| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2021/02119/И |
| Дугаар | 210/МА2022/01648 |
| Огноо | 2022-09-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2022/01648
| 2022 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 210/МА2022/01648 |
М.Э-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00931 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М.Э-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч О ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э-, түүний өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл О ХХК-ийн мэдээлэл технологийн хэлтэст Рио тинто бизнес шийдэлд /РТБШ/ дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн албан тушаалд ажилласан ба уг хугацаанд сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 05, 16-ны өдрүүдэд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгч, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №Б3425 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр танилцуулсан. Тушаал бүтцийн өөрчлөлтөөр бус талууд харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр гарсан нь үндэслэлгүй. Учир нь компанийн дотооддоо зарласан ажлын байранд анкет болон холбогдох бичиг баримтаа илгээн, ажлын ярилцлаганд орсон болохоос хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох талаар санал хүсэлт илэрхийлээгүй. Ажил олгогч талаас хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг өгснөөс хойш 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр санал болгосон сургалтын зохицуулагчийн ажилд ажилласан нь 2016 онд байгуулсан ахлах шинжээчийн ажлын байрны хөдөлмөрийн гэрээний үйлчлэлтэй ямар ч холбоогүй. Намайг сургалтын зохицуулагчийн ажлын байрнаас туршилтын хугацаа дууссан үндэслэлээр дахин ажлаас чөлөөлсөн. Иймд О ХХК-ийн гүйцэтгэх захирал 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №3425 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, Рио тинто бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 88,790,108 төгрөг гаргуулах, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш нийгмийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Рио тинто бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байрны цалин хөлснөөс тооцон холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №9/21 дугаар тушаалын хавсралтаар Рио тинто бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байрыг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс тасалбар болгож компанийн бүтцээс хасч М.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж мэдэгдлүүдийг хүргүүлсэн. М.Э- нь компанийн дотоодод зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалтанд оролцон шалгарч, тухайн ажлын байрны саналыг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан. Тухайн ажлын байранд ажиллах хүсэлтэй буюу зөвшөөрч байгаагаа илэрхийлж, сургалтын зохицуулагчийн ажлын байранд ажиллаж эхэлсэн байдаг. Ийнхүү нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр өөр ажлын байрны саналыг хүлээн зөвшөөрч ажиллах болсон тул гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №Б3425 тоот тушаалаар түүнийг сургалтын зохицуулагчийн албан тушаалд томилж, тус ажил албан тушаалд томилогдсонтой холбоотойгоор Рио тинто бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн албан тушаалд ажиллуулахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ба 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болж компанийн бүтцээс хасагдсан. Нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр цахим шуудангаар мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч нь түүний ажлын байр хасагдсан болохыг мэдсэн атлаа 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлгүй, хуульд заасан хугацааг хэтрүүлж гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э-г хариуцагч О ХХК-ийн Рио Тинто Бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 88,790,108 төгрөгийг хариуцагч О ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч М.Э-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар М.Э-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч О ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 601,900 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Нэхэмжлэгч М.Э- нь компанийн Боловсон хүчин бүтэц зохион байгуулалт-Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны сургалтын хэлтэст сургалтын зохицуулагчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн хугацаа буюу 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс түүний маргаж буй Рио Тинто бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байрны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон хугацаа тоологдоно. Учир нь нэхэмжлэгч М.Э- өөр ажлын байранд ажиллаж эхэлсэн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болсныг мэдэж байсан. Нэхэмжлэгч М.Э- нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс ахлах шинжээчийн ажлын байр хасагдах хүртэл буюу 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тухайн албан тушаалд ажиллаагүй. Нэхэмжлэгч М.Э- нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд компанийн Боловсон хүчин бүтэц зохион байгуулалт-Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны сургалтын хэлтсийн Сургалтын зохицуулагчийн ажлын байранд ажиллаж, сарын 2250 ам.доллартай тэнцэх хэмжээний үндсэн цалинг холбогдох бусад нэмэгдлийн хамт хариуцагч О ХХК-аас түүнд олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог. Иймд нэхэмжлэгч М.Э- нь өөрийн маргаж буй Рио Тинто бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байранд ажиллаагүй буюу тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхээ больж, өөр ажил үүргийг буюу Сургалтын зохицуулагч албан тушаалын ажил үүргийг хийж эхэлсэн хугацаанаас түүнийг ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн талаар гомдол гаргах эрхийн хугацаа тоологдох бөгөөд нэхэмжлэгч М.Э- 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг 61 хоногоор хэтрүүлсэн байна. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч М.Э- нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл компанийн Боловсон хүчин бүтэц зохион байгуулалт-Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны сургалтын хэлтэст Сургалтын зохицуулагчийн ажлын байранд ажиллаж, тухайн ажлын байрны үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг авч байсан талаар маргадаггүй. Нэхэмжлэгч М.Э- нь өөрийн маргаж буй Рио Тинто Бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байрны орон тоо хасагдах 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө буюу 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн компанийн Боловсон хүчин бүтэц зохион байгуулалт-Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Сургалтын зохицуулагчаар ажиллаж эхэлсэн нь түүнийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Рио Тинто бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээч ажлын байрны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу дуусгавар болгохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх, М.Э-гийн хүсэл зоригийг хангалттай тайлбарлах үндэслэл гэж үзэж байна. Ажил олгогч О ХХК нь компанийн Рио Тинто Бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байрны орон тоо хасагдах хугацаа буюу 2021 оны 05 дугаар сарын 13-ний өдрөөс өмнө, компанид тухайн ажлын байрны орон тоо байхад, түүнчлэн М.Э- нь өөрийн хүсэлтээр 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Боловсон хүчин бүтэц зохион байгуулалт-Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны сургалтын хэлтэст Сургалтын зохицуулагчийн ажлын байранд ажиллахаа илэрхийлж, Рио Тинто Бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байрны ажил үүргээ гүйцэтгэхээ больж, өөр ажлын байранд ажиллахаар болж харилцан тохиролцсон байхад түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч М.Э- нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл авсан хугацаандаа компанийн дотоодод зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, сургалтын зохицуулагч ажлын байрны саналыг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, тухайн ажлын байранд ажиллах хүсэлтэй илэрхийлж ажилласан. Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Мөн анхан шатны шүүх компанийн бүтэц, зохион байгуулалтаас нэгэнт хасагдсан буюу байхгүй ажлын байранд нэхэмжлэгч М.Э-г эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч М.Э-гийн маргаж буй компанийн Рио Тинто Бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байр нь Компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар бүтцээс хасагдсан. Гэтэл шүүх нэхэмжлэгч М.Э-г О ХХК-ийн Рио Тинто Бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх ёстой буюу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байх нөхцөлийг зөрчихөөс гадна хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан. Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 104 дүгээр тогтоол гаргаж Засгийн газрын 91 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг өөрчилж бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06 цаг хүртэл сунгасан. Ийнхүү компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалд өөрчлөлт оруулах тухай 14/21 дугаар тушаалд заасны дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, хөл хориог цуцалсан өдрөөс хойш ажлын 4 дэх өдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мэдээлэл технологийн хэлтсийн Рио Тинто Бизнес шийдэлд дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн ажлын байр хасагдсан болно. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Тушаал хууль зүйн хувьд үндэслэлгүй бол шүүх нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд өмнөх ажил албан тушаалд томилох нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. Иймд дээрх байдлаар хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Шүүх хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хууль хэрэглээний зөв шийдсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
1. Нэхэмжлэгч М.Э-, хариуцагч О ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч ажил, албан тушаал нь байгууллагын бүтцээс хасагдсан ба, нэхэмжлэгч өөр ажил, албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож, улмаар уг ажлаа хийж гүйцэтгэхээр зөвшөөрч ажиллаж байсан тул өмнөх ажил, албан тушаалыг дуусгавар болгосон гэж маргажээ.
2. Нэхэмжлэгч М.Э- нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн О ХХК-ийн мэдээлэл технологийн хэлтэст Рио тинто бизнес шийдэлд /РТБШ/ дэмжлэг үзүүлэх ахлах шинжээчийн албан тушаалд ажиллаж байжээ. 2021 оны 03 дугаар сарын 05, 16-ны өдрүүдэд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт зааснаар ажил, албан тушаал компанийн бүтцээс хасагдсан талаар гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгсөн байна.
2.а. О ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №Б3425 дугаар тушаалын 1 дэх заалтаар нэхэмжлэгчийг компанийн Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Сургалтын зохицуулагчийн албан тушаалд 1 жилийн хугацаагаар ажиллуулах, 3 дахь заалтаар түүнийг дээрх ажил, албан тушаалд томилсонтой холбоотойгоор 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болгосон тухай тус тус заасан байна. /1хх 5-7/
3. Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэрээ ажлаас халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй бөгөөд, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй.
3.а. Нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан ахлах шинжээчийн ажил, албан тушаал тухайн байгууллагын бүтцээс хасагдсан болох нь хариуцагч компанийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 9/21 дугаартай О ХХК-ийн зарим газар, хэлтсийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тушаалаар тогтоогдож байна. Иймд хариуцагч тал 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаар 1 сарын өмнө мэдэгдэхдээ хууль зөрчөөгүй. /1хх 5-6, 137-142/
3.б. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш компанийн дотоод бүтцэд зарласан сургалтын зохицуулагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад өөрийн хүсэлтээр оролцож улмаар уг албан тушаалд ажиллах саналыг хүлээн авсан болох нь компанийн сургалт хариуцсан менежер Ч.Н- болон нэхэмжлэгчийн и-мэйл хаягт, мөн хариуцагч компанийн Хүний нөөц бүрдүүлэлтийн цахим системд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 14 минут, 14 цаг 24 минутад шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлүүд, холбогдох баримтуудаар тогтоогдож байна.
/1хх 78-112/
3.в. Нэхэмжлэгч нь ийнхүү уг албан тушаалд ажиллах хүсэл зоригоо илэрхийлэн тус сургалтын зохицуулагчийн ажил, албан тушаалд ажиллаж байгаад, тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б3822 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хариуцагч талаас нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /1хх7, 193, 199, 212/ Энэ үндэслэлээр нэхэмжлэгч маргаагүй, сургалтын зохицуулагчийн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн дээрх тушаалын агуулга, хугацаа, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой бусад асуудлаар гомдол байгаа бол жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
4. Нэхэмжлэгч нь тухайн компанидаа өөр ажил, албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож, улмаар сургалтын зохицуулагчийн ажил үүргийг хүлээн авч, 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэн, цалин хөлс авч байхдаа хэдийгээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй гэх боловч, гэрээний талууд болох хариуцагч 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах, нэхэмжлэгч уг ажил, албан тушаалд ажиллах хүсэл зоригтой байснаа хэн аль нь илэрхийлсэн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
5. Дээр дурдсан хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №Б3425 дугаар тушаал нь нэхэмжлэгчийг сургалтын зохицуулагчийн ажилд ажиллахаар хүсэлтээ илэрхийлсний дагуу уг албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах, үүнтэй холбоотойгоор өмнө ажиллаж байсан ахлах шинжээчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон агуулгатай байна. Энэхүү тушаалын үндэслэлийг анхан шатны шүүх буруу тайлбарласнаас шийдвэр хууль ёсны болоогүй байна.
Хөдөлмөрийн гэрээгээр тодорхойлсон ажлын байр байхгүй болж чөлөөлөгдөх мэдэгдэл өгсөн байх хугацаанд өөрийнх нь хүсэлтээр өөр ажилд шилжүүлэн томилсон ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/00931 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч О ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай М.Э-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ц.АЛТАНЦЭЦЭГ