| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0143/Э |
| Дугаар | 00150 |
| Огноо | 2018-10-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 00150
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч З.Ц , түүний өмгөөлөгч Г.Гочоо,
шүүгдэгч М.Н , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н эд холбогдох эрүүгийн 1815002750141 дугаартай, 163/2018/0143/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймаг дахь Сум дундын шүүхээр 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар тус тус ял шийтгэгдэж байсан гэх Т овогт М.Н ,
Холбогдсон хэргийн талаар:
М.Н нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт хохирогч З.Ц зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Ц мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Орхон сумын “Өлзийт орхон” гэх газарт шүүгдэгч М.Н бид хоёр муудалцаж зодолдсоны улмаас миний эрүү хугарч гэмтсэн. Тэгээд хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Одоогийн байдлаар биеийн эрүүл мэнд муу байгаа бөгөөд эм тариа хэрэглэж байгаа. Хатуу болон хуурай хоол зүйл идэж чадахгүй байгаа. Дандаа шингэн болон зөөлөн төрлийн хоол идэж байгаа. Надад нийт 1.457.200 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Үүнийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дахин шалгуулах хүсэлтэй байна. Гомдолтой байна гэв.
1815002750141 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:
Гэрч Б.Раднаабазарын өгсөн: “... З.Ц , М.Н хоёр Од гэдэг хүнээс болж маргалдсан. М.Н нь З.Ц ыг сууж байхад баруун хөлөөрөө эрүү рүү нь өшиглөсөн. М.Н ийн холдуулахад зугтаад явсан. ...” /хх-ийн 14-15 хуудас/,
Гэрч А.Эрдэнэбаярын өгсөн:“...тухайн газраа ирэхэд зодоон хийсэн асуудал байхгүй байсан. Мөнгөнсүх, М.Н хоёр Одыг зодсон гэж байсан. З.Ц уурлаад М.Н тэй маргалдаад тэр хоёр зодолдсон. Тэр хоёрыг салгасан чинь З.Ц суусан бөгөөд үүний дараа М.Н түүний баруун хойд талаас баруун хөлөөрөө эрүү рүү нь нэг удаа өшиглөсөн. З.Ц савж унасан бөгөөд түүнийг босгосон чинь амнаас цус гарсан, үүдэн шүд нь заагаараа хугарчихсан байдалтай байсан. ... З.Ц , Раднаабазар нар нийлж М.Н ийн ярьж байгаа шиг ар нуруугаар нь мах шарж байгаа юм шиг үйлдэл болоогүй. З.Ц , М.Н хоёр харилцан барьцалдаж бие биенээ цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Гэрч Б.Төрбатын өгсөн:“...Мөнгөнсүх, М.Н нартай З.Ц Одыг өмөөрсөн байх, маргалдаж, барьцалдаж, ноцолдож байгаад л салаад тойроод махаа идээд сууцгаасан. М.Н босохдоо З.Ц ын хажуу талаас өшиглөсөн гэсэн бөгөөд тухайн үед би тэднээс зайтай, буруу хараад сууж байсан. Миний ард Раднаабазар зогсож байгаад М.Н ийг өшиглөх гэж байгааг хараад гүйгээд очиж амжаагүй байхад өшиглөсөн. Намайг эргэж харахад Раднаабазар М.Н ийг ардаас нь татаж унагасан. З.Ц ыг босгож ирээд хараад эрүү нь хугарчихсан байна гээд намайг дуудахад очиж харахад үүдэн шүднийхээ заадсаар зайтай болчихсон, цус гарсан байдалтай байж байсан. М.Н мотоциклио унаад явчихаар нь эмч дуудах гээд явсан байх гэж бодсон чинь тэр чигээрээ явчихсан. Тухайн үед Мөнгөнсүх, М.Н , З.Ц , Од, Баяраа бид нар үлдсэн, бусад нь явчихсан байсан. Анх маргалдахдаа М.Н өөрийнхөө нэг ахыг их сайн зодолддог байсан гэж ярихад Од чи яахаараа уухаараа нас барсан хүнийг яриад байдаг юм гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн..., уг нь М.Н босож З.Ц ыг өшиглөөгүй байсан бол нэг их сүйдтэй зүйл болоогүй. Тухай үед 11-12 хүн байсан бөгөөд 0.75 Экс нэртэй архинаас 4-5 шилийг уусан. Согтолтын хувьд нэг их согтсон хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,
Гэрч Х.Одын өгсөн: “...Тухайн үед 0.75 хувийн Экс нэртэй архийг авдараар нь авч очсон байсан ба түүнээсээ 3-4 шилийг уусан..., М.Н согтчихоод Төрбат та хоёр хуц, ухна авна гэсэн зүйл ярьсан бөгөөд би авах гэж байсан, чи авах гэж байгаа юм уу гээд маргалдаж эхэлсэн. Тэрнээс болж Төрбатад “чи миний бор ахыг мэдэх үү” гэж асуухаар нь би хажуугаас нь М.Н эд хандаж чи яахаараа согтчихоороо бор ахыгаа ярьж байдаг юм, чиний бор ах яадаг хүн юм бэ гэж хэлэхэд М.Н намайг “чи юугаа мэддэг” юм гээд над руу дайрсан бөгөөд бид хоёр барьцалдаж зодолдсон..., З.Ц М.Н ийг цохиж авч барьцалдаж, хоорондоо маргалдаж, зодолдоод байхаар нь би З.Ц ыг, нөгөө хэд М.Н ийг салгасан. Үүний дараа бүгд тогоотой махаа тойроод сууцгаасан. М.Н бид нараас зайтай сууж байсан ба З.Ц ыг мах идээд сууж байхад араас нь ирээд баруун талаас нь эрүү рүү нь нэг удаа өшиглөсөн. З.Ц өшиглүүлсний дараа арагшаа савж унасан бөгөөд түүнийг босгоход эрүү нь голоороо цуураад хагарчихсан, цус гарсан байдалтай байж байсан. М.Н нэг харсан байхгүй болчихсон байсан..., З.Ц , Раднаабазар хоёр М.Н ийг ар нуруугаар нь асаж дуусаад дээрээс нь ус асгачихсан халуун нурам дээр авч тавиад дээл, подволк зэрэг нь түлэгдчихсэн, ар нуруу нь хөх алаг болчихсон байсан. Маргааш нь М.Н манайд ирсэн бөгөөд нуруу ийм болчихсон гээд харуулахад түлэгдчихсэн байсан. Тэр түлэгдсэн хувцас нь М.Н эд өөрт нь байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч Ч.Мөнгөнсүхийн өгсөн: “... Би явъя гэхэд Од би Дондогийнхоос мотоциклио авна гээд надтай хамт явсан ба тэр айлын гадаа мотоцикль дээр нь хүргэж өгчихөөд би Орхон сум руу явсан. Од айлын гадаа мотоцикль дээрээ үлдсэн. Түүнээс хойш болсон үйл явдлыг би мэдэхгүй. З.Ц ын эрүү нь хугарсан, М.Н тэй зодоон хийсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 208 дугаар: 1.Магадлуулагч З.Ц ын биед доод эрүү, ооч ясны хугарал, баруун, зүүн бугалга, доод эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар, тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25 хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 4 хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39 хуудас/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуудас/,
шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 42-49 хуудас/,
хохирлын баримтууд /хх-ийн 53-57, 77-82 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Н нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт хохирогч З.Ц зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ү.З.Ц ын...М.Н бид хоёр муудалцаж зодолдсоны улмаас миний эрүү хугарч гэмтсэн..., гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн..., хатуу болон хуурай хоол зүйл идэж чадахгүй байгаа..., дандаа шингэн болон зөөлөн төрлийн хоол идэж байгаа..., 1.457.200 төгрөгийн эмчилгээний зардал гарсаныг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна.., шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй..., дахин шалгуулах хүсэлтэй..., гомдолтой байна гэх, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Раднаабазарын...М.Н нь З.Ц ыг сууж байхад баруун хөлөөрөө эрүү рүү нь өшиглөсөн гэх, гэрч А.Эрдэнэбаярын...З.Ц уурлаад М.Н тэй маргалдаад тэр хоёр зодолдсон..., З.Ц суусан бөгөөд үүний дараа М.Н түүний баруун хойд талаас баруун хөлөөрөө эрүү рүү нь нэг удаа өшиглөсөн..., амнаас цус гарсан, үүдэн шүд нь заагаараа хугарчихсан байдалтай байсан гэх, гэрч Б.Төрбатын...М.Н босохдоо З.Ц ын хажуу талаас өшиглөсөн гэсэн бөгөөд тухайн үед би тэднээс зайтай, буруу хараад сууж байсан..., З.Ц ыг босгож ирээд хараад эрүү нь хугарчихсан байна гээд намайг дуудахад очиж харахад үүдэн шүднийхээ заадсаар зайтай болчихсон, цус гарсан байдалтай байж байсан гэх, гэрч Х.Одын...М.Н бид нараас зайтай сууж байсан ба З.Ц ыг мах идээд сууж байхад араас нь ирээд баруун талаас нь эрүү рүү нь нэг удаа өшиглөсөн гэх, гэрч Ч.Мөнгөнсүхийн...З.Ц ын эрүү нь хугарсан, М.Н тэй зодоон хийсэн гэж ярьж байсан гэх мэдүүлэгүүд, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 208 тоот дүгнэлтээр...Магадлуулагч З.Ц ын биед доод эрүү, ооч ясны хугарал, баруун, зүүн бугалга, доод эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..., эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 4 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 42-49 хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 53-57, 77-82 хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч М.Н ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Н эд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Г.Гочоо болон хохирогч З.Ц нар нь Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 208 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд хохирогчийн эрүүн тус газарт 2 удаа ясыг нь хуга цохиж, эрүүл мэндийг нь ноцтой гэмтээсэн хүндэвтэр гэмтэл гэсэн нь учир дутагдалтай байна “хүнд гэмтэлд” тооцох ёстой. Мөн шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргах нь зүйтэй байх тул мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Дахин хагалгаанд ороход 800.000 төгрөгний төлбөр гарна гэсэн байх тул уг зардлыг гэм буруутай этгээдээс урьдчилж гаргаж өгнө үү гэж мэтгэлцэж байх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдоос хэн аль нь шинжээчийн дүгнэлттэй маргаагүй, дахин гаргуулах талаар хүсэлтийг мөрдөгч болон прокурорт гаргаагүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16 дугаар зүйлд зааснаар гомдол, хүсэлт шийдвэрлүүлэх талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг оролцогчдоос гаргаагүй болно.
2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “гэм бургуугийн” шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах талаар хуульчилан зохицуулаагүй байх тул хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн ирээдүйд гарах эмчилгээний зардлыг шүүх урьдчилан гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй боловч эмчилгээтэй холбоотой болон бусад хохирлын талаарх хууль зүйн шаардлага хангасан нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч эмчилгээний зардалд 1457000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх нотлох баримтын шаардлага хангасан 1179003 төгрөгийг шүүгдэгч М.Н ээс гаргуулж, хохирогч З.Ц т олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй 277993 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбоотой болон бусад зарлдаа нотлох баримтаа бүрдүүлсэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч П.Ган-Очир нар нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгуулах ялыг хэрэглэж өгнө үү гэж мэтгэлцэж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн ниймгийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимын үүднээс торгуулийн ялыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт М.Н ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н ийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нарасүхэд оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч М.Н ээс 1179003 /нэг сая нэг зуун далан есөн мянга гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Бовгийн З.Ц т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 277997 /хоёр зуун далан долоо мянга есөн зуун ерэн долоо/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч М.Н эд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг “Булган аймгийн тохижилт үйлчилгээний анги”-д хийлгэхээр тогтоосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН