Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01710

 

 

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01710

 

 

НЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/02907 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч НЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Б-т холбогдох,

Орон сууцын албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд нийт 8,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гомдолд үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, түүний өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: НЭ ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын гудамж, Санто смарт апартмент орон сууцны 213 хаягт байрлах, 14833.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь юм. Гэвч хариуцагч Ч.Б- нь тус байрны 1308 тоотын орон сууцанд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэр бүлийн хамтаар амьдарч, орон сууцыг эзэмшиж, ашиглаж байна. Тухайн 1308 тоотод байрлах орон сууц нь 213 дугаар байрын нэг хэсэг тул орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч Ч.Б- нь уг орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр үнэ төлбөргүйгээр амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа тул 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөгийг, энэ хугацааны ашиглалтын зардалд 160,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Анх иргэн Э.С нь НЭ ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж орон сууцыг авсан бөгөөд Э.С- нь Ч.Б-тэй 2020 оны 10 дугаар сард той харилцан тохиролцож худалдсан. Э.С- нь ...тус орон сууцны өмчлөлийг нэр дээр чинь шилжүүлж өгнө... гэж Ч.Б-т хэлж, түүнээс 60,000,000 төгрөг авсан. Тухайн орон сууцыг Ч.Б- нь албан ёсны эзэмшигчээс худалдаж авсан тул түүний эзэмшил нь хуулийн дагуу гэж үзэж байна. Ч.Б- тухайн орон сууцанд амьдарч эхэлснээс хойш ашиглалтын зардлуудыг холбогдох байгууллагад нь төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Б-ийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж 213 дугаар байрны 1308 тоотод байрлах орон сууцнаас албадан чөлөөлж, түрээсийн зардал, ашиглалтын зардалд 8,160,000 төгрөг гаргуулахаар шаардсан НЭ ХХК-ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НЭ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: НЭ ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/91 дугаар орон сууцны барилга худалдах-худалдан авах гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Санто хотхоны 213 дугаар байрны 5 ширхэг орон сууц буюу 1308 тоот 4 өрөө орон сууцыг иргэн Э.С-д худалдсан. Улмаар хариуцагч Ч.Б- нь Э.С-ос тухайн орон сууцыг худалдан авахаар тохирч, орон сууцны төлбөрт 60,000,000 төгрөг төлсөн бөгөөд шүүх энэхүү үйл явдалд дүгнэлт хийхдээ 60,000,000 төгрөгийг төлсөн талаарх тайлбар, татгалзал баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоолоор хариуцагч Ч.Б-ийг Э.С-д 60,000,000 төгрөг шилжүүлж залилуулсан гэх хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Цагдаагийн байгууллагаас ирсэн тодорхойлолтоос харахад цагдаагийн байгууллага мөрдөн шалгах эрхтэй этгээд бөгөөд хэн нэгэн этгээдийн гэм буруу эсхүл тухайн зүйлийг өгсөн авсан эсэхийг тогтоох эрхтэй этгээд биш юм. Тодруулбал, шүүхийн шийдвэрээр хэн 60,000,000 төгрөгийг авсан, хэн өгөх ёстой гэдгийг тогтооно. Цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор тухайн харилцааг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй. 60,000,000 төгрөгийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Мөн хууль ёсны эзэмшигчээс нь орон сууцыг худалдаж авсан гэж хариуцагч тайлбарладаг. Анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. Тухайн захирамжид хариуцагчийн өмгөөлөгчийн ярьсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон төлөөлөгчөөс гомдол гаргаж уг гомдлын дагуу тухайн захирамжийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч НЭ ХХК, хариуцагч Ч.Б-т холбогдуулан орон сууцыг албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд 8,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, иргэн Э.С-ын НЭ ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээг үндэслэн орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдан авсан, орон сууцтай холбоотой ашиглалтын зардлуудыг холбогдох эрх бүхий байгууллагуудад төлсөн гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч НЭ ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамжны 213 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095770 дугаарт бүртгэлтэй 14,833.6 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/91 дугаар орон сууцны барилга худалдах-худалдан авах гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Санто хотхоны Б блокын 540,6 м.кв 5 ширхэг орон сууцыг 1,500,000,000 төгрөгөөр иргэн Э.С-д худалдсан байх ба, тус компанийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл, 4 удаагийн албан бичгээр гэрээг цуцлах талаар иргэн Э.С-д мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна./хх8-15/

 

4. Нэхэмжлэгч талаас дээр дурдсан гэрээнд дурдсан Б блокын 540,6 м.кв талбайд уг барилгын 116 м.кв талбайтай 1308 тоот орон сууц багтсан гэж тайлбарласан ба уг орон сууцыг хариуцагч Ч.Б-, иргэн Э.С-ос 2020 оны 10 сард 60,000,000 төгрөгөөр аман хэлцлээр худалдан авч төлбөрийг төлсөн талаар хариу тайлбартаа дурджээ./хх 23-26/

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас уг хэлцлүүдийг хийсэн иргэн Э.С-ыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэж заасан байхад тухайн хэлцлүүдийг байгуулсан этгээд болох Э.Солонгыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарна.

 

6. Дээрх гэрчийг оролцуулснаар нэхэмжлэгчийн гэрээг цуцлах тухай мэдэгдлүүдийг Э.С- хүлээн авсан эсэх талаар болон хариуцагч Э.С-ын төлсөн гэх 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал хүлээн авсан эсэх, мөн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх тухай уг гэрээ хэлцлүүд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд нийцсэн эсэх маргаантай асуудлуудыг шийдвэрлэхэд гэрчийн мэдүүлэг ач холбогдолтой, хамаарал бүхий байна.

 

7. Нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн 116 м.кв орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-т заасан үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд хамаарч байхад нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 215,750 төгрөгийг төлсөн байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл гэж үзэж 70,200 төгрөгийг төлүүлсэн зөрчил байгааг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/02907 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ