Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 124

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.М-д холбогдох эрүүгийн 1819000740061 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр  сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:       

Монгол Улсын иргэн, 1980 оны 03-р сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 1-29 тоотод оршин суух, 1998 оны 05-р сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын 1-р шүүхийн 71 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 1999 оны 05-р сарын 05-ны өдөр тэнсэн суллагдсан, 2001 оны 05-р сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын 1-р шүүхийн 82 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж 2001 оны 10-р сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Т.М

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Т.М нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сайхандулаан сумын 3 дугаар баг Улаан шороот гэх газарт оршин суух хохирогч Ш.Э-н туслах малчнаар ажиллаж байхдаа 10 ямаа, 1 хонийг нь завшсаны улмаас 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...2017 оны 12-р сарын 09-ний өдрийн орой Ш.Эын малнаас 10 ямаа, 1 хонь ачиж аймгийн төв дээр ирж хоёрыг нь ченжид өгч үлдсэн малыг нь Замын-Үүд сум руу явуулсан. Нөгөөдөр Ш.Э мэдэхээр нь үнэн учраа хэлсэн...” гэв.

           Шүүгдэгч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ш.Э гэр бүлээрээ явсан хойгуур нь орой 20 цагийн орчимд хоттой хонь, ямаанаас нь 10 ямаа, 1 хонь Ш.Э-н УАЗ маркийн машинаар нь ачаад Сайншандад...зарчихаад буцаад явсан..." гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар хуудас/

              Шүүгдэгч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2017 оны намраас буюу 10 сарын үеэс танил Ш.Э-д сарын 200 000 төгрөгийн цалин хөлстэйгээр туслах малчнаар ажилд орсон юм. Би Ш.Э-н малыг хардаг байхдаа буюу 2017 оны 12 сард Ш.Э-г аймгийн төв рүү явсан хойгуур нь 10 толгой нас бие гүйцсэн улаан тарлан зүсмийн хээлтэй эм ямаа, мөн нас бие гүйцсэн хар толгойтой, хээлтэй 1 эм хонь Ш.Э-н УАЗ-469 маркийн автомашинд ачиж аймгийн төв дээр ирээд зүс мэдэх ...хүнд зарсан...миний буруу..." гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36 дугаар хуудас/

          Хохирогч Ш.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сайншанд сум руу явсан. Тэгээд аймагт 2 хоноод буцаад гэртээ 11-ний өдөр очтол гэрт үлдээсэн байсан миний машинд хонь, ямааны шээс, баас болсон байхаар нь туслах малчин Т.М-аас асуухад би хонь, ямаа янзалж аймаг орж зараад ирсэн гэхээр нь итгээгүй, малаа тоолоод үзтэл 10 ямаа 1 хонь алга болсон байсан. Тэгээд Т.М-д хэлтэл би аваад аймаг оруулаад зарчихсан гэсэн тэгээд би эргүүлээд мал маллаад төлнө гэсэн..., ...манайд туслах малчнаар ирээд 11 хонож байгаад ийм асуудал болсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11 дүгээр хуудас/

         “Ашид Билгүүн” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ДГО 839 дугаартай: “...хээлтэй бүдүүн 10 ямаа 600 000 төгрөг, хээлтэй бүдүүн 1 хонь 80 000 төгрөг, нийт 680 000 төгрөг...” гэсэн үнэлгээ / хх-ийн 28 дугаар хуудас/,

         Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....манай нөхөр Т.М туслах малчнаар нь ажилладаг Жаргал гэж дуудаад байдаг хүн 2017 оны 12 сард...надруу утсаар яриад Т.М мал ачаад явчихсан байна гэж ярьж байсан бөгөөд хэд хоногийн дараа за за Т.М бид нар тохирчихлоо...гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

           Гэрч Х.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...энэ залуу 2017 оны сүүлчээр...надад мал зарсан хүн байх шиг байна..., ...эм хонь, ямаа зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Т.М нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сайхандулаан сумын 3 дугаар баг Улаан шороот гэх газарт оршин суух хохирогч Ш.Э-н туслах малчнаар ажиллаж байхдаа 10 ямаа, 1 хонийг нь завшсаны улмаас 680 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

           Шүүгдэгч Б овогт Т.М-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

         Хохирогч Ш.Э-д гэмт хэргийн улмаас 680 000 төгрөгний хохирол учирсан боловч хохирогч Ш.Э нь хохирол 1100000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Т.М төлөхийг хүлээн зөвшөөрсөн, хохирогч, шүүгдэгч нар хохирлын хэмжээний талаар маргаагүй, шүүгдэгчийн зүгээс хохирлыг төлөхөөс татгалзаагүй байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-аас 1100000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Э-д олгох нь зүйтэй.

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Б овогт Т.М-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          4. Шүүгдэгч Т.М-д оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.

           5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

             6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-аас 1100000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Э-д олгосугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

ДАРГАЛАГЧ                         Н.АДЪЯА