| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/00873/И |
| Дугаар | 210/МА2022/01728 |
| Огноо | 2022-09-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2022/01728
| 2022 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2022/01728 |
У ОНӨААТҮГ-ын-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч У ОНӨААТҮГ-ын-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Д ХХК-д холбогдох,
Гэм хорын хохиролд 20,113,355 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
Д ХХК-ийн жолооч У.Т- нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө 00:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд уулын замын Хийморийн овооны хажууд байрлах өндрийн хязгаарлалтын шонг 28-23 УНЕ улсын дугаартай автомашин дээр эксковатор ачин тээвэрлэх явцдаа мөргөж эвдэн хэргийн газраас явсан байсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Тээврийн цагдаагийн хэсгээс илрүүлэн, Д ХХК-ийн жолооч Ч.Т-ын буруутай үйлдлээс болсныг тогтоон, хуулийн дагуу хариуцлага тооцсон. Иймд Д ХХК-ийн жолооч Ч.Т-ын буруутай үйлдлээс учирсан хохирол 20,113,355 төгрөгийг Д ХХК-аас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүйгээс гадна хариуцагчийг зөв тодорхойлоогүй. Зөрчлийн баримтуудаас харахад хохирогчоор тогтоосон этгээд нь Нийслэлийн автозамын газар байсан. Түүнчлэн Гэм буруутай хүн нь Ч.Т байгаа тул түүнээс нэхэмжлэлээ холбогдуулж гаргах ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд зөрчил гаргасан этгээд нь хохирлыг төлөх үүрэг хүлээсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д ХХК-аас гэм хорын хохиролд 20,113,355 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ОНӨААТҮГ-ын-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас 258,517 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ОНӨААТҮГ-ын-т олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүх Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 17 дугаар зүйлийн 17.3, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын дүрмийг үндэслэл болгож нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлгүй. Учир нь Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын дүрмээс үзэхэд нэхэмжлэгч нь Нийслэл, орон нутгийн чанартай авто замын эзэмшигч болох нь тодорхойлогдохгүй байна. Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт ...Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгогдсон этгээд байна... гэж тодорхойлсон байх бөгөөд Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын нийслэлийн авто замын эзэмшигч гэж тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтанаас авто замын тэмдэг эзэмшигчээр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар-ыг тогтоож, тухайн газрын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн хохирогчоор мэдүүлэг өгсөн. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
1. Нэхэмжлэгч У ОНӨААТҮГ-ын нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 20,113,355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч уг хохирлыг шаардах эрхгүй, мөн гэм буруутай жолооч Г.Төгсбаяр хохирлыг хариуцах ёстой гэж маргажээ.
2. 2021 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө, Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын Хийморийн овооны хажуу авто зам дахь өндрийн хязгаарлалтын байгууламжийг хариуцагч Д ХХК-ийн 28-23 УНЕ улсын дугаартай Норд Бенз /Nord benz/ маркийн ачааны автомашин дээр эксковатор тээвэрлэж явах үедээ мөргөж, эвдэлж гэмтээсэн байх бөгөөд уг хохирлыг сэргээн засварлахад гарсан зардлын 20,113,355 төгрөгийг нэхэмжлэгч талаас хөдөлмөрийн гэрээтэй ажилтны учруулсан гэм хорын хохирлыг ажил олгогч нь хариуцна гэсэн үндэслэлээр хариуцагчаас нэхэмжилжээ.
3. Дээрх зам тээврийн байгууламжийг эвдэлж гэмтээсэн үйлдэлд Тээврийн цагдаагийн албанаас зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд уг зөрчлийн хэрэгт хохирогчоор Нийслэлийн авто замын хөгжлийн газар-ыг хохирогчоор тогтоон шалгах явцад хохирогчийн төлөөлөгчөөр томилогдсон мэргэжилтэн Б.Ж ...нийт гарсан зардлын 20,113,355 төгрөг нь манай байгууллагаас гарсан... гэж 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн байна. /хх 17-19/
3.а. Гэтэл дээрх гэм хорын хохиролтой холбоотой хохирлыг сэргээн засварлахад гарсан зардлыг У ОНӨААТҮГ-ын-аас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд Нийслэлийн авто замын хөгжлийн газраас уг шаардах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн эсхүл уг зардал нэхэмжлэгчээс гарсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3.б. Мөн хохирлыг сэргээн засварласантай холбоотой баримтаар зөвхөн оврын хаалт суурилуулах төсөвт өртгийн товчоо, ажлын явцын зураг, Наадамчдын замд хамгаалалтын оврын хаалт байгуулах ажлын төсөв гэх баримтаас өөр нотлох баримтыг нэхэмжлэгч талаас ирүүлээгүй байхад хохирлыг арилгахад гарсан гэх уг зардал бодитой гарсан эсэх асуудлыг нягтлахгүйгээр шүүх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн нь буруу. Анхан шатны шүүхийн зүгээс дээрх баримтуудад дурдагдсан зардал бодитоор гарсан эсэх буюу санхүүгийн анхан шатны баримт байгаа эсэхийг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой. /хх 29-34, 76-94/
4. Иймд нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй, учирсан хохирлын талаарх хуулийн шаардлага хангаагүй, хуулбар, байгууллагын тамга тэмдэггүй төсөвт өртгийн товчоо, ажлын явцын зураг гэх мэт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэхэд учир дутагдалтай баримтуудаар уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн зөрчлийг гаргасан байх ба давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын заримыг хангаж шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01494 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 258,517 төгрөгийг улсын төсвөөс шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ц.АЛТАНЦЭЦЭГ