Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 60

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нарыг оролцуулан “Б” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У нь шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтдээ:

“...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” НҮТББ нь Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан гаргасан “Хүсэлтэд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, албан ёсны хариу өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Нэхэмжлэгч “Б” НҮТББ-ын тэргүүн Р.Э-с П.У-д олгосон итгэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эрхийг олгосон байх бөгөөд нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийн дагуу шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа илэрхийлсэн байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т“...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн “Б” НҮТББ-аас 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 16/018 тоот албан бичгийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хүргүүлсэн байх бөгөөд энэхүү албан бичигт хариу төлөвлөн танилцуулахыг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б-д үүрэг болгож цохолт хийсэн байх бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хариу хүргүүлээгүй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг хэтрүүлэн эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдож байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-т “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” НҮТББ нь Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан гаргасан “Хүсэлтэд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, албан ёсны хариу өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6, 50 дугаар зүйлийн 50.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА