2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2026/00599

 

 

 

 

 

 

 

 

2026 01 13 192/ШШ2026/00599

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:*-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*,

Хариуцагч:*-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 29,994,015 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч * ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *, * нар нь 2024 оны 09-р сарын 12-ны өдөр * ББСБ ХХК-тай * дугаартай зээлийн гэрээ байгуулж, 27,200,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн.

Зээлийн барьцаанд 5549УКС улсын дугаартай *арлын дугаартай * маркийн хар өнгийн суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг барьцаалан * тоот фидукцийн гэрээ байгуулсан.

Хариуцагч *, * нар нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 2,497,831.49 төгрөг, зээлийн хүүнд 6,396,429.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,949.88 төгрөг буюу нийт 8,905,210.60 төгрөг төлсөн байна. Хариуцагч *, Б * нар нь зээлийн гэрээний үүргээ 2025 оны 2 дугаар сараас эхэлж зөрчсөн. Хариуцагч *, * нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийн удаа дараа сануулан утсаар холбогдож байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй.

Хариуцагчийн зээл, зээлийн хүүний төлбөр шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 24,702,168.51 төгрөг, зээлийн хүү 5,224,294.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,552.35 төгрөг нийт 29,965,015.26 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч *, * нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 29,965,015.26 төгрөг, нотариатын зардал 29,000 төгрөг нийт 29,994,015.26 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг 2025 оны 02 сараас эхлэн зөрчиж, эргэн төлөх хуваарийн дагуу төлөлгүй гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн. Иймээс үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар хариуцагч нараас үндсэн зээл 24,702,168.51 төгрөг, зээлийн хүүд 5,224,294.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 48,552.35 төгрөг, нийт 29,965,015.26 төгрөг дээр нотариатын зардал 29,000 төгрөгийн хамт нийт 29,994,015.26 төгрөгийг нэхэмжилж байна.

*той 27,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад сар болгоны 02-ны өдөр хуваарьт төлөлттэй байсан. Энэ хүн эхний саруудад гэрээнд заасан графикийн дагуу төлөөд явж байсан байна. Хугацаа хэтэрсэн үед зээлдэгчид төлбөрөө төлөхийг хэлж шаардахгүйгээр хугацаагаа хэтрүүлээд явж л байг, хүү нь өсөж байг гэж манай байгууллага огтоосоо ханддаггүй. Яагаад гэвэл гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх, зээлийн багцын чанарыг сайжруулах үүднээс зээлээ төлөхийг удаа дараа сануулсан. Нэг хоёр удаадаа 15 хоног хэтэрвэл урьдчилсан байдлаар сануулга өгч өөртэй нь холбогддог, мэдэгдэл өгдөг. Үүнийг * өөрөө мэдэж байгаа. Би хэд хэдэн удаа холбогдоход эхнэр төрөх гээд хэцүү байна, танайх түр хүлээж байгаарай, цалингийн орлого орж ирэхгүй байгаа учраас мөнгөө орж ирэхээр өгье гэж хэлж байсан. Автомашиныг аваад зар гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Би нялх нойтон хүүхэдтэй учраас автомашин хэрэгтэй байна гэж хэлж байсан тул амьдраад ахуйд нь хэрэг болох байдлаар уян хатан байдлаар харъя гэж бодсон. Хамгийн сүүлд * 05 сарын 12-нд төлөлт хийснээс хойш сүүлийн 6,7,9 сард төлөхгүй байсан тул барьцаа эд хөрөнгийг хураах мэдэгдлийг бид хэд хэдэн удаа хүргүүлсэн. Тэгтэл ажил дээр ирээд авчих, би одоо аваачиж өгөх боломжгүй байна гэсэн тул манай зээл төлөлтийн мэргэжилтэн маань уулзаад автомашиныг хураан авсан. Гэхдээ бид зээлдэгч нар нь 10 сарын 15-ныг хүртэл хугацаа өгөөч, энэ хугацаанд ээж аавынхаа тэтгэврийн зээлийг аваад төлье, бараг бүх зээлээ хаана ч гэж хэлж байсан. Мөн бид нар та барьцаа эд хөрөнгөө өөрөө зарж борлуулаад зээлээ төлж болно гэж хэлсэн. Хамгийн сүүлд би ярихдаа зээлийн хүү чинь яваад байна хүүгээ зогсоохын тулд шүүх дээр очиж эвлэрлийн гэрээ байгуулаад захирамж гаргавал хүү зогсоно. Тэгвэл автомашинаа зараад зөрүү төлбөрөө хуваагаад төлж болно. Барьцаа хөрөнгийн үнэлгээ хүрэхгүй байна гэдгийг хэлэхэд өөрөө хүлээн зөвшөөрч 15-ныг хүртэл хугацаа өгөөч, зөрүү төлбөрийг өөрөө цалингийн орлогоос аваад төлье гэж хэлсэн.

Зээлдэгч *той өөртэй нь тохиролцож түргэн борлуулагдах үнийг тогтоосон. Гэрээнд заагдсан байгаа, өөрийнх нь зөвшөөрлийг авсан. Автомашиныг одоогоор шүүхийн маргаан дээр явж байгаа учраас зараагүй байгаа. Өөрт нь өндөр үнээр зарах эрх байгаа. Би үнэлгээний хүн биш учраас үнэлгээ буурах эрсдэл зэргийг мэдэхгүй байна. Ер нь бол сэвтэй машин байсан. Жолоочийн талын урд кирлан байхгүй гэдэг тэмдэглэл автомашин хурааж авахдаа бичсэн байгаа. Нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 11 сарын 02-ний өдөр хүртэл хүү нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Энэ өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл хугацаагаар тооцох боломжтой ч нэхэмжлэгч нэмэгдүүлээгүй. Зээлийн төлбөрөө төлсөн тохиолдолд барьцааны зүйл болох автомашиныг буцаан хүлээлгэж өгнө. Автомашиныг 10 сарын 02 хурааж авсан. Хоёулаа эвлэрээд хүүг зогсооё гэсэн байдлаар шүүхэд хандсан. Барьцаа хөрөнгийг цоо шинэ хөрөнгө биш, 2024 оны 09 сард авчихаад бүтэн жил унаж ашигласан. Хөндлөнгийн үнэлгээ хийлгэхэд 20,500,000 төгрөг байсан. Уг үнээр зараад зөрүүг нэхэмжлэх боломжтой боловч бид шүүхэд гаргасан нэхэмжлэлээрээ 29,965,015 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлээ гаргасан. Мөн зээлийн хүүг ашигласан хоногоор тооцно гэж Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хуульд мөн заагдсан тул нэхэмжлэл гаргасан гэв.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр "*" ББСБ-тай * дугаар зээлийн гэрээ байгуулж 27,2 сая төгрөгийг Автомашин худалдан авах зорилготой сарын 3.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан нь үнэн бөгөөд худалдан авсан 5549УКС улсын дугаартай асфалтан саарал өнгийн "Т*" автомашиныг фидуцын гэрээ байгуулж барьцаа хөрөнгөөр бүртгүүлж, автомашины эзэмшлийг "*" ББСБ-ын нэр дээр бүртгүүлж зээлдэгч нар эзэмшилдээ байлгаж унаж ашиглаж, зээлийг төлж байсан. Гэвч эрхэлж байсан үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлтийг тогтоосон хугацаанд төлж барагдуулж чадахгүй хугацаа алдсан тул "*" ББСБ-аас 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн үед *ын ажлын байрны гаднаас * автомашиныг хураан авч явсан бөгөөд тухайн өдөр автомашин хураан авсан тухай тэмдэглэл үйлдэж *оор гарын үсэг зуруулж, уг баримтын хувийг өгөлгүй автомашиныг авч явсан. Үүнтэй холбоотой автомашиныг худалдан борлуулж зээлийн төлбөрөөс хасуулахаар "*" ББСБ-ын автомашин хураан авч явсан 94280006 дугаарын ажилтнаас автомашиныг худалдан борлуулж зээлийн төлбөрөөс хасах, цаашид хүү тооцохгүй байх талаар хэлсэн боловч одоог болтол автомашиныг зарсан эсэх нь тодорхойгүй, хариуцагч талд ямар нэгэн баримт өгөөгүй. Яагаад энэ зүйлийг дурьдаад байгаа бэ гэхээр "*" ББСБ-аас автомашиныг хураан авчихсан байж нийт зээлийн гэрээний төлбөрт 29,994,015,26 төгрөг нэхэмжлээд байгаа нь үнэнд нийцэхгүй, бидний бодлоор автомашиныг үнэлсэн үнэлгээ юм уу, худалдан борлуулсан үнэлгээгээ энэ төлбөрөөс хасаж яг өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг төлөх үүрэгтэй байгааг тодорхой болгож өгвөл хариуцагч талаас хэрхэн төлж барагдуулах ямар арга зам байгааг эрэлхийлэх юм. Гэтэл энэ их мөнгийг төл гээд шүүхэд хандчихсан болохоор бүгдийг төлж чадахгүй юм.

Иймд автомашиныг үнэлсэн үнэлгээ юм уу, зарж борлуулсан төлбөрийг хасаж бодит нэхэмжилж байгаа төлбөрийг "*" ББСБ-аас тооцож гаргуулах хүсэлтэй байна. Тэрнээс энэ нэхэмжилж байгаа төлбөрийг бүгдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн. Гэрээний заалтуудын дагуу аль аль тал нь үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлд хамтран зээлдэгчийн эрх, үүргийг тусгайлан зааж өгсөн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт Зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаа олгосон зээлийн ашгийг эргэн төлөлтийн нөхцөл байдалд үндэслэн шаардлага тавих ба зориулалтын дагуу ашиглаагүй гэрээний үүргээ зөрчсөн бол уг гэрээг хугацаанаас нь өмнө шаардах эрхтэй гэж заасан. Мөн 5.1.2 дах хэсэгт Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас банк бус санхүүгийн байгууллагад учирсан хохирлыг нэхэмжлэх гэж заасан. Мөн 5.1.5 дах хэсэгт Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд банк бус санхүүгийн байгууллагын шаардсаны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй бол нийт зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардах, нэмэгдүүлсэн хүүг гэрээ, хуульд заасан хувиар шаардана гэж заасан. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт Зээлийн үндсэн төлбөр, түүний хүүг төлөөгүй хуанлийн 90 буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн. Зээл, зээлийн эргэн төлөлтийг гурван удаа зөрчсөн бол удаа дараа зөрчсөн гэж үзэн гэрээ цуцална гэж заасан.

Мөн 6.2.6 дах хэсэгт Зээлийн хяналтын явцад зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч санхүү, төлбөрийн чадвар, барьцаа хөрөнгийн чанар эрс буудаж байгаа тогтоогдсон, бизнесийн үйл ажиллагаа зогссон, дампуурсан, татан буугдсан, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл түдгэлзсэн, цуцалсан хүчингүй болсон тохиолдолд гэрээ цуцална гэж заасан байгаа. 6.2.7 дах хэсэгт Зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, фидуцийн гэрээгээр заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг цуцална гэж заасан. Энэ заалтуудыг яагаад яриад байна вэ гэхээр энэ байгууллагаас гаргаж өгсөн эргэн төлөлтийн хуваарь гэж байгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хүн зээлийн гэрээгээр 48 сарын хугацаатай, 3,2 хувийн хүүтэй, сард 1,104,885.62 төгрөгийг төлөхөөр байна. Эргэн төлөлтийг харвал эргэн төлөлт нь 2024 оны 10 сараас эхэлж байна. 10 сараас эхлээд энэ хүн эргэн төлөлтөө зөрчсөн. 572,315 төгрөгөөр бага багаар төлөөд төлөх ёстой бодит төлбөрөө төлөхгүй гэрээг зөрчсөн байна. Сая нэхэмжлэгч өөрөө хэлж байна. Эргэн төлөлт зөчсөн гэж хэлж байна. Энэ хүн үүргээ зөрчөөд байхад энэ хүнд яаж мэдэгдэх хуудас, шаардах хуудас өгсөн юм. Та үүргээ биелүүлээрэй, үгүй бол автомашиныг чинь хурааж авлаа шүү гээд. Гол зорилго нь фидуцийн гэрээтэй харилцаа. Эргээд тэр дор нь үүргээ биелүүлэхийг нь шаардаад, 90 хугацаанд мэдэгдээд, энэ хүмүүс үүргээ шаардаад автомашиныг нь хурааж аваад хүүгийн төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр шийдээд, тодорхой хэмжээний хүү аваад асуудалгүй шийдэх боломж байсан. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж харж байна. 10 сард алдаг оног багаар төлж явж байгаад 11, 12 сард бас багаар төлөөд 1,2 сард огт төлөлт хийгдээгүй алга болсон. Тэгээд дундуур нь бага багаар төлөөд 400,000-500,000 төгрөг төлөхгүй яваад байсан. 2025 оны 6 сараас шүүхэд хандаад хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Энэ хүн өмнө бөөнд нь төлсөн мөнгийг нь яаж тооцсон гэхээр үндсэн зээлээс 2,497,831 төгрөг, хүүгээс 6,396,429 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 10,949 төгрөг нийт 8,905,209 төгрөгийг авчхаад байгаа юм. Энийг яагаад яриад байна гэвэл зээлийн гэрээ байгуулсан талууд гэрээний үүргээ аль аль тал нь биелүүлэх үүрэгтэй. Ялангуяа банк бус санхүүгийн байгууллага нь мэргэжлийн эдийн засаг, хуулийн мэдлэгтэй хүмүүс ажиллаж байгаа. Гэрээг нь харахаар өөрсдөө гэрээний хугацааг нь гүйлгээд, хүүг нь гүйлгээд иргэдийг хохирсон дээр нь хохироогоод байна. Хариуцагч * маань утсаар яриад бид нар төлбөрөө төлж чадахгүй нь ээ, хугацаа алдаад байна. Та нар автомашинаа авах уу гэж ярьсан хэлсэн байдаг. Хуулийн мэдлэг дутмаг учраас баримт байхгүй. Гэтэл та нар бага дүнгээр ч гэсэн төлөөд яв, асуудлаа шийдэх боломжтой гэж ярьсаар байгаад 8,000,000 төгрөг төлүүлээд хүүндээ тооцож авснаа 2025 оны 10 сард очоод автомашинаа хураагаад явсан. Хурааж авсан баримт нь хавтас хэргийн 33,34 дүгээр талд авагдсан.

Нэгдүгээрт хүү шаардаад, өөрсдөө эрхээ хэрэгжүүлээд тухайн үедээ автомашинаа хурааж аваад ямар нэгэн санхүүгийн хувьд өндөр төлөлтгүйгээр асуудал шийдүүлэх боломж нь байсан. Энэ үүргээ энэ байгууллага хэрэгжүүлээгүй байна. Автомашины хувьд үнэлгээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэхгүй гэсэн зүйл ярьсан нь хуульд нийцэж байгаа. Гэхдээ тэр баримтыг хараад үзвэл 20,000,000 гаруй төгрөгөөр бага үнийн дүнгээр үнэлсэн асуудал яригдаад байгаа. Өөрөө анх 27,200,000 төгрөгийн зээлд аваад, урьдчилгаа байршуулаад энэ автомашиныг 30,000,000 төгрөгөөр аваад асуудал байгаа. Энэ автомашиныг 2024 оны 09 сард аваад жилийн дараа буюу 2025 оны 10 сард 20,000,000 төгрөгөөр үнэлүүлээд байна. Энэ автомашин нь энэ байгууллагын өмч. Бид нар юу гэж маргаад байгаа вэ гэвэл фидуцийн гэрээний харилцаа бол үүссэн. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан. Яагаад дуусгавар болсон гэж хэлээд байна гэвэл зээлийн гэрээний харилцаа зөрчигдөөд эхэллээ автомашинаа хурааж аваад үүргээ биелүүлээд өөрсдөө хохиролгүй болох эрх нь байгаа. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хүү өсгөж гүйлгэсэн асуудал байна. Автомашиныг үнэлүүлээд зарлаа гэхэд цаана нь тодорхой хэмжээний мөнгөн төлбөр үлдээд байна гэдэг нь хавтаст хэргийн баримтаар харагдаж байна. Энэ нь өөрөө энэ байгууллагын эрсдэл юм. Яагаад эрсдэл гэж үзэж байна вэ гэхээр гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлээд, автомашинаа хурааж аваад асуудлаа шийдээд явсан бол өнөөдрийн хүүгийн төлбөр буюу тодорхой хэмжээний 7,000,000-8,000,000 төгрөгийн асуудал ярихгүй юм. Фидуцийн гэрээний харилцаа бол тусгай хууль, зохицуулалтаа хэрэгжүүлээд явдаг. Тэгэхээр гэрээ бол бүрэн биелэгдсэн гэж үзэж байгаа нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талууд хэрэгт авагдсан баримтын хүрээнд мэтгэлцэх ёстой. Энэ хүмүүс яаж төлөхийг шаардаж байсан, хэдэн удаа мэдэгдэх хуудас явуулсан, хэдэн удаа биечлэн уулзсан, хэдэн удаа хяналтаар очиж автомашиныг үзэж шалгасан гэх баримт хавтаст хэрэгт байхгүй. Хариуцагчид мэдэгдэж шаардаад, төлөх зээлээ төлөөч, чиний зээл одоогийн байдлаар ийм байна, хүү чинь ийм байна, нэмэгдүүлсэн хүү чинь ийм байна, чиний ийм хэмжээний зээл байна шүү энийг төлөх үү, төлөхгүй бол барьцааны хөрөнгөөр хангуулах уу гэсэн цагаан дээр хараар бичсэн мэдэгдэх, шаардах хуудас дээр гарын үсэг зураад баримтжуулсан байх ёстой. *ээс асуухад мэдэгдэж, шаардсан зүйл байхгүй гэсэн.

Хэрвээ төлж барагдуулах боломж байсан бол автомашинаа хураалгахгүйгээр ямар нэг арга байсан уу гэвэл байсан. Энэ хүмүүс та нар зээлээ багаар ч хамаагүй төлөөд яв гэж дарамталдаг байсан учраас боломжоороо цалингаасаа 500,000-700,000 төгрөг төлдөг байсан гэсэн. Амар заяа үзүүлэхгүй утсаар ганц нэг залгадаг байсан гэсэн. Зарим үед залгахгүй алга болчихдог. Зарим үед өөрөө залгаад миний зээл өнөөдрөөр хэдэн төгрөг болж байна, төлсөн мөнгө маань үндсэн төлбөр, хүүгээсээ яаж хасагдсаныг мэдэх гэсэн юм цаасаар өгөөч гэхээр тэрийг нь хэлж өгдөггүй. Мөнгөө хий л гэдэг. Тэгвэл чи утсаар яриад хэдэн төгрөг хийхэд хэд нь зээлээсээ хасагдаад хэд нь хүүгээсээ хасагддаг талаарх мэдээллээ авсан уу гэхээр аваагүй гэж байгаа юм. Энэ хүнийг ингээд л хохироогоод байсан асуудал байгаа. Энэ хүн хууль мэдэхгүй, тэрнээс нь улбаалаад 500,000-600,000 төгрөг төлсөн нь хүүнд суутгагдсан байдаг. Хүүг нь төлүүлэхгүйгээр автомашиныг нь аваад асуудлыг нь шийдэх боломж байсан гэвэл байсан. Энэ эрх, үүргээ энэ байгууллага хэрэгжүүлээгүй. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу фидуцийн гэрээний зүйлийг бодитоор гаргуулаад авчихсан учраас зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн, дуусгавар болсон гэж үзнэ. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дах хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг дуусгавар болно гэж заасан. Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлсэн тул энэ байгууллага цаашид үүргээ шаардах эрх байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд:

 

1.Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээ, зээл олголтын эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, бэлэн бус зарлагын баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төлбөрийн баримт зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

2.Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, фото зураг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар * ББСБ ХХК-иас үнэлгээний тайлан баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч * ББСБ ХХК нь *, * нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,994,015 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч *, * нар нь эс зөвшөөрч маргаж байна.

 

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. * ББСБ ХХК болон *, * нарын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр * дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 27,200,000 төгрөгийг, сарын 3.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлж авсан ба зээлийн гэрээний хавсралтад заагдсан хуваарийн дагуу 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 48 сарын хугацаанд сарын бүрийн 02-ны өдөр зээлийн төлбөрөөс тэнцүү хэмжээгээр буюу 1,104,886 төгрөгөөр төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохиролцжээ.

 

4.Мөн өдөр талууд №* дугаартай, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуцы/-г байгуулж, 2013 онд үйлдвэрлэгдсэн, * улсын дугаартай, * маркийн, *маркийн автомашиныг 32,500,000 төгрөгөөр үнэлж зээлийн гэрээний барьцаа болгон, улмаар уг тээврийн хэрэгслийг худалдан авч өөрсдийн эзэмшилд гэрээ байгуулагдсан өдөр шилжүүлэн авсан, нэхэмжлэгч * ББСБ ХХК нь өөрийн өмчлөлд бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн болон фидуцийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг.

Талууд дээрх гэрээний нөхцөлийн талаар харилцан тохиролцож, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Зохигч зээлийн болон барьцааны гэрээний хувьд маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн талуудын байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5-д заасан шаардлагыг хангасан байна.

5.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 27,200,000 төгрөгийг зээлдэгчид *ын дансаар олгож, автомашины үнэд төлсөн үйл баримтын талаар мөн талууд маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ биелүүлсэн, зээлдэгчээс гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

6.Хариуцагч *, * нар нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээс 2025 оны 05 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 8,905,210 төгрөг төлснийг зээлдүүлэгчээс уг төлбөрийг үндсэн зээлээс 2,497,831 төгрөг хүүгийн төлбөрт 6,396,429 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,949 төгрөгийг тус тус хасч тооцсон болох нь зээл хүүгийн тооцооллын хүснэгт баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд дээрх төлбөрийн талаар маргадаггүй, харилцан зөвшөөрдөг.

 

7.Улмаар гэрээний хугацаанд зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг 2025 оны 06 сарын 06-ны өдөр төлөх хуваарийг зөрчсөн, мөн өдрөөс хойш төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлт доголдож эхэлсэн байна.

 

8.Талууд хэн аль нь * улсын дугаартай, * маркийн автомашиныг 2025 оны 10 сарын 02-ны өдөр хариуцагч *ын эзэмшлээс зээлийн барьцаанд хураан авсан үйл баримтын талаар маргадаггүй.

Улмаар нэхэмжлэгч барьцаа хөрөнгийг хураан авснаас хойш зээлдэгчийн хүсэлтээр 1 сарын хугацаанд худалдан борлуулахгүй хадгалж байсан ч төлбөрөө төлөөгүй, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ багассан зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж хүрэлцэхгүй гэх үндэслэл зааж 2025 оны 11 сарын 20-ны өдрөөр буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тооцон хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 24,702,168.51 төгрөг, зээлийн хүү 5,224,294.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,552.35 төгрөг нийт 29,965,015.26 төгрөгийг нотариатын зардал 29,000 төгрөгийн хамт нийт 29,994,015 төгрөгийг гаргуулахаар шаарддаг.

 

9.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн гэрээний үлдэх төлбөрт тооцон автомашиныг өөрийн өмчлөл, эзэмшилд ББСБ нь шилжүүлэн авсан тул зээлийн төлбөрийг эд хөрөнгөөр төлж дуусгасан, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлан маргадаг.

 

10.Зээлийн гэрээний хугацаа 2028 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуусах бөгөөд гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр зээлдүүлэгч буюу нэг талын санаачилгаар гэрээг дуусгавар болгосон байна.

Зээлийн гэрээгээр талууд зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгчээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг төлөхийг шаардах, төлбөрөө төлөөгүй тохиолдолд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна.

 

11.* ББСБ ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан мэдэгдлийг хүргүүлсэн гэх боловч уг мэдэгдэл, шаардлагыг зээлдэгчид гардуулсан, хүргүүлсэн гэх баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч * нь шаардлага, мэдэгдлийг хүлээн аваагүй гэж эс зөвшөөрч, автомашиныг * ББСБ ХХК-иас хураан авахад зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон тухайгаа мэдэгдэн, зах зээлийн үнээр худалдан борлуулахыг зөвшөөрсөн тул худалдан борлуулж үнээс нь суутган зээлийн гэрээг дуусгавар болгох эрх үүргээ хэрэгжүүлээгүй тул төлбөр төлөхгүй гэж маргаж байна.

 

12.Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлж чадахгүй болсон тухайгаа автомашиныг хураан авсан өдөр буюу 2025 оны 10 сарын 02-ны өдөр 27,200,000 төгрөгийн зээл авсан ба өнөөдрийн байдлаар зөрчилтэй дүн нь 5,700,000 төгрөг байгаа тул барьцаа хөрөнгийг хураалган 2025 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл хугацаа авч, ...тохирсон хугацаанд зөрчлөө арилгаж чадаагүй тохиолдолд зах зээлийн үнээр зарцуулахад татгалзах зүйлгүй гэх хүсэлтийг * ББСБ ХХК-д гаргасан болох нь хэрэгт авагдсан *ын өргөдлийн хуулбараар тогтоогдож байна.

Энэхүү баримтаар зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зээлдүүлэгчээс олгосон хугацаанд зээлийн төлбөрөө төлж, зөрчлөө арилгаагүй тохиолдолд зах зээлийн үнээр худалдан борлуулж зээлийн төлбөрт тооцуулах талаарх хүсэлтийг бичгээр гаргасан гэж үзэв.

 

13.Нэхэмжлэгч автомашиныг хураан авсны дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ашид билгүүн ХХК хөрөнгө үнэлгээний компаниар автомашины зах зээлийн үнэлгээг гаргуулан зах зээлийн дундаж үнэлгээг 20,500,000 төгрөг гэж гаргасан гэж тайлбарлан Автомашины техникийн үнэлгээний тайлан баримтыг шүүхэд ирүүлсэн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлэх боломжгүй, уг баримтыг хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар ирүүлэхийг шүүхээс мэдэгдэж, сануулсан боловч ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан автомашиныг худалдан борлуулах боломжгүй, автомашины чанар, үзэмж доройтсон, үнэлгээ буурсан, зах зээлийн үнэлгээ зээлийн төлбөрт хүрэлцэхгүй гэх тайлбар үндэслэлгүй гэж үзэв.

 

14.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн зүйлийн 235.4-д Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.гэж тус тус заасан.

 

15.Автомашины үнийг талуудын гэрээгээр тохиролцсон үнэлгээ буюу 32,500,000 төгрөгөөр тооцоход хариуцагчийн зээлийн үүрэгт төлсөн төлбөрийн хамт гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Үүрэг гүйцэтгүүлэгч тал болох зээлдүүлэгч нь фидуцийн гэрээний дагуу өөрийн өмчлөлдөө байгаа уг автомашиныг зээлдэгч нарын зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхтэй. 

Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, фидуцийн зүйлийг хураан авснаар зээлийн төлбөрийг төлөгдсөн, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй

16. Иймд шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас 29,994,015 төгрөг гаргуулах тухай * ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн хариуцагч *, * нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,994,015 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.НЯМСҮРЭН