Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 832

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч И.У, А.У, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Амар

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас И.У, Д.Б, А.У нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805032270762 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 1 дүгээр сарын 20-нд Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Витавит импекс ХХК-д дадлагажигч ажилтай гэх, Төв аймгийн Борнуур сум, 2 дугаар баг, Малчдын хороо, 1 дүгээр гудамж 39 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 12-07 тоотод түр оршин суух,

ял шийтгэл: 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

дугаарын регистртэй, Б овогт И.У

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 6-нд Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, Витавит импекс ХХК-д оператор ажилтай, Төв аймгийн Борнуур сум, 1 дүгээр баг, Өгөөмөр дэнж 3 дугаар гудамж 18 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 5;  эмэг эх, эгч, дүү, найз эмэгтэйн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туулын 38 дугаар гудамж, 52 тоотод түр оршин суух,

ял шийтгэл: 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлсэнийг, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн давж заалдах шатны шүүхийн 63 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял болгосон. 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн 75 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 00 сар 03 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

дугаарын регистртэй, М овогт Д.Б

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 24-нд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бамбууш” ХХК-д ажилладаг гэх, Төв аймгийн Борнуур сум, 4 дүгээр баг, Нарт гэх газарт хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамж, 58 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, Х овогт А.У

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч И.У, А.У, Д.Б нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны гүүрний орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Ж.Б, М.М нарыг олон нийтийн газар явж байхад нь хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн буюу Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэм хэргийг үйлдсэн,

улмаар хохирогч Ж.Б-нийг бүлэглэн зодож, түүний биед “тархи доргилт, зүүн нүдний алим, хүзүү, цээж, баруун дал, бүсэлхий, баруун бугалга, баруун шуу, хэвлий, зүүн гуя, баруун чамарахайд цус хуралт, зүүн хацар, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, хоёр дал, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Шүүгдэгч И.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

У шинэ гэр барьж тусдаа гарсан гээд үүнийг нь тэмдэглэж 2018 оны 6 дугаар сарын 3-ны орой У, Б бид гурав уулзаад архи уусан. Ингээд Нарны гүүрний доогуур явж байгаад би хохирогч Бтэй мөргөлдөөд, гэтэл хамт явсан дүү нь замаа харж яваач пизда минь гэж хараалын үг хэлсэн. Тэгээд Б бид хоёр барьцалдаад, У, Б хоёр араас ирж салгасан. Тухайн үед би цээж нүцгэн явсан. Хохирогч Бд нийтдээ 900.000 төгрөгийг бид гурав хувааж өгсөн. Зодоонд У оролцоогүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө бид гурав бага зэрэг согтуу, манай гэр рүү явж байсан. У урд хэсэгт, У бид хоёр нилээн зайтай араас нь явж байсан. Гэтэл У нэг хүнтэй барилцаж аваад, У бид хоёр араас нь очиж салгасан. Хохирогч Б надтай зууралдаад байхаар нь би түүнийг түлхсэн. Хохирогчид миний зүгээс 300.000 төгрөг өгсөн. Нийтдээ бид гурав 900.000 төгрөг өгсөн.

Тухайн үед би биеийн тамирын саарал өнгийн өмдтэй, улаан пүүзтэй явсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Зодоонд У оролцоогүй гэв.

 

Шүүгдэгч А.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Б, У бид гурав уулзаад, дараа нь Модны 2-ын тийшээ Бийн гэр рүү явахаар болсон. Тэгээд бид гурав Нарны гүүрний доогуур, У түрүүлээд, араас нь Б бид хоёр нилээд зайтай явж байтал У нэг хүнтэй ноцолдоод, Б бид хоёр очиж салгасан. Удалгүй цагдаа ирсэн. Миний хувьд нийгмийн хэв журам зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин хүн зодож, гэмтэл учруулаагүй. Хохиролд 300.000 төгрөг төлсөн.

Би тухайн үед бэлтгэлийн саарал өнгийн цамцтай, хөх өнгийн шорттой явсан гэв. 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч И.У, А.У, Д.Б нарыг “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэм хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар,

мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1805032270762 тоот хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч И.У, А.У, Д.Б нар 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр нийлж архидсан ба тухайн шөнө буюу 3-наас 4-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Нарны гүүрний доор явж байсан иргэн Ж.Б, М.М нарыг өдөөн хоргоож, тэдгээрийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж, улмаар Ж.Б-нийг зодож, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

 

Гэмт хэрэг гарсан тухайн үеийн нөхцөл байдал хийгээд гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ж.Б “… би өөрөө согтуу учраас дүү М-ний хамт Нарны гүүр орчим явж байтал цээж нүцгэн согтуу залуу өөдөөс ирээд “та хоёр хужаа юу” гээд цохиод авсан. Тэгэхээр нь би хариу үйлдэл үзүүлээгүй. “Ахын дүү уусан зүйлээ шингээгээд цаашаа яв аа, хэн хэндээ төвөг болоод яахав” гэж хэлээд зөрөөд явсан. Гэтэл тэр залуу араас гүйж ирээд нуруу руу тийрч өшиглөхөд унах шахсан бөгөөд тэгэнгүүтээ тэр залууг цааш түлхэн унагаасан. Тэр үед тэр залуугийн цаана замын хайсан дээр сууж байсан хоёр залуу хүрч ирэхээр нь би түүнд “ахын дүү, наад согтуу хүнээ аваад яв. Бид нар явмаар байна” гэтэл нэг залуу нь “Юу гээд байгаа пизда вэ?” гэснээ миний толгой орчим цохьсон. Тэгээд тэр залуутай зууралдаж байгаад арайхийж салаад зугтахад дүү М мөн зугатаад явчихсан. Гэтэл нөгөө залуучууд араас гүйцэж ирээд дэгээдэж унагаад тал талаас зодож эхэлсэн. Тэгэхээр нь би нэгнийх нь хөлнөөс зуураад татаж унагаад, дээрээс нь дараад хэвтсэн. Гэхдээ би хэнийг нь татаж унагааснаа санахгүй байна. Гэтэл хэн нь мэдэхгүй миний дээрээс үсдээд чихнээс зулгаагаад толгой цээж рүү өшиглөөд байсан. Энэ үед замаар явж байсан машинтай залуус зогсож надад тусласан. Түүнээс хойш би юу болсоныг санахгүй байна. Нэг мэдэхэд гэмтэл дээр очсон байсан. Миний толгой болон цээж хөндүүрлэж өвдөж биеийн цээж болон нуруу хэсгээр зулгарсан шархнууд, зүүн чихний арьс шалбарсан, баруун зүүн хөл, гуя, гуяны дотор тал зулгарч хөхөрсөн, баруун бугалга, баруун тохой, баруун шуу зулгарсан, баруун чамархай хөхөрсөн, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу зулгарсан байсан. Тухайн үед цээж нүцгэн байсан залуу миний араас ууц нурууны хэсэгт өшиглөсөн. Тэр үед би унах шахаад босож ирээд түүнийг түлхтэл тэр залуу газар унаад өнхѳрчихсөн. Дараа нь саарал бэлтгэлийн хувцастай залуу нь толгой руу цохихоор нь би зууралдахад төмөр аралтай тэлээ гарган ирээд намайг ороолгож цохьсон. Тэгээд би салаад зугтахад саарал бэлтгэлийн хувцастай залуу нь намайг дэгээдэж унагаасан. Тийм учраас надад учирсан дээрх гэмтлийг цээж нүцгэн залуу болон саарал бэлтгэлийн хувцастай залуу хоёр учруулсан. Би тэр үед согтууруулах ундаа нэлээд хэрэглэсэн байсан учраас дүүгээрээ гэртээ хүргүүлэх гээд явж байсан. Надад эмчилгээний зардал 1 сая төгрөг гарсан байгаа. Үүнд би КТГ хийлгэсэн. Цээжний зураг авахуулсан. Хувийн эмнэлгээр явж дотор эрхтэн, нүд, чих, хамар хоолой, мэдрэлд тус тус үзүүлэн эмчилгээ бичүүлсэн бөгөөд уламжлалт эмчилгээ хийлгэж байгаа. Тэр залуус надад 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эмчилгээний нөхөн төлбөр гэж 900.000 төгрөг бэлнээр өгсөн. “Гялс” төвд 2018 оны 5 дугаар сарын 24-с хойш үзүүлж шинжилгээ хийлгэсэн. “Төмөр оточ” гэсэн хувийн эмнэлэгт 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс хойш бас үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэг, Нэгдүгээр эмнэлэгт цээжний зургаа авахуулж уушгины эмчид үзүүлсэн” /хх-н 7-8 / гэж,

гэрч М.М “… 2018 оны 6 дугаар сарын 3-ны орой манай хүргэн ах Б Алтай хотхоны зогсоол дээр хүрээд ир гэхээр нь гэрээсээ гараад 22 цаг 06 минутанд очсон. Намайг очиход Б ах найз Ж-гийн хамтаар 1 шил архи хувааж ууж байсан. Ингээд 23 цаг өнгөрч байхад Ж-гийн багшийг гэрт нь оруулж өгчихөөд гарсан. Гараад би ахын машиныг бариад ахтай хамт Алтай хотхоны маркет гэх дэлгүүр орсон. Тэндээс нэг шил дарс аваад урагш эрчим хүчний яамны эсрэг талд байрлах оффист очсон. Тэнд дарсаа өгсөн. Тэндээс мөн нэг найз нь машинаа Нарны хороололд зогсоолд тавьчих гэхээр нь тэндээс машиныг аваад Нарны хороолол орсон. Машиныг нь орхиод жижүүрт түлхүүрийг нь үлдээчихээд Алтай хотхон руу алхаад явж байтал ах бид хоёрын өөдөөс 3 залуу гарч ирсэн ба хоёр нь цаана хайсан дээр сууж үлдээд нэг нь ирээд намайг цээжээрээ мөргөөд чи хужаа юу гэсэн. Тэгэхээр нь өө үгүй, үгүй гээд хажуугаар нь зөрөөд гараад явсан. Тэгэхэд уг залуу манай ахыг татаж эргүүлээд чи хужаа байна тийм ээ гэсэн ах эргэж хараад ахын дүү одоо харьж амар. Элдэв асуудал үүсгээд яахав гээд хажуугаар нь гараад явсан ба ганц нэг алхтал нөгөө залуу манай ахын нуруунаас нь жийж унагаасан. Гараа саваад миний баруун шанаа руу гарынхаа араас цохьсон. Тэгэхээр нь би тухайн залууг түлхсэн ба замын хашлаганд тээглээд газар унасан. Энэ үед цаана байсан хоёр залуу нь гүйж ирсэн ба саарал подволктой, саарал өмдтэй залуу нь намайг заамдаж авсан. Жижигхэн биетэй шорттой залуу нь манай ахтай барилцаад авсан байсан. Намайг заамдсан байсан залуу намайг газар унагаах гэж оролдохоор нь би гарыг нь тавиулаад зугтаасан. Тэгээд зам дээр машин зогсоож тусламж хүссэн. Жолооч нь зогсож байгаад цагдаа дуудсан. Энэ үед нөгөөдүүл ах руу дайраад зодоод л байсан. Ингээд машин дотор байсан хүмүүс гарч ирж салгасан. Ямар нэгэн маргалдаж муудалцах шалтгаан байгаагүй. Сая цагдаа дээр ирээд эрүүлжүүлэхэд орсон залуу шууд ирээд хэрүүл өдөж зодоон эхлүүлсэн. Миний биед учирсан гэмтэл шарх бол гайгүй байна. Ганц нэг удаа л цохиулсан. Бие бол гайгүй байна. Харин миний бугуйн цаг тасраад алга болсон байна. Миний цаг нь Домино брэндийн цаг байсан. 240,000 төгрөгөөр ээж авч өгч байсан юм. Б-нийг анх гурван залуу гурвуулаа тал талаас нь цохиж, өшиглөж байсан. Ах доор нь орсон байдалтай байсан. Би тусламж хүсээд очоод одоо болъё, ахыгаа аваад явъя гэхэд  тэгээд аваад яваач гээд намайг ойртуулахгүй байсан. Саарал подволк өмдтэй залуу нь ойртуулахгүй намайг цохих гээд байсан” /хх-н 12-14/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Ж.Б-ний гэмтэлтэй холбоотой “... Б-ний биед тархи доргилт, зүүн нүдний алим, хүзүү, цээж, баруун дал, бүсэлхий, баруун бугалга, баруун шуу, хэвлий, зүүн гуя, баруун чамарахайд цус хуралт, зүүн хацар, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, хоёр дал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй“ гэсэн 7128 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 20/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруутайг нотолно.

 

Харин “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт шүүгдэгч А.У оролцсон болох нь эргэлзээтэй буюу бүрэн гүйцэт нотлогдон тогтоогдохгүй байна.

Тухайлбал, шүүх хуралдааны явцад шүүгдэгч И.У, Д.Б нар нь хохирогч Ж.Б-нийг зодоход шүүгдэгч А.У оролцоогүй гэж мэдүүлснээс гадна,

мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Б-ний мэдүүлсэн түүнийг хэн хэн зодсон талаарх мэдүүлэгт “... надад учирсан дээрх гэмтлийг цээж нүцгэн залуу болон саарал бэлтгэлийн хувцастай залуу хоёр учруулсан” гэжээ.

 

Хэдийгээр хохирогч Ж.Б нь “... дараа нь саарал бэлтгэлийн хувцастай залуу нь толгой руу цохихоор нь би зууралдахад төмөр аралтай тэлээ гаргаж ирээд намайг ороолгож цохьсон. Тэгээд би салаад зугтахад саарал бэлтгэлийн хувцастай залуу нь намайг дэгээдэж унагаасан ...” гэж мэдүүлсэн байх боловч

үүний эсрэгээр шүүгдэгч А.У 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ “... гэтэл У хоёр залуутай маргалдаад дээр доороо орчихсон байхаар нь би саарал хослолтой залууг цааш түлхээд У нөгөө залуу хоёрыг нь салгасан. Тэгтэл саарал хослолтой залуу намайг араас боохоор нь эргэж хараад аль аль нь согтуу байна, салгаад аваад явъя, манай найз бас их согтсон байна гэтэл тэр залуугийн ах нь гэх залуу нь Утай маргалдаад хөл гарнаас нь зуураад салахгүй байсан. Тэгэхээр нь Б бид хоёр салгах гээд байж байтал нөгөө сараал хослолтой залуу нь зам руу гараад такси зогсоосон. Таксинаас хүүхэн, залуу хоёр гарч ирээд больцгоо гэхэд саарал хослолтой залуу нь тэлээ бариад Бийг ороолгосон. Тэр үед У нөгөө залуугийн ахтай нь хашлаганы орчим дээр доороо орчихсон ноцолдож байх үед цагдаа ирсэн. Цагдаа ирээд Б, У хоёрыг аваад явсан. Харин би нөгөө хоёр залуутай тэр газраа үлдээд 103 дуудах уу гэхэд нөгөө ах “гэр ойрхон, гэр рүүгээ орлоо, зүгээр” гэхээр нь “ах аа тэгвэл би гэр рүүгээ явлаа, санал гомдол байна уу” гэхэд тэр ах юм хэлэхгүй байхаар нь би явчихсан” гэж /хх-н 27/,

шүүгдэгч Д.Б сэжигтнээр мэдүүлэхдээ “... би тэр үед саарал өнгийн бэлтгэлийн хувцастай байсан бөгөөд надад тэлээ байгаагүй. У бас хар өнгийн бэлтгэлийн өмдтэй байсан. У шорттой байсан. Бид нарт тэлээ байгаагүй” гэж /хх-н 31/,

шүүгдэгч И.У сэжигтнээр мэдүүлэхдээ “... Б бид хоёр тамирын өмдтэй, У шорттой байсан. Тэр тэлээ хаанаас гарч ирсэнийг би мэдэхгүй. Зодоон болж байхад хохирогчийн дүү гэх залуу тэлээ барьчихсан эргүүлээд байхаар нь би “наадахаараа ороолгоод үзээрэй” гэж нэг хэлж байснаа санаж байна” гэж /хх-н 33/ тус тус мэдүүлсэн нь

тухайн гэмт хэрэг гарах үед нэр бүхий шүүгдэгч нарт өмдний тэлээ байсан гэдгийг нотолж чадаагүйн зэрэгцээ шүүгдэгч А.У нь хохирогч Ж.Б-нийг өмдний тэлээгээр ороолгож цохисон гэдгийг үгүйсгэнэ.

 

Өөрөөр хэлбэл урдаас төлөвлөөгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд үйлдэгдсэн уг гэмт хэрэг гарах явцад биеийн тамирын буюу бэлтгэлийн хувцастай, шорттой явж байсан эдгээр шүүгдэгч нарт өмдний тэлээ байсан гэдэг нь эргэлзээтэй, уг гэмт хэрэг гарсан үеийн үйл явцыг дүгнэж үзвэл шүүгдэгч А.У-н хувьд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт идэвхийлэн оролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х овогт А.У-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгов.

 

Харин шүүгдэгч А.У нь “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу тухайн гэмт хэрэгт гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Учир нь; уг гэмт хэргийн үндсэн шинж буюу диспозиц нь ямар нэгэн бодитой /материаллаг/ хохирол учруулсан гэхээс илүүтэйгээр нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, ... хүний халдашгүй, чөлөөтэй байх, ... олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байхыг шаарддаг.

 

2018 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө үйлдэгдсэн дээрх гэмт хэргийн үйл баримтаас үзвэл хохирогч Ж.Б, түүний хамт явсан дүү М.М нарыг шүүгдэгч И.У эхэлж өдөөн хоргоож зодооныг эхлүүлсэн, энэ байдлыг таслан зогсоохыг оронд шүүгдэгч Д.Б, А.У нар бүлэглэн оролцож байгаа нь “... хүний халдашгүй, чөлөөтэй байх” гэсэн Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б овогт И.У, М овогт Д.Б, Х овогт А.У нарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б овогт И.У, М овогт Д.Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч И.У, Д.Б, А.У нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлан,

“тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

 

Тухайлбал, шүүгдэгч И.У урьд өмнө нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

шүүгдэгч Д.Б урьд өмнө нь буюу 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлсэнийг, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн давж заалдах шатны шүүхийн 63 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял болгосон. 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн 75 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 00 сар 03 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байжээ.

Гэвч тэдгээрийн ялтай байдал хуульд зааснаар дуусгавар болсон байгаа нь “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ялын санкц “... нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ялын санкц “... дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус хуульчлагджээ.

 

Шүүгдэгч И.У, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь хорих ял оногдуулах, хорих ял оногдуулахдаа гэмт хэрэгт оролцсон оролцоог нь /гэмт хэргийг хэн анх сэдэж үйлдсэн гэх мэт/ харгалзан хорих ялын хугацааг ялгамжтай тогтоох,

тэдгээрт оногдуулсан торгох болон хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”,

мөн хэсгийн 2.1 дэх заалтад заасан “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг;” гэсэн заалтыг баримтлав.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч А.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, ... бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалтыг баримтлан шийдвэрлэх нь зохимжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч И.У, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Нөгөөтэйгүүр шүүх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч И.У, Д.Б, А.У нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас А.У-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Б овогт И.У, Му овогт Д.Б, Х овогт А.У нарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Боржигон овогт И.У, М овогт Д.Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч А.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. А.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүргийг даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэх хязгаарлалт тогтоосугай.

 

5. А.У нь шүүхээс хүлээгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хээлийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.У-г 1 жил 1 сар хорих ялаар, Д.Б-г 1 жил хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар И.У, Д.Б нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

7. И.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар,

 

Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

8. И.У, Д.Б нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, тэдгээрийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорьсугай.

 

9. И.У, Д.Б нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

тэдгээрийн эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

10. А.У цагдан хоригдсон хоноггүй, И.У, Д.Б, А.У нар бусдад төлбөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл И.У, Д.Б нарыг “цагдан хорьсонг”, А.У-т урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ