшээ харчихсан сэрүүн хэвтэж орны зүүн талд дээшээ харчихсан сэрүүн хэвтэж байгаа харагдсан, харин O нь гартаа хутга барьчихсан байхаар нь юу болоод байгаа юм бэ пизда нар минь гэж хэлээд өндийтөл O гэрт ирсэн байсан үл таних эрэгтэйн цээжин тус газар нь хутгаар дүрчих шиг бололтой цус олгойдоод гарч байхаар нь би гараараа дараад холбогдож болох бүх утас руу залга гэхэд O нь би хүн алчихлаа гэж хэлсэн” /хх-н 33-34/ гэж,

гэрч Б.O “... Д, A нар бие биенийгээ сайн танихгүй. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Д ирж намайг эргэж байхад би A-той танилцуулсан. Тэд нарын хооронд ямар нэг харилцаа байхгүй. 4 дүгээр сарын 8-ны өдөр Д, A хоёр огт маргалдаагүй. A-той анх Д танилцахдаа өөрийгөө Г гэж танилцуулсан. A Д гэдэг нэрээр нь мэдэхгүй” /хх-н 35-38/ гэж,

яллагдагч Ш.Д “... A-д би хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Харин ямар нэгэн байдлаар санаатайгаар учруулаагүй” /хх-н 131-132/ гэж тус тус мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “зэвсэг хэрэглэж” үйлдэгдсэн, уг гэмт хэргийг шүүгдэгч Ш.Д үйлдсэн болохыг нотолно.

 

Нэр бүхий хохирогч, гэрчүүдийн дээрх мэдүүлэгт хэргийн бодит байдлын талаар эрс зөрүүтэй мэдүүлсэн зүйл байхгүй, мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай байгаа нь гэмт хэрэг үйлдсэгдсэн үйл баримтын нотолгоо юм.

 

Иймд прокуророос зүйлчилсэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тухайн хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд

шүүгдэгч Ш.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч-ийн 4736 тоот дүгнэлтэд “... A-н биед өвчүүний голд цээжний өмнөд артер, баруун уушгийг гэмтээсэн цээжний хөндий рүү нэвтэрч шарх, цээжний баруун хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэж хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тодорхойлжээ. /хх-н 47/

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Д-т ял оногдуулахдаа түүний хувийн байдал, /үүнд; тэрээр одоо 6 сартай жирэмсэн гэх байдал/, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, /үүнд; хохирогч, шүүгдэгчийн хэн аль нь хамтран архидан согтуурсаны улмаас уг гэмт хэрэг гарсан/, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, /үүнд; хохирогч Р.А цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн/, гэмт хэрэг гарах болсон шалтгаан /үүнд; согтуурсаны улмаас өөр хоорондоо маргалдсан/, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Тухайлбал, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон гэрч Ш.Г-н “... Д бид хоёр эхээсээ хоёулаа, багаасаа л бид хоёртой ээжтэйгээ амьдардаг байсан. ... Д хүүхэд байхын үг дуу цөөнтэй, даруухан, гэрээсээ нэг их гардагүүй, онц сурдаг л хүүхэд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/,

Ш.Д урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй талаарх “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-н 150/,

Ш.Д-н жирэмсэнийг тодорхойлсон Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг “Гэр бүл” эмнэлгийн Чанд авиан оношилгоо /хх-н 210, 211/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Д-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлав.

 

Ш.Д-г шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг буюу 2 хоног баривчилсан хугацааг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, срочкон цамц, хагас ханцуйтай пудволкыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахаар заав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. А овогт Ш.Д-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Ш.Д-г 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Ш.Д-т оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Ш.Д-н цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Ш.Д-т урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнийг ШШГЕГазрын 461 дүгээр хаалттай хорих ангид цагдан хорьж,

хорих ял эдлэх хугацааг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Ш.Д бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.А нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

7. Эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, срочкон цамц, хагас ханцуйтай пудволкыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар устгасугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ш.Д-г цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.ЖАНЧИВНЯМБУУ

                                          

                             ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ

 

                               ШҮҮГЧ                                     Ц.МӨНХ-ЭРДЭНЭ