Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01659

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01659

 

 

К.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/01235 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч К.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч БМ ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, 2020 оны 8 дугаар сараас хойшхи нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Миний бие 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Гэвч 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн БМ ХХК-ийн захирлын №Б-50/22 дугаар бүхий хөдөлмөрийн харилцааг цуцлах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар К.Г- намайг ажлаас үндэслэлгүй халсан. К.Г- миний бие ажлын байранд болон амралтын байранд бусадтай муудалцаж байгаагүй. Мөн тушаалд дурдсан дотоод журам, ажилтны ёс зүйн журмыг зөрчсөн гэж үзсэн бөгөөд уг журамтай танилцуулаагүй. Би эрхэлсэн ажлаа сайн хийж, шударга ажиллаж байсан бөгөөд ажил олгогчийн зүгээс хууль зөрчиж байгааг нийт ажилтнуудын хуралд илтгэсний төлөө ажлаас хууль бус халсан гэж үзэж байна. Мөн ажлаас халсан тушаалд ямар зөрчил гаргасан, хүнийг гутаан доромжилсон зэрэг ач холбогдолтой нөхцөл байдлыг тусгаагүй. Урьд сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ямар зөрчил гаргасан талаар танилцуулж байгаагүй, зөрчил гаргасан хэмээн хуурамч дүр зургийг үзүүлсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад зөрчил гаргасан үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулсан талаар урьд гаргасан гүйцэтгэх захирлын тушаал байгаа тохиолдолд түүнийг хүчингүй болгуулахаа илэрхийлж байна. Ажилтан дахин сахилгын ямар зөрчил гаргаснаас түүнийг халах болсон эсэхийг ажилтныг ажлаас халсан тушаалд ялгаж, салгасан зүйлгүй, ойлгомжгүй тушаал гарсан тул 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б-50/5022 тоот тушаалыг хууль бус гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

К.Г- нь 2021оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б-3438/21 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатайгаар, 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Гэвч дахин зөрчил гаргасан тул 2022 оны Б-50/22 тоот тушаааар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ийнхүү компанийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг давтан гаргасан тул ажлаас халсан бөгөөд энэхүү шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ажилтны гаргасан зөрчил нь Уурхайн кемпэд мөрдөх журмын 4.1, 4.3, 5.1.6 болон Ажилтны ёс зүйн журмын 5.3, Дотоод журмын 4.2.8-д заасныг тус тус зөрчсөн. К.Г- нэхэмжлэлдээ урьд нь сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ямар зөрчил гаргасан талаар танилцуулж байгаагүй, зөрчил гаргасан хэмээн хуурамч дүр зургийг үзүүлсэн байна гэсэн. Тухайн үед хариуцсан хүний нөөцийн мэргэжилтэн нь тушаалыг танилцуулахад хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд гарын үсэг зураагүй байсан. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан талаар компанийн хууль зүйн хэлтсийн захирлын дугаар руу янз бүрийн мессэж бичиж байснаас харахад зөрчил гаргасан талаар танилцуулж байгаагүй, мэдээгүй гэдэг нь худлаа болох нь батлагдаж байна. Ийнхүү компанийн дотоод журмын 8.3.12, 8.3.16-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан. Мөн К.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 17.6, 17.20.1, 17.25-д заасан ноцтой зөрчлийг тус тус гаргасан. Ийнхүү компанийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан, өмнө нь гаргасан зөрчилөө давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Компанийн зүгээс туршлагатай ажилтнаа үргэлжлүүлэн ажиллуулахыг хүссэн боловч зөрчлөө удаа дараа гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээр дурдсан үндэслэлээр К.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан К.Г-ийг БМ ХХК-ийн Уулын ашиглалтын хэлтэст Дампын оператор 1500/7/-ын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин олговорт 4,642,660 төгрөгийг хариуцагчаас гаргуулан К.Г-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг, нэхэмжлэгч К.Г-ийн 2020 оны 08 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид тус тус даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 89,233 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

К.Г-т БМ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б-3438/21 тоот тушаалаар ажилтны ёс зүйн журам, уурхайн кемпэд мөрдөх журмыг зөрчсөн зөрчлийг удаа дараа гаргасан тул үндсэн цалинг 1 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. К.Г- нь сахилгын зөрчил гаргаагүй, мэдээгүйг үгүйсгэх баримт хэрэгт авагдсан. Хэрвээ сахилгын шийтгэл авснаа хүлээн зөвшөөрөхгүй байсан бол тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн хуулийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлоо гаргах эрхтэй байсан боловч гомдлоо гаргаагүй нь уг зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно. Гэтэл шүүхийн шийдвэрт К.Г- нь энэхүү тушаалын үндэслэл болсон зөрчлийг гаргасан нь бүрэн нотлогдохгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. К. Гавъяацэцэгийн хөдөлмөрийн гэрээг БМ ХХК-ийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б-50/22 дугаар тушаалаар цуцалж, ажлаас халсан. Ажлаас халах гол үндэслэл нь ноцтой зөрчлийг давтан гаргасан үйлдэл нь юм. Өөрөөр хэлбэл ажилтны ёс зүйн хэм хэмжээ, кемпэд мөрдөх журмыг зөрчиж 2021 оны 10 дугаар сард сахилгын шийтгэл авсан атлаа уг зөрчилдөө дүгнэлт хийхгүй дахин сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан. Сүүлд гаргасан ёс зүйн зөрчил нь Комацу албаны хамт олны хурлын протокол, ажлаас чөлөөлөх тухай Хүний нөөц, сургалт хөгжлийн хэлтэс болон Хууль зүйн хэлтэст гаргасан санал, кемп админ Г.Баасанжавын тайлбар, ахлах бүртгэлийн ажилтан Ц.Агиймаагийн тайлбараар нотлогдож байхад шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүйг хүлээн зөвшөөрөхгүй. Зөрчил гаргасан ажилтан хамт олны хурал болох үед ажлаа хаяж уурхайгаас явсан байсан тул оролцуулах боломжгүй байсан, энэ талаар өөрт нь утсаар болон биечлэн танилцуулахад хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй гэснийг шүүх хуралдааны үед тайлбарласан боловч үл хэрэгссэн. Зөрчил гаргасан ажилтан зөрчлөө хүлээн зөвшөөрдөггүй, энэ талаарх баримтууд дээр гарын үсэг зурдаггүй нь ажил олгогч болон ажилтны маргааны үед гардаг нийтлэг үзэгдэл бөгөөд ажил олгогч ажилтнаар хүчээр гарын үсэг зуруулах боломжгүйн зэрэгцээ ажилтны зөвшөөрөлгүй бичлэг хийж баримтжуулах зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл болно. Гэхдээ К.Г-ийн зөрчил нь бусад баримтаар хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзэхгүй, нэг талыг баримталж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгасан. БМ ХХК нь Ковид-19 цар тахлын улмаас тогтоосон хөл хорио, хилийн хориг зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас санхүүгийн хүндрэлд орж нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр үүсч хуваарийн дагуу төлж байгаа. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн гэрээгээр эрх үүрэг эдэлж байгаа ажил олгогч нь тушаалын үндэслэх хэсэгт тусгасан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг ажил олгогч нотлох үүрэгтэй. Тус үүргээ биелүүлээгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч К.Г- нь хариуцагч БМ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, 2020 оны 08 дугаар сараас хойшхи нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч талаас Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчлийг давтан гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Хариуцагч БМ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №Б-50/22 дугаартай тушаалаар хамтран ажиллагсадтайгаа зүй бус харьцаж, хэрүүл хийн, хэл амаар доромжилж, ажилтнуудын хувийн байдал болон гэр бүлийн байдлыг нь гутааж доромжлох зэргээр хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөх ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан, ажил олгогч ажилтны хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээ, цалин хөлсийг тохиролцох үед бусдыг өдөөн турхирч, өөрт хамааралгүй асуудалд хөндлөнгөөс оролцон хууль бусаар нөлөөлөхийг оролдсон, кемпээс хуваарилсан орон сууцнаас бусдыг хөөн дураараа аашилж, бусдын эрх, эрх чөлөөнд компанийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

3. Дээрх тушаалын үндэслэлд дурдсан компанийн дотоод журмын 8.2, 8.3.12, 8.3.16, 8.3.20, Ажилтны ёс зүйн журмын 4.1, 5.3, Хөдөлмөрийн гэрээний 17.6, 17.20.1-д заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэдгийг хуульд заасан шаардлага хангасан, үндэслэл бүхий баримтаар хариуцагч талыг нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

 

3.а. Мөн хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б-3438/21 дугаартай тушаалаар нэхэмжлэгчид үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргаж байгаагүй, ийм тушаал гаргасныг мэдээгүй, гардуулж өгөөгүй гэснийг хариуцагч талаас нотлох баримтаар няцаагаагүй буюу түүнийг уг зөрчлийг гаргасан гэдгийг хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаар нотлоогүй гэж үзсэн нь үндэслэл бүхий байна. Тодруулбал, нэхэмжлэгчийг зөрчил гаргасан талаарх, хэргийн оролцогч бус этгээдүүдээс хариуцагч компанид өгсөн тайлбар, мейлээр бичсэн мэдээллийн болон гар утасны мессежний хуулбар, нэхэмжлэгчийг оролцуулалгүй хийсэн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Комацу HD1500/7 албаны хурлын тэмдэглэлүүд зэргийг хангалттай, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтууд гэж үзэх боломжгүй.

 

3.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын зарчимд үндэслэгддэг. Өөрөөр хэлбэл, ажилтны гаргасан зөрчил бүрийг шалган тогтоосон гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу хуулбар баримтуудыг нотариатаар гэрчлүүлж өгөх, цахим баримтуудад үзлэг хийлгэх, гэрч асуулгах зэргээр нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах зэрэг эрхээ эдлэх боломжтой байсан.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2022/01235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,233 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ