| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0176/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2018-11-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 183
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: М.Б, Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц овогт М.Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц овогт Ж.Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1835003230195 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1968 оны 7 дугаар сарын 30-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын Зэлийн гол багийн 02-07 тоотод оршин суух Ц овогт М.Б. РД:......
Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 13-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх, нийгмийн багш мэргэжилтэй, Зүүнговь сумын ЕБС-д багш ажилтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын Зэлийн гол багийн 12-12 тоотод оршин суух Ц овогт Ж.Б. РД:............
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Зүүнговь сумын 5-р багийн нутагт хохирогч М.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч М.Баттогтх нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Зүүнговь сумын 5-р багийн нутагт хохирогч Ж.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
I. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын Зэлийн гол багийн нутагт хохирогч Ж.Б-ийг зодсон болох нь хохирогч Ж.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байтал бага ангидаа хамт сурч байсан. З миний утас руу залгаад би Улаанбаатараас ирчихлээ Б-ын гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Б-ын гэрт очоод байж байтал төрийн банкнаас таны зээл гарч байна гэж ярьсан. Тэгээд би төрийн банк орчихоод сургууль орсон. Сургуулиас гараад харих гээд явж байтал З, Б хоёр таарсан. Тэгээд З, Б ах бид 3 Өгөөмөр уулын овоон дээр гарсан. Тэнд З нэг шил архи гаргаж ирээд овоонд өргөөд бид 3 арц, сан, тавьж сүү өргөсөн. Тэгээд овоонд өргөсөн архиа хувааж уугаад сумын төв рүү хөдөлсөн. Сумын төв орж ирээд Б ах бид хоёр яс үндэс ярьж маргалдсан. Тэгээд би намайг машинаас буулга гэхэд машин зогссон. Би түрүүлж буугаад байж байтал Б ах бууж ирээд бид хоёр нэг нэгнээ заамдаж аваад ганц нэг цохилцсон. Бид хоёр барьцалдаж аваад Б намайг түлхэхэд би хойшоо газарт унахад миний хөл дээр дэвссэн. Босох гэхэд босож болохгүй байсан. Тэгээд Б ах машинаа асаагаад яваад өгсөн. Би ах руу ярьж босож болохгүй гэж хэлэхэд манай ах Б ирээд намайг эмнэлэгт авч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 6, 10-14-р тал/,
гэрч Д.Н-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр манай нөхөр 17 цагийн үед төрийн банкнаас гараад явсан. Би сургуулийн дотуур байранд жижүүртэй байсан. 19 цагийн үед манай нөхрийн утаснаас надруу залгасан. Утсаа авахад манай манай хадам ах Б гэх хүн байсан. Намайг эмнэлэг дээр хүрээд ир Б хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэгээд яваад очиход манай нөхөр Бийн нүүр ам хавдсан, цус болсон байсан. Тэгээд манай нөхөрт өвчин намдаагч хийчихсэн унтаж байсан. Тэгээд Б ах чи очоод хувцасын аваад ир Улаангом сум эмнэлэг авч явна гэж хэлсэн. Тэгээд би хувцасын авч очоод Улаангом явсан. Тэгээд манай нөхөр Б утсаар залгаад Б намайг зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-15-16-р тал/,
гэрч Д.Х-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Зүүнговь сумын цагдаагийн хэсгийн өрөөнд байж байтал Ж.Б орж ирээд манай дүү Б-ийг Б цохисон гэж хэлсэн. Тэгээд би өөрийн машинаар хэрэг болсон газарт очиход Б, З, эмч М нар байсан. Бийн нүүр тус газар цус болсон гараараа газар тулчихсан хэвтэж байсан. Б намайг хараад би эндээ учраа олно цагдаагаар явмааргүй байна чи цагдаа руу битгий мэдэгдээрэй гэж хэлсэн. Би таныг хэн зодсон юм бэ гэхэд Б зодсон гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг /хх-17-р тал/,
гэрч Ж.Б-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 14-ний орой гэртээ байж байтал манай төрсөн дүү Б надруу утсаар залгаад би хорооллын хойд талд байна Б намайг зодлоо. Ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд би машинаа унаад очиход манай дүүгийн хажууд З сууж байсан. Харин манай дүү хэвтэж байсан. Нүүр нь цус болсон. Мөн газарт цус тогтоолсон байсан. Би эмч, цагдаа авч ирэхэд эмч манай дүүгийн хөл гэмтсэн байна эмнэлэг явах шаардлагатай гэсэн. Тэгээд эмнэлэгт ирээд М эмч үзээд хөл нь хугарсан байна. Аймаг явах шаардлага гэж хэлсэн. Тэгээд М эмч, манай эгч бид 3 манай дүү аваад аймгийн төв рүү авч орсон. Бээс юу болсон талаар асуухад Б намайг зодчихоод явчихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-18-р тал/,
гэрч Д.Нийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Зүүнговь сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж байтал 17 цаг өнгөрч байхад Б гэх хүн Бийг дагуулчихсан орж ирсэн. Ж.Б гэх хүний нүүр, гадуур хувцасны зарим хэсэг нь цус болчихсон байсан. Тэгээд би Б гэх хүний нүүрийг цэвэрлээд өвчин намдаах тариа хийсэн. Тэгээд манай эрүүл мэндийн төвийн их эмч М ирж үзсэн. ” гэх мэдүүлэг /хх-19-р тал/,
гэрч Д.М-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 14-ний орой гэртээ байж байтал Б гэх хүн ирээд манай дүү Бийг хүн зодсон гэж хэлсэн. Тэгээд би Б-ийн байгаа газарт буюу хойд хорооллын ард талд очсон. Намайг очиход Б-ийн нүүр тус газар нь цус болсон байдалтай газарт хэвтэж байсан. Зүүн хөл нь хугарсан, шагайны үе мултарсан байдалтай байсан. Иймд эмнэлэг дээр авч ирээд анхан шатны тусламж үзүүлж бэртсэн газарт боолт хийсэн.” гэх мэдүүлэг /хх-20-р тал/,
гэрч Ц.З-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн үед Б гэх айлд очсон. Би Улаанбаатар хоос ирээд “Өгөөмөр”-ийн овоон дээр сан тавьмаар байна гээд Б--ын машинаар явсан. Б-ынд очихдоо Н, Б нартай нэг шил 0.5 литрийн архи уусан. Өгөөмөрийн овоон дээр гараад 0.75 литрийн нэг шил архийг Б, Б бид 3 хувааж уусан. Архи уугаад сэтгэл нэлээд огшоод овооноос буухдаа машинд суугаад унтаад нэг сэрсэн чинь сумын төв дээр ирчихсэн байсан. Намайг машинаас буухад Б Б нар хоорондоо маргалдсан шинжтэй Бийн ам, хамар цус болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-23-24-р тал/,
шүүгдэгч М.Бын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Өгөөмөр уулын овоон дээр гараад нэг шил Болор нэртэй архи З, Б бид 3 хувааж уусан. Тэгээд бид 3 сумын төв рүү явж байтал Б намайг хөдөө буулгачих гээд байсан. Б согтуу байсан тул би буулгаагүй. Зүүнговь сумын хажууд ирж байтал Б би машинаас буумаар байна гэхээр нь байж бай гэж хэлээд эргэж хартал миний ам хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд миний амнаас цус гарахаар нь би машинаа зогсоогоод буугаад газар луу цусаа хаяхад миний нэг шүд унаад ирсэн. Б машин түшээд буугаад ирэхээр нь “чи намайг аллаа” гээд Б-ийн нүүр тус газарт нь нэг удаа цохисон. Тухайн үед би нэлээд уурласан байсан тул дахиад хаана нь цохисоноо санахгүй байна. Би ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. ” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Б-ийг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид зүүн хөлийн шилбэний 2 яс хугарсан, тархины доргилт, хамар, нүдний зовхи, хар хөхөрсөн зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 632 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус буюу хүний биед халдаж болохгүй гэдгийг ухамсарлаж байсан атлаа цохиж, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1. Шүүгдэгч Ж.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Б-ыг зодсон болох нь хохирогч М.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн манай гэрт Улаанбаатар хотоос манай хамаатны З ирсэн. Манай гэрт Н, Б, З бид нар нэг шил архи хувааж уугаад З нутгийнхаа Өгөөмөрийн овоон дээр гармаар байна намайг машинаараа яваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд З, Б бид 3 Өгөөмөрийн овоон дээр гараад сан тавиад нэг шил болор нэртэй 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд бид нар сумын төв рүү явсан. Тухайн үед З унтчихсан. Б намайг хөдөө буулгачих гээд машины хаалгатай оролдоод байсан. Б нэлээд согтуу байсан тул надруу шүлсэ цацаад янз бүрийн юм яриад байсан. Б би машинаас буумаар байна гэхээр байж бай сумын төв орлоо гэж хэлээд эргээд хартал миний ам хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд миний амнаас цус гарахаар нь би машинаа зогсоогоод буугаад газар луу цусаа хаятал миний нэг шүд унаад ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,
гэрч Б.Д-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 14-ний орой ажлаа тараад 18 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхрийн цустай хувцас гэрийн гадна тайлаад тавьчихсан байсан. Гэрлүү ортол манай нөхөр Б орондоо ороод хэвтчихсэн байсан. Тэгээд би чиний хувцас яагаад цус болчихсон юм бэ? хаагуур яваад ирсэн юм бэ? гэхэд би З, Б хоёртой Өгөөмөр уулын овоон дээр гараад ирлээ. Б миний шүд булга цохисон. Тэр шүднээс цус гарсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-30-р тал/,
гэрч Л.С-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 14-ний орой 21 цагийн үед гэртээ унтах гэж байтал миний дүү Д надруу утсаар залгаад та манайд гэрт хүрээд ирээч гэсэн тухайн үед би яасан юм бол гээд сандраад яваад очтол Б гэртээ хөнжилд ороод хэвтэж байсан. Б-ын дээд уруул нэлээд хавдсан байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад эхнэр нь манай нөхөр Б, Б-тэй зодолдоод шүдээ булга цохиулсан байна. Би цустай хувцасын шатаагаад хаяихлаа цээрлэл хүрээд гэж хэлсэн. Тэгээд би чи яагаад цустай хувцас шатааж байгаа юм гэж хэлээд Боос юу болсон талаар асууж тодруулахад Б-тэй зодолдож байгаад шүдээ цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгээд харахад Б-ын дээд шүд уначихсан онгоогоод харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-32-р тал/,
гэрч А.У-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр надад үзүүлээгүй харин маргааш нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б эмнэлэгт ирж надад цусны дээж өгнө гэж хэлсэн. Би та сувилагчид өгөөрөй гэж хэлсэн. Цусны дээжийг манай сувилагч Г авсан. Тухайн үед Б надад хэлэхдээ би өчигдөр шүдээ цохиулчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд харахад урд дээд шүд нь байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-34-р тал/,
шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байтал бага ангидаа хамт сурч байсан. З миний утас руу залгаад би Улаанбаатараас ирчихлээ Б-ын гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Б-ын гэрт очоод байж байтал төрийн банкнаас таны зээл гарч байна гэж ярьсан. Тэгээд би төрийн банк орчихоод сургууль орсон. Сургуулиас гараад харих гээд явж байтал З, Б хоёр таарсан. Тэгээд З, Б ах бид 3 Өгөөмөр уулын овоон дээр гарсан. Тэнд З нэг шил архи гаргаж ирээд овоонд өргөөд бид 3 арц, сан, тавьж сүү өргөсөн. Тэгээд овоонд өргөсөн архиа хувааж уугаад сумын төв рүү хөдөлсөн. Сумын төв орж ирээд Б ах бид 2 хоёр яс зндэс ярьж маргалдсан. Тэгээд би намайг машинаас буулга гэхэд машин зогссон. Би түрүүлж буугаад байж байтал Б ах бууж ирээд бид хоёр нэг нэгнээ заамдаж аваад ганц нэг цохилцсон. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.Б нь хохирогч М.Б-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид дээд 1 үүдэн шүд булгарч унасан буйл эдгэрч байдалтай байсан энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 692 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ж.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
II. Шүүгдэгч М.Б, Ж.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогдсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Б-ийн “шүүгдэгч М.Б надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тодорхойлолт /хх-85-р тал/, хохирогч М.Б-ын “шүүгдэгч Ж.Б-ээс нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдолгүй” гэх тодорхойлолт /хх-85-р тал/, шүүгдэгч нарын хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй гэх шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүдийг үнэлээд шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, шүүгдэгч нартай ял тохиролцон хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцлийг хангасан байх тул шүүх талуудын тохиролцсон торгох ялыг шүүгдэгч нарт оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б, Ж.Б нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт М.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
- Ц овогт Ж.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заансаар шүүгдэгч М.Б-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь 700.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Ж.Б нь 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, ялтан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч М.Б, Ж.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Б, Ж.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ