| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1539 |
| Огноо | 2017-11-13 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 1539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Ч.Батбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа,
Шүүгдэгч М.М , түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.М холбогдох эрүүгийн 1806069191593 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаан станцын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, М.М .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч М.М нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ээж Хайрхан” уулын зүүн талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед түр хэрэглэж байсан иргэн Б.Санжжумдааны эзэмшлийн 57-38 УНӨ улсын дугаартай “Хонда Каппа” маркийн автомашин дотор 18 настай, эмэгтэй, хохирогч Г.Золзаяаг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны Б.Болормаа мэдүүлэхдээ: “…Тухайн үед манай охин сургуульд орох гэж байсан. Би шүүгдэгчийн 2 хүүхдийг бодохоор нэхэмжлэх зүйлгүй гэж хэлмээр байна. /гээд уйлав/. Миний охин ээж, аав хоёрынхоо хажууд л байвал боллоо. Охин минь тухайн үед 2 сар гаран хоол унд идэхгүй хэцүү байдалтай байсан. Одоо харин охин маань “Монголд амьдрахгүй гадаадад сурна” гээд байдаг болсон байна лээ. Би тэгэхээр одоо сэтгэл санааны байдал нь гайгүй болж байгаа юм болов уу гэж бодоод байна. Миний хувьд гомдолтой байна. Нөхөр бид 2 олон хүүхэдтэй биш ганцхан охинтой. Гэхдээ Мөнхтулгыг шорон хатаагаад нэмэргүй байх.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-3-4/ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-8-11/, хохирогчоор Г.Золзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-15-16/, гэрч Б.Болормаагийн өгсөн мэдүүлэг /хх-26-27/, гэрч А.Билгүүний өгсөн мэдүүлэг /хх-29/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 9 сарын 7-ны өдрийн 9019 дугаартай бактериологийн шинжилгээний дүгнэлт /хх-34/, шинжээч эмч Б.Оргилын мэдүүлэг /хх-49/, шүүгдэгч М.М иргэний үнэмлэхний хуулбар /хх-41/, шүүгдэгч М.М ял шалгах хуудас /хх-42/, шүүгдэгч М.М хувийн байдлыг тухай баримтууд /хх-43-44/ зэрэг болно.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.М нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ээж Хайрхан” уулын зүүн талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед түр хэрэглэж байсан иргэн Б.Санжжумдааны эзэмшлийн 57-38 УНӨ улсын дугаартай "Хонда Каппа" маркийн автомашин дотор, 18 настай, эмэгтэй, хохирогч Г.Золзаяаг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогчоор Г.Золзаяагийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би гэрийнхээ ойролцоо айл руу 15 цагийн үед алхаад явж байхад манай хүргэн ах болох М.М надтай таараад надад “миний дүү эгчтэй тус болоод манайд хоноод өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд машинд нь суугаад бид хоёр “Да хүрээ” зах дээр очоод намайг машиндаа суулгаад өөрөө хүмүүсийн машин янзалж хэсэг болоод ирэхдээ жаахан халамцуу ирсэн. Тэгээд М.М ах “за одоо гэр рүүгээ харъя” гэж хөдлөөд замаасаа нэг дэлгүүрээс хойр ширхэг лаазтай пиво аваад орж ирэхдээ “ах нь согтоод байна, чи машин бариад явчих” гэсэн. Тэгээд машиныг нь бариад явж байхад М.М ах “замдаа цагдаа тааралдаж магадгүй, хоёулаа уулын замаар явна” гээд уулын замаар орсон. Тэгээд хэсэг явж байгаад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг “Ээж хайрхан” уулын ертөнцийн зүгээр зүүн хажууд 21 цагийн үед явж байхад М.М ах “ах нь жоохон согтоод байна, чи түр зогсчих” гэхээр нь машинаа зогсоосон. Тэгээд М.М ах “чи найз бандитай юу” гэж асуухаар нь би “түр хугацаанд салсан байгаа” гэсэн чинь уруул дээр үнсээд шууд сандал хойшоо болгоод миний дээрээс дарж авахаар нь би урдаас нь эсэргүүцээд дийлээгүй. Тэгээд шууд миний гарыг хөдөлгөхгүй бариад өмдийг минь тайлаад өөрийнхөө бэлэг эрхтэнийг минийх рүү хийгээд бараг 20 минут болоод миний дээрээс буусан. Тэгээд М.М ах надад “энэ талаар хүмүүст болон эгчдээ битгий хэлээрэй, ахыгаа уучлаарай” гээд надад 10.000 төгрөг өгөөд “ах нь одоо явлаа, чи утсандаа нэгж аваад хийчих, миний машиныг гэрт аваачаад өгчих” гээд өөрөө яваад өгсөн.”/хх-15-16/ гэх мэдүүлэг,
Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Тухайн үед бөөн хэрүүл болох байх гэж бодоод хүнд хэлээгүй...Өөрийнхөө фейсбүүк дээр амиа хорлох талаар оруулсаны дараа маргааш нь манай хамаатаны ах А.Билгүүн надтай уулзсан. Шинжээчийн дүгнэлтүүдтэй санал нийлж байна.”/хх-17-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцааалтад гэрч А.Амарзаяагийн өгсөн: “ 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр манай нөхөр М.М өглөө 10 цагийн орчим “ажилдаа явлаа” гэж хэлээд гараад явсан. Өдөр 14-15 цагийн орчим М.М руу залгаж хаана байгаа талаар асуухад “ажил дээрээ ажлаа хийгээд байж байна” гэсэн. 18 цагийн орчим дахин хаана байгаа талаар асуухад “ажлынхаа газрын ахтай шил архи ууж байна, дуусгаад харина” гэсэн. Орой ажлын газрын ахынх нь эхнэр рүү залгаад нөхрөө асуухад “21 цагийн орчим дүү Г.Золзаяатай цуг явж байна лээ, хоол идээд гараад явсан” гэсэн...23 цаг өнгөрч байхад Г.Золзаяа нэг халзан бандиар машинаа бариулаад ирсэн. Би дүү Г.Золзаяагаас “М.М хаачсан” талаар асуухад “Шар хадны эцэс дээр машинаас буугаад явсан, таньд өгөөрэй” гэж энэ мөнгийг өгсөн гээд надад 90.000 төгрөг өгсөн. 2 цагийн дараа М.М гэртээ халамцуу байдалтай орж ирээд унтсан. Г.Золзаяа ирэхэд нь гэрт зүгээр сууж байгаад нөгөө талын орон дээр унтсан.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Болормаагийн өгсөн: “...Баяр наадам өнгөрсөний дараа Г.Золзаяа нэг л сонин дуугүй дуугаа хураагаад “ламдмаар байна, бөөдмөөр байна” гэж ярьдаг болсон. Тухайн үед хэргийн талаар огт мэдээгүй байсан. 2018 оны 8 дугаар сарын 10-ны орчим Г.Золзаяа нэг өдөр ажлаа тараад алга болчихсон. Тэгэхээр нь юу болов гээд найз болох Намуунцэцэгийн эгчтэй ярьсан чинь “тэр хоёрын утас холбогдохгүй байна яасан юм бол” гэж ярьж байсан. Өглөө үүрээр Намуунцэцэгийн эгч “Намуунцэцэг гэртээ ороод ирлээ, Г.Золзаяа гэртээ ирсэн үү” гэж хэлэхээр нь “ирээгүй ээ” гээд Намуунцэцэгтэй ярихад “Г.Золзаяа сонин юм яриад байна лээ, гэртээ очмооргүй байна, хашаандаа орохоос айдас нь хүрч байна, амиа хорлоно” гэдэг зүйл яриад байна лээ гэж надад хэлсэн. Г.Золзаяа 10 цагийн орчим гэртээ ирэхээр нь “миний охин тэгж болохгүй” гэж нилээн аргадсан. Хамаатаны залуу А.Билгүүнтэй уулзахад “Золзаяа М.М гэдэг танай хамаатанд хүчиндүүлсэн гэж хэллээ, нэлээн их шаналалтай байна” гэж надад хэлэхээр нь Г.Золзаяагаас өөрөөс нь юу болсон талаар асуухад “А.Амарзаяа эгч хоёр хүүхдийг нь бодоод байна, хүний амьдрал сүйрүүлээд яахав дээ, надаар энэн бүхэн дуусаг” гээд уйлсан.” /хх-26-27/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч А.Билгүүний өгсөн: “...Би Г.Золзаяа гэж охины төрсөн аав Ганзориг гэж хүний төрсөн ахынх нь хүүхэд байгаа юм. Бид хоёр үеэлүүд. Г.Золзаяаг бага байхаас мэдэх бөгөөд фейсбүүк олон нийтийн сүлжээгээр найзууд байдаг юм. 2018 оны 8 дугаар сарын 18-ны орчим фейсбүүк үзэж байсан чинь хамаатаны Г.Золзаяа гээд охин “үхмээр байна, амьдрах хүсэл алга” гэсэн фост бичсэн байхаар нь маргааш өглөө нь Г.Золзаяагийн ээж Б.Болормаа эгч рүү залгаад “юу болоод байгаа юм бэ, охин чинь фейсбүүк дээр үхмээр байна гэдэг зүйл бичсэн байна” гэхэд “чи нэг хүрээд ир” гэхээр нь өдөр 14 цагийн орчим Б.Болормаа эгчтэй уулзсан. Б.Болормаа эгчтэй уулзахад Г.Золзаяа хамт байсан бөгөөд Б.Болормаа эгч надад хэлэхдээ “чи нэг Г.Золзаяатай уулзаад өгөөч, бид нарт юу ч хэлэхгүй, юу ч ярихгүй хоол идэхгүй байгаад байна” гэхээр нь нөгөө өрөөнд орж Г.Золзаяатай хоёулахнаа уулзсан. Г.Золзаяаг аргадаж байгаад юу болсон талаар нь нэлээн лавлаж сайн асуухад эхлээд юу ч хэлэхгүй байж байгаад сүүлдээ уйлаад намайг ээжийн төрсөн ахынх нь хүргэн М.М гэдэг ах хүчиндсэн” гэж хэлсэн. Хаана яаж хүчиндсэн талаар нь асуухад 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ээж хайрхан гээд давсны булаг даваад байдаг газар машинтай явж байгаад намайг машиндаа хүчиндсэн. Энэ хугацаанд ахын дүү яагаад хүнд хэлэхгүй байсан юм бэ гэж асуухад хоёр хүүхэд эхнэрийг нь өнчрүүлмээргүй байна. Тэгээд айгаад хэлж чадаагүй гэдэг зүйлийг ярьсан.” /хх-29/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10286 дугаартай дүгнэлтэд:
2. Г.Золзаяа нь бэлгийн бойжилт олсон байна, охин хальс нь хуучин урагдалтай байна.
3. Г.Золзаяа нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
4. Г.Золзаяа нь O/I/ бүлгийн цустай байна. /хх-31/ гэх дүгнэлт,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 9019 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд өөрийн биеэр ирсэн М.М ас авсан шингэн цусны ийлдэст бэлгийн замын халдварт өвчин тэмбүү өвчин илэрсэн.
2. Шинжилгээнд өөрийн биеэр ирсэн М.М ас авсан наалдацны материалд бэлгийн замын халдварт өвчиний үүсгэгч илрээгүй.
3. Цаг хугацааг тогтоох боломжгүй. /хх-34/ гэх дүгнэлт,
Мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Оргилын өгсөн: “...Шинжилгээгээр М.М бэлгийн замын халдварт өвчин тэмбүү илэрсэн бөгөөд Г.Золзаяад тэмбүү өвчин илрэхгүй байх боломжтой. М.М тэмбүү өвчин нь халдваргүй тэмбүү өвчин байсан. Учир нь тэмбүү өвчин эмчлэгдэж халдваргүй болсон ч хүний биед цусанд насан турш хадгалагддаг. /хх-49-50/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-11/,
Хохирогч Г.Золзаяагийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-12/,
Хохирогч Г.Золзаяагийн гараар бичсэнийг хавсаргасан тухай /хх-19/
Шүүгдэгч М.М иргэний үнэмлэхний хуулбар /хх-41/,
Шүүгдэгч М.М ял шалгах хуудас /хх-42/ баримт зэрэг болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч М.М нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ээж Хайрхан” уулын зүүн талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед түр хэрэглэж байсан иргэн Б.Санжжумдааны эзэмшлийн 57-38 УНӨ улсын дугаартай “Хонда Каппа” маркийн автомашин дотор, 18 настай, эмэгтэй, хохирогч Г.Золзаяаг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч М.М нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлон тогтоогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр
зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч М.М Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирох бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Г.Золзаяа болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа нь шүүгдэгч М.М ас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, М.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар М.М оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн
тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС