Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2018/0586

 

 2018 оны 11 сарын 14 өдөр Дугаар 221/МА2018/0586                       Улаанбаатар хот

Б.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Э.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0576 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0576 дугаар шийдвэрээр: Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.4, 47 дугаар зүйлийн 47.2.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан “2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02-04-524/142 тоот Улсын байцаагчийн акт илт хууль бус болохыг тогтоолгох, Улсын байцаагчийн илт хууль бус актын улмаас учирсан хохиролд 15 825 000 /арван таван сая найман зуун хорин тав/ төгрөг гаргуулах” шаардлага бүхий Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх ... шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасны дагуу “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх хуулийн заалтыг дараах үндэслэлээр хангаагүй болно. Үүнд:

Нэхэмжлэгч нь Ц.Э-ээс 8х8 харьцаатай, 10х8 мансардтай өвлийн байшинг зээлээр 7,000,000 сая төгрөгөөр худалдан авсан байдаг. Өөрийн өмчлөлийн дээрх байшинг буулган авч Н.О-д 13 сая төгрөгөөр худалдах зорилгоор Улаанбаатар хот руу явсан. Гэтэл байшингийн торхыг тээвэрлэн явсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Х нь Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-д заасан зөрчилд тооцон 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 02-04-524/142 тоот улсын байцаагчийн акт үйлдэж 8х8 харьцаатай байшингийн модыг хурааж улсын орлого болгосон.

Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-д “Зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн, ойн дагалт баялаг ашигласан, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх”-ээр хэд хэдэн үндэслэлийг дурджээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “Захиргааны актыг бичгээр гаргаж байгаа тохиолдолд захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заана”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга тодорхой, ойлгомжтой байна” гэж тус тус хуульчилжээ. Гэтэл хариуцагч нь дээрх маргаан бүхий захиргааны актыг Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-д заасан аль үндэслэлээр гаргасан эсэх нь тодорхойгүй байхаас гадна нэхэмжлэгчийн эд хөрөнгийг ямар үндэслэлээр хураан авсан нь ойлгомжгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Гарал, үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.4-д “Мод, модон материал” гэж гуалин, шургааг, бэлдэц, зүсмэл материал түлээг ойлгоно гэж заасан. Гэвч анхан шатны шүүхээс байшингийн торх нь дээрх заалтад хамаарах эсэх талаар дүгнэлт өгөөгүй.

Нэхэмжлэгч нь байшингийн торхыг байшин хэлбэрээр гуравдагч этгээдээс худалдан авсан байхад эрхийн ямар нэгэн доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн эсэх, Ойн тухай хуульд заасны дагуу гарал үүслийн гэрчилгээ, мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгэн байшинг барьсан эсэх талаар захиргааны байгууллага ямар нэг хяналт шалгалт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан Ц.Э нь гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулахаар Хөвсгөл аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 00486 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч Б.Б нь 7,000,000 төгрөгний эд хөрөнгөө үндэслэлгүйгээр улсын байцаагчид хураалган, Ц.Э-т зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөгийг төлж, нийт 14,000,000 төгрөгөөр хохирох болоод байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б-аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Байшингийн зориулалттай бэлтгэсэн мод хураах тухай” 02-04-524/142 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох, улсын байцаагчийн илт хууль бус актын улмаас учирсан хохиролд 15 825 000 /арван таван сая найман зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02-04-524/142 дугаар актаар нэхэмжлэгч Б.Б-ыг 12.1 м3 буюу 3-10,5 метрийн урттай 27 ширхэг байшин барихад ашиглах зориулалтаар бэлтгэсэн модыг Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдах гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэн явсан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-д зааснаар тээвэрлэсэн зүйлийг улсын орлого болгосон байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон давж заалдах гомдолдоо “... өвлийн барьчихсан байсан байшинг нь худалдан аваад буулгаад ачаад явж байна. Энэ бол Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-т заасан зөрчилд хамаарахгүй, ... зөрчил гэж үзсэн бол Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-т заасны дагуу торгох шийтгэл ногдуулаад хурааж улсын орлого болгох ёстой байсан” гэж маргажээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 486 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 26 дугаар магадлалаар тогтоогдсон үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь иргэн Ц.Э-ээс байшин барих зориулалтаар бэлтгэсэн мод, модон материал болох 58 ширхэг, 8х10 хэмжээтэй торх худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан нь харагддаг. Харин тэрээр 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот руу 12.1 м3 буюу 3-10,5 метрийн урттай, 27 ширхэг мод, модон материалыг дагалдах бичиг баримт /мод модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ/-гүйгээр тээвэрлэж явсан нь шалгалтаар тогтоогдсон байна.

Маргаан бүхий актыг гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1-д захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлүүдийг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан аль үндэслэлээр маргасан нь тодорхойгүй. Харин нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч өөрийнх холбогдсон зөрчил Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-д хамаарахгүй “маргаан бүхий актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн байдлаар улсын байцаагчийн актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Б.Б нь “мод, модон материалын хэмжээ, төрөл болон тээврийн хэрэгслийн дугаар зөрүүтэй, гарал үүслийн гэрчилгээ бус мод бэлтгэх эрхийн гэрчилгээ, хяналтын хуудастай” мод, модон материал тээвэрлэж явсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 дугаар тушаалаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 2.1.4-д “мод, модон материал” гэж гуалин, шургааг, бэлдэц, зүсмэл материал /дүнз, дүнзэнцэр, банз, брус, дранк/ түлээг ойлгоно гэж заасан нь ойгоос бэлтгэж, ашиглах зориулалтдаа нийцүүлэн хэлбэрийг нь өөрчилсөн бүх төрлийн мод, модон материалыг хамаарахаар зохицуулсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн “байшингийн торх нь мод, модон материалд хамаарахгүй” гэх тайлбар үндэслэлгүй юм.  

Мөн дээрх журмын 2.1.2-т мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ гэж мод, модон материалыг нийслэл, өөр аймаг, сум тэдгээрийн хооронд тээвэрлэх, худалдахад ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн мод болохыг гэрчилж Ойн тухай хуулийн 34.1, 34.4-д заасны дагуу олгосон баримт бичгийг ойлгохоор зааснаас үзвэл аливаа мод, модон материал нь ойгоос зохих журмын дагуу бэлтгэсэн болохыг гэрчилсэн баримт бичигтэй байх ёстой бөгөөд уг гэрчилгээ нь мод, модон материалыг худалдах, тээвэрлэхэд зайлшгүй шаардагдах баримт бичиг байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, Ойн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 02-04-524/142 дугаар актыг гаргасан нь илт хууль бус биш. Ойн тухай хуулийн /2012 оны/ 47 дугаар зүйлийн 47.2.4-т “... гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг тээвэрлэсэн ... бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тус тус төгрөгөөр торгох” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн тээвэрлэж явсан мод, модон материалыг улсын орлого болгосон нь дээрх хуулийн заалтад нийцсэн.

Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт илт хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0576 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ