Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01647

 

 

 

 

 

 

 

 

2022 09 02 210/МА2022/01647

 

 

Д.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/02059 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С ХХК-д холбогдох,

Авто зогсоолын төлбөрт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн, авто зогсоол ашигласны төлбөрт 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Д.Д- нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр С ХХК-тай орон сууцны барилгын В1 давхараас авто зогсоол худалдан авах 14/43 дугаартай авто зогсоол худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг 15,000,000 төгрөгөөр тооцож худалдан авахаар болж 10,000,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл С ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрчилгээ гаргуулж өгөөгүй. Энэ талаар тодруулахаар түр хүлээж бай, удахгүй гаргаж өгнө гэсэн боловч биелүүлээгүй тул шүүхэд хандсан. С ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх хөрөнгө болох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Д.Б-ийн нэр дээр гаргасан, мөн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр банк бус байгууллагын барьцаанд барьцаалсан нь Д.Д- надтай худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар бусдыг хууран мэхлэж хийсэн гэрээ хэлцэл гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, гэрээний төлбөр болох 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

С ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Д.Д-тэй авто зогсоол худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр захиалагч нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бэлнээр 10,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг авто зогсоолын төлбөрт төлөх, С ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Д-д шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд Д.Д- нь дээрх авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигладаг боловч тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр нь гаргаж өгөөгүй. Сод эра ХХК-ийн зүгээс өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Д.Д- нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс уг зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшиж, ашигласаар байгаа болно. Иргэний хуульд гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус болсон бол уг эд хөрөнгийг эзэмшиж, ашигласнаас хэмнэсэн зардал зэргийг хариуцаж төлөхөөр заасан. Д.Д- нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааг тооцож үзэхэд нийт 60 сар буюу 5 жилийн хугацаанд авто зогсоолыг эзэмшиж, ашигласан. Хэрэв ашиглаагүй бол Сод эра ХХК-ийн зүгээс худалдан борлуулах эсхүл бусдад хөлслүүлэх хэлбэрээр 60 сарын хугацаанд эд хөрөнгийг хөлслүүлэх хэлбэрээр олох боломжтой байсан. Авто зогсоолын нэг сарын түрээсийн төлбөрийг 300,000 төгрөгөөр тооцож үзвэл нийт 60 сарын төлбөр нь 18,000,000 төгрөгийн төлбөр төлөх нөхцөл байдал ажиглагдаж байна. Иймээс уг төлбөрийг Д.Д- нь хариуцах ёстой тул нэхэмжлэлийн шаардлагаар шаардсан 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга:

Авто зогсоолын 1 сарын түрээсийн төлбөрийг 300,000 төгрөгөөр тооцож үзвэл нийт 60 сарын төлбөрт нийт 18,000,000 төгрөгийг төлөхөөс Д.Д-гийн төлсөн 15,000,000 төгрөгийг хасч тооцвол өнөөдрийн байдлаар 3,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч Д.Д-гээс 3,000,000 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгож өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Д.Д- нь авто зогсоолыг дур мэдэн ашигласан зүйлгүй. Төрийн банкаар халаалт, даатгал гэсэн хоёр төрлийн төлбөрт 20,000 төгрөг төлдөг. Гэрээний төлбөрийг бүрэн барагдуулаад дууссан гэж гэрээнд тодорхойлсон учраас үнийн дүнгийн хувьд маргаангүй. Анх байгуулсан гэрээ хэлцлийн дагуу өөрсдийн хөрөнгө гэж үзээд явсан боловч ямар ч үндэслэлгүйгээр хүний хөрөнгийн халаалт, даатгалын төлбөрийг төлж байсан. 3,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг яаж тооцсон нь тодорхойгүй, юуг үндэслэж ийм тооцоо гаргасан нь нотлох баримтаар нотлогдоогүй. Бид өөрсдийнхөө хөрөнгөд ямар нэг байдлаар төлбөр төлөх үндэслэлгүй. Манай хөрөнгө гэж бодсон боловч гэрчилгээг нь гаргаж өгөөгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-аас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгож, авто зогсоол ашигласан төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах хариуцагч Сод Эра ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 62,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс дутуу төлсөн 162,750 төгрөгийг нэхэмжлэгч Д.Д-гээс гаргуулан улсын орлогод оруулж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 13,600 төгрөгийг улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан хариуцагч Сод эра ХХК-д буцаан олгож, хариуцагч Сод Эра ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

4.б. Д.Д- нь гэрээ байгуулж, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс уг авто зогсоолыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь бусдад худалдан борлуулах хүртэлх хугацаанд ашигласан гэж тайлбарласан. Гэтэл Д.Д- нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааг тооцож үзэхэд нийт 60 сар буюу 5 жилийн хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан. Уг этгээд нь энэхүү зогсоолыг эзэмшиж, ашиглаагүй бол өөрийн тээврийн хэрэгслийг байрлуулахад зориулж эсхүл авто зогсоолын зориулалттай эд хөрөнгө хөлслөх шаардлагатай бөгөөд үүнтэй холбоотой зардал гаргах учиртай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн гэх Д.Б- нь уг эд хөрөнгө С ХХК-ийн эд хөрөнгө бөгөөд зарим шалтгааны улмаас өөрийнх нь өмчлөлөөр бүртгэгдсэн. Иймээс Д.Д-тэй байгуулсан гэрээний дагуу уг этгээд ашиглаж байсан талаар мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийгээгүй, Д.Б- нь шаардлага гаргах учиртай мэтээр дүгнэж хэргийг бүрэн шийдвэрлэхгүйгээр орхигдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй.

4.в. Д.Д- нь уг авто зогсоолыг ашиглаагүй бол С ХХК-ийн зүгээс худалдан борлуулах эсхүл бусдад хөлслүүлэх байсан бөгөөд авто зогсоолын 1 сарын түрээсийн төлбөрийг 300,000 төгрөгөөр 60 сарын төлбөр нь нийт 18,000,000 төгрөгийг төлбөр төлөхөөр байна. Үүнээс Д.Д-гийн төлсөн 15,000,000 төгрөгийг хасч тооцвол өнөөдрийн байдлаар 3,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

7. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Д.Д-, хариуцагч С ХХК-д холбогдуулан 18 м.кв талбайтай авто зогсоолын төлбөрт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, авто зогсоол ашигласны төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч уг сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Д- нь, С ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14/43 дугаартай Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 204 байр, зоорийн давхарын 8 тоот хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг 15,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, үнийг шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байна.

 

3. Хариуцагч С ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөөгүй байх бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр уг зогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь иргэн Д.Б-ийн нэр дээр гарч, улмаар Д.Б- нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нью стар банк ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогджээ. /хх 50-54/

 

4. Талуудын хооронд байгуулсан авто зогсоол худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч, хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн дүгнэлт нь буруу байна. Учир нь хариуцагч С ХХК нь тухайн гэрээг байгуулах үед гэрээний зүйлийн өмчлөгч нь Д.Б- гэгч иргэн байсан байх ба, авто зогсоолыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг нэхэмжлэгч талаас шаардаж байсан байх боловч, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч компани биелүүлээгүй байна.

 

Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч урьдчилан сануулсан байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна. Энэ тохиолдолд талуудын хооронд байгуулсан Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч татгалзаж байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй гэсний дагуу нэхэмжлэгчийн шаардсан авто зогсоолын төлбөрт шилжүүлсэн 15,000,000 төгрөгийн хариуцагч талаас гаргуулж шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд оновчтой.

 

5. Хариуцагч нь, нэхэмжлэгчээс 5 жилийн хугацаанд авто зогсоолын төлбөрт 1 сарын 300,000 төгрөгөөр тооцож, 60 сарын хугацаанд 18,000,000 төгрөг төлөх ёстой гэж үзэж, түүнд авто зогсоолын төлбөрт авсан 15,000,000 төгрөгийг хасч тооцон, 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлээгүй байх бөгөөд шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Өөрөөр хэлбэл, уг авто зогсоолын өмчлөгч нь иргэн Д.Б- байх тул хариуцагч С ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байх ба анхан шатны шүүхийн шийдвэрт хууль буруу хэрэглэсэн зөрчлийг өөрчилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/02059 дугаар шийдвэрт тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.3 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ