Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 00151

 

   Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Ө.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0144/Э индекстэй, 1815000000150 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 04  дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд  төрсөн, 25 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой , мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 9, аав, ээж, дүү нарын хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг 1-9-18 тоот  оршин суух, Урьд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулсаныг 1 жилийн хугацаагаар хойшлуулан шийтгүүлж байсан гэх Б овогт Ө.С

Холбогдсон хэргийн талаар:

Ө.С нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 10 дугаар сарын 06-ны орой Булган аймгийн Бүрэгхангай сумын 4-р багийн нутагт Хөвсгөл аймгийн харъяат иргэн Ө.Сэзэмшлийн **-**ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.С ын өгсөн: Улаанбаатар хотоос ах болон ажилчдын хамтаар Булган аймгийн Бүрэгхангай сум руу явсан. Замдаа ах эхнэрээрээ машинаа бариулаад, би ч бас машинаа эхнэрээрээ бариулаад замдаа ажилчдын хамтаар архи ууж явсан. Ах маань надад **-**ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг надад өгсөн. Тэгэхдээ миний цалингаас машины үнийг суутгад авчихна, ав гэж өгсөн байсан. Бүрэгхангай суманд ажиллаж байхдаа надад болон ажилчдад цалин мөнгөө өгөхгүй байсан. Тэгэхээр нь би хүнд өртэй юм, мөнгийг нь өгөхгүй бол надаас нэхээд хэцүү байна. Машинаа аваад миний цалинг өг гэхэд бидний хооронд маргаан болсон. Орой нь машиныг нь аваад сумын төвөөс 20 км зайтай явж байтал бензин нь дуусаад зогсож байтал цагдаа ирээд аваад явсан гэв.

 

1815000000150 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ө.С өгсөн:...мөнгөө өгөөд машинаа ав гэж хэлээд миний ногоон өнгийн **-**ДАР улсын дугаартай аксент маркийн машиныг унаад Бямбадорж, Отгонжаргал хоёртой хамт яваад өгсөн. Тэгэхээр нь би Бүрэгхангай сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/,

Гэрч Г.Батцэцэгийн өгсөн:...бидний маргаан нь ажлын цалин хөлснөөс болсон. Тэгтэл нөхрийн дүү та машинаа өгч чадахгүй юм бол миний цалинг өгөөд машинаа ав гэж хэлсэн. Манай нөхөр бид 2 маргааш болъе одоо банк хаалттай байна гэсэн. Тэгээд нөгөө хэд тэгвэл бид нар ажиллахгүй одоо хот явлаа гээд шууд миний машинийг унаад гараад явсан. Миний машин **-**ДАР гэсэн аксент маркийн ногоон өнгийн машин байсан. Та мөнгөө өгөөрэй гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд бид 2 машинаа алдсан талаар дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/,

            Гэрч О.Отгонжаргалын:...Би нөхөр С хамт хувиараа барилгын засварын ажил хийдэг. Одоо Булган аймгийн Бүрэгхангай сумын төвд Догсом гэдэг хүний мансарттай 2 давхар блокон байшингийн гадна талын пасатны засварыг хийж байна. Бид нар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн нөхөр С , төрсөн ах Сэдэвдорж түүний эхнэр гэх Батцэцэг, хамаатны ах Гансүх, дүү нь Батдорж , миний төрсөн дүү Бямбадорж нарын хамт Улаанбаатар хотоос өглөө 10-н цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сум руу засварын ажиллаа хийж гүйцэтгэхээр гарсан. Тэгээд сумын төв орох замд дугуй хагараад түүнийгээ солих гээд зогсож байсан. Тэр үед би ууж байсан ундааныхаа савыг цонхоор шидсэн чинь хажуугаар өнгөрч байсан машиний урд талын цонхыг цохисон юм шиг байна лээ. Тэгтэл нөгөө машиний жолооч гэх залуу бууж ирээд та нар жаахан соёлтой бай л даа гэж хэлэхэд нь би болон манай нөхөр уучилалт гуйсан. Тэгтэл манайхны хэн нэг чи одоо юу нь сүртэй юм бэ гэж хэлсэн чинь нөгөө залуу та нар зүгээр байгаарай банди нар минь гэж хэлчихээд та нар согтуу байж юу яриад байгаа гэсэн тэгээд яваад өгсөн. Тэгээд бид нар 22 цагийн үед Бүрэгхангай сумын төвд орж ирээд шууд нөгөө засвар хийж байсан байрандаа очсон. Тэгтэл бид нарын дунд ажлын цалин хөлснөөс болж хоорондоо маргалдсан. Тэр үед Сэдэвдорж хамаатны ах Гансүх, Батдорж миний төрсөн дүү Бямбадорж нар нь 0.5 тай Хараа нэртэй 1 шил архи, 2 том пиво мөн авсан байсан тэрнийгээ ууцгаасан…Тэр үед манай нөхөр та машинаа өгч чадахгүй юм бол миний цалинг өгөөд машинаа ав гэж хэлсэн чинь маргааш больё одоо банк хаалттай байна гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр шууд машиныг нь аваад буцаад хот явъя гээд сумын төвөөс 20 орчим км цаана бензин нь дуусаад тэндээ байж байсан чинь цагдаа ирээд аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,

            Гэрч Б.Гансүхийн:...С , С хоёр нь хоорондоо цалин хөлснөөс болж маргасан. Дүү Ө.С нь надад одоо 600000 төгрөг олж өг. Би энэ машиныг авахгүй. Хэрэв цалин өгч чадахгүй бол машиныг чинь аваад явлаа гээд хэрэлдээд байсан. Тэгээд би утсаар ярьчихаад гараад иртэл Ө.С түүний эхнэр Отгонжаргал, Бямбадорж нар нь алга байсан. Мөн нөгөө машин бас байхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-иийн 16 хуудас/,

            Гэрч Б.Батдоржийн: ...Би тэр үед бие засчихаад гараад иртэл Сэдэвдорж, Ө.С нар хоорондоо цалин хөлснөөс болоод маргаж байсан. Дүү Ө.С нь та надад одоо 600000 төгрөг олж өг. Би энэ машиныг авахгүй. Хэрэв цалин өгч чадахгүй бол машиныг чинь аваад явлаа гээд хэрэлдээд байсан нь намайг гэрт сууж байхад сонсогдоод байсан. Тэгээд намайг гэрт дулаацаад сууж байхад Ө.С түүний эхнэр Отгонжаргал, Бямбадорж нар нь нөгөө ногоон өнгийн аксент маркийн машиныг нь унаад явчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

Гэрч О.Бямбадорж: ...Сэдэвдорж, Ө.С нар хоорондоо цалин хөлснөөс болоод маргаж байсан..., цалин өгч чадахгүй бол машиныг чинь аваад явлаа гээд хэрэлдээд байсан..., тэгээд машиныг унаад явсан..., бензин дуусаад хээр зогсож байтал үүрээр цагдаа ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-29 хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 хуудас/,

шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-44 хуудас/ зэрэг бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.С  нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны орой Булган аймгийн Бүрэгхангай сумын 4-р багийн нутагт Хөвсгөл аймгийн харъят иргэн Ө.Сэдэвдоржийн эзэмшлийн **-**ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэх хууль зүйн факт, үйл баримт болжээ.    

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.С ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ө.Сэдэвдоржийн мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Г.Батцэцэг, О.Отгонцэцэг, Б.Гансүх, Б.Батдорж нарын мэдүүлэг 2018 оны 06 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Ө.С ыг бусдын автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ө.С т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ө.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ө.С ыг бусдын автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн  төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ө.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.    

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14  хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН