Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01698

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01698

 

 

 

НПГ-ыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/01573 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч НПГ-ыннэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Г-ад холбогдох,

Гэм хорын хохиролд 30,610,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

НПГ-аас2016 онд зохион байгуулагдсан Ази Европын дээд хэмжээний Зэвсэгт хүчний 11 дүгээр уулзалтын хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабаас гадаадын зочид төлөөлөгчид нарт бэлтгэх 55 ширхэг эмээл, хазаарын худалдан авах ажиллагааны явцад төсвийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Эрүүгийн 180200563 дугаартай хэргийг Ц.Г- нь Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас шилжүүлсэн 82,500,000 төгрөгөөс иргэн Ц.Д-д 60,089,500 төгрөгийг өгч, үлдэгдэл 22,410,000 төгрөгийг уулзалт, айлчлал, төлөвлөлтийн хурал зэрэг арга хэмжээнд зарцуулсан гэх боловч энэ талаарх нотлох баримт байхгүй, түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад үлэмж хэмжээний буюу 22,410,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнээд түүнчлэн АСЕМ-ийн бэлтгэл ажлын албанаас санхүүжилтийн 82,500,000 төгрөг орж ирэхээс өмнө Зэвсэгт хүчний жанжин штабын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Г-ын даалгасны дагуу эмээл, хазаарын урьдчилгаа мөнгө болох 18,589,500 төгрөгийг Сонгинохайрхан дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 017 дугаар ангиас 22,500,000 төгрөгийг Булган аймгийн Хялгант суманд байрлах Зэвсэгт хүчний 234 дүгээр ангиас, нийт 41,089,000 төгрөгийг Ц.Д-ын Хаан банкны данс руу шилжүүлсэн байна. Гэвч Ц.Г- нь АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас санхүүжилт орж ирмэгц буюу 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мөнгийг буцаан шилжүүлэхээр дээрх 2 ангийн холбогдох албан тушаалтнуудтай тохиролцсон боловч Зэвсэгт хүчний 234 дүгээр ангиас шилжүүлсэн 22,500,000 төгрөгөөс 8,200,000 төгрөгийг буцаан өгөлгүй завшиж, тус ангид 8,200,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа боловч мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1заасан эрүүгийн хариуцлагад татаж болох 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг хааж шийдвэрлэхээр тогтов гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 471 дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Ц.Г-аас гэм хорын хохирол болох 30,610,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу бусдад учруулсан хохирлыг арилгах үүргийн дагуу уг улсад учирсан хохирлыг арилгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Эрүүгийн хэргийн тухайд НПГ-аасхөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Гэтэл НПГ-аасэцэслэн шийдвэрлэгдээгүй, миний гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байхад гэм хорын хохирлыг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Д- гэх хүнтэй анх гэрээ байгуулсан. Яамнаас мөнгөө авах гэсэн боловч хувь хүн авч болохгүй гэсэн учраас компанитай гэрээ байгуулах шаардлага гараад Аз билэг ерөө ХХК гэх компанитай гэрээ байгуулж 82,500,000 төгрөгийг гаргуулж авсан. Мөнгөө урьдчилаад авчихсан. Гарын үсэг хуурамч эсэхийг нь мэдэхгүй байна. Хуурамч байсан бол Аз билэг ерөө ХХК-ийн хүмүүстэй гэрээ хийж мөнгөө гаргаж авч чадахгүй байсан байх. Тооны хувьд зөрүүтэй байгаа. Уг компани нь бэлэн мөнгө гаргаж авчирч өгөхдөө мөнгөн дүнгийн 10 хувийг авсан. Зэвсэгт хүчин жанжин штабт 74,300,000 төгрөг ирснээс Зэвсэгт хүчний 244 дүгээр ангиас урьдчилгаанд өгсөн байсан 22,500,000 төгрөгөө хасаад, Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 18,500,000 төгрөгийг өгөөд Ц.Д-д 60,000,000 төгрөг өгөх байснаас 19,000,000 төгрөг гүйцээж өгөөд, 14,300,000 төгрөг манай байгууллагад үлдсэн. Уг мөнгөө гадны зочин төлөөлөгч, бэлэг дурсалд өгөх маягаар зарцуулсан. Яг хэнд хэдэн төгрөг өгсөн баримт байхгүй байгаа. Төсвийн мөнгө биш гадаад харилцааны яамнаас зарцуулсан мөнгө байсан, баримтаар тайлбарлах шаардлага байгаагүй учраас тухайн үед нь тухайн арга хэмжээ хариуцаж байсан хүмүүстэй тооцоо хийгээд явж байсан. Зэвсэгт хүчний жанжин штабын төсвийн мөнгөнөөс гараагүй учраас эргээд тайлагнах шаардлагагүй байсан тул санхүүгийн баримт хадгалагдаж үлдээгүй. Хувьдаа ашигласан л гэж хардаад байгаа болохоос миний хувьд нэг ч төгрөг ашиглаагүй.

2016 онд АСЕМ зохион байгуулагдах үед 55 зочид төлөөлөгч нарт эмээл, хазаарыг бэлдэж өгөхийг Зэвсэгт хүчний жанжин штабт даалгасан. Төсөв мөнгө, урьдчилгааг нь хожигдож шийдсэн учраас санхүүгийн албаны дарга нь 2 ангиасаа мөнгийг урьдчилан татаж эмээл, хазаар хийдэг хүн болох Ц.Д- руу шилжүүлсэн. Үүний дараа гадаад харилцааны яамнаас 82,500,000 төгрөг шилжиж орж ирэхдээ Ц.Д-ын данс руу биш Аз билэг ерөө ХХК-ийн данс руу орсон. Аз билэг ерөө ХХК-ийг хуулийн этгээдээр гэрээ хийхгүй бол гадаад хэргийн яамнаас шилжүүлэх боломжгүй гэсэн учраас Ц.Д- нь өөрийн хуурай ах болох Аз билэг ерөө ХХК-ийг ашиглаж байгаад гэрээ хийж, компанийн данс руу мөнгийг шилжүүлж авсан байдаг. 82,500,000 төгрөгийг авсны дараа 017 дугаар анги, 243 дүгээр ангиудад авсан мөнгөө эргүүлж төлсөн ба иргэн Ц.Д- 19,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Сүүлд өгсөн НПГ-аасөгсөн хавтаст хэргийн 058 дугаар хуудсанд 19,000,000 төгрөгийг бэлнээр авсан мөн 61,000,000 төгрөгийг төлбөрийг надад төлсөн гэх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Мөн 8 250 000 төгрөгийн төлбөрийг Аз билэг ерөө ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Алтансүх нь татварт суутгаж авсан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай үнийн дүн тохирч байна. Мөн Нийслэлийн прокурорын газар нь хэргийн оролцогч мөн үү. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан үйл баримтыг хангаж чадаж байна уу. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 471 дүгээр тогтоолын хориглох хэсэгт хэргийн хохирогч түүний хууль ёсны этгээд биш, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээд байхгүй болохыг дурдсан хүчин төгөлдөр тогтоол байдаг. Гадаад хэргийн яам болон Аз билэг ерөө ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэхтэй холбоотой маргааныг задлаад гэм хор учруулсан гэж яриад байна. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 471 дүгээр тогтоолоор манай үйлчлүүлэгчийг төрийн албан хаагч гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь заасны дагуу учирсан хохирлыг төр хариуцна гэсэн зохицуулалттай байна. Нэхэмжлэгч ямар дүнг, ямар үндэслэлээр нэхээд байгаа нь ойлгомжгүй. 2 байгууллагын хооронд байгуулсан гэрээ нэгэнт дууссан, хохирогч тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Г-аас гэм хорын хохиролд 30,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч НПГ-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан НПГ-ын2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 471 дугаар прокурорын тогтоол, гэрчийн мэдүүлгүүд, Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан, Аз билэг

ерөө ХХК-ийн 1410008014 тоотдансны хуулга, төлбөрийн хүсэлт, орлогын баримт, Ц.Д-ын Хаан банк дахь 5113007093 тоот дансны хуулга, Аз билэг ерөө ХХК-тай байгуулсан эмээл, хазаар бэлтгэн нийлүүлэх гэрээ зэрэг баримтуудаар Ц.Г- нь бусдад гэм хор учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсоноос гадна хариуцагч бусдаас мөнгө авсан талаараа маргаагүй байна.

Эрүүгийн хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг яллагдагч зөвшөөрөөгүй тохиолдолд /гэм буруугүй гэж үзсэн бол/ мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээр цагаатгах тогтоол гаргуулахаар буюу гэм буруугүйд тооцуулахаар гомдол гаргах бөгөөд ийнхүү гомдол гаргаагүй тохиолдолд прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх хууль зүйн боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч гэм буруугийн хувьд маргаагүй учраас энэхүү эрхээ эдэлж, гэм буруугүйд тооцуулахаар прокурорын шийдвэрт гомдол гаргаагүй байна.

Харин иргэний шүүх гэм хор учруулсан эсэхэд нотлох баримтад тулгуурлан гэм хор учруулсан буруутай эсэхийг тогтоох бүрэн боломжтой.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогоогүй нь бусад учруулсан хохирол, хор уршгийг төлүүлэхээс чөлөөлөх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар олсон орлого буюу бусдад учруулсан хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлд хамаарч байгаа, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрх үүссэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

1.а. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч Нийслэлийн Прокурорын газар нь хариуцагч Ц.Г-ад холбогдуулан гэм хорын хохиролд 30,610,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нийслэлийн Прокурорын газар нь төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тал шүүхийн өмнө тэгш эрхтэй мэтгэлцэж оролцох ёстой.

 

3.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй байдаг. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болохоор заасан байна.

 

3.б. Хэрэгт авагдсан НПГ-ынЭрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан бичмэл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэсэн заалт нь хэргийн оролцогч нарт хамаарахгүй юм. Тодруулбал, НПГ-ынЕрөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.Ариунболд төлөөлөгчдөө итгэмжлэл олгож уг нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Ц.Г-ад холбогдох эрүүгийн хэргийн материалыг дээрх хуульд заасан шаардлагыг хангуулахаар гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн байх боловч, нэхэмжлэгч талаас уг баримтуудыг ирүүлэхдээ нэхэмжлэгч НПГ-ынЕрөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.А-ын гарын үсэг бүхий 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/2170 дугаартай албан бичгээр хавсралт 136 хуудас бүхий НПГ-ынэрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг бүхий баримтуудыг ирүүлжээ.

Тухайн тохиолдолд шүүхийн журмаар нотлох баримтыг талуудаас ирүүлэхдээ дээрх хуульд заасны дагуу нотариатаар гэрчлүүлэх, эсвэл эхээр нь ирүүлэн шинжлэн судлуулах зэргээр хуулийн шаардлагыг хангах боломжтой байсан гэж үзнэ. /1хх188-250, 2хх1-73/

 

3.в. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

3.г. Анхан шатны шүүхээс хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх бөгөөд дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, дүгнэлт хийх боломжгүй.

 

4. Түүнчлэн, Ц.Г-ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд бусад байгууллага буюу ажиллаж байсан Зэвсэгт хүчний жанжин штабтай хийгдсэн гэрээ, хэлцэлтэй хамааралтай, гэрээний үнийн зөрүүтэй холбоотойгоор тухайн хэрэгт эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

 

5. Мөн Эрүүгийн хэрэгт гэрчээр асуусан мэдүүлгүүдийг бичгийн нотлох баримтын хэмжээнд үнэлсэн эсэх, эсхүл тухайлан гэрчээр асуух шаардлагатай эсэх, маргаан бүхий нэхэмжлэлтэй холбоотой санхүүгийн анхан шатны нотлох баримтуудыг холбогдох газруудаас гаргуулах эсэх зэрэг хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг шүүхээс тодруулаагүй, энэ талаар талууд мэтгэлцээгүй байна.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасныг анхан шатны шүүх зөв тайлбарласан гэж үзэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр маргаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2022/01573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ