| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/01244/И |
| Дугаар | 210/МА2022/01727 |
| Огноо | 2022-09-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2022/01727
| 2022 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2022/01727 |
И.Н-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/01962 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч И.Н-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ц.С-т холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
И.Н- нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Ц.С-т Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 27 дугаар байрны 104 тоотод оршин байрлах 35.51 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 85,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний дагуу Ц.С- 74,870,670 төгрөгийг И.Н-д хэсэгчлэн төлсөн, үлдэгдэл 10,150,000 төгрөгийг ИИ ББСБ ХХК-иас зээл аваад төлөхөөр тохиролцсон. Тухайн үед орон сууц О ББСБ ХХК-ийн барьцаанд байсан. Ц.С- орон сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, ИИ ББСБ ХХК-аас зээл авч, зээлийн барьцаанд тавьсан боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Иймд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэл 10,150,000 төгрөгийг хариуцагч Ц.С-аас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Худалдах, худалдан авах гэрээг Ц.С- байгуулсан боловч уг орон сууцыг М.Б- худалдаж авсан. М.Б- нь И.Н-тай Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 27 дугаар байрны 104 тоот хаягт байрлах 35.51 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг нь 2,200,000 төгрөгөөр тооцож нийт 78,122,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Дээрх орон сууцны төлбөрт И.Н-д нийт 74,930,670 төгрөг төлсөн, төлбөрийн үлдэгдэл 3,150,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр орон сууцанд ороход нойлын өрөөний суултуур болон угаалтуурын хоолой хэсгүүд нь бөглөрч ус алдсан. Сууц өмчлөгчдийн холбооноос асууж тодруулахад уг орон сууц сангийн асуудалтай байсан учир үлдэгдэл 3,150,000 төгрөгийг өгөх боломжгүй гэдгийг И.Н-д хэлсэн. ИИ ББСБ ХХК-аас зээл авч орон сууцны төлбөрөөс 36,000,000 төгрөгийг төлсөн. Тухайн банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн барьцааны үнийн 40 хувиар зээл олгоно гэсэн учир бид орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийг худалдан авч буй үнээс өндрөөр буюу 85,000,000 төгрөгөөр гэрээндээ бичсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.С-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл 10,129,330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 670 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 177,019 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Ц.С- худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан боловч бодит байдал дээр уг орон сууцыг би худалдаж авсан, худалдах худалдан авах гэрээн дээр уг үл хөдлөх хөрөнгийг 85,000,000 төгрөг гэж бичсэн боловч бидний үндсэн тохиролцоо 78,122,000 төгрөгөөр тохиролцсон. Орон сууцны 1 м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр тооцож, 78,122,000 төгрөгөөс 3,150,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохирсон боловч уг орон сууц нь сантехникийн асуудалтай байсан бөгөөд уг төлбөрийг түүнд шингээхээр болсон. Үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч хуульд нийцээгүй бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн. Г.Т-гийн цагдаагийн байгууллагад анх өгсөн мэдүүлэг, анхан шатны шүүхэд гаргасан мэдүүлэгээсээ зөрүүтэй, худал мэдүүлсэн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч И.Н- нь хариуцагч Ц.С-т холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 10,150,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцыг 85,000,000 төгрөгөөр бус, 78,122,000 төгрөгөөр худалдан авч, 74,930,670 төгрөгийг төлсөн бөгөөд худалдан авсан орон сууцны сантехник муу байсан тул үлдэх мөнгийг өгөхгүй гэж маргажээ.
2. Нэхэмжлэгч И.Н-, хариуцагч Ц.С-т 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 27 дугаар байрны 104 тоотод оршин байрлах 35.51 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 85,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлсэн байх ба төлбөрт 49,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 36,000,000 төгрөгийг ИИ ББСБ ХХК-аас зээл авч, төлж барагдуулахаар тохиролцжээ. /хх 5-6/
2.а. Энэхүү гэрээний үнийн үлдэгдэл төлбөрийг хариуцагч Ц.С- ИИ ББСБ ХХК-аас 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 36,000,000 төгрөгийг авч иргэн Г.Т-гийн Хаан банкны 5058620001 тоот дансанд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн байх ба мөн иргэн М.Б-ийн Хаан банкны 5676072797 тоот данснаас, 5058620001 тоот дансанд 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 8,800,000 төгрөгийг байрны мөнгө гэсэн гүйлгээний утгаар, мөн өдөр 5084344562 тоот дансанд 28,470,670 төгрөгийг И.Н- гэсэн утгаар, мөн өдрийн 800,000 төгрөгөөр хоёр удаа бэлэн мөнгийг тус данснаас гарсан гүйлгээний дүн 1,600,000 төгрөг, нийт 74,870,670 төгрөгийг шилжүүлсэн тооцооны талаар талууд маргаагүй байна.
/хх 16-19, 21-23/
3. Хэрэгт иргэн Г.Т-гээс иргэн М.Б- 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 3 сарын хугацаатай, хүүгүй нөхцлөөр 3,150,000 төгрөгийг зээлдэх тухай бичгээр хийсэн гэрээг хариуцагч талаас ирүүлсэн байх бөгөөд уг гэрээ нь орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг баталгаажуулах зорилгоор хийгдсэн гэрээ гэж хариуцагч талаас тайлбарласан байх ба иргэн Г.Т- 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөлдөө уг орон сууцыг М.Б-д 78,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан ба үлдэгдэл 3,150,000 төгрөг дутуу байгааг өгөхгүй байгаа талаар гомдол гаргаж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. /хх 20, 50-52/
4. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч Г.Т- хамт амьдардаг эмээ И.Н-гийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Ц.С-т худалдаж, төлбөрийн үлдэгдэл 3,150,000 төгрөг байгааг баталгаажуулан зээлийн гэрээг бичгээр байгуулсан талаар, гэрч Д.С уг орон сууцыг 78,000,000 төгрөгөөр худалдан авч, үлдэх 3,150,000 төгрөг дээр зээлийн гэрээг бичгээр байгуулахад хамт байлцсан талаар тус тус мэдүүлэг өгсөн байна. /хх 55-58/
5. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнэ бодит байдал дээр 78,000,000 төгрөг байсан болох нь зохигчдын тайлбар, дээр дурдсан бичмэл нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон байхад анхан шатны шүүхээс гэрээний үнийн үлдэгдлийг 10,239,330 төгрөгөөр тооцож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзнэ.
6. Худалдан авсан орон сууцны сантехникийн чанар муу байсан талаар болон мөн хуульд заасан хугацааны дотор хариуцагч талаас гомдлын шаардлага гаргасан эсэх зэрэг нотлох баримтгүй байх тул, орон сууцны үнийн үлдэх 3,150,000 төгрөгийг төлөхгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/01962 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...10,129,330 гэснийг ...3,150,000 гэж, ...670 гэснийг ...7,000,000 гэж;
тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...177,019 гэснийг ...65,350 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,571 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ц.АЛТАНЦЭЦЭГ