Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 407

 

 “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/38 дугаар тушаалаар

томилогдсон сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зарласан СШ-34-06-ийн сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байгаа материалаар техникийн саналыг үнэлэх, үнийн саналыг нээж үнэлэх, сонгон шалгаруулахыг даалгах, 2016 оны 06 дугаар сарын 04-ны өдөр зарласан сонгон шалгаруулалтын 2-т заасан СШ-38-02-ийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаал, мөн даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/132 тушаалын СШ-38-02 холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0337 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 489 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, Э.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А, Б.Ур нарыг оролцуулж,

Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0337 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.5-д Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус баримтлан С ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/38 дугаар тушаалаар томилогдсон сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зарласан СШ-34-06-ийн сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байгаа материалаар техникийн саналыг үнэлэх, үнийн саналыг нээж үнэлэх, сонгон шалгаруулахыг даалгах, 2016 оны 06 дугаар сарын 04-ны өдөр зарласан сонгон шалгаруулалтын 2-т заасан СШ-38-02-ийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаал, мөн даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/132 тушаалын СШ-38-02 холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 489 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.5, 49 дүгээр зүйлийн 49.10, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтын 2-т заасан СШ-38-02-ийг хүчингүй болгож, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/132 тушаалын СШ-38-02-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч Х.Бын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.  

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 123 дугаар зүйлийн 123.1. 123.2.1-т заасныг тус тус удирдлага болгон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 489 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

4. “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Сонгон шалгаруулалтын комисст холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянаж үзээд 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 0337 шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж үзээд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 489 дүгээр магадлалыг гаргаж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Ашигт малтмалын газраас 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтын 2-т заасан СШ-38-02-ийг хүчингүй болгож, мөн Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2019 оны 7 дугаар сарын сарын 10-ны өдрийн А/132 тушаалын СШ-38-02-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”... өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд магадлал гаргахдаа дараах хууль хэрэглээний алдааг гаргасан.

6. Нэг. Магадлалын хянавал хэсэгт ...Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т “Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа бол шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглоно” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах харилцааг нарийвчлан зохицуулсан бөгөөд 49 дүгээр зүйлийн 49.10-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдөл хүлээн авч шийдвэр гаргахгүй байхыг хязгаарласан хуулийн зохицуулалт болохоос биш мөн хуулийн 20 дугаар зүйлээр зохицуулсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох харилцааг хязгаарласан зохицуулалт биш юм.

7. Хоёр. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж магадлал гарган шийдвэрлэхдээ ЗХШХШТХуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-т “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасныг ноцтой зөрчсөн. Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1785 дугаар “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан” захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байтал 1785 дугаар захирамжаар татгалзсан нэхэмжлэлийн шаардлагыг /давж заалдах гомдолдоо бичсэнийг/ хангаж магадлал гаргаж шийдвэрлэсэн.

8. Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасныг зөрчсөн гомдлын дагуу гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

9. Дөрөв. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “нотлох баримтад үндэслэсэн байна” гэх шаардлагыг тус тус хангахгүй давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан.

10. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 489 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 489 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргаж байна.

12. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаар шийдвэрээр “С” ХХК-иас, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/38 дугаар тушаалаар томилогдсон Сонгон шалгаруулалтын комисст холбогдуулан гаргасан, “Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зарласан СШ-34-06 дугаар сонгон шалгаруулалтыг хүчинтэйд тооцож, Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байгаа материалаар техникийн саналыг үнэлэх, үнийн саналыг нээж үнэлэх, сонгон шалгаруулахыг даалгах, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтын 2-т заасан СШ-38-02-ыг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаал, мөн даргын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/132 тушаалын СШ-38-02 холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 489 дүгээр магадлалаар уг шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, “Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтын 2-т заасан СШ-38-02-ыг хүчингүй болгож, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/132 тушаалын СШ-38-02 холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн.

13. Ийнхүү өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. 

14. Нэг: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн “Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зарласан сонгон шалгаруулалтын 2-т заасан СШ-38-02-ыг хүчингүй болгуулах, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/132 тушаалын СШ-38-02 холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс эс зөвшөөрч тайлбарлахдаа: “...“Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/132 тоот тушаал” нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл уг акт нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй болно...”, мөн “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.1-т тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалттай холбоотойгоор зөвхөн сонгон шалгаруулалтад оролцогчоос гомдол гаргаж болохоор заасан..., “С” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зарласан СШ-38-2 дугаартай сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан боловч өөрсдийн сонирхлоор оролцоогүй тул 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зарласан СШ-38-2 дугаартай сонгон шалгаруулалт болон уг шалгаруулалттай холбоотой гарсан аливаа тушаал шийдвэрт гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй болно...” гэж тайлбарладаг.

15. Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ: “...Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.1-т зааснаар “сонгон шалгаруулалтад оролцсон оролцогч гомдол гаргахаар журамласан”, “... нэхэмжлэгч нь СШ-38-02 дугаар сонгон шалгаруулалтыг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мэдсэн боловч уг сонгон шалгаруулалтад оролцоогүй, өмнөх сонгон шалгаруулалттай холбоотой маргаж буй талаар эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдээгүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна...” гэж зөв дүгнэж шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх хэсэг буюу “СШ-38-02 сонгон шалгаруулалттай холбоотой нэхэмжлэл гаргах эрхийн тухай дурдсан”. Гэвч захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн “СШ-38-02 дугаартай сонгон шалгаруулалттай холбоотой” нэхэмжлэл гаргах эрхийг ямар хуулийн зүйл заалтыг үндэслэн, уг сонгон шалгаруулалттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болно.

16. Хоёр: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгтээ: “... “С” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байхад сонгон шалгаруулалтыг СШ-38-02 нэртэйгээр 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дахин зарлаж, техникийн саналыг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нээж, ... 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/132 тоот тушаалаар үнэлгээний дүнг баталгаажуулсан нь...’’, “...захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд тусгай зөвшөөрөл олгосон нь захиргааны байгууллагын алдаатай шийдвэр байтал анхан шатны шүүх хуульд нийцсэн шийдвэр гэж үзсэн нь буруу дүгнэлт болжээ...”, “...шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсээр байж шүүхээр маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд сонгон шалгаруулалт явуулан гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон... А/132 тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан илт хууль бус акт гэж үзэхээр байна...” гэж буруу дүгнэсэн болно.

17. Учир нь нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалттай холбоотойгоор маргаж байгаа талаар эрх бүхий байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдээгүй бөгөөд, нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсэж, хариуцагчийг дуудсан бөгөөд, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 7/5271 тоот албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдон ирж, нэхэмжлэлийн хувийг гардан авснаар уг сонгон шалгаруулалттай холбоотой маргаан үүссэн байгааг сонгон шалгаруулалт зарласан эрх бүхий байгууллага мэдсэн бөгөөд нэхэмжлэлийн хувийг гардан авах үед уг СШ-38-02 дугаартай сонгон шалгаруулалт явагдаж, комиссын дүгнэлт гарч, үнэлгээний дүнг баталгаажуулсан байсан. Мөн нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газраас СШ-34-06 дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, уг сонгон шалгаруулалтад оролцсон бүх аж ахуй нэгжүүдэд материалыг буцаан хүлээлгэн өгсөн буюу Ашигт малтмал, газрын тосны газарт аж ахуй нэгжүүдийн сонгон шалгаруулалтын материалууд байхгүйг мэдсээр байж, “...ирүүлсэн байгаа материалаар сонгон шалгаруулалтыг үнэлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж”, мөн түүнчлэн СШ-38-02 дугаартай сонгон шалгаруулалтыг зарласан болохыг мэдсэн, сонгон шалгаруулалтад оролцох эрх нь бүх аж ахуй нэгжүүдэд нээлттэй байхад өөрсдийн сонирхлоор оролцоогүй, сонгон шалгаруулалт болох өдрийг мэдсээр байж, эрх бүхий байгууллагад маргаан үүссэн болохыг мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх хүсэлт гаргах эрхтэй байсан боловч гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч, хүсэлтээсээ татгалзсан зэрэг нэхэмжлэгчээс шалтгаалсан нөхцөлүүдийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх огт дүгнээгүй болно.

18. Мөн магадлалын үндэслэх хэсэгтээ “...шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсээр байж..” гэж хариуцагчийн итгэмжлэл, нэхэмжлэлийн хувь гардуулсан баримт болон хэргийн материалыг нягталж үзэлгүй дутуу үнэлж, буруу дүгнэлт гаргаж шийдвэрлэжээ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн сонгон шалгаруулалттай холбоотой зохицуулалт болон сонгон шалгаруулалтын журмыг баримталж шийдвэрлэх ёстой байтал хуулийн өөр зохицуулалт бүхий заалт болох Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэг буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхтэй холбоотой хуулийн заалт баримталж хуулийн уг хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байна.

19. Хэргийн материалтай бүрэн танилцаагүй, маргаан үүссэн үндэслэлийг буруу тодорхойлж, буруу дүгнэлт өгсөн. Нэхэмжлэгч “С” ХХК нь “СШ-34-6 сонгон шалгаруулалтын ирц нь Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 6.2.1-т заасан шаардлага хангасан тул, сонгон шалгаруулалтыг хүчинтэйд тооцох... ирүүлсэн материалаар сонгон шалгаруулалтыг үнэлүүлэх...” агуулгаар нэхэмжлэл гаргасан байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх буруу ойлгон, дүгнэж, магадлалдаа “... “Тод- Ундарга” ХХК-ийн гомдлыг хянан үзэж тухайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон атлаа, энэхүү сонгон шалгаруулалт нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хэмээн хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг...” гэж тодорхойлоод, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын утга, агуулгыг буруу тодорхойлж, дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн.

20. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй гэж үзэж уг хүсэлтээсээ татгалзсан тул Тод-Ундарга ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үндэслэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ашигт малтмал хайгуулын төлөвлөгөө, судалгааны ажил бүрэн хийгдэж, газрын өрөмдлөг, малтлагын ажил хэдийнээ хийгдэж, өнөөдрийг хүртэл 3.5 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил хийгдсэн байгаа.

21. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 489 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

22. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

23. Нэг. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зарласан СШ-34-06-ийн сонгон шалгаруулалтыг хүчинтэйд тооцож, Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байгаа материалаар техникийн саналыг үнэлэх, үнийн саналыг нээж үнэлэх, сонгон шалгаруулахыг даалгах, Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд: 

24. Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Хавчуу нэртэй 2366.86 га талбайд СШ-34-06 дугаартай сонгон шалгаруулалтыг зарлаж, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр техникийн саналыг нээсэн, тус сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “С” ХХК, гуравдагч этгээд “Т” ХХК болон “Ай би би ай” ХХК зэрэг нэр бүхий 8 компани оролцсон байх бөгөөд техникийн саналыг нээх ажиллагаагаар “Т” ХХК, “Ай би би ай” ХХК-иудын ирүүлсэн саналыг “сонгон шалгаруулалтын журмын 3.4 дэх заалтыг хангаагүй” гэсэн үндэслэлээр буцаасан байна.

25. Тус сонгон шалгаруулалтад оролцогч “Т” ХХК, “А” ХХК-иудаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд гаргасан “...ирц бүрэлдээгүй байхад шийдвэр гаргасан” гэсэн гомдлын дагуу, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/76 дугаар тушаалаар Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг шалгах ажлын хэсгийг байгуулсан байх ба тус Ажлын хэсгийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтээр “Сонгон шалгаруулалтын комисс нь ...сонгон шалгаруулалтын журмын 4.2.5-д заасан ажиллагааг явуулахдаа ...мөн журмын 4.1.6-д заасныг зөрчсөн...” гэж дүгнэжээ.

26. Уг дүгнэлтийг үндэслэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 08/1427 тоот албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хүргүүлсний дагуу Сонгон шалгаруулалтын комисс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, 11 дүгээр шийдвэр гарган, маргаан бүхий талбайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналыг үнэлэхгүйгээр буцаан олгож, сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаалаар, өмнөх А/55 дугаар тушаалын маргаан бүхий талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин зарлах бэлтгэл хангахыг сонгон шалгаруулалтын комисст даалгасан захиргааны актууд хууль, журмын холбогдох заалтуудад нийцсэн байна.

27. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...10.1.2. энэ хуулийн, 20.1, 24.2, 26.9, 60.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу зохион байгуулж,...” гэж хуульчилсан. Мөн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “Сонгон шалгаруулалтын комисс нь дарга, нарийн бичгийн дарга болон гишүүдээс бүрдсэн нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй байна. Нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ хийх эрхгүй бөгөөд тэмдэглэл хөтөлж, тодорхойлолт, дүгнэлтийн төслийг бэлтгэх, сонгон шалгаруулалтын болон сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй”, 4.1.6-д “Сонгон шалгаруулалтын комиссын саналын эрхтэй гишүүдийн 80 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.

28. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн маргаан бүхий СШ-34-06 дугаартай сонгон шалгаруулалтын техникийн саналыг нээх ажиллагаанд комиссын дарга Д.Д, нарийн бичгийн дарга Б.Б, комиссын гишүүн Э.А, Д.Х, Г.А, Д.Б Д.О нар оролцсон, комиссын гишүүн Д.О гадаадад томилолттой шалтгаанаар, Н.М нь албан ажлын шаардлагаар тус тус оролцоогүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, журамд зааснаар сонгон шалгаруулалтын техникийн саналыг нээх ажиллагаанд тус Сонгон шалгаруулалтын комиссын саналын эрхтэй гишүүдийн 80 хувь ба түүнээс дээш хувь оролцсоноор сонгон шалгаруулалтыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байхад тус ажиллагаанд тус комиссын 9 гишүүнээс 7 гишүүн оролцсоныг ирц журамд заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй юм. 

29. Иймд, Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зарласан СШ-34-06 дугаартай сонгон шалгаруулалтыг хүчинтэйд тооцох, тус газарт ирүүлсэн байгаа материалаар техникийн саналыг үнэлэх, үнийн саналыг нээж үнэлэх, сонгон шалгаруулах боломжгүй бөгөөд маргаан бүхий талбайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаалууд хууль зөрчөөгүй, дээрх шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч “С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж дүгнэн, анхан  болон давж заалдах шатны шүүхээс  нэхэмжлэлийн энэ шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. 

30. Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан “2019 оны 6 дугаар сарын 04-ны өдөр зарласан сонгон шалгаруулалтын 2-т заасан СШ-38-02-ийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/132 тушаалын СШ-38-02 холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

31. Давж заалдах шатны шүүхийн “...нэхэмжлэгчээс сонгон шалгаруулалт нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хэмээн хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсээр байж, шүүхээр маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд сонгон шалгаруулалт явуулж гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын А/132 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус акт гэж үзэхээр байна. Үүний улмаас анхнаасаа зохих журмаар сонгон шалгаруулалтад орж үнэлэгдэх байсан нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гарсны дараагаар сонгон шалгаруулалтад оролцох эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангасан шийдэл буруу байна.  

32. Хариуцагчаас дээрх байдлаар өмнөх сонгон шалгаруулалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, маргаан бүхий талбайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаалыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий талбайд СШ-38-02 нэртэйгээр дахин сонгон шалгаруулалтыг зарласан нь хууль зөрчөөгүйн гадна уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “С” ХХК оролцоогүй, өмнөх сонгон шалгаруулалттай маргаж буй талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй тул уг сонгон шалгаруулалтын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

33. Иймд хариуцагчаас хууль, журамд заасны дагуу дахин сонгон шалгаруулалтыг явуулж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/132 дугаар тушаалаар комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулж, гуравдагч этгээд “Т” ХХК-ийг шалгарсанд тооцож, мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зөрчөөгүйн гадна, уг тушаалын СШ-38-02 холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг  буруутгах үндэслэлгүй юм.

34. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 489 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т тус тус зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                                                                  

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Ч.ТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА