| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0155/Э |
| Дугаар | 00158 |
| Огноо | 2018-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 00158
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр,
улсын яллагч Ц.Сувдаа,
шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самбуудаваагийн А холбогдох 163/2018/0155/э индекстэй, эрүүгийн 1815002280160 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил, 1 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 жил, 1 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар 3 жил, 5 сарын хорих ял оногдуулсан, З овогт С.А
Холбогдсон хэргийн талаар:
С.А нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Н.Б зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй гэв.
1815002280160 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Н.Б ийн өгсөн: “... Би 2018 он 07 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед энхэр И.Баттүвшин, хүү Б.Одсар, Б.Тэмүүлэн, хадам эгч Г.Дуламсүрэн нарын хамт Орхон аймгаас Ар булагийн амралтын хойшоо жимс түүхээр явсан. Хангай амралтын газрын хажуугаар уул руу өгссөн замаар явахад жалганаас 1 хүн гараараа дохиж зогсоосон. Тэрээр намайг хаачих гэж байгааг асуусан. Харин би жимсэнд явж байгаагаа хэлэхэд уул руу хүн оруулдаггүй гэж хэлсэн..., удалгүй хойноос цагаан өнгийн машинтай нөгөө ах, 2 залуугийн хамт дайрчих шахам ирээд зогссон. Би машиныг нь жолоодож явсан 30 орчим насны залууг дайрлаа шүү дээ, ямар ширүүн явдаг юм гэхэд тэрээр би мэдэж байна гэж хэлсэн. ... Ингээд маргалдаад байж байхад манай эхнэр утсаараа бичлэг хийх гэтэл нөгөө машин жолоодож байсан залуу манай эхнэрийн утсыг булаасан. ... Тэгтэл тэр залуу намайг хэл амаар доромжилсон. ... Маргалдаж байтал нөгөө машин жолоодож байсан залуу миний нэг гарыг барьсан, нөгөө нэг нь миний нүд рүү 2-3 удаа цохьсон. Би тэднийг тавиулах гээд ноцолдоход намайг газар унагасан. Үүний дараа нөгөө залуу миний дээр суугаад нүүр, толгой руу цохиод байсан. ... Машин жолоодож явсан залуу нүүр рүү 2-3 удаа, мөн нүүр рүү цохьсон. Газар унагасаны дараа миний дээр суугаад нүүр, толгой руу цохьсон. Харин настай ах миний толгой, нуруу руу цохиод байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуудас/,
Гэрч И.Баттүвшингийн өгсөн: “... Машинаас гурвуулаа бууж ирээд ямар учраас зугтах гээд байна гээд хэл амаар доромжилсон. ... Нөхөр болон цагаан цамцтай залуу нар өөр хоорондоо түлхэлцэж байтал нөгөө сахалтай өндөр ах шууд манай нөхрийн толгой руу цохьсон. Нөгөө цагаан цамцтай залуу нөхрийн маань гарыг барьж тэвэрч, энэ үед нөгөө ах нүүр, толгой руу нь цохиод байсан. Нөгөө ах нөхрийг маань гараараа машины цонх руу шахаж, нөгөө залуу нүд рүү нь гараараа хатгах гээд дайраад байсан. Би болиулах гэхэд нөхрийг маань газар унагаад цагаан цамцтай залуу дээр нь суугаад цохиод байсан. Харин нөгөө сахалтай ах өшиглөөд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуудас/,
Гэрч Г.Дуламсүрэнгийн өгсөн: “... Намайг харахад туранхай залуу нь манай дүү Н.Б тэй зууралдаад зогсож байснаа шууд цохьсон. Ингээд л ноцолдоод эхэлсэн бөгөөд энэ үед нөгөө сахалтай ах шууд манай дүүгийн толгой руу цохьсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 169 дугаар шинжээчийн дүгнэлтээр: 1.Н.Б ийн биед зүүн ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хуучин хугарал, баруу нүдний алим, баруун доод зовхи, духанд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, баруун сарвууны ар хэсэг, нуруу, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 31-32 хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/,
Шийтгэх тогтоолын хуулбар, магадлалын хуулбар хх-ийн 54-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.А нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Н.Б зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч С.Алтангэрэлийн холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч С.А хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Н.Б д 1000000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт С.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогчид 1000000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН