Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 838

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1805053571014 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1; Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 17 дугаар байр, 21 тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Д овогт Ж.Д

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ж.Д 2018 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Кастел” баарны гадна хохирогч Г.Х-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. Дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г.Х “… 2018 оны 10 дугаар сарын 8-ны орой 23 цагийн үед өөрийн найз Д, О нарын хамтаар “Кастел” бааранд орсон. Тэнд манай найз Д-н таньдаг гэх гурван эмэгтэйтэй таараад хамт нэг ширээнд суусан. Тэндээ бид нар ууж идэж сууж байгаад бид гурав шөнө 02 цаг өнгөрөөд баарнаас гарахад баарны гадаа Д-н найз Б, Ц нар гарч ирээд над руу чи хоёр найзаа авч явах гэлээ гээд уурлаад байсан. Тэгээд Б нь духаа миний духанд хүргээд намайг духаар түлхээд үсдэж доошоо татаж унагаахад Ц миний хамар руу 2 удаа өшиглөсөн. Тэгэхэд миний хамарнаас их хэмжээний цус гараад баарны хамгаалагч нар ирээд бид нарыг аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Бид нар гурвуулаа эхлээд 1 шил виски, ундаа, ус авсан. Би тэр вискинээс уугаад 1 шил пиво авч уусан. Манай 2 найз виски уугаад, дараа нь нөгөө 3 эмэгтэйтэй таараад дахиад 1 шил виски авч уусан. Тухайн үед бид нар бүгдээрээ гайгүй бага согтолттой байсан. Бид нар сууж байгаад бид гурав түрүүлээд явлаа гээд гарахад Б, Ц хоёр араас гарч ирээд Б нь чи ганцаараа амьдралтай юм уу, хоёр найзыгаа авч явах гэлээ гээд над руу уурлаад хэрүүл өдөөд байсан. Намайг хоёр найзыгаа авч явах гэлээ гэж Б намайг үсдээд доошоо татаж унагаахад Ц намайг хөлөөрөө хоёр удаа хамар руу өшиглөсөн. Би харилцан гар хүрээгүй. Б үсдэхээр нь өөрөөсөө холдуулах гэж түлхсэн. Баарны гадаа манай найз О, Д, баарны хамгаалагч нар байсан. Бааранд байхдаа хоорондоо маргалдаж муудалцсан асуудал байхгүй. Бид нар бааранд хоорондоо юм ярьж сууцгааж байгаад гарсан. Баарны гадаа зодоон болсон газар хяналтын камер байсан. Би Б, Ц хоёртой тэр өдөр л танилцсан. Би тэр хоёрыг танихгүй. Тэр өдөр бааранд танилцсан. Манай найз Д Б-г таньдаг байсан. Тухайн үед миний хамарт учирсан гэмтлийг Ц өшиглөж учруулсан байгаа. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” /хх-н 10-11/ гэж,

гэрч Амарцэнгэлийн Б  “... 2018 оны 10 дугаар сарын 8-ны орой 23 цагийн үед хуурай эгч Д, түүний найз Э нарын хамтаар “Кастел” бааранд орж хүний нэг нэг пиво захиалж авсан. Тэгээд тэндээ танил Д-той таарахад Д хоёр найзтайгаа, бас нэг залуутай дөрвүүлээ явж байсан. Тэгээд бид нар ширээн дээрээ сууж байхад Д найзтайгаа ирээд манай ширээнд ирж суугаач гээд уриад бид хэд хамт нэг ширээнд суусан. Бид нар юм ярьж идэж ууцгаагаад сууж байгаад тарах болоод Д бид хоёртой хамт явъя гээд байсан. Тэгэхэд Д-той хамт байсан Х гэх охин Д-г авч явна гээд Д бид нартай явна гээд бид нар бөөнөөрөө баарнаас гарсан. Баарны үүдэнд Д Х-тай явахгүй гээд байхад Х Д-г авч явна гээд би Х-д хандаж та нар өөрсдөө мэд гээд хэлэхэд Х намайг гичий минь гэж хараагаад миний цээж рүү түлхэхээр нь би очоод үсдээд авсан. Тэгэхэд Х намайг зөрүүлж үсдээд бид хоёр газар унасан. Хамгаалагч нар ирээд бид хоёрыг салгаад босч ирэхэд Х-гийн хамарнаас цус гарсан байсан. Х цагдаа дуудаад хүлээгээд зогсож байсан. Х ганцаараа үлдээд хамт явж байсан 2 найз нь яваад өгсөн байсан. Удалгүй цагдаа ирээд Д Х бид гурвыг аваад явсан. Бид нар эхлээд гурвуулаа хүний нэг нэг шил пиво уусан. Тэгээд тэд нартай таараад виски захиалж аваад хувааж уусан. Тухайн үед Д бид хоёр согтсон байсан. Бусад нь адилхан уусан байсан. Хэр зэрэг согтсоныг нь мэдэхгүй. Тухайн үед баарны гадаа гараад Д бид хоёртой явна, найзаасаа салаадахъя гээд Х Д-г авч явна гээд бид нарын хооронд үл ойлголцох асуудал гарч хэрүүл болсон. Х бид хоёр бие биенийгээ үсдсэн. Би үс гэзгээ янзалж байхад Д ирээд Х-гийн хамарнаас цус гарчихлаа гэж хэлж байсан. Х-гийн хамрыг хэн цохьсоныг мэдэхгүй байна. Бид хоёр бие биенийгээ үсдсэн. Өөр би ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тухайн үед Д, Х-гийн найз Д баарны хамгаалагч нар байсан. Бид хоёрыг үсдэлцэж байхад Д салгасан гэсэн. Хажууд хамт зогсож байсан. Би Х-тай тэр өдөр танилцсан. Өмнө нь зүс харж байсан. Д-г 2, 3 жилийн өмнөөс мэддэг. Өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Бааранд ямар нэгэн асуудал үүсээгүй. Бид гурав өөрсдийнхөө тооцоог хийсэн байсан” /хх-н 12-13/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Г.Х-н гэмтэлтэй холбоотойгоор ... Х-гийн биед хамрын таславчийн муруйлт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үед үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэсэн 12281 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 19/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ж.Д-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Д-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Д-т оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал үүсээгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.Д бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Г.Х “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, ... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 54/ гэжээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Д цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Д овогт Ж.Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ж.Д торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ж.Д бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Х гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Д-т урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ