| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/00140/Э |
| Дугаар | 00147 |
| Огноо | 2018-10-12 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 00147
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0140/Э индекстэй, 1815002230138 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Э
Холбогдсон хэргийн талаар:
Э.Э нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багийн нутагт **-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолооны үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг, мөн хуулийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн Э.Т амь насыг хохироосон, хохирогч Ж.О эрүүл мэндэд хүнд, хохирогч Л.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э өгсөн: Өөрийнхөө анхаарал болгоомжгүйгээс болж өөрийн хүүхдийн амь насыг хохироож, бусдын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.
1815002230138 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Ж.О өгсөн: “...би тухайн өдөр болсон үйл явдлын санахгүй байна. Миний санахаар манай машин руу ачааны машин ирээд мөргөх шиг санагдаж байна. Манай хүү миний санахаар осол болох үед хойд суудал дээр унтаж явж байсан. Харин миний талийгаач хүү миний өвөр дээр суугаад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/,
Хохирогч Д.Э өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Хангал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол болж манай ач хүү Э.Т нас барсан хэрэгт талийгаачийн ээж Ж.О биеийн байдал хүнд байгаа учраас хохирогчоор оролцож чадахгүй болсон. Иймд би хохирогчоор оролцож байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/,
Хохирогч Л.М өгсөн: “...Оросын ам гэх газарт явж байхад үзэгдэх орчин хязгаарлагдмал тойрог руу уруудаж машинтайгаа явж байсан чинь урдаас гэнэт нэг машин маш их хурдтай хөндлөн орж ирээд миний машинтай мөргөлдсөн. Ялалттөгс бид хоёр мөргөлдсөн Санота 6 маркийн машин руу очиж харахад нэг эрэгтэй хүн манай хүүхдүүдийг авраач гээд гараад ирсэн. Ялалттөгс машинаас гарч ирсэн эрэгтэйгийн хүүхдийг аваад Хангал сумын эмнэлэг рүү замын машинд суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/,
Гэрч Б.Ялалттөгсийн өгсөн:...Хангал сумын нутаг 3 дугаар подёмийн цаана эргэлтээр явж байсан чинь урдаас маш хурдтай жижиг саарал өнгийн суудлын машин миний сууж машины урдаас хөндлөнгөөрөө шарваж орж ирээд мөргөлдсөн. Нэг мэдсэн чинь хажууд сууж явж байсан Мөнхзул замын хажуу тал руу хол шидэгдээд хэвтэж байсан. Манай машины жолооч Мэндбаяр ах машинаасаа “чи ямар хурдан явдаг юм бэ” гээд хашгирсан чинь нөгөө жижиг машины жолооч машинаасаа жоохон хүүхэд тэвэрчихсэн бууж ирээд “100-120 км цагийн хурдтай” явж байсан гэж хэлээд миний хүүг авраач гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныхаа хаалгаар буух гэсэн чинь онгойхгүй байхаар нь машины урд талын цонхны шил хагарсан байсан учраас урд цонхоор гарсан. Гадагшаа гарч нөгөө залуу дээр очиж хүүхдийг нь аваад замын машин зогсоож сумын эмнэлэг рүү хүргэхээр явсан. Эмнэлэг явах замдаа Хялганат тосгоны эмнэлэг рүү залгаж осол болсон талаар хэлсэн. Эмнэлэг дээр ирэхэд эмнэлгийн сувилагч хүлээж авсан бөгөөд хүүхдийг нас барсан талаар хэлсэн. Удалгүй жижиг тэрэгтэй нөгөө машины зорчигч болон жолооч нар ирсэн. Осолд орсон эмэгтэйгийн биеийн байдал маш хүнд байдалтай харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/,
Гэрч Б.Нарантуяагийн өгсөн:... 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 21 цаг 37 минутанд манай эмнэлгийн сувилагчаас над руу залгасан бөгөөд хоёр машин мөргөлдөж нярайн биеийн байдал маш муу байна гэсэн дуудлагын дагуу би сумын эрүүл мэндийн төв рүү яаралтай очсон. Намайг эмнэлэг дээр очиж осолд орсон хүүхдийг харахад ухаангүй байдалтай харагдсан. Би хүүхдийн зүрхийг чагнуураар чагнахад зүрхний зогсолтгүй, хүүхэд хөхөрч нас барсан байдалтай байсан. Дараа нь нас барсан хүүгийн ээж Ж.О үзэхэд биеийн байдал хүнд хоёр хөл болон цээж хэсэг нь битүү гэмтэлтэй хөдөлж чадахгүй байдалтай байхаар нь гаднаас машинаас дамнуургаар эмнэлэгийн хүлээн авах руу оруулж ирсэн..., анхан шатны тусламж үзүүлсэн..., өвчтний амин үзүүлэлтүүд тогтворжсоны дараа Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны
08 дугаар сарын 13-ны өдрийн 567 дугаар: 1. Ж.О биед уушигны эдийн няцрал, цээжний хөндий дэх сул шингэн, хоёр талын ээрцэг яс болон зүүн талын суудал ясны хугарал, зүүн сүүжний дэлбэнгийн хугарал, баруун хөлний дунд чөмөгний ясны далд хугарал, хагалгааны дараах байдал, баруун эгэмний ясны хугарал, элэгний хальсан доорх цус хуралт, зүүн талын тавдугаар хавирганы хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, духанд шарх, дух, зүүн шанаа, сарвуу, бугуй, цээжний баруун талд зулгаралт, хуйх, баруу шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. 2. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. 4. Уушигны эдийн няцрал, цээжний хөндий дэх сул шингэн нь ГЗЗ-ын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хоёр талын ээрцэг яс болон зүүн талын суудал ясны хугарал, зүүн сүүжний дэлбэнгийн хугарал, баруун хөлний дунд чөмөгний ясны далд хугарал, хагалгааны дараах байдал, баруун эгэмний ясны хугарал нь ГЗЗ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь тус бүрдээ ГЗЗ-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 82-83 хуудас/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар: 1. Э.Т цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны баруун жигүүрийн олон сэлтэрхий үүсгэсэн салаалсан хугарал, их тархины хоёр талын бөмбөлгийн дагз хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, нүүрний зулгаралт, гуя тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинж гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн болон. 5. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач нь гавал толгойн битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орсноос нас баржээ гэх дүгнэлт /хх-ийн 60-61 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14 хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-20 хуудас/,
Эд зүйлийн үнэлэгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 104-114 хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140 хуудас/,
Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 143, 144, 146-149 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 3 дугаар багийн нутагт **-** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолооны үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг, мөн хуулийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас иргэн Э.Т амь насыг хохироосон, хохирогч Ж.Оюунсүрэнгийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Л.Мэндбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Энхбилэгийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Оюунсүрэнгийн... ...миний санахаар манай машин руу ачааны машин ирээд мөргөх шиг санагдаж байна..., миний талийгаач хүү миний өвөр дээр суугаад явж байсан...гэх, хохирогч Д.Э...зам тээврийн осол болж манай ач хүү Э.Т нас барсан хэрэгт талийгаачийн ээж Ж.О биеийн байдал хүнд байгаа учраас хохирогчоор оролцож чадахгүй болсон..., надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх, хохирогч Л.М...гэнэт нэг машин маш их хурдтай хөндлөн орж ирээд миний машинтай мөргөлдсөн гэх, гэрч Б.Ялалттөгсийн...миний сууж явсан машины урдаас хөндлөнгөөрөө шарваж орж ирээд мөргөлдсөн..., машины жолооч Мэндбаяр ах машинаасаа “чи ямар хурдан явдаг юм бэ” гээд хашгирсан чинь нөгөө жижиг машины жолооч машинаасаа жоохон хүүхэд тэвэрчихсэн бууж ирээд “100-120 км цагийн хурдтай” явж байсан гэж хэлээд миний хүүг авраач гэж хэлсэн...гэх, гэрч Б.Нарантуяагийн...эмнэлэг дээр очиж осолд орсон хүүхдийг харахад ухаангүй байдалтай харагдсан..., би хүүхдийн зүрхийг чагнуураар чагнахад зүрхний зогсолтгүй, хүүхэд хөхөрч нас барсан байдалтай байсан...., нас барсан хүүгийн ээж Ж.Оюунсүрэнг үзэхэд биеийн байдал хүнд хоёр хөл болон цээж хэсэг нь битүү гэмтэлтэй хөдөлж чадахгүй байдалтай байхаар нь гаднаас машинаас дамнуургаар эмнэлэгийн хүлээн авах руу оруулж ирсэн..., анхан шатны тусламж үзүүлсэн..., өвчтний амин үзүүлэлтүүд тогтворжсоны дараа Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн гэх мэдүүлэгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 567 дугаар дүгнэлтээр...Ж.Оюунсүрэнгийн биед уушигны эдийн няцрал, цээжний хөндий дэх сул шингэн, хоёр талын ээрцэг яс болон зүүн талын суудал ясны хугарал, зүүн сүүжний дэлбэнгийн хугарал, баруун хөлний дунд чөмөгний ясны далд хугарал, хагалгааны дараах байдал, баруун эгэмний ясны хугарал, элэгний хальсан доорх цус хуралт, зүүн талын тавдугаар хавирганы хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, духанд шарх, дух, зүүн шанаа, сарвуу, бугуй, цээжний баруун талд зулгаралт, хуйх, баруу шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. 2. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаар дүгнэлтээр... Э.Т цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны баруун жигүүрийн олон сэлтэрхий үүсгэсэн салаалсан хугарал, их тархины хоёр талын бөмбөлгийн дагз хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, нүүрний зулгаралт, гуя тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо...., талийгаач нь гавал толгойн битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орсноос нас баржээ гэх дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Э.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Э гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн амь нас болон бусад хохирогч нарын биед болоод эд хөрөнгөд хохирол учирсан байх ба хохирогч нар нь хохирлоо барагдуулан авсан бөгөөд цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн талаархи баримтыг хавтаст хэргийн материалд ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Э нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмаар хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө овогт Э.Э нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН