Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01658

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01658

 

 

УБК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01397 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч УБК ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Б-, Г.Д- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 722,848,505 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч К.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр УБК ХХК нь Э.Б-, Г.Д- нартай байгуулсан ЗГ2020/01-2401 тоот зээлийн гэрээгээр 370,000,000 төгрөгийг сард 3 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр Э.Б-, Г.Д- нарын 3 хүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста Зайсан гудамж 804 байрны 00 тоотхаягт орших орон сууцны зориулалттай 152м.кв талбайтай, 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалан БГ2020/01-2401 тоот барьцааны гэрээ үйлдэн талууд гарын үсэг зурж баталгаажуулан олгосон. Уг гэрээний дагуу зээлдэгч Э.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр үндсэн зээлийн төлбөрт 370,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 103,932,979.05 төгрөг, нийт 473,932,979.05 төгрөгийг төлж барагдуулсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 492 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Э.Б-д удаа дараа зээлийн төлөлт төлөхийг сануулж мэдэгдэх болон шаардах хуудас зэргийг хүргүүлж байсан бөгөөд шаардлагыг хүлээж авсан ч төлөлт хийгээгүй. Иймээс зээлийн төлбөр 369,998,555.19 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 722,848,505 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:

Ковидын улмаас үүссэн нөхцөл байдлын улмаас зээлдэгч амаар, утсаар хүсэлт тавьж байсан ч УБК ХХК нь Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүй буюу хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй, зээлдэгч талтай харилцан тохиролцоо хийгээгүй. Энэ үйлдэл нь зээлдэгчийг илүү өр төлбөрт оруулах хүү, алданги тооцуулж хохироож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 563,680,693.47 төгрөгийг сарын хугацаанд төлөхийг зөвшөөрнө. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 460 өдрийн нэмэгдүүлсэн хүү буюу 50,713,636.72 хүлээн зөвшөөрөх боломжгүй, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан тул хүү шаардах эрхгүй, шүүхэд хандсанаар нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр барьцаа хөрөнгийн үнэлгээ 620,000,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1 тэрбум гаруй төгрөг болсон, харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 563,680,693.47 төгрөг буюу даруй 2 дахин бага байгаа, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн тул барьцаагаар үүрэг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг эс зөвшөөрч байна. Хариуцагч Э.Б- нь УБК ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа Э.Б-, Г.Д-, Б.Э- нарын 3 хүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста Зайсан гудамж, 804 дугаар байрны 00 тоотхаягт байрлах, орон сууцны зориулалттай, 152 м.кв талбайтай, 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч Э.Б- нь зээл төлөөгүйн төлөө 3 хүний өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь бусад өмчлөгчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчихөөр байна. Гуравдагч этгээд Б.Э- нь 11 настай хүүхэд бөгөөд одоогоор тухайн барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста Зайсан гудамж, 804 дугаар байрны 00 тооторон сууцанд өөрийн эцэг, эхийн хамт амьдран суудаг. Гэтэл нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хуулиар олгосон хүүхдийн эрхийг ноцтой зөрчих, Б.Э-ий амьдрах, өсөх, хөгжих, хамгаалуулах зэрэг эрх, амьдралын наад захын хэрэгцээг хязгаарлахаар байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Б-гаас 639,136,946 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УБК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 83,711,559 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Э.Б-, Г.Д-, Б.Э- нарын өмчлөлийн Ү-2206037072 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 804 дүгээр байрны 00 тоотхаягт байршилтай, 152 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,754,272 төгрөгийн 700,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 3,3423,835 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УБК ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

ББСБ төлбөрийг, нэмэгдүүлсэн хүү, гэсэн дарааллаар тооцож авсан нь хууль зөрчсөн байхад шүүх энэ талаарх нотлох баримтыг үнэлээгүй. Хариуцагчийн зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 90,000,000 төгрөгийг авснаа зөвшөөрч байна. Харин тус зээлийн гэрээний дагуу тогтоосон хүү нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, зээлийн хүүг багасгаж тогтоохыг хүссэн. ББСБ-аас хариуцагчийн зээлийн хугацаа хэтэрсэн нөхцөл байдал, төлбөрийн чадварыг үл харгалзан хариуцагчийн төлсөн 61,358,007 төгрөгийг үндсэн зээлээс тооцон суутгаагүй. Ийнхүү хариуцагчийн төлсөн төлбөр үндсэн зээлийн төлбөрөөс хасагдаагүй тул зээлийн хүү үргэлжлэн тооцсон. Ийнхүү үүрэг гүйцэтгэх дарааллыг ББСБ дангаар тогтоож, хүүгийн төлбөр шаардаж байгаа нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Харин хариуцагчийн зүгээс нэмэгдүүлсэн хүү болох үндсэн зээлийн үлдэгдэл болох 563,680,693.47 төгрөгийг сарын хугацаанд төлнө гэдгээ илэрхийлсэн. Засгийн газрын Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" №62 дугаар тогтоол 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гарсан ба 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл бэлэн байдлын зэрэгт байсан. Энэ хугацаанд удаа дараа хатуу хөл хорио тогтоосон мөн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор зарим чиглэлээр үйл ажиллагааг явуулах боломжгүй байсан. Энэхүү нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Б ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №02/700 дугаарт Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгосон байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх баримтад зээлийн гэрээ тусгагдаагүй байна хэмээн хэргийг эцэслэн шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр барьцаа хөрөнгийн үнэлгээг 620,000,000 төгрөгөөр тогтоосон өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1 тэрбум гаруй төгрөг болсон. Харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 563,680,693.47 төгрөг буюу даруй 2 дахин бага байгаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн тул барьцаагаар үүрэг хангуулах шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчилж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Зээлдэгч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан, тухайн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Тухайн зээлийг иргэн Э.Б- авсан бөгөөд Батуконстракшн ХХК зээл аваагүй. Анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийсэн. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрсөн бөгөөд нэхэмжлэгчээс шалтгаалсан ямар нэгэн нөхцөл байхгүй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч УБК ХХК, хариуцагч Э.Б-, Г.Д- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 369,998,555.60 төгрөг, зээлийн хүүд 179,368,521.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 54,241,541.88 төгрөг, нийт 722,848,505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлээс 563,680,693.47 төгрөгийг зөвшөөрч, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцжээ.

 

2. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр УБК ХХК нь Э.Б-, Г.Д- нартай байгуулсан тоот зээлийн гэрээгээр 370,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, Э.Б-, Г.Д-, Б.Э- нарын 3 хүний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206037072 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста Зайсан гудамж 804 байрны 00 тоотхаягт орших орон сууцны зориулалттай 152 м.кв талбайтай, 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаасан нь нотлогджээ. /хх 8-12/

 

3. Хариуцагч нар нь зээлийн хүүд 23,167,711 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 29,808,746 төгрөгийг төлсөн тухай нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооллын талаар талууд маргаагүй байна. /хх 54-55/

 

4. Зохигчдын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээнд зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх эсэх, уг хүүг ямар хэмжээгээр төлөх талаарх 1995 оны Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасны дагуу талууд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тогтоож тохиролцон тогтоогоогүй байх тул нэхэмжлэгчийг хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.

 

4.а. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийг нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж үзнэ.

 

5. Үүрэг гүйцэтгэх дарааллыг тодорхойлсон Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагч нарын зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүүд төлсөн 29,808,746 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 369,998,555 төгрөгөөс хасч тооцоход, 340,189,809 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүд төлсөн 23,167,711.28 төгрөгийг гэрээгээр тохиролцсон нийт хүү 103,932,979 төгрөгөөс хасч тооцоход төлбөл зохих хүү 80,765,268 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдлээс нь нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцоход 16,153,053 төгрөг, нийт 437,108,130 төгрөгийн тооцоо гарч байна.

 

5. Хариуцагч талаас нийт 563,680,693 төгрөгийг төлөх талаар тайлбар хийж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүд, талуудын зарчимд нийцэх тул хариуцагч нарын нийт төлөх үүргийг зөвшөөрсөн дээрх хэмжээгээр тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Э.Б-, Г.Д- нарыг тодорхойлж, шүүхээс тэдгээрт холбогдуулан иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч Г.Д-ий нэрийг орхигдуулсан байх тул нэмж оруулах нь зүйтэй.

 

7. Хариуцагч талаас 1 сарын хугацаанд төлбөрийг төлнө гэсэн тайлбар нь анхан шатны шүүхийн шийдвэрт заасан барьцааны хөрөнгөөр зээл төлүүлэх тухай хэсгийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд насанд хүрээгүй гуравдагч этгээд Б.Э-ийг төлөөлж түүний хууль ёсны асран хамгаалагч болох эх Г.Д- нь гарын үсэг зурсан тул хүүхдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзнэ.

 

8. Хариуцагч талаас зээлийн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй шалтгаанаа Бату констракшн ХХК нь бизнесийн үйл ажиллагаа цар тахлын улмаас алдагдсантай холбож тайлбарласан үүргээс чөлөөлөх үндэслэл биш бөгөөд хариуцагчийн уг татгалзал хамаарал бүхий нотлох баримтгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01397 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Э.Б-гаас гэсний өмнө Г.Д- гэж нэмж, 639,136,946 гэснийг 563,680,693 гэж, 83,711,559 гэснийг 159,167,812 гэж өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын хариуцагчаас 3,3423,835 гэснийг хариуцагч нараас 2,976,353 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 605,431 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ