Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0602

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 21 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0602

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Ч.Н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ч.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд Б.А нарын давж заалдах гомдлоор, Ч.Н нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ч.Н 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаалын /ажлын байрны/ тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилон ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр:

“Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд шалгаруулалт явуулахыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны 464 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 30773872 /гучин сая долоон зуун далан гурван мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Н нэхэмжлэлийн шаардлагыг хангасан атлаа Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд шалгаруулалт явуулахыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “Төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах эсвэл албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдаас эрх бүхий албан тушаалтан шалгаруулж” авахаар хуульчилсан байдаг.

Ч.Н 2012 оны 10 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан ба Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдөж өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжсэн, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар батлагдсан Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоонд Нийгмийн халамжийн хэлтсийн даргын орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн байдаг ба орон тоо цөөрсөн тохиолдол байхгүй юм. Ийм учраас нэхэмжлэгч Ч.Н урьд ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэн үргэлжлүүлэн ажиллахыг хүсэж нэхэмжлэл гаргасан.

Гэтэл шүүхээс орон тоо цөөрсөн гэж үзэн сонгон шалгаруулалт явуулахыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 48 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, өмгөөлөгч Ж.Э нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж шийдвэрлэлээ” гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.1-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан дараах үйл баримт, нотлох баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй.

Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллахаар болсонтой холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг баталсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 09 дүгээр тогтоол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Б/21 дүгээр тушаал зэргээс үзэхэд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс нэгдэж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар дотроо Захиргаа хяналтын хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс гэсэн бүтэцтэй нийт 47 орон тоотой байхаар тогтсон болох нь хавтаст хэрэгт авагдсан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” гэж заасан.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн үед албан тушаалын орон тоо “хасагдсан” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хэрхэн хангах асуудлыг зохицуулжээ. Хэргийн үйл баримтаас үзэхэд Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан өмнө байсан Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсүүдийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон өөрчлөн байгуулсан. Өөрөөр хэлбэл Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан харьяа газар хэлтсүүдийн орон тоо, цалингийн санг тогтоож өгдөг бөгөөд эдгээр нь бүгд улсын төсөвт яаж тусгагдсан түүний дагуу төрийн албаны бүтэц хийгддэг, төсөв байхгүй бол орон тоо үгүй болсон гэж ойлгож болно. Энэ тохиолдолд нэгэнт дээр дурдсан үндэслэлээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог өөрчлөн байгуулсантай холбогдуулан нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч зөрчсөн гэж үзэхээргүй байна. Энэ нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” Б/58 дугаар тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсонтой холбогдуулан Ховд аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Н 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч Ч.Н урьд эрхэлж байсан Ховд аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаал нь ахлах түшмэлийн ТЗ-9 албан тушаалын ангилалд хамаарч байгаа ба халамж, хамгааллын үйлчилгээг чанартай, шуурхай, үр дүнтэй хүргэх ажлыг аймгийн хэмжээнд оновчтой зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна. Гэтэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга, шууд харьяалан удирдах албан тушаалтан Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга, ХХҮГ-ын удирдлагад ажилладаг ТЗ-7 шатлалаар цалинждаг өмнө НХҮХ-ийн Нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан албаны даргатай шатлал адил Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт чиг үүрэг нь шилжсэн, ажлын байрны зорилгын хувьд Нийгмийн халамжийн тухай хууль болон холбогдох хуулийн хүрээнд үзүүлж буй үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад удирдлага арга зүйгээр хангаж ажиллах, Ажлын байрны зорилт

1.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх, зохион байгуулахад удирдлага арга зүйгээр хангах,

2.Үндэсний болон аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулахад удирдлага арга зүйгээр хангах,

3.Өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохион байгуулах арга зүйгээр хангаж ажиллах,

4.Газрын үйл ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллах удирдлага арга зүйгээр хангах,

5.Ахмадын амралт сувиллын үйл ажиллагааг хэвийн явуулахад мэдээлэл арга зүйн удирдлагаар хангаж ажиллахаар болсон нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байтал анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Нэхэмжлэгч Ч.Н Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Тэтгэмж олгох тухай” А/03 дугаар тушаалд хуулийн холбогдох заалтыг үндэслэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон. Дээрх А/03 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Ч.Н тэтгэлэг авах хүсэлт гаргаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан түүнд нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Иймд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд шалгаруулалт явуулахыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн газрын даргад даалгаж шийдвэрлэлээ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч Ч.Н Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд шалгаруулалт явуулахыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн газрын даргад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн.

2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ховд аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцож, нэг өдрийн цалин 66323 төгрөг буюу ажилгүй байсан нийт 464 хоногийн цалин 30773872 /гучин сая долоон зуун далан гурван мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Н олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн. Ч.Н ажилгүй байсан хугацааны олговрын талаар тодруулахдаа шүүхэд 1 хуудас баримт гаргаж өгсөн бөгөөд 18.333,533 төгрөг нэхэмжилснээс 3 сарын тэтгэлгээ хасаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс цалингаа бодсон хүснэгтийн талаар дахин дахин тодруулж яаж бодсон, хэнээс туслалцаа авч цалингаа бодуулсан бэ гэх мэтчилэн асуулт асууж байсан нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь тодорхой болсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг санаачлагаараа нэмэгдүүлж 30773872 /гучин сая долоон зуун далан гурван мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн.

Мөн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 201 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхдээ нэхэмжлэгчийг Улаанбаатар хот руу эмчилгээнд илгээсэн БОЭТ /Бүсийн оношилгоо эмчилгээний төв/-ийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн “Эмнэлэгт өвчтэн илгээх хуудас”, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс Шастины улсын гуравдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байгаа “эмнэлгийн лавлагаа” БНСУ-д шинжилгээ, оношилгоо хийлгэх эрхийн бичиг зэрэг хуулбар нотлох баримтуудыг өмгөөлөгч нь шүүхэд гаргаж өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 288 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан. Дээрх баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Ч.Н Солонгос явсан нь тодорхойгүй баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хариуцагчаас шалтгаалахгүйгээр удаашруулж, нотлох баримт гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж байсан. Нэхэмжлэгч Ч.Н нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчлөхдөө ойлгомжгүй, шаардлагаа зөв тодорхойлоогүйгээс шалтгаалж удаа дараагийн шийдвэрүүд хүчингүй болж давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан байдаг.

Гэтэл нэхэмжлэгчийн цалин гэж 464 хоногийн цалин 30773872 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгчийн талд хэтэрхий нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн удаа дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил, нэхэмжлэгч нэхэмжлэлээ зөв ойлгомжтой тодруулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаанаас шалтгаалж хариуцагч их хэмжээний цалин төлөх болж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан хуулийг зөрчсөн.

Мөн нэхэмжлэгч Ч.Н өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх захиргааны актыг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хандсан, гомдлыг тус зөвлөлөөс хянаж үзээд 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 14 дүгээр тогтоолоор Ч.Н гомдлыг хянан шийдвэрлэж хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон бөгөөд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээс Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс лавлагаа авсан байдаг. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл гомдлыг хянаад 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулж, Ч.Н ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолоор Ч.Н гомдлын шаардлага хангагдсан, мөн урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулах үүрэггүй бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэсний ач холбогдол гарсангүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д “...захиргааны актыг батлан гаргасан байгууллага гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хандаж Захиргааны ерөнхий хуулийн 85, 87 дугаар зүйлд заасан ажиллагааг хийлгүүлж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

Тав. Гуравдагч этгээд Б.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Ч.Н урьд эрхэлж байсан Аймгийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт, томилуулахаар маргаж буй одоогийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан шинжлэн судлахад ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

Үүнд Ч.Н урьд эрхэлж байсан Аймгийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар “төсвийн шууд” захирагчийн хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан эрх үүргийг хэрэгжүүлж байсан. Харин томилуулахаар маргаж буй одоогийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн дарга нь дээрх чиг үүргийг хэрэгжүүлдэггүй. Нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3-т заасан “ахлах түшмэл”-ийн ангилалд хамаарч ТЗ-9 зэрэглэлд ажиллаж байсан бол одоогийн томилуулахаар маргаж буй албан тушаал нь мөн хуулийн 7.3.4-т заасан “дэс түшмэл”-ийн албан тушаалын ангилалд хамаарч ТЗ-7 зэрэглэлтэй. Ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч Ч.Н эрхэлж байсан Аймгийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга нь Нийгмийн халамжийн үндэсний ерөнхий газрын даргын шууд удирдлага дор “төсвийг үр ашигтай захиран зарцуулах, хүний нөөцийг зохион байгуулах, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах” чиг үүрэгтэй байсан бол одоогийн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга нь аймгийн газрын даргын шууд удирдлага дор, “харьяалагдах албан тушаалтнуудыг мэргэжил арга зүй”-ээр хангаж, гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

2. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч Ч.Н 464 хоног ажилгүй байсан ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан Ховд аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцон 30773872 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй” гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч Ч.Н “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “томилуулахаар маргаж буй одоогийн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын ТЗ-7 албан тушаалын ангиллын цалин хөлсөөр тооцон, хүсэл зоригоо илэрхийлж, тооцооллыг гаргаж өгсөн.

Гэтэл анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн журмыг зөрчжээ.

3.Нэхэмжлэгч Ч.Н “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаалын /ажлын байрны/ тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаал “Ч.Н үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсүгэй” гэсэн агуулгаар гарсан бөгөөд харин шууд тус газрын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгаагүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “орон тоо хасагдсан” гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэн “тэтгэлэг” олгосон нь хуульд нийцэж байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 48 дугаар шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Төрийн албаны салбар зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулж, Ч.Н ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгасанд хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй, харин гуравдагч этгээд Б.А гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөлөөс хянан үзэж, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 197 дугаар албан бичгээр Салбар зөвлөлд хандан “…Ч.Н өргөдлийг маргаан хянан шалгах комисс томилолгүйгээр шууд шийдвэрлэсэн байх тул хүчингүйд тооцож, хариу ирүүлэхийг мэдэгдсэн” боловч одоог хүртэл хүчингүй болгоогүй байна. 

Урьдчилан шийдвэрлэх журмаар Ч.Н гомдол дээрх байдлаар хангагдсан тул “шүүх маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзах байсан” гэх давж заалдах гомдлын үндэслэлээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар өмнө нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо мөн адил гаргасан байдаг ч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 112 дугаар тогтоолоор энэхүү гомдлыг хангаагүйгээр үл барам нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулсныг үндсэн дээр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг.

Түүнчлэн дээрх тогтоолд “…Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийг нэгтгэсэн гэх үндэслэлээр Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Ч.Н ажлаас чөлөөлж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн болохыг, мөн 2016 оны Б/21 дүгээр тушаалаар батлагдсан тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцээр Нийгмийн халамжийн хэлтсийн дарга, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга тус бүр 1 орон тоотой байхаар тогтоосноос үзэхэд захиргааны байгууллагын бүтэц өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн…” талаар тус тус дүгнэсэн, иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг дахин нотлохгүй.

Хэдийгээр энэхүү тогтоолоор маргааныг эцэслэн шийдвэрлээгүй ч хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдалд ийнхүү дүгнэлт өгсөн байх тул Ч.Н өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг шинээр бий болсон бүтцээр хэвээр хадгалан үлдсэн эсэхэд дахин дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Нэхэмжлэгчээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, урьд ажиллаж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах…” гэж шаардлагаа тодорхойлсон байхад анхан шатны шүүхийн шийдвэрт энэ болон нэхэмжлэлийн бусад шаардлагыг бүхэлд нь хангасан гэсэн атлаа “Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалган шийдвэрлэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаангүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцэх үед хэрэгт авагдсан баримтаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Ч.Н шинэчлэн батлагдсан Нийгмийн халамжийн хэлтсийн даргын орон тоонд ажиллаж болохгүй гэх шалтгаан нөхцөл тодорхойгүй байсан талаар уг тогтоолд мөн л дүгнэсэн бөгөөд цаг хугацааны хувьд үүнээс хойших хугацаанд цугларсан баримтуудаар ч энэхүү нөхцөл байдал үгүйсгэгдэхгүй байна.

Тухайлбал одоогийн маргаан бүхий албан тушаалд ажиллаж байгаа Б.А анх нэхэмжлэгч Ч.Н Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар тус хэлтсийн Нийгмийн халамж, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан албаны даргаар томилж байсан, хэдийгээр цалингийн шатлалын хувьд хэлтсийн даргын албан тушаал ахлах түшмэлийн ангилалд ТЗ-9 зэрэглэлд, харин одоогийн маргаан бүхий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаал дэс түшмэлийн ТЗ-7 зэрэглэлд хамаарахаар байгаа ч энэ нь Б.А өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлтэй таарч байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг бус түүнийг томилох үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл албан тушаалын ангилал болон цалингийн шатлал өмнөхөөсөө тодорхой төвшинд буурсан, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь өмнө нь бодлогын шинжтэй буюу удирдлагаар хангах байсан бол одоогийнх нь илүү гүйцэтгэх шинжтэй, өмнө нь ажилтан томилох, чөлөөлөх, төсөв захиран зарцуулах эрх хэмжээтэй байсан бол одоогийн ийм эрхгүй, удирдлагын хувьд өмнө нь босоо буюу Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргад шууд харьяалагддаг байсан бол одоогийн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад харьяалагддаг болсон зэрэг албан тушаалын эрх хэмжээнээс илүүтэй чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн эсэхэд хариуцагч анхаарах ёстой. 

Иймд дээрх үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тус тусын гаргасан давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, харин хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг түүний өмнө ажиллаж байсан бус одоогийн томилуулахыг хүссэн албан тушаалын цалингаар буюу Б.А уг албан тушаалд томилсон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар зөвшөөрсөн 1 сарын 627465 төгрөгөөр, ажилгүй байсан хугацааг нэхэмжлэгчийн тооцсоноор 2016 оны 11 дүгээр сарын 1-нээс 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл нийт 22 сар, 4 хоногоор бодож, өмнө олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг суутган тооцох байдлаар олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн цалингийн тооцоололдоо нийт 18.333.533 төгрөг авахаар тооцсон байхад, шүүхээс 30.773.872 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 48 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг, мөн ажилгүй байсан хугацааны цалинг нэг сарын 627465 төгрөгөөр тооцон нийт 22 сар, 4 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговроос өмнө нь олгосон 3 сарын тэтгэмжийг суутган тооцож олгохыг, үүнд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид тус тус даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийг бусад заалтын хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд Б.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН