Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1518

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Б.Алтанцэцэг

шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Сайнгэрэл

хохирогч: М.Б

шүүгдэгч: Б.Э  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт А  овогт Б Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806070641617  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А  овогт Б Э, 1  оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй,   дээд боловсролтой, бизнесийн эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,   ам  бүл 4,  эх, эцэг, дүү нарын  хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо  хорооллын  дугаар байрны  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,     

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Э  нь 2018 оны  дугаар сарын 24-ний өдөр  Баянзүрх дүүргийн  дугаар хорооны Б хороололын  дугаар байрны  тоотод буюу  М.Б зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас иргэн М.Б нуруун тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

        Шүүгдэгч Б.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   2018 оны 8 дугаар сарын 24-ний тав дахь өдөр байсан. Манай аав, ээж Нарантуул зах дээр хүнсний лангуу ажиллуулдаг. Би сургуулиа төгсөөд ээж, аавдаа туслаад лангуун дээрээ ажиллаж байсан. Тухайн үед ээж эмнэлэгт хэвтэж байсан. Би дүү, аав хоёртойгоо хамт дэлгүүрээ ажилуулж байсан. Тэр үед би хоол хийж ээжийгээ эргэчихээд дэлгүүр дээрээ очиход аав архи уусан байсан. Би ээжид утсаар аав архи уугаад согтуу байна гэж хэлсэн. Гэтэл ээж  аавыгаа гэр рүү нь  аваад харь гэж хэлсэн. Тэгээд дүү бид хоёр аавыг аваад гэртээ харих гэтэл хүнд буруу бараа өгсөн байна гээд аав уурлаад байсан. Тэгээд дэлгүүрээ хаагаад аавыг аваад машиндаа суугаад харьж байсан чинь замд аав уурлаад намайг зодоод байсан. Тэр үед нөгөө барааг Хайлааст явдаг машинд орхисон болохоор тийшээ яв гээд загнаад тийшээ явж байсан.  Тэгээд машин бариад явж байхад аав зодоод байхаар нь би дүүгээ аваад буугаад зугтаасан. Тэгээд аавын ах дүү нарт утсаар хэлсэн. Тэгээд бэр эгч нар ирээд аавыг аваад явсан. Би тэр үед машины түлхүүрийг аваад явсан байсан. Тэгээд дүүдээ түлхүүрээ өгөөд эгч нар луу явуулсан.  Тэгээд ээж рүү залгаад хэлтэл намайг хүрээд ир гэсэн. Манай гэр бүл их өртэй болохоор өдөр болгон дэлгүүрээ ажиллуулахгүй бол болохгүй тул би гэрээс дэлгүүрийн түлхүүр авах гээд очсон. Гэртээ ороод түлхүүрээ аваад ээж рүү явна гэж бодсон. Би гэртээ ороход аав босож ирээд зодоод байсан.Тэгээд тэрнээс хойш юу болсныг сайн санадаггүй юм. Би 48 цаг хоригдоод их  айгаад юмаа санахгүй байсан. Хоригдож гарч ирээд ээж дүүгээсээ сонссон. Би тэр үед зодуулаад нэг мэдсэн гэрэээс хөл нүцгэн гараад гүйж байсан. Ээж рүүгээ ямартай ч явна гэж бодсон. Ээж дээр очоод өвөө дээрээ очсон. Өвөө надаа эм өгөөд унтуулсан. Тэгээд унтаж байхад өвөө намайг сэрээгээд цагдаа дээр очсон. Өвөө байцаагчтай уулзаад намайг 48 цаг хорихоор аваад явсан. Уучлаарай ааваа гэв.

 Хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр манай нэг найз хөдөөнөөс 5 литр нэрмэл архи авчирсан байсан. Тэгээд тэр нэрмэл архинаас их хэмжээгээр уугаад маш их согтсон байсан. Дэлгүүр дээр очиход хүү маань ээжийгээ эмнэлэгт эргэх гээд явсан байсан. Тэгээд хүүгээ дэлгүүр дээр ирэхэд нь  өөрийн ухаангүй болтлоо уугаад согтсон байсан. Би тэр өдөр хүүгээ, эхнэрээ дарамтлаад, зодоод, машины цонхоо хүртэл хагалсан байсан. Тэгээд гэртээ байж байгаад хүүг ирэхэд нь  буруу бараа хүнд өгсөнөөс болоод хүүдээ уурлаад зодсон байсан. Тухайн үед их согтуу байсан хүүдээ уурласан байсан.Тэр үед юу болсныг би сайн мэддэггүй. Учир нь архи их уусан байсан болохоор өөрөө сайн санадаггүй. Би хүүдээ ийм хэмжээний цочрол өгч ,ийм байдалд хүргэсэндээ харамсаж байна. Би ийм зүйл хийгээд гараад гүйхэд нь гараад миний хүү  ингэж болдогүй юм гэж хэлээд араас нь орц руу гараад ухаан алдаж унасан байсан. Одоо миний бие сайн байгаа.  Юу болсныг мэдэхгүй. Шат руу гүйснээ санадаг. Би эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Хүүгээ ийм байдалд оруулсандаа харамсаж байна гэв.

         Шүүгдэгч  Б.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 8 дугаар сарын 24-ний өглөө би Нарантуул зах дээр ажлуулдаг дэлгүүррүүгээ явсан. Дэлгүүр дээр аав дүү хоероо буулгаад тухайн үед ээж эмнэлэгт хэвтэж байсан учир гэртэй хариад хоол хийж аваачиж өгөөд эргээд дэлгүүр дээр очиход аав архи ууж байсан тэр үед 12-13 цагийн орчим байсан байх. Аав дэлгүүрээс архи аваад өөр өөр дэлгүүр дээр хүмүүстэй уугаад байсан энэ тэлээр ээждээ би утасаар хэлсэн. Ээж дэлгүүрээ эртхэн хаагаад аавыгаа аваад харь гэсэн. Би тэгээд 15-16 орчим дэлгүүрээ хаагаад аав дээр очсон. Аав өөр дэлгүүр дээр байж байхаар нь аав гэртэй хария гэхэд аав харихгүй гээд тэр хооронд манай ачигч өөр хүний барааг өөр машин дээр ачсан байсан. Аав чи очиж шийд гээд намайг явуулах гээд байхаар нь би аавыг авч явах гээд машиндаа суулгасан.Тухайн асууплыг ачигч өөрөө шийдчихнэ гээд явчихсан байсан. Ингээд авыг машинд суулгаад харих гээд Нарантуул захын төв замд түгжирээд байж байтал аав хойно дүүтэй сууж байснаа “тэр юун учиртай тамхи юм гэхээр нь ачигч андуураад ачсан байналээ гээд тайлбарлахад миний хойноос толгой руу цохиод “та нар муу пизданууд арчаагүй шдээ” гээд өшиглөд цохиод байсан.Өөрийнхөө гар утсыг аваад уг утас нь миний зүүн гарын шуунд оносон би буруу жолооны хүрдтэй машин барьж байсан учир толиндоо хартал дүүг толгой гар руу нь хэд хэдэн удаа цохиод авсан. Баянмонгол хорооллын нүхэн гарцан дээр очоод аав хаана явж байгаа юм гэхээр нь гэрийн энд байна гэхэд хайлааст яв тэр тамхины учрыг ол гээд наймаг дахиад арчаагүй пизда гээп араас дахиад цохиод зодоод байсан. Би машинаа эргүүлээд нарны зам руу ороход араас цохиод зодоод байсан. Тэгсэн аав замын түгжрээг харчихаад уурлаад хурдан яв гэхээр нь байрын дундах зам руу ортол араас цохиод болохгүй болохоор нь нэг байрны дундуур ороод машинаа зогсоогоод машинаас буусан. Аавын сууж байсан талын машины хаалганы бариулаас бариад нээхгүй зогсож байтал дүү нөгөө хаалгаар буучихсан. Аав буух гээд оролдоод байсан тэгснээ”машинаас буудаг нь яаж байгаа юм та нар муу сайн шээснүүд ямар овоо болчихсон юм буцаад суу гээд дарамтлаад элдэвээр доромжлоод байж байснаа машины жолоочийн арын хаалганы цонхыг гараараа цохьж хагалаад гараа гаргаад намайг заамдаж авахад хагархай цонхны шилэнд миний зүүн гарын бугалганы ар хэсэгт зүсэгдсэн. Аав машины хаалга нээхээр нь би дүүгээ авч зугтаасан. Байрнуудын дунд очиж нуугдаад ээж рүү болон аавын ах Баянмөнх,аавын дүү Батдорж нар руу аав зодоод агсам тавиад байна гэхэд ах дүү хоёр нь цагдаа дуудаад өг гэсэн. Тэр үед аав миний 991 гэсэн дугаарлуу байнга залгаад чи хүрээд ир эхийг чинь алнаа чи ямар овоо болчихсон юм гээд байнга залгасан. Тэгээд ээж над руу залгаад миний хүү аавыгаа холоос хараад байж бай гэж хэлэхээр нь би очоод холоос харахад аав цагдаа нэр ирчихсэн байсан. Би аавын ах, дүү хоёртой ярьчихаад цагдаад дуудлага өгсөн байсан тэр цагдаа нар надруу яриад хүрээд ир гэхээр нь би цагдаад” би очиж чадахгүй наад хүн чинь наймаг ална гээд байна та цагдаа хүн байж ямар нэгэн арга хэмжээ аваач гэж хэслэн. Тэгээд ээж дахиад залгаад бэр эгч нэр чинь очиж байгаа дүүдээ машины түлхүүрээ өгөөд яваалчих гэхээр нь чи дүүд түлхүүрээ өгөөд бэр эгч нар руу залгаад ярьж байгаад яваад оч гэж хэлсэн. Тэр үед гэгээ тасарчихсан байсан цаг хэд болж байсныг би мэдэхгүй. Би баянмонгол хороолол руу алхаад явсан.Аавыг хэн авч явсан эсэхийг мэдэхгүй машины түлхүүр өгөөд явуулсан учир бэр эгч нарыг аваад явах байх гэд бодоод түрүүлээд явсан. Баянмонгол хороолол ороод манай их сургуулийн нөгөө ангийн охин Заяатай нүхэн гарцан дээр таарсан. Би аавтай маргалдасны дараа Заяад болсон асуудлаа хэлэхэд би яваад очие гэсэн учир тэнд таарсан. Бид хоёр орцны үүдний сандал дээр суугаад уйлаад болсон усаадлаа хэлсэн. Өөрийнхөө байрны гадаа биш өөр байрны гадна байж байгаад дүүдээ санаа зовоод байр руугаа ороход заяа аав чинь чамайг орохоор зодно чи ээж юмуу эмээ өвөө дээрээ очоод хоночих гэхэд би дүүдээ санаа зовоод байгаа талаараа хэлсэн. Тэгээд орцон ороод 3-4 давхар гарах шатан дээр  бид хоёр юм яриад сууж байхад манай гэрээс нэг хүн гараад явсан. Манайх 3 давхарт байдаг юм. Би дүүг аавтай ганцаараа үлдчихлээ гэж бодоод гэртэй яваад орсон. Заяа доошоо буугаад явчихсан.Би гэрт ороход аав том өрөөний буйдан дээр цаашаа хараад хэвтэж байсан учир би өрөөндөө ороод хувцасаа аваад өрөөнөөсөө гараад ирэхэд аав буйдан дээрээс босч ирээд чи муу ямар овоо юм чи намайг гудамжинд орхиж явдаг хэн бэ би чамайг ална эхийг чинь одоо очиж ална гээд намайг багалзуурдаж аваад зүүн мөр рүү гараараа нэг удаа цохиод авахаар нь би аавын цээж рүү гараараа түлхэхэд аав буйдан дээр цаашаа хараад унахад том өрөөний ширээн дээр байсан хутгыг аваад араас хатгасан. Хэдэн удаа хаашаа нь хатгаснаа тухайн үед мэдээгүй аав буйдан дээр доошоо тонгойгоод уначихсан байх явцад нь би хатгасан. Тэгээд гэнэт би Баянмонгол хорооллын нүхэн гарцны тэнд гүйж байсан. Яг тэр үед ухаан ороод такси бариад ээжийн хэвтэж эмнэлэг рүү явсан. Би жолоочийн утсыг гуйгаад ээжээ таксины мөнгө таньд байна уу хүү нь очиж байна гэж хэлсэн. Би эмнэлэг дээр нь очихолд ээж гарч ирээд хөл нүцгэн ву хийж байгаа юм гэж буцаж ороод тавчик авчирж өгсөн. Тэгээд ээж намайг юу болсон юм гээд дахин такси бариад хороолол өвөөгийн гэр рүү аваад очсон. Өвөөгийнд очиход би салганаад чичрээд байсан учир тайвшируулах эм өгсөн. Эм уугаад унтчихсан . Тэгээд шөнө 02 цагийн орчим би сэрээд юу болсноо мэдсэн. Би тэгээд ер нь цагдаа дээр очих ёстой юм гэж бодоод ирсэн гэжээ. /хх-ийн 32/

          Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Эн бол миний том хүү юм. Би хоёр хүүтэй. Миний хүү миний болон бусад хүний урдаас чанга дуугарч үзээгүй орон гэрийнхээ бүх ажлыг хийдэг гайхалтай сайн хүү байгаа юм. Хүү маань надтай таарамж сайтай. Миний урдаас ширүүн харж байгаагүй. Миний хувьд хүний эцэг болохоор алдаа оноо байсан байх. Би хүүтэйгээ ширүүн дориун харьцдаг байснаас ийм зүйл болсон. Одоогийн хүүүхдүүд хүнд загнуулж бидний үе шиг өсөхгүй юм байна гэдгийг би ойлгосон. 2018 оны 8 дугаар сарын -ны өдрийн өглөө би 2 хүүтэйгээ ажил дээрээ очсон. Бид Нарантуул зах дээр хүнсний бүтээгдэхүүн зардаг юм. Намайг ажил дээрээ байж байхад хөдөөний нэг худалдаачин авгай шимийн архи авчирч өгөөд  тэр архийг уучихаад дахин архи уусан. Тухайн өдөр манай эхнэр эмнэлэгт хэвтэж байсан юм. Тэгээд байж байтал том хүү ирээд битгий архи уугаач гээд намайг машинд суулгасан. Нэг мэдэхэд би машины цонхны шилийг хагалаад хоёр хүүхэд уйлж байсан. Тэгээд цагдаа болон хоёр бэр ирсэн байсан. Би гэртээ харьсан. Түүнээс хойш би аавыгаа гудманд хаяад гэж хүүхдээ загнаж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсоныг санахгүй байгаа юм. Тухайн өдөр би хүүхдүүдээ зодсоныг санахгүй байгаа юм. Урд нь хүүхдүүдээ ганц нэг удаа зодож байсан зүйл байгаа. Эхнэрээ ч гэсэн ганц нэг удаа зодож байсан. Би архи уухаараа ааш зан эвдэрдэг тал бий. Надаас болж л хүү маань ийм байдалд орлоо. Хүү маань аргагүйн эрхэнд л ийм зүйл хийсэн байх. Миний хүү боловсролтой, мэргэжилтэй, маш сайн хүү байгаа юм гэжээ. / хх-н 17-27/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 4- 14/    

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 16/  цагаан өнгийн 26.3 см урттай tramoutikia гэх бичигтэй ажлын хэсэг нь 12.7 см-н урттай,өргөн 3.2 см хэмжээтэй хуванцар иштэй 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцжээ.

          Гэрч Р.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төмөр замд байх Барс захын чанх хойд талд байдаг CJS нэртэй эмнэлэгт хэвтэж байтал манай нөхөр М.Б над руу залгаад уурлаад чамайг  ална тална, ээж аавыг чинь ална тална, хоёр шээстэй чинь чамайг очиж ална гээд байсан, Тэгэхээр нь би утсаа тасалсан чинь дахин залгаад чи муу миний утсыг салгадаг хэн бэ гээд байсан.  Тэгээд чөлөө завгүй яриад байсан. Тухайн үед яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Орой харанхуй болчихсон  бороо орж байхад манай хүү Б.Э манай эмнэлэг дээр ирсэн. Манай хүүг ирэхээс өмнөхөн бэр дүү О над руу залгаад Б ах хутгалуулчихсан орцонд хэвтэж байна гэсэн. Тэгээд би хүүдээ тавчик өмсүүлээд хороолол руу гэмтлийн эмнэлэг орсон байх гэж  бодоод тийшээ явсан. Замдаа О яриад цэргийн төв эмнэлэг рүү явсан гэдгийг нь мэдээд хүүгээ өвөөд нь хүргэж өгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст очоорой гэж хэлээд Цэргийн төв эмнэлэг рүү шууд явсан. Эмнэлэг дээр ирэхэд Бх хэвтсэн байдалтай, энд тэнд нь марль тавьсан байсан. Эмч нар рентген зураг аваад нааш цаашаа гүйлдээд байсан. М.Б нь миний нөхөр юм. Бид хоёр 1996 онд гэр бүл болж үүнээс хойш өнөөг хүртэл хамт амьдарч байгаа юм. Эн бидний том хүү байгаа юм. 1997 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн доороо нэг эрэгтэй дүүтэй тэр нь одоо 14 настай гэжээ.  / хх-н 34-38/ 

          Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 23.30 цагийн орчимд манай бэр Б манай охины хаягаар фейсбүүк мессенжерээр залгаад надтай Батмөнх ах орондоо хутгалуулчихсан бие нь муу байна гэнэ яаралтай ирээрэй гэсэн. Тэгээд би 11 дүгээр хорооллоос гараад таксинд суугаад явж байтал бага бэр О яриад госпитал руу ирээрэй гэсэн. Тэгээд очтол манай төрсөн дүү М Б тус эмнэлгийн сэхээнд орсон байсан. Эмчтэй нь уулзахад 8 хутгалуулсан байна, маш их цус алдсан байна, гүн шоокын байдалтай байна гэж хэлсэн. Хэн хутгалсаныг нь мэдээгүй байж байгаад камерын бичлэг үзээд хүү нь хутгалсан юм байна гэж мэдсэн гэжээ.  / хх-н 39/ 

          Насанд хүрээгүй гэрч Б.Г хууль ёсны төлөөлөгч Н.Рйг байлцуулан байцаасан тэмдэглэл: Ээж ах бид хоёртой зүгээр сайхан харьцдаг. Харин аав сүүлд толгой өвдөж байна толгой барь чимээгүй бай гээд ууртай байгаад байдаг болсон. Ер нь аав гэртээ өдөр бүхэн ууртай байдаг. Аав намайг арай гайгүй 2-3 удаа зодож байсан. Харин ээж, ах хоёрыг нэлээн олон удаа зодож байсан. Аав хааяа архи уудаг. Сардаа 1-2 удаа архи ууна. Уусан үедээ ээж ах хоёрыг зодно. Аавыг архи уусан үед маш их айдаг. Уугаагүй үед нь ч гэсэн айдаг. Өнгөрсөн жил аав намайг өмдний тэлээгээр зодоод нуруун дээр сорви үүсгэсэн байгаа. Бид гурав аавыг аргадаж л харьцдаг. 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өглөө ажил дээр ирээд л аав архи уусан. Ах ирээд бид гурав ахын машинд суугаад гэрлүүгээ явж байхад аав машины арын суудал дээр суучихаад агааг байнга зодоод байсан. Тэгээд ийшээ яв тийшээ яв чи ачаа буруу асуулсан гээд л зодсон. Тэгээд агаа машинаасаа буухаар нь би дагаад буусан. Бид хоёр холоо очоод зогсож байстал аав машинаас буух гээд байхаар нь агаа хаалгыг дартал аав машины цонхны шилийг хагалж ахын гарыг зүсэж цус гоожуулсан. Аав агаагийн фудволкыг ураад хоолойг нь боосон. Тэгтэл ах намайг зугтаа гээд агаа бид хоёр хамт зугтаасан. Агаа аавын ах болон дүү нар луу залгахад цагдаа дуудаад өг наадхаа хая гэсэн. Холоос агаа бид хоёр аавыг хараад зогсож байтал ээж утасдаад гэрийн болон машины түлхүүрээ бэр эгч нартаа өгчих гэсэн. Хоёр бэр эгч ирэхээр нь би тэр хоёртой хамт аав дээр очиход аавын дэргэд цагдаа ирчихсэн аав тэр цагдаатай хэрэлдээд байж байсан. Тэгээд бэр эгч нар гуйгаад аавыг гэрлүү нь авч явсан. Машин дотор явж байхдаа бид нарыг ална гээд л байсан. Аавыг гэрт оруулаад унтуулдаг тариа хийгээд бэр эгч нар явсан. Би утсаараа оролдоод байж байтал агаа ирсэн. Агаа намайг хувцасаа ав ээж дээр очиж хоноод тэндээсээ дэлгүүр дээрээ очно гэхээр нь би хувцасаа бэлдэж байтал аав гэнэт сэрсэн. Тэгээд агааг шээсэн шээс гээд заамдаж аваад хоолойг нь боосон. Тэгтэл агаа аавыг түлхтэл аав ширээний өнцөгт тээглээд унатал агаа дээрээс нь цохиод байсан. Би жижиг өрөөнд ороод хаалгаа түгжсэн. Агаа гүйтэл аав араас нь дагаад гүйсан. Тэгээд чимээгүй болчихоор нь би өрөөнөөс гараад иртэл  том өрөөний буйдан шал нил цус болчихсон байсан гэжээ. / хх-н 41-43/

        Гэрч Н.Р  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Э бол миний төрсөн охин О төрсөн миний зээ юмаа. Бх манай хүргэн болоод  гаран жил болж байна. Эхлээд бид нартай хамт амьдарч байгаад тусдаа гарсан юм. Бидэнтэй хамт амьдарч байхдаа архи дарс уудаггүй зан ааш сайтай хүү байсан юм. Тусдаа гарсанаас хойш охиныг маань зоддог асуудал нилээн олон удаа гаргасан. Ааш зангийн хувьд цочмог түргэн зантай болж, их олон зан гаргадаг болсон байлаа. Архи уудаггүй байсан чинь сүүлийн үед уудаг болоод байгаа юм шиг байсан. Манай охиныг зодоод охин манайд ирсэн байхад нь манай хаалга үүдийг эвдсэн асуудал байгаа. Амьдрах хугацаандаа манай охин 3-4 удаа сална гэж ирж байсан. Бие хаа нь хөх няц болоод л ирдэг. Би Б ганц охиныг минь битгий зодож байгаач амьдрах юм бол эвтэйхэн амьдар гэхээр одоо дахин тэгэхгүй гээд уйлж гуйж байгаад охиныг минь аваад явдаг байсан. Над дээр ирэлгүй хэдэн удаа зодуулж байсныг би мэдэхгүй байна. О хувьд бол ямар ч хүнтэй эв зүйгээ олоод л явдаг хүн. Э хувьд бол миний гар дээр өссөн миний хайртай амин сүнс минь байгаа юм. Гэхдээ буруу эрхлүүлээгүй. Э эмээ, өвөө, аав, ээждээ ямар их халамжтай гэж бодож байна. Эрэгтэй хүүхэд гэхэд гэр орны ажилд маш сайн, их дуулгавартай сайн хүү байгаа юм. Батмөнх бидний нүдэн дээр эхнэр хүүхэдтэйгээ сайхан харьцаад далдуур болохоор их дарамталж байдаг юм байлаа. Надад ярихдаа ээж маань их зовж байна яаж нэг жаргаая даа гэж ярьдаг юм. Өдрийг нь санахгүй байна 5 дахь өдрийн орой 23,00 цагийн орчим Эрхэмбилгүүн ганцаараа гэрт ирсэн. Байгаа байдлыг нь хартал чичрээд юм хэлэхгүй байсан аль нэг гар нь зүсэгдсэн өмссөн фудволк нь цус болсон байхаар нь би яасан миний хүү хүнд зодуулаа юу гэхэд толгой сэгсэрхээс өөрөөр юу ч хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө тайвшруулдаг эмнээс нэгийг уулгаад оронд оруулаад хэвтүүлчихсэн. Тэгж байтал ээж нь над руу залгаад болсон асуудлыг хэлсэн. Тэгэхэд л би аавыгаа хутгалчихсан юм байна гэдгийг мэдсэн. Би энэ хоёр хүнд хоёуланд нь харамсаж байна. Хүргэнээ хурдан эдгээсэй, хүүгээ яах бол гэж бодоод л санаа зовж сууна. Миний бодлоор миний хүүгийн тэвчээр алдагдаад л ийм зүйл болсон байх гэж бодож байна гэжээ. / хх-н 44-46/ 

          Гэрч Х.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Э найзлаад 5 жил болж байна. Э бол их зөв зантай, даруухан, архи тамхи хэрэглэдэггүй хүүхэд байгаа юм. 2018 оны 8 дугаар сарын 24-ны орой Э ярихад асуудалтай байна гээд хоолой нь чичрээд цааш яриагүй. Тэгээд миний санаа зовоод дахиад залгатал асуудалтай байна гээд яриагүй. Тэгээд над руу фейсбүүкээр өөрийнхөө зургыг явуулаад дахиад аавд зодуулчихлаа гэсэн. Тэгэхэд гарны булчин хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би чи хаана байгаа юм бэ би очий гэхэд Баянмонгол хорооллын нүхэн гарц дээр хүрээд ир гэсэн. Намайг очиход нүд нь улайчихсан маш их уйлсан байдалтай гар нь зүсэгдээд цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би айгаад чи ээж дээрээ очоо гэхэд үгүй би дүүгээ гэртээ орхичихсон дүүгээ очиж авахгүй бол болохгүй гээд байсан. Бид хоёр тэдний байрны гадна очоод байж байтал Эрхэмбилгүүн гэрлүүгээ орсон тэгээд удаж байгаад гүйгээд гараад ирсэн. Тэгэхдээ хөл нүцгэн байсан намайг байна гэж ч мэдэхгүй хажуугаар галзуу хүн шиг гүйсэн. Би маш их айгаад гэрлүүгээ явсан гэжээ. / хх-н 47-49/ 

         Гэрч М.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б бол миний төрсөн дүү байгаа юм. Бид эхээс 7-уулаа юм. Би дээрээ 2 эгч, 4 дүүтэй. Манай гэрийн 7 хүүхдээс хамгийн зөөлөн нь манай Батмөнх байгаа юм. Өөрийнхөө эхнэр хүүхэдтэй ямар харьцаатай байдаг талаар би сайн мэдэхгүй. Б архи бараг уудаггүй. Жилд нэг л удаа уудаг байх. Эрхэмбилгүүн бол миний дүүгийн хүүхэд. Их даруухан хөдөлмөрч хүүхэд байгаа юм. Өдөр болгон харьцаад байдаггүй болохоор зан харьцааг нь нарийн мэдэхгүй байна. Яагаад ийм зүйл хийсэн юм бол гэж бодоод итгэж өгөхгүй л байна гэжээ. / хх-н 50-51/ 

          Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 8 дугаар сарын 24-ны орой 20.00 цаг өнгөрч байхад Б бага дүү Б гэрт би байж байтал манай нөхөр Б залгаад Б согтуу цагдаа сэргийлэх болоод байна гэнэ очоод юу болоод байгааг нь мэдчих би ажилтай байна гэсэн. Би Б хамгийн бага дүү Бн эхнэр О хамт 13 дугаар хороолол явсан. Б бага хүү Г холбогдож байгаад заалгаж очсон. Тэгээд яваад очиход Б нилээн согтуу машиных нь цонх хагарчихсан цагдаа ирчихсэн байж байсан. Бг тайвшруулаад бид нар гэрт нь ирсэн. Бид хоёрыг очиход хүү Ганзориг нь хүрээд ирсэн. Агаа нь хаана байгаа юм гэхэд Агаа холоос хараад зогсож байгаа аав бид хоёрыг зодсон гэж хэлсэн. Гэрт нь оруулаад тайвшруулах тариа хийгээд унтуулаад бид хоёр гараад явсан. Би эдгээр хүмүүсийн зан харьцааг сайн мэдэхгүй байна гайгүй л байдаг юм шиг санагддаг юм гэжээ.   / хх-н 52-54/ 

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 55/

         Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 10440 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.М.Б биед гүрээний зүүн гадна тараагуур судас, гадна буулган хураагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушигны дээд дэлбэнг гэмтээсэн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх зүүн уушигны авчилт,  цээжний хөндий дэх цусан хураа, хий хуралт, зүүн чих орчмын шүлсний булчирхай, зүүн мөрний сүлжээний гэмтэл, толгой, хүзүү, цээж, сарвууны олон тооны зүсэгдсэн шарх, баруун өвдөгт цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

2,Дээрх олон тооны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр баруун өвдөгний цус хуралт, гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3,Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4,5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8, 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. / хх-н 56-57/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 58/

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 844 дугаартай дүгнэлтэд :

            1.Б.Э нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

            2.Б.Э нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Б.Эрхэмбилгүүн нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

           3.Б.Э нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь гэнэтийн цочролд орсон байх боломжтой байна. Сэтгэлийн сөрөг нөлөөний гаралтай гэнэтийн хүчтэй цочруулын үр дүнд огцом үүсдэг богино хэмжээний хугацаатай үргэлжилдэг. Эрс хүчтэй сэтгэл хөдлөлийг хэлнэ. 

          4.Б.Э нь хэрэг үйлдэх явцдаа сэтгэл санаа нь цочрон давчидсан байх боломжтой байна. Сэтгэлийн сөрөг нөлөөний гаралтай гэнэтийн хүчтэй цочруулын үр дүнд огцом үүсдэг, богино хэмжээний хугацаатай үргэлжилдэг. Эрс хүчтэй сэтгэл хөдлөлийг хэлнэ.

          5.Б.Э нь өөрийн үйлдлийн /хэрэг үйлдэх явц/ улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлах чадвар султай байсан байна.

          2018.9.07-ны өдрийн 9073 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.ХГҮ-ээр бэхжүүлж авсан гэх цагаан өнгийн иштэй хутга, №1,2 гэж дугаарласан бентэнд бэхжүүлсэн арчдас, №3,4 гэж дугаарласан нунтаг хүрэн өнгийн зүйл дээр цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэжээ.  /хх-н 60/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 62/

          2018.9.07-ны өдрийн 5155 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 406 дугаар байрны 43 тоотод М.Б бусдад хутгалуулж гэмтсэн хэргийн газраас хураан авсан гэх 1 ширхэг хутга дээрээс гарын мөр илрээгүй гэжээ.  /хх-н 63/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 65-66/

            Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 78/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 69/ ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 77/

           Б.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 67-68/

           Б.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 70/, прокурорын тогтоол /хх-н 71-73/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 74/ зэрэг болно.

           Б.Э  нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр  Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Баянмонгол хороололын  дугаар байрны  тоотод буюу  М.Б зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас иргэн М.Б нуруун тус газар нь хутгалж  эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          Хүний биед  хийсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээний 10440 дугаартай шинжээчийн дүгнэлтээр М.Б биед гүрээний зүүн гадна тараагуур судас, гадна буулган хураагуур судас гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн уушигны дээд дэлбэнг гэмтээсэн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх зүүн уушигны авчилт,  цээжний хөндий дэх цусан хураа, хий хуралт, зүүн чих орчмын шүлсний булчирхай, зүүн мөрний сүлжээний гэмтэл, толгой, хүзүү, цээж, сарвууны олон тооны зүсэгдсэн шарх, баруун өвдөгт цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх олон тооны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр баруун өвдөгний цус хуралт, гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. . Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8, 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. / хх-н 56-57/

Хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Хэрэг гардаг өдөр манай нэг найз хөдөөнөөс 5 литр нэрмэл архи авчирсан байсан. Тэгээд тэр нэрмэл архинаас их хэмжээгээр уугаад маш их согтсон байсан. Дэлгүүр дээр очиход хүү маань ээжийгээ эмнэлэгт эргэх гээд явсан байсан. Тэгээд хүүгээ дэлгүүр дээр ирэхэд нь  өөрийн ухаанүй болтлоо уугаад согтсон байсан. Би тэр өдөр хүүгээ, эхнэрээ дарамтлаад, зодоод, машины цонхоо хүртэл хагалсан байсан. Тэгээд гэртээ байж байгаад хүүг ирэхэд нь  буруу бараа хүнд өгснөөс болоод хүүдээ уурлаад зодсон байсан. Тухайн үед их согтуу байсан хүүдээ уурласан байсан.Тэр үед юу болсныг би сайн мэддэггүй. Учир нь архи их уусан байсан болохоор өөрөө сайн санадаггүй. Би хүүдээ ийм хэмжээний цочрол өгч, ийм байдалд хүргэсэндээ харамсаж байна. Би ийм зүйл хийгээд гараад гүйхэд нь гараад миний хүү  ингэж болдогүй юм гэж хэлээд араас нь орц руу гараад ухаан алдаж унасан байсан. Одоо миний бие сайн байгаа.  Юу болсныг мэдэхгүй. Шат руу гүйснээ санадаг. Би эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Хүүгээ ийм байдалд оруулсандаа харамсаж байна гэсэн мэдүүлэг

Насанд хүрээгүй гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Агаа намайг хувцасаа ав ээж дээр очиж хоноод тэндээсээ дэлгүүр дээрээ очно гэхээр нь би хувцасаа бэлдэж байтал аав гэнэт сэрсэн. Тэгээд агааг шээсэн шээс гээд заамдаж аваад хоолойг нь боосон. Тэгтэл агаа аавыг түлхтэл аав ширээний өнцөгт тээглээд унатал агаа дээрээс нь цохиод байсан. Би жижиг өрөөнд ороод хаалгаа түгжсэн. Агаа гүйтэл аав араас нь дагаад гүйсан. Тэгээд чимээгүй болчихоор нь би өрөөнөөс гараад иртэл  том өрөөний буйдан шал нил цус болчихсон байсан гэсэн мэдүүлэг / хх-н 41-43/

    Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Тэгээд дүү бид хоёр аавыг аваад гэртээ харих гэтэл хүнд буруу бараа өгсөн байна гээд аав уурлаад байсан. Тэгээд дэлгүүрээ хаагаад аавыг аваад машиндаа суугаад харьж байсан чинь замд аав уурлаад намайг зодоод байсан. Тэр үед нөгөө барааг Хайлааст явдаг машинд орхисон болохоор тийшээ яв гээд загнаад тийшээ явж байсан.  Тэгээд машин бариад явж байхад аав зодоод байхаар нь би дүүгээ аваад буугаад зугтаасан. Тэгээд аавын ах дүү нарт утсаар хэлсэн. Тэгээд бэр эгч нар ирээд аавыг аваад явсан. Би тэр үед машины түлхүүрийг аваад явсан байсан. Тэгээд дүүдээ түлхүүрээ өгөөд эгч нар луу явуулсан.  Тэгээд ээж рүү залгаад хэлтэл намайг хүрээд ир гэсэн. Манай гэр бүл их өртэй болохоор өдөр болгон дэлгүүрээ ажиллуулахгүй бол болохгүй тул би гэрээс дэлгүүрийн түлхүүр авах гээд очсон. Гэртээ ороод түлхүүрээ аваад ээж рүү явна гэж бодсон. Би гэртээ ороход аав босож ирээд зодоод байсан.Тэгээд тэрнээс хойш юу болсныг сайн санадаггүй. Би 48 цаг хоригдоод их  айгаад юмаа санахгүй байдаг. Хоригдож гарч ирээд ээж дүүгээсээ сонссон. Би тэр үед зодуулаад нэг мэдсэн гэрэээс хөл нүцгэн гараад гүйж байсан. Ээж рүүгээ ямартай ч явна гэж бодсон. Ээж дээр очоод өвөө дээрээ очсон. Өвөө надаа эм өгөөд унтуулсан. Тэгээд унтаж байхад өвөө намайг сэрээгээд цагдаа дээр очсон. Өвөө байцаагчтай уулзаад намайг 48 цаг хорихоор аваад явсан. Уучлаарай ааваа гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

 Б.Э нь М.Б архи уугаад загнаад хэл маар доромжилж зодсоны улмаас  сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас ширээн дээр байсан хутгыг авч М.Б хутгаар хатгасан нөхцөл байдал хэрэгт авсагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, түүний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

    Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хохирогчийн   зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн Б.Э хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг Б.Эрхэмбилгүүнд хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

          Б.Э нь  энэ хэргийн улмаас 48 цаг албадан саатуулагдсан  болно.

          Хохирогч М.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А  овогт Б Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд  хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Б.Э  нэг жилийн хугацаагаар тэнсэж хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлсүгэй.

4.Б.Э нь энэ хэргийн улмаас 48 цаг саатуулагдсан болохыг  дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Э  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар  Шүүхийн тамгын хэлтэст шилжүүлсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН