| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0146/Э |
| Дугаар | 00153 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 00153
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч С.Билгүүн,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц.Б т холбогдох 163/2018/0146/э индекстэй, эрүүгийн 1815001780154 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт засснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар ял хойшлуулж шийтгүүлж байсан гэх Ц. Б
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Б нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Эмээ, өвөөгийн оргил” нэртэй амралтын газарт иргэн С.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн орой 18 цаг өнгөрч байхад Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Эмээ, өвөөгийн оргил” нэртэй амралтын газарт 3 найзтайгаа караокед сууж байсан. Тэгээд дуу дуулаад сууж байтал Энхбат гэх залуу ирээд караокены цаг чинь дуусаж байна уу, өөр сул өрөө байна уу? гэж асуухад нь би хариуцсан хүн нь бишээ цаана чинь байгаа гэж хэлсэн. Надаас дахиад хүн нь хаана байна гэж асуухад нь яасан ядаргаатай юм бэ, өөрөө очоод уулзахгүй гэж хэлэхэд яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа намайг цонхоор юм хараад зогсож байтал Энхбат гэх залуу ирээд нуруун дээр цохисон. Эргэж хараад хэн бэ? чи гэхэд юу байна даа ах хүү, Гантулгын дүү нь байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар Гантулга гэж асуухад тантай хамт төмөр өргөдөг гээ биз дээ гэж хэлэхэд нь миний төмөр өргөнө үү, байна уу чамд ямар хамаатай юм бэ гээд зүүн хацар луу нь алгадаад авсан. Тэгэхэд тэр дотор байсан караокены эзэн өвөө болон манай найзууд ирээд салгаад гадаа гарсан. Энхбаттай хамт явж байсан залуу салгаад цаашаа аваад явсан. Цаашаа явж байхдаа намайг хэл амаар доромжлоод байхаар нь хашаа давж гүйж очоод нүд рүү нь цохисон. Зууралдаад байж байтал амралтын газарт амарч байсан хоёр эмээ ирээд боль гэж зууралдаад Энхбат бид хоёр шатанд тээглээд модон хашаа руу унасан. Би түрүүлж босоод хойшоо харахад 70 см-ийн өргөнтэй, 1 м гаруй урттай торон хашлага байсан бөгөөд тэрийг авч дээрээс нь шидсэн. Энхбатыг найз бүсгүй нь дээрээс нь дарж хэвтчихээд боль гээд байсан. Тухайн үед би хөл нүцгэн байсан бөгөөд Энхбатыг нүүр лүү нэг цохиу, үснээс нь үсдэж дарж байгаад цээж рүү өшиглөсөн. Энхбатыг цохьсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Билгүүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Зууралдаад байж байхад санамсаргүй шүд нь цохигдоод хугарсныг үгүйсгэхгүй байна. Нүүрэн дээр нь гутлын мөр гарсан байсан гэж мэдүүлээд байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ би Билгүүнийг цохисон бол үүнээс илүү гэмтэл учрах байсан. Прокурорын шатанд Энхбаттай уулзахад хохирол гомдолгүй гэж байсан. Харин хохирогч Билгүүнд 600000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Би хохирогч Энхбатыг шарандаа араас нь очиж зодсон нь миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн орой 18 цагт “Эмээ, өвөөгийн оргил” нэртэй амралтын газарт найз залуу, хэдэн найзуудтайгаа нийт 5-уулаа архи, пиво уугаад сууж байсан. Тухайн үед юу болсныг нүдээр хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Дараа нь найз залуу маань надад хэлэхдээ таньдаг ахынхаа найзтай таараад чи Гантулгын найз мөн биз дээ гэхэд яасан гэнээ, чи намайг ах хүү энэ тэр гэж доромжиллоо гээд цохиж зодсон байна лээ. Найз залуугаа удаад байхаар нь араас нь очиж явтал өөдөөс ирсэн. Царайг нь харахад нүүрэн дээр нь гутлын мөр гарчихсан, цус шүүрээд байсан. Тэгэхээр нь би юу болсон бэ?, яагаад хэрүүл маргаан хийгээд байгаа юм бэ? гээд байж байтал Ц.Б гэх том биетэй залуу араас ирээд ална шүү банди нар минь гээд хашааны цаанаас уурлаад байхаар нь найз залуу маань уучлаарай, агаа таныг барахгүй юм байнаа гэхэд нь Ц.Б юу гээд байгаа юм бэ? гэж уурлан хашаа даваад манай найз залууг хөөж очоод зодсон. Ц.Б ийн нэг найз нь бас араас нь гүйж очихоор нь салгах болов уу гэж хартал нийлж үсдэж аваад зодсон. Манай найз залуу бид хоёрыг түлхэж явсаар байгаад төмрөн хашаанд тулгасан. Тэр хоёр луу ойртож очих хүн байхгүй байсан. Шүүгдэгч Ц.Б нь Энхбат бид хоёрыг түлхэсээр байгаад хашаанд тулгасан. Тухайн үед Ц.Б уурлаж төмөр тор шидсэн үйлдсэн үйлдлээс болж надад хөнгөн хохирол учирсан. Дараа нь ирээд уучлалт гуйх болов уу гэхэд ерөөсөө ирж уучлалт гуйгаагүй. Одоо шүүгдэгчээс эмчилгээнийхээ зардлыг авчихвал өөр яриад байх зүйл байхгүй байна гэв.
1815001780154 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Гэрч Б.Э өгсөн: “...Би тухайн амралтын газарт караоке сулрах болж байгаа эсэхийг Ц.Б оос асуухад надаас хэрүүл өдсөн ба намайг цохьсон. Би Ц.Б т болъё уучлаарай гээд байр руугаа гүйсэн. Миний араас Ц.Б , Ариунболд нар ирж намайг нийлж зодсон. Энэ үед манай эхнэр салгах гэж байгаад Ц.Б т ам хэсэг рүүгээ цохиулсан. Мөн дээрээс нь хашаа шидэж биед нь гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,
Гэрч Н.О өгсөн: “...Гадаа хүмүүс орилолдох чимээгээр гарахад амралтын караокены байшингийн гадаа нэг том биетэй залуу, нэг туранхай биетэй залууг гараараа цохиж харагдсан. Тэр хоёрын дундуур нэг охин орж туранхай биетэй залууг хамгаалж, салгах гээд байсан..., яг цохьсон эсэхийг нь хараагүй. Хашааны төмөр өргөөд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,
Гэрч У.Л өгсөн: “...Энэ үед “Оргил” амралтанд амарч байсан залуучууд караокед орж ирээд нөгөө залуучуудтай бид дуулна гэж маргаан үүсгэсэн..., тэр үед том биетэй шар залуу гарч ирээд “Оргил” амралт руу хөөж борьж аваад зодоон болж 2-3 удаа цохиж, хашаа бариад ална гэж дайрсан..., хашаагаар хэн нэгнийг цохиогүй. Харин хашааг шидсэн боловч хэн нэгэн оногдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,
Гэрч Г.А өгсөн: “...Энхбат, Ц.Б нар барьцалдаад хашаа дараад уначихсан..., тэгсэн хажууд нь байсан төмөр торон хашлагыг өргөж байгаад тэр хоёр руу шидэх гээд байхаар нь би өөр газар руу шидүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаартай: 1.С.Билгүүний биед 21 дүгээр шүдний сурвалжийн хугарал, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар саринуулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 27 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-2 хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуудас/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-68 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт эмээ, өвөөгийн “Оргил” нэртэй амралтын газарт иргэн С.Билгүүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц.Б ийн...намайг цонхоор юм хараад зогсож байтал Энхбат гэх залуу ирээд нуруун дээр цохисон. Эргэж хараад хэн бэ? чи гэхэд юу байна даа ах хүү, Гантулгын дүү нь байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар Гантулга гэж асуухад тантай хамт төмөр өргөдөг гээ биз дээ гэж хэлэхэд нь миний төмөр өргөнө үү, байна уу чамд ямар хамаатай юм бэ гээд зүүн хацар луу нь алгадаад авсан..., намайг хэл амаар доромжлоод байхаар нь хашаа давж гүйж очоод нүд рүү нь цохисон..., Энхбатыг цохьсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Билгүүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Зууралдаад байж байхад санамсаргүй шүд нь цохигдоод хугарсныг үгүйсгэхгүй байна..., хохирогч Билгүүнд 600000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Би хохирогч Энхбатыг шарандаа араас нь очиж зодсон нь миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх, хохирогч С.Билгүүний...тухайн үед Ц.Б уурлаж төмөр тор шидсэн үйлдсэн үйлдлээс болж надад хөнгөн хохирол учирсан. Дараа нь ирээд уучлалт гуйх болов уу гэхэд ерөөсөө ирж уучлалт гуйгаагүй. Одоо шүүгдэгчээс эмчилгээнийхээ зардлыг авчихвал өөр яриад байх зүйл байхгүй байна гэх, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Оюунцэцэгийн...орилолдох чимээгээр гарахад амралтын караокены байшингийн гадаа нэг том биетэй залуу, нэг туранхай биетэй залууг гараараа цохиж харагдсан. Тэр хоёрын дундуур нэг охин орж туранхай биетэй залууг хамгаалж, салгах гээд байсан гэх, гэрч У.Лувсандагвын...тэр үед том биетэй шар залуу гарч ирээд “Оргил” амралт руу хөөж борьж аваад зодоон болж 2-3 удаа цохиж, хашаа бариад ална гэж дайрсан гэх, гэрч Г.А...Э, Ц.Б нар барьцалдаад хашаа дараад уначихсан..., тэгсэн хажууд нь байсан төмөр торон хашлагыг өргөж байгаад тэр хоёр руу шидэх гээд байхаар нь би өөр газар руу шидүүлсэн гэх мэдүүлэгүүд, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаартай дүгнэлтээр...С.Б биед 21 дүгээр шүдний сурвалжийн хугарал, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..., эрүүл мэндийн түр хугацаагаар саринуулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи баримтаа ирүүлээгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б нь хохирогчид хохирол төлбөрт 100000 төгрөг өгсөн гэх ба хэн аль нь маргаагүй байх бөгөөд 2018 оны 12 дугаар сард 500000 төгрөгийг хохирогчид төлөхөөр тохиролцсон гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б нь эмчилгээний зардалд 2030000 төгрөг нэхэмжилж байгаа боловч дээрхи ирүүлсэн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлын баримт гэж үзэх үндэслэлгүй байх ба ирээдүйд хийгдэх эмчилгээний зардлын талаархи эмчийн тодорхойлолт гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Ц.Б т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Ц.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б оос 500000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч С. Б олгож, хохирогчийн нэхэмжилсэн 2030000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН