Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 406

 

 “Н” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын

 төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох

 зөрчлийн хэргийн тухай

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297799 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн дүнгээс 2014 оны үйл ажиллагаанд хамааруулан тооцсон 2,877,645,747 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0369 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 511 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Д.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Б, Б.Б, хариуцагч Ц.С, Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0369 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.7, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг баримтлан Татварын Ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297799 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн дүнгээс 2014 оны үйл ажиллагаанд хамааруулан тооцсон 2,877,645,747 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий Н ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 511 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.  

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл муутай, нэг талыг барьсан дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож гомдлыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж доорх гомдлыг гаргаж байна.

4. Тодруулбал: Давж заалдах шатны шүүх ХЯНАВАЛ хэсэгтээ “...хуулийн эдгээр заалтаас үзэхэд санхүүгийн тайлан, балансдаа борлуулалтын орлогоо тайлагнасан, анхан шатны баримт болох төлбөрийн тооцооны баримт, падаан зэргээр гомдол гаргагч компани борлуулалтын орлого нь нотлогдож, уг анхан шатны баримтуудаар санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөвийг нотлох бөгөөд санхүүгийн тайланг татварын тайланд хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй байх ба эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тус компани НӨАТатварын тайланг гаргахаас өмнө борлуулалтын орлогоо ил тодоор тайлагнасан гэж үзнэ...” гэжээ.

5. Тайлбарлах нь: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1.1, 4.1-т заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх бүртгүүлээгүй, тайлагнаагүй, мэдүүлээгүй татварт мэдүүлэх орлого, хөрөнгөөр сайн дурын үндсэн дээр мэдүүлж, тайлагнасан бол татвар болон хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр зааж өгсөн бөгөөд “Н” ХХК нь 2014 онд борлуулалтын орлогоо тухайн үед хэрэгжиж байсан 2007 оны НӨАТатварын хуулийн Дөрөвдүгээр бүлэг. Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах журам, 8-р зүйл Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, 8.1.2. барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад гэж заасны дагуу 2014 оны 4-р улирал 2015 оны 1-р улиралд тайлан тайлагнах ёстой байсан 76,233,088,123.88 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй нуусан байсныг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1.1, 3.1-д заасны дагуу 2016 оны 02-р сарын 05-ны өдөр сайн дурын үндсэн дээр тайлагнаж эрх бүхий татварын байгууллага дээрх ил тодын тайланг баталгаажуулсан байдаг. Гэтэл хариуцагч татварын байцаагч нар нь тухайн ил тодын тайланг гаргахад ашигласан анхан шатны баримт, гэрээ зэргийг нотлох баримтаар ашиглан түүнчлэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг үндэс болгон “Н” ХХК-ийн ил тодын тайлагнасан дүнгээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар акт тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болсон байхад анхан шатны шүүх НӨАТатварын тухай хуулийн 14-р зүйлийн 14.7-д заасантай нийцэхгүй байж гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй болсны дээр хариуцагч тал нь ЭЗИТБ тухай хуулийн 6.2-т заасан нотлох баримт болгон ашиглахыг хориглоно гэсэн заалтын зөрчсөн байна.

6. Өөрөөр хэлбэл “Н” ХХК нь 2014 онд олсон 76,233,088,123.88 төгрөгийн борлуулалтын орлогыг санхүүгийн тайлан, балансад огт тайлагнаагүй байхад хариуцагч татварын байцаагч нарын гаргасан 28,776,457,471.60 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтанд ногдох худалдан авалтанд гэдэг дүнг ямар санхүүгийн тайлан балансыг үндэслэн шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байгаагаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасан Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэснийг ноцтой зөрчсөн.

7. Хариуцагч татварын улсын байцаагчийн 0297799 тоот “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн үндэслэн хэсгийн гуравт “ 2014 оны 28,776,457,471.60 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтад...” гэж, мөн тэмдэглэлд НӨАТ-ын тухай 2006 оны хуулийн 14-р зүйлийн 14.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” гэж буруу хуулийн зүйл заалт ашиглан шийтгэл ногдуулсан гэж үзэж байна. Гэтэл 2006 оны НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйл. “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” борлуулалтанд барилга барьж борлуулах үйл ажиллагаа хамаарахгүй байна.

8. “Н” ХХК-ийн сайн дурын үндсэн дээр 2014 оны дутуу тайлагнасан 76,233,088,123.8 төгрөгийн борлуулалтын орлогод холбогдох 28,776,457,471.60 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтанд ногдох худалдан авалтанд төлсөн НӨАТатварыг төсөвт төлөх НӨАТатвараас хасч тооцсон зөрчилд 2,877,645,747.20 төгрөгийн нөхөн татвар ногдуулж байгаа нь илт хууль бус болсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх 2006 оны НӨАТатварын тухай хуулийн 14-р зүйлийн 14.7 зөвхөн НӨАТ ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно...” гэж заасантай нийцээгүй гэж хэт үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

9. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5.1-д “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж нуусан татвар ногдох орлогыг ил болгохыг заасан байгаа.

10. Мөн 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3.1-т “Иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортлосон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт Үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ” мөн хуулийн 4.1.1-д “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг гэж заасан байдаг ба “Урьдчилж орсон орлого” нэртэй дансанд бүртгэсэн дүнгүүд нь Орлого үр дүнгийн тайлангийн Үзүүлэлт биш Санхүү байдлын тайлангийн үзүүлэлт ба хэн нэгэнд буцааж төлөх төлбөр тул өглөгөөр бүртгэдэг, орлогод огт хамааралгүй үзүүлэлт юм.

11. Борлуулалтын орлого гэдгийг “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1, 41.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага нь олон улсын стандартын дагаж мөрдөхөөр зааж өгсөн бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 18.4-т “Дараах бүх нөхцөл бүрэн биелсэн үед бараа борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрнө” гэж тодорхойлсон байгаа. Үүнд: А)            Аж ахуйн нэгж нь барааны өмчлөлтэй холбогдон үүсэх мэдэгдэхүйц эрсдэл буюу өгөөжийг худалдан авагч талд шилжүүлсэн, Б) Аж ахуйн нэгж нь борлуулсан барааныхаа өмчлөлд холбогдох удирдлагын болон хяналтын үүргийг өртөө хадгалаагүй, В) Орлогын дүнг найдвартай хэмжих боломжтой байгаа, Г) Ажил гүйлгээний эдийн засгийн өгөөжийг тухайн аж ахуйн нэгж хүртэх магадлалтай Д) Тухайн ажил гүйлгээтэй уялдаж гарсан ба гарах зардлыг найдвартай хэмжин тодорхойлж болохоор байгаа гэж заасан бөгөөд “Урьдчилж орсон орлого” нэртэй дансуудад бүртгэсэн дүнгүүд орлогын тодорхойлолтын шаардлагыг хангахгүй тул орлого гэж үзэхгүй болно.

12. “Н” ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу шинээр гаргасан санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн тайлангаар илүү төлөлт, авлага үүсгээгүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Давж заалдах шатны шүүхээс ХЯНАВАЛ хэсэгтээ “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу гаргасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа борлуулалтын орлогоо нэмж мэдүүлсэн нь татварын илүү төлөлт тайлагнаж, улсын төсвөөс авлага үүсгэсэн нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

13. Учир нь Татварын тайлан буруу гаргасан үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргасан тайлан дээрээ бид буцаах мөр буюу 42-р мөр. Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ (БАҮ)-ний дүн; 44-р мөр. Импортын бараа, ажил, үйлчилгээ (гаалийн байгууллагад төлсөн НӨАТ-ыг оруулахгүй); 45-р мөр. НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ, (төлсөн нөат оруулахгүй); 46-р мөр. НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх үед НӨАТ-тай үнээр худалдан авсан бараа, ажил үйлчилгээ дээр /хх197х/ авлага үүсгээгүй болохыг анхаарч үзнэ үү.

14. Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр баталсан 348 тоот “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам’’-ын 6.3-д “ Хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, хуулийн этгээдийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх санхүү, татварын тайлангийн алдагдлын хэмжээг өсгөх, улс, орон нутгийн төсвөөс авлага үүсгэх, татварын ногдол, илүү, дутуу үлдэгдэл, татварын өр, авлагын дүнг өөрчлөх, хуурамчаар дансны бичилт үйлдэн татвар ногдуулах орлогыг бууруулахыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ журамд заасанчлан компани нь “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль’’-ийн дагуу тайлан бэлтгэж, тайлагнахдаа нэгэнт НӨАТ-н тайлангаар үүссэн байсан өглөг авлагын дүнг өөрчлөөгүй.

15. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөнийг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь:

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 18.1, 19.1, 27.1, 27.4, 28.1-д эрх зүйн чадамж бүхий хүн хуулиар олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хуульчилж өгсөн байдаг бөгөөд анхан шатны шүүх хуралд хариуцагч нарын төлөөлөгч гэх итгэмжлэлгүй Ц.Тогосмаа нь хариуцагч талыг төлөөлөн оролцсон байдаг.

17. Анхан шатны шүүхийн шүүгч ЗХШХШТХуулийн 90-р зүйлийн 90.2 /Шүүх хэргийн оролцогч, бусад оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг ииалгана1-т заасныг зөрчиж хариуцагч нараас хуулиар олгосон итгэмжлэл аваагүй, хэргийн оролцогчийн эрх зүйн чадамжгүй этгээд болох Ц.Тг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, хариуцагч Ц.Тгийн болон бусад хариуцагч нарын тайлбарыг Үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болох нь илэрхий байна. “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн чадамжгүй этгээдийг оролцуулан шийдвэр гаргасан талаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.

18. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127-р зүйлийн 127.2.4-т заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0369 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 511 дугаартай магадлалыг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

19. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь “Н” ХХК-ийн 2013-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг явуулж, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 0297799 дугаартай шийтгэлийн хуудсаар, нийт 31,353,349,135.10 төгрөгийн зөрчилд 2,916,707,190.90 төгрөгийн нөхөн татвар, 22,109,550.70 төгрөгийн торгууль, 12,632,573.80 төгрөгийн алданги нийт 2,951,449,315.40 төгрөгийн төлбөр ногдуулсан байх бөгөөд татвар төлөгчийн гомдлоор Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл шийтгэлийн хуудсыг хянаж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар тогтоолоор хэвээр баталжээ. 

20. Гомдол гаргагч “Н” ХХК нь “Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297799 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан шийтгэлийн дүнгээс 2014 оны үйл ажиллагаанд хамааруулан тооцсон 2,877,645,747 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “...татварын байцаагч нар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар татварын эрх зүйн орчинд шинэ нөхцөл байдал үүсч татварын хуулиудын үйлчлэл хугацаагаар хязгаарлагдан зогссон, шинэчилсэн тайлан гаргасан хувь хүн, хуулийн этгээдийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах нь ач холбогдолгүй болсон, нөхөн татвар ногдуулахгүй болсон зэргийг үл ойшоон компанийн 2014 оны үйл ажиллагаанд хамааруулан их хэмжээний нөхөн татвар ногдуулсан нь хууль бус...” гэж маргасан байна.

21. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн маргаанд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцжээ.

22. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд ..., нуун дарагдуулсан ...хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын ...тайланд тусгаж, шинээр тайлагнасан, ...байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох ...орлогыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, ...тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, .../-д/ сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасан. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд хувь хүн, хуулийн этгээдийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан орлогоо ил болгож, хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр тайланг шинээр гаргаж мэдүүлсэн бол хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхөөр байна.

23. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Маргаан таслах зөвлөлийн тогтоол болон бусад баримтуудаас үзэхэд “Н” ХХК нь 2013-2016 онуудад Улаанбаатар хотод Ривер гарден-1 хотхоны 311, 316, 318 дугаар байр, нэгдсэн граж, Богинын аманд 8 таун хаус, Эрдэнэт хотод “Эрдэнэт өнөр” хорооллын 101, 102 дугаар байр, гражийг ашиглалтанд оруулж худалдан борлуулсан бөгөөд нэмэгдсэн орлогын албан татварын тайлангаар нийтдээ 82,301,533,639.16 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнах байтал 2014 онд 6,068,445,515.33 төгрөгийн татвар ногдох орлогыг тайлагнаж, 76,233,088,123.83 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан, гэвч тус компани дутуу тайлагнасан дээрх орлогыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнаж чөлөөлүүлсэн болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч “Н” ХХК нь дээрх 76,233,088,123.83 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнаж, 2014 оны санхүүгийн тайланд “урьдчилан олсон орлого, дуусаагүй барилгын нэхэмжлэх” хэсэгт тусгаж тайлагнасан бөгөөд улмаар энэхүү орлогоо Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар шинэчлэн мэдүүлснийг хуулийн дагуу “нуун дарагдуулсан орлогоо сайн дурын үндсэн дээр, ил тодоор мэдүүлсэн” гэж үзэж, хуульд заасан хариуцлага болон албан татвараас /нэг удаа/ чөлөөлөх үндэслэлгүй байна.

24. Иймд хариуцагч татварын улсын байцаагчид, гомдол гаргагч “Н” ХХК-ийн, 2014 оны 76,233,088,123.83 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох 28,776,457,471.60 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцсон зөрчилд 2,877,645,747 төгрөгийн нөхөн татварыг ногдуулсан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” гэсэнтэй тус тус нийцсэн, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

25. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “...шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг зөрчин, ...нотлох баримтуудад үндэслэл муутай, нэг талыг барьсан дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” гэсэн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0369 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 511 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.        

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Ч.ТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧ                                                                  Б.МӨНХТУЯА