Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 21

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч Д.Халиуна, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ц.Н

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох,

Гуравдагч этгээд: Б.Х

Нэхэмжлэлийн шаардлага: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн Б.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Н.М, гуравдагч этгээд Б.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, иргэдийн төлөөлөгч Л.Н, гэрч Э.М, Б.Х, А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Сүхбаатар дүүргийн газрын алба иргэн Б.Х-д 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр *** дугаар газар эзэмших гэрчилгээ олгосон асуудал мөн дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 311 дугаар Захирамж гаргасан нь иргэн Ц.Н миний 2007 оноос хойш амьдарч байгаа газрын өмчлөх эрхийг илтэд зөрчсөн.

Ц.Н би 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд дуудагдан очиход 2007 оноос хойш эзэмшин суурьшиж байгаа газрыг минь өөр хүний нэр дээр Засаг даргын захирамж гарч, газрын албанаас газар эзэмших гэрээ хийгдэж, гэрчилгээ олгогдсон болохыг олж мэдсэн.

Б.Х нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийг үндэслэн мөн дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхэд байрлах миний 2007 оноос хойш жилийн 4 улирал амьдарч байгаа газрыг хууль бусаар надад мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшилд шилжүүлэн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” авч дүүргийн газрын албатай “Газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан байна.

Ц.Н миний бие 2007 оноос жил бүр газрын алба, манай газрыг хариуцсан газар зохион байгуулагч А, Б, Д нартай уулзан газар эзэмших, өмчлөх хүсэлт өргөдлөө гаргахад тухайн үед зуслангийн газар эзэмших, өмчлөх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа, одоо олгохгүй гэсэн хариуг амаар, бичгээр удаа дараа өгч байсан.

Тус газарт 2007 оноос хойш Ц.Н миний бие өөрөө болон гэр бүлээрээ амьдарч байгааг болон өөрсдийн эззмшил өмчлөлд авахаар удаа дараа газрын алба, газар зохион байгуулагчид хандахад өөрсдөө зуслангийн газар олгохгүй, болоогүй гэж хариу өгч байснаа мэдэхийн дээдээр мэдэж байгаа атлаа иргэн надад мэдэгдэхгүйгээр Б.Х-ийн эзэмшилд газрыг олгосон Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамж нь миний эрхийг зөрчсөн хууль бус захирамж болсон байна.

Б.Х-г би танихгүй, надтай уулзаагүй 2015 оны 7 дугаар сард газар зохион байгуулагч Д амралттай байгаа тул орлон ажиллаж байгаа Г-тэй хэсэг хүмүүс ирж миний барих гэж байсан байшингийн суурийн ажлыг зогсоож, маргаанаа газрын албанд тавь гэж хэлээд явсан. Тухайн үед ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй энэ хүнд эзэмших газар олгох Засаг даргын захирамж 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гарснаас хойш 3 жил 10 сарын хугацаа өнгөрч, газрын албанаас 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр *** дугаар газар эзэмших гэрчилгээ олгосноос хойш 3 жил 6 сарын хугацаа өнгөрөөд байхад газрын алба болон газар зохион байгуулагч надад мэдэгдээгүй, Б.Х гэдэг хүн ч надтай уулзаж байгаагүй билээ.

Иймээс 2007 оноос хойш нийт 9 жил амьдарч байгаа газрыг минь бусдын эзэмшилд хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан асуудлыг дүүргийн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд гомдол, өргөдөл гаргасан боловч шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг 2015 оны 08 сарын 17-ны өдөр өгсөн тул шүүхэд хандаж байна.

Иймд 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар “Захирамж”-ийн Б.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Тус дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн зусланд иргэн Б.Х-д дүүргийн Засаг даргын 2011 оны 313 дугаар захирамжаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

Б.Х нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа/ заасны дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн дүүргийн Өмч, газрын харилцааны газарт 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өгсний дагуу Засаг даргын захирамжаар зуслангийн газрыг эзэмшүүлсэн байдаг.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2007 оноос “маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлт, өргөдлөө гаргасан асуудлыг шийдвэрлэхгүй байгаа, одоо олгохгүй гэсэн хариуг амаар, бичгээр удаа дараа өгч байсан” дурдсанаас үзвэл Ц.Н нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан газар эзэмших шийдвэр, гэрчилгээ, гэрээ байхгүйгээр газар эзэмшихийг хориглох хуулийн заалтыг ноцтой зөрчиж ирсэн нь харагдаж байна. Энэ хугацаанд газрын төлбөр зэргийг төлж байгаагүй нь төрийн өмчийн газрыг дур мэдэн ашиглаж байсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсон.

Иймд дүүргийн Засаг даргын захирамжууд нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд Б.Х шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь гаргасан тайлбартаа:

“...2009 онд миний газар хүссэн хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн газрын алба 2012 оны 01 сарын 13-ны өдөр *** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх тухай гэрээг надтай байгуулсан. Энэхүү газар нь 20 дугаар хороо, Бэлхэд байрлах  ***, *** тоот нэгж талбарын дугаартай, 692 м.кв хэмжээтэй газар юм. 

Сүхбаатар дүүргийн газрын албатай байгуулсан газар эзэмших гэрээнийхээ дагуу жил бүр газрын төлбөрөө төлж. байна. Гэрчилгээ гарсан даруйд хашаагаа барьсан байсан ба Ц.Н нь 2011 онд миний эгч Б.С-аар дамжуулан /манай нагац эгч энэ хүмүүсийг таньдаг, тэнд байнга оршин суудаг юм/, манаачийн хүүхэд тул газар дээрээ буулгаж, түр амьдруулахыг гуйсан байдаг.

Үүнийг эгч зөвшөөрч миний эзэмшлийн газар дээр буулгасан байсан. 2012 оны зун нь би өөрөө байшингаа барихаар газар чөлөөлж өгөхийг хүсэхэд, удахгүй нүүнэ, явна гэсээр өнөөдрийг хүрсэн. Ц.Н нь гомдолдоо 2007 оноос хойш миний газар дээр амьдарч байсан гэжээ. Харин Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ 2008 оноос хойш амьдарч байгаа гэсэн байдаг. Энэ мэтээр худлаа ярьж байгаа нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2 ширхэг тодорхойлолт болон газрын албанаас надад газар эзэмшүүлэхээр олгосон миний хууль,ёсны гэрчилгээ, жил бүрийн газрын төлбөр төлсөн бичиг баримт, газрын албанд анх газар хүссэн өргөдөл, Сүхбаатар дүүргийн газрын захирамж зэргээр нотлогддог. 

Иймээс Б.Х би Баянзүрх, Сүхбаатар, Чингэйтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрхээ сэргээлэхээр нэхэмжлэл гаргасан байхад энэ нэхэмжпэлийг шийдвэрлээгүй байхад Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд тус шүүхэд Ц.Н-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч Н.Н нь шүүх хуралдааны үед гаргасан дүгнэлтдээ: 

“...Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь хэргийн материалтай биечлэн ирж танилцахад төрийн байгууллагыг буруутгах үйлдэл байхгүй байна.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Ц.Н-ийн гаргасан “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн Б.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс “...Маргаан бүхий газарт анх 2007 оноос хойш хашаа барьж амьдарч байхад уг газрыг гуравдагч этгээд Б.Х-д хууль бусаар эзэмшүүллээ...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316  дугаар захирамжаар иргэн Б.Х-д тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Бэлхэд зуслангийн зориулалтаар 700 м.кв газрыг баталгаажуулан эзэмшүүлсэн байна.

Гуравдагч этгээд Б.Х нь 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулан улмаар *** дугаартай гэрчилгээг Б.Х-д мөн өдөр олгож, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэрээг сунган төлбөрийн тооцоогүй болохыг тус газрын албанаас баталгаажуулсан байна.

Б.Х нь анх 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Н ХХК-иар 5 эргэлтийн цэг бүхий 700.1 м.кв нэгж талбарын зураг, сүүлд буюу 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албаар 5 эргэлтийн цэг бүхий 692 м.кв /эхний зургаас 1-2 дахь цэгийн хоорондын зай нь 0.13, 5-1 дахь цэгийн хоорондын зай нь 0.82-ээр тус тус багассан/ кадастрын зураг тус тус хийлгүүлсэн байх бөгөөд шүүхээс хийсэн баримт бичгийн үзлэгийн явцад уг зураг нь гуравдагч этгээдийн газрын хувийн хэрэгт захирамжийн хамт хавсаргагдсан, түүнчлэн шүүхээс Н ХХК-ийн бичиг баримтад хийсэн үзлэгээр хэдийгээр тус компанийн архиваас олдоогүй ч тус компанийн зураг мөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр “...Б.Х нь нэгж талбарын зургийг сүүлд нөхөж хийлгэсэн...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Газрын албанаас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/1533 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн кадастрын зураг, “Н” ХХК-ийн архивт хийсэн баримт бичгийн үзлэг зэргээс дүгнэхэд анх хийлгэсэн кадастрын зургийг 2009 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж уг зурагт 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрчлөлт оруулсан байна. 

Сүхбаатар дүүргийн Газрын албанд ажиллаж байсан Ж.А нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... газар эзэмшихийг хүссэн өргөдлийг бичиг хэргээр дамжуулан хүлээн авдаг байсан...Б.Х-н эзэмшил газрын кадастрын зураг нь бусдын эзэмшил газрын орц, гарцтай давхцсан тул өөрчлөлт оруулсан...” гэж, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ“...надад Ц.Н гэсэн өргөдөл ирж байгаагүй...” гэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Газрын албанд ажиллаж байсан М.Т******* 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...1 дүгээр хавтасны 24, 32, 33 дугаар зургийн 2010, 2011 онд гэрийн буурь байхгүй, 2012 онд маргаан бүхий газрын өмнөх хэсэгт гэрийн буурь байна... намайг ажиллаж байх үед мэдээллийн санд Кадастрын зургийг эхэлж оруулаад дараа нь захирамж гардаг байсан... миний цохолт мөн... ” гэжээ.  

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 1/1366 дугаар албан бичигт “...Б.Х-н эзэмшлийн газар нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд анх 2010 оны *** нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн... 2012 онд тус нэгж талбарын байршил, хэмжээ өөрчлөгдөж *** нэгж талбарын дугаартай 692 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн... 2012 оноос хойш өөрчлөлт ороогүй” гэжээ.

Газрын харилцаа, геодези, зураг  зүйн газраас тус шүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/12 дугаар албан бичгээр “... нэгж талбарын *** дугаар бүхий газрыг мэргэжилтэн Ц.Баярмагнай газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулсан байна” гэсний дагуу шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус Ц.Б-г гэрчээр асуухад “...2008-2011 он хүртэл хороо хариуцсан газар зохион байгуулагч шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрдөг байсан, 2012 оноос хойш оноос заавал дүүрэг, нийслэлийн Засаг даргын захирамж гарсны үндсэн дээр мэдээллийн санд өөрчлөлт оруулах ёстой...нэгж талбарын дугаар авахын тулд мэдээллийн санд оруулдаг байсан...” гэсэн байна.

Гуравдагч этгээд Б.Х-н 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан өргөдөл нь “Сүхбаатар дүүргийн Байгаль хамгаалах газарт өргөдөл гаргах нь” гэж хаяглагдсан боловч тус шүүхээс хийсэн баримт бичгийн үзлэгээр өргөдлийн бүртгэл-хяналтын картын маягтыг шүүж үзэхэд “Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар баталгаажуулах товч утгатай” гэж тэмдэглэгдсэн байх тул нэхэмжлэгчийн “...гуравдагч этгээд газар хүсч өргөдөл гаргаагүй...” гэсэн нь үндэслэлгүй байна.

 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус тус шүүхээс Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны /Сүүлд Газрын алба болж өөрчлөгдсөн/ архивт баримт, бичгийн үзлэг хийхэд, “Ирсэн бичгийн 2009 оны өргөдлийн дэвтэр”-т Б.Х 2362 дугаар бүхий өргөдлийн хяналтын карт бүртгэгдсэн байгааг үндэслэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2009 онд газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргах хуульд заасан насанд хүрсэн Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй Б.Х гэх иргэдийг мэдээллийг шаардсаны дагуу гуравдагч этгээдээс гадна ***, ***, ***, *** регистрийн дугаартай Б.Х гэх 4 иргэн бүртгэлтэй тухай лавлагааг тус шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/12138 дугаар албан бичгээр ирүүлжээ. 

***, ***, *** регистрийн дугаартай Б.Х гэх иргэд нь “Сүхбаатар дүүргийн Газрын албанд өргөдөл гаргаж байгаагүй талаар шүүхэд илэрхийлсэн бөгөөд *** регистрийн дугаартай Б.Х нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...би 2009 онд өргөдөл өгч байгаагүй, өмнө өгсөн...” гэсэн бөгөөд уг иргэний газар эзэмших эрхийг баталгаажуулсан захирамж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 77 дугаартай, өргөдөл нь 388 дугаартай байв. 

Нэхэмжлэгч Ц.Н нь 2007 оноос маргаан бүхий газарт амьдарсан гэсэн нь үндэслэлгүй талаар:

Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 978 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ц.Н-д “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжаар иргэн Б.Х-д *** нэгж талбар бүхий зуслангийн зориулалтаар 692 м.кв газрыг эзэмшүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна...газартай холбогдон үүссэн маргааны талаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү.” гэсэн хариуг өгснийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад хандахад нэхэмжлэгчийн өргөдлийн хариуг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “...Таны өргөдөлд дурдсан байршил дахь газрын маргааны асуудлаар иргэн Б.Х нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, улмаар шүүгч н.Мөнхзул уг маргааныг хянаж байх тул шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэсний дагуу анх шүүхэд хандсан байна.

Ц.Н нь Г ХХК-иар 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 4 өнцөгт цэг бүхий 700 м.кв нэгж талбарын зураг, Ш ХХК-иар 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 8 өнцөгт цэгтэй 700 м.кв нэгж талбарын зураг тус тус хийлгүүлсэн боловч уг нэгж талбарын зургаа газрын кадастрын мэдээллийн санд оруулаагүй байна.

Сүхбаатар дүүргийн Газрын албанаас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/1533 дугаартай албан бичгээр “Иргэн Ц.Н нь тус албанд 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн хариуг 2015 оны 8 дугаар сарын 12-ны 978 албан тоотоор өгсөн байна. 2007 оноос хойш тухайн иргэний нэр дээр өөр хүсэлт бүртгэгдээгүй байна” гэснээс тус тус дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Н нь газар эзэмшихийг хүссэн өргөдлөө Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ.” гэсний дагуу бүртгүүлээгүй, хэрэв тухайн үед нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн аваагүй бол мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ: 1/гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах, 5/төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх” эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Р.Ч 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 20/374 дүгээр тодорхойлолтоор Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж “Ц.Н нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Хадатын зуслангийн газар дээр 2011 оноос хойш амьдарч байгаа нь үнэн болохыг уламжлав”, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дүгээр албан бичгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж “Ц.Н нь 20 дугаар хороо Хадат 1 дүгээр гудамж 2 тоотод 2008 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь үнэн болохыг тодорхойлов”, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1151 дүгээр албан бичгээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандаж “Ц.Н нь Хадат гудамжны **-* тоотод ам бүл 3, байнга, Тус хороо 2012 онд шинээр байгуулагдсанаас эхлэн амьдарч байгаа. Өрхийн дэвтрийг канондож өгөв. 2 хуудас. Хариуцсан хэсгийн ахлагч Д-ээс асуухад 2007 оноос хойш байгаа гэв” гэсэн зөрүүтэй тодорхойлолтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

Шүүхээс Р.Ч-г 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрчээр байцаан зөрүүтэй тодорхойлолт хийж өгсөн талаар тодруулахад “...хэсгийн ахлагч н.Д-ийн хэлснийг үндэслэж тодорхойлолт гаргаж өгсөн... хэсгийн ахлагч н.Д-ийн бичиг байна... зохион байгуулагч н.Энхтуяа хийж өгсөн байх” гэсэн мэдүүлгийг шүүхэд өгсөн болно.

Улмаар шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Н.Д-г шүүхэд гэрчээр дуудан байцаахад “...хороогоор орж гардаг байсан болохоор энэ манай хорооны хүүхэд байна гэж бодож яриан дундаа л хэлсэн. Албан ёсоор бол тэгж хэлээгүй...н.Э, н.Ц нараас тодруулахад болох байх” гэсэн тул 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Т.Э-г гэрчээр байцаахад “...1 дүгээр хавтаст хэргийн 5, 7 дугаар хуудасны бичвэрүүд минийх биш, 69 дүгээр хуудасны бичвэр мөн...нэхэмжлэгч 2007 оноос хойш оршин сууж байгаа гэж тодорхойлолт авна гэхээр би н.Д-ээс асуусан...” гэж, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ж.Ц-г гэрчээр байцаахад “...Зоригт Хадатын ** тоотод байдаг бөгөөд эднийд хамт байхыг би мэднэ...” гэсэн байна.

Тус хороо 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1150 дугаар албан бичгээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандаж “Б.Х нь Хадат гудамжны ** тоотод бүртгэлгүй, Хорооны бүртгэлийн улсын бүртгэгчээс шүүхэд байхгүй байсан. Хүн амын өрхийн мэдээллийн санд шүүхэд байхгүй” гэсэн тодорхойлолт ирүүлсэн байх бөгөөд гуравдагч этгээд маргаан бүхий газар дээр амьдраагүй гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй болно.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга З.Т 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж “Манай 18 дугаар хорооноос 2011 онд 20 дугаар хороо болон салсан. Хадат зуслан манай 18 дугаар хорооны нутагт 2009 оноос хойш өрхийн дэвтэр нээлгэн энэ хаягт амьдарч байсан болно” гэсэн тодорхойлолт өгсөн байх ба шүүхээс З.Т-г 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр байцаахад “...өрхийн бүртгэлийн дэвтрийг тухайн үед хэсгийн ахлагч нар манайхаас салж явсан учраас би үзээгүй... 2009 оны өрхийн бүртгэлийн дэвтэр дээр бичсэн нэмэх тэмдэг бол нэмэлтээр бичсэн гэсэн үг...” гэсэн мэдүүлгийг шүүхэд өгсөн байна. 

Тус шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1/13616 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооноос Л.З-ын өрхийн бүртгэлийн дэвтрийг шаардсаны дагуу эх хувиас нь хуулбарлан авахад гэрч Л.З нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Хадатын ** тоот хаягт 2006 онд анх өрхийн бүртгэлийн дэвтэр нээлгэн улмаар нэхэмжлэгч Ц.Н нь 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шинээр ирсэн гэх тэмдэглэгээ А/16 дугаар мөрт хийгдсэн байхад нэхэмжлэгчийн шүүхэд удаа дараа гаргаж өгсөн уг дэвтрийн хуулбарт өрхийн бүртгэлийн дэвтрийн сүүлийн мөр болох А/16 дугаар мөр нь хуулбарлагдаагүй байсан болно. /хх-1-62, хх-3-32/

Тус шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1/13618 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооноос нэхэмжлэгч Ц.Н-ийн өрхийн бүртгэлийн дэвтрийг шаардсаны дагуу эх хувиас нь хуулбарлан авахад Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын ** тоот хаяганд анх 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр  шилжих өөрчлөлт хийлгэсэн болох нь нотлох баримтаар ирүүлсэн өрхийн бүртгэлийн дэвтрээр нотлогдоно. /хх-1-58, хх-3-32/

Хариуцагчийн зүгээс тухайн үед маргаан бүхий газрын хэсгийн ахлагч хийж байсан гэх Ц.О, Ю.Н, А.Г нарын мэдээллийг шүүхэд ирүүлсэний дагуу тэдгээр иргэдийг гэрчээр байцаахад гэрч Ю.Н 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...кадастраа гаргуулсан иргэдэд хороо тодорхойлолт хийж өгдөг байсан...”, Ц.О 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...1 дүгээр хавтаст хэргийн 58 дугаар хуудас дахь өрхийн бүртгэлийн дэвтэр 2012 онд нээгдсэн байна...” А.Г 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...Ц.Н нь 2011 оны 01 дүгээр сарын 14-ний Зоригтын өрхийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байна. Иргэдийн газар хүссэн өргөдөл хороогоор дамжиж, Газрын алба иргэдэд газар олгохдоо бүрдүүлэх материалын жагсаалтад хорооны тодорхойлолт байх ёстой. Мөн өргөдөлдөө цохолт хийлгэх шаардлагыг Газрын албанаас тавьдаг байсан. Цохолт хийх, тодорхойлолт олгох 2 ялгаатай ойлголт байгаа. Манай хороонд иргэний харьяаллын хувьд бүртгэлтэй иргэн тухайн хорооны газар нутаг дээрээ газар авдаг. Эсвэл бичиг баримтаа аваагүй тухайн газарт олон жил амьдарч байсан хүмүүс газраа баталгаажуулан авдаг. Энэ тохиолдолд оршин суудаг болон газар эзэмшдэг гэсэн тодорхойлолтыг олгодог. Манай хороо зуслангийн хороо учраас Нийслэлийн бүх дүүрэгт харьяалалтай иргэд газар авдаг. Иймд холбогдох бичиг баримтыг шалгаад тодорхойлолтыг олгодог” гэжээ.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 1/1366 дугаар албан бичгийн хавсралтаар 2010 оноос хойшхи Газрын кадастрын мэдээллийн сангийн архивын зургийг 2011 оны сансрын зурагтай харьцуулж ирүүлсэн бөгөөд уг зураг дээр гэрийн буурь байгаа гэж нэхэмжлэгч мэдүүлэх боловч гэрч М.Т-ын мэдүүлгээр үгүйсгэгдэнэ.

Гэрч Г.Д 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...Сайн хэлж мэдэхгүй байна. Ц.Н-ийнх ойролцоогоор 8 жил орчим болж байгаа байх...” 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “... цөөхөн айл байсан учраас хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэхэд тэр хавийн айлуудыг дуудаж оруулахад хүү нь хэлж байсан болохоор санаж байна...манай ач хүүхэд одоо 7 настай... би сайн санахгүй байна” гэжээ.

Гэрч Р.Н “2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...2008 онд Ц.Н тэр газар дээрээ гэр барин бууж байсан...”, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...сүүлд байшингийн суурийг 2015 онд цутгасан” гэжээ

Гэрч Н.Долгорсүрэн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...О-г нь сайн мэдэхгүй байна. 7- 8 жил орчим болчихсон байх. Анх одоо байгаа тэр газар дээрээ л бууж байсан...”, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд “...модон хашааг хэн барьсныг мэдэхгүй байна...нэг өвөл ирэхэд Ц.Н тусдаа гарсан байсан” гэжээ.

Гэрч Ш.Д 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...Ц.Н нь Б.С-с Б.Х-н газар дээр түр бууя гэж гуйсны дагуу буусан... газраа чөлөөлөхийг хүсэхэд нүүнэ гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн...” гэжээ.

Гэрч Б.С 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...энэ хүмүүсийн гэрчлээд байгаа 7-8 жил гэдэг нь З-ын хашаанд амьдарч байсантай хольж хутгаад байна...харин одоо маргаж байгаа зураг дээрээ 2011 онд надаас гуйж буусан...нэхэмжлэгчийн хадам ээж  Герман улс руу явсан ” гэсэн.

Гэрч Л.З 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...Ц.Н-г 2008 онд гэр барьж байсныг мэдэхгүй, Ц.Н-г хэдэн онд ирж буусныг санахгүй байна” гэжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хорооноос ирүүлсэн өрхийн бүртгэлийн дэвтэр, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн маргаан бүхий газрын агаарын болон сансрын зураг, дээрх гэрчийн мэдүүлгүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт 2007 оноос эхлэн амьдарч байсан нь нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч анх хашаа барьсан гэсэн нь үндэслэлгүй талаар:

Гэрч Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...2007-2008 онд Ц.Н 2 куб мод хөндлөнгөөр зүсүүлж авсан...Тэр модоор юу хийснийг нь мэдэхгүй байна”, гэрч Д.Оюунболд “...нэхэмжлэгч Ц.Н надаас мөнгө авч хашааг барьсан” гэж тус тус мэдүүлжээ.

Гэрч Б.У 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...маргаан бүхий газар найз Н.В болон хүүхдүүдийн найзын хамт 2006 онд хашаа хатгасан” гэсний дагуу 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр түүний хүүхэд Э.Хүрэлбаатарыг гэрчээр байцаахад “...2006 онд н.А, н.М найзтайгаа хашаа барьсан...1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудасны 2 дахь зурагт байгаа хашааг барьсан...” гэж, гэрч Н.В 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудасны 2 дахь зурагт байгаа хашааг барьсан...” гэж, гэрч Б.А 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудасны зурагт байгаа хашааг барьсан... яг аль гэдгийг сайн мэдэхгүй байна, хүн даваад гарчих хэмжээтэй байсан...” гэж, гэрч Б.М 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудасны зурагт байгаа хашааг барьсан... яг аль гэдгийг сайн мэдэхгүй байна...” гэж тус тус мэдүүлсэнээс үзэхэд нэхэмжлэгч анх хашаа барьсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Гэрч Л.З 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “... Ц.Н-ийн барьсан хашаа хавтас хэргийн 42-46 дугаар хуудсанд байгаа фото зурагнаас бүдүүн хашаа байна” гэж зааж өгөв.

Газар эзэмшүүлэх төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг гуравдагч этгээд Б.Х-д эзэмшүүлсэн гэсэн нь үндэслэлгүй талаар:

Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1734 дүгээр албан бичгийн хавсралтаар Сүхбаатар дүүргийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ирүүлсэн бөгөөд уг төлөвлөгөөнд “20 дугаар хороонд 6 га газрыг, 13-18 дугаар хороонд 10 га газрыг тус тус жилдээ багтаан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрхийг баталгаажуулан хэрэгжүүлэхээр тусгагджээ.

Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо нь 20 дугаар хороо болж өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд уг тогтоолын 2 дугаар заалтаар хэрэгжилтийг 2011 оноос зохион байгуулахаар заасан, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 30 дугаар тогтоолоор хороодын нутаг дэвсгэрийг шинэчлэн тогтоосон, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12/3 /хавсралт нь 12/2 гэж дугаарлагдсан/ дугаар тогтоолоор батлагдсан 2011 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсаны дотор 18 дугаар хороо-Бэлхэд 7,0 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...тухайн үед маргаан бүхий газар орчимд газар эзэмшүүлж байгаагүй...” гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

Ийнхүү Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “...Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасны дагуу Б.Х-н хүсэлт гаргасан газрын байршил нь иргэдэд эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасанд нийцэж байх тул Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан газрыг гуравдагч этгээд Б.Х-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;” гэж, 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжийн иргэн Б.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.ОДМАА

                          ШҮҮГЧ                       Д.ХАЛИУНА

                                                            Д.ОЮУМАА