Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 756

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, 

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч С.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Сэргэлэнгийн С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811011920894 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх ХК-ний Зүүнхараа салбарын монтёр ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сум 4 дүгээр баг Хэрх холбоо толгой 2 дугаар гудамж 38 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сэргэлэнгийн С.М/РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч С.Мнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Мнь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн хүргэн дүү О.Мөнхзултай гэр бүлийн маргаанаас болж маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч О.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хадам ах С.Мэхнэртэйгээ эвлэр, үр хүүхдээ бод гэсэн тэгээд маргалдсан, маргалдаж байхад намайг нүүр хэсэгт 1 удаа гараараа, цээжрүү 2-3 удаа цохисон...”гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/

гэрч С.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд маргааш өглөө 10 цагийн үед бэр эгч нэргүйтэй хамт ажил хөөцөлдөхөөр гарахад манай 2 хүүхэд, ах С.М, Энх-отгон, амараа нар үлдсэн, тэгээд гадуур явж байтал 17 цагийн орчим нөхөр Мөнхзул надруу залгаад танай ах намайг зодчихлоо, хурдан хүрээд ир гээд утсаа тасалсан. Тэгээд бэр эгчтэй яараад гэрлүү такси бариад очиход нөхөр Мөнхзул байхгүй гараад явсан ах С.М. Энх-отгон, Амараа 2 хүүхдийн хамт байхаар нь ахаас юу болсон талаар асуусан чинь та 2 эвлэрүүлэх гээд Мөнхзулыг дуудсан тэгээд ирэхээр нь уулзсан чинь чамайг хэл амаар доромжлоод, сонин сонин юм яриад дүргүй хүргээд байхаар нь хэд хэд цохьчихлоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 26-27х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дугаар 4909 тоот дүгнэлт: О.Мөнхзулын биед баруун нүдний зовхи, хүзүүний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 32х/

 

Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 36х/, гэрч Ц.Энх-Отгоны мэдүүлэг /хх-ийн 28-29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч С.С.Мыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.С.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Боржигон овогт Сэргэлэнгийн С.Мыг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С.Мыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ