Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2018/0588

 

 2018 оны 11 сарын 14 өдөр            Дугаар 221/МА2018/0588                       Улаанбаатар хот

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0514 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргалын давж заалдах гомдлын дагуу “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0514 дүгээр шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан нээхмжлэгч “Б” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 хавсралтад байх “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 хавсралтад байх “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Б” ХХК-ийн **-***** тусгай зөвшөөрлийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хэрэглэх ёсгүй хуулийн заалт хэрэглэсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны батлагдсанаар нийслэлийн Засаг даргад тус хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллагад ашиглалтын болон хайгуулын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, цуцлах, хүчингүй болгох чиг үүрэг олгогдсон.

“Б” ХХК нь 2008 онд анх түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах MV-013869 тусгай зөвшөөрлийг авсан боловч газрын хэвлий ашиглаж эхлээгүй, тухайн талбай нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан тул “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол зөрчил гаргасанд тооцож газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно” гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон.

Гэтэл шүүх 1998 онд батлагдсан Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 “Газрын хэвлийг ашиглуулах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага болох Ашигт малтмалын газар акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэсэн заалтыг хэрэглэн нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасныг болон нийслэлийн Засаг даргад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35, 37 дугаар зүйлээр олгосон бүрэн эрхийг зөрчиж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, маргаан бүхий актыг бүрэн үнэлж дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл бүхий талбай нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа ба энэ талаар шүүх дүгнээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй болно.

Ийм учраас уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0514 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “Б” ХХК-аас Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил илэрсэн тохиолдолд мөн зүйлийн 5 дахь хэсэгт “... газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэж заасан байтал Нийслэлийн Засаг дарга нь манай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэсэн үндэслэлээр “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжийн 2 дугаар хавсралтад байх “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргаар “Б” ХХК-ийн ****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 291 дүгээр тушаалаар Бог-Уулын элс, хайрганы ордын элс, хайрганы нөөцийг хүлээн авч, улсын нөөцөд бүртгэж, улмаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас тухайн үед түгээмэл тархацтай ашигт малтмалтай холбогдсон аливаа харилцааг шийдвэрлэх бүрэн эрхийг олгосон байсан Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэн 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Бог-Уул нэртэй 285 гектар талбайд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч 13869А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосон байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн шалгалт, Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн “3 болон түүнээс дээш жил олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжийн судалгаа”-аар нэхэмжлэгч “Б” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа 2008 оноос хойш ашиглаагүй нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй талаараа “2008 оноос өнөөдрийг хүртэл эдийн засаг, санхүүгийн хямрал болон бусад шалтгааны улмаас огт үйл ажиллагаа явуулаагүй” гэж тайлбарласан байна.

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д газрын хэвлийг ашиглагч нь “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулжээ. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар уг үндэслэлээр “Б” ХХК-ийн **-****** тоот тусгай зөвшөөрөл бүхий 163.24 га газарт газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэснийг хэрэглэж “нэхэмжлэгч “Б” ХХК-ийн газрын хэвлий ашиглах тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газар ... хүчингүй болгох эрхтэй” гэж дүгнэсэн нь буруу байна.

Учир нь 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар аймаг, нийслэлийн Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, цуцлахтай холбоотой эрхийг хэрэгжүүлэх болж, үүнтэй холбоотой геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж байсан бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргад олгожээ.

Шүүх энэ тохиолдолд Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заажээ. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан газрын хэвлийг ашиглуулах тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө дуусгавар болгох зохицуулалт нь түгээмэл тархацтай ашигт малтмалтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хууль[1] батлагдан гарахаас өмнө уг харилцаанд үйлчилж байсан боловч тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль сүүлд хүчин төгөлдөр болсон байх тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хэрэглэгдэхээр байна. Өөрөөр хэлбэл, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор байна.

““Б” ХХК-ийн **-****** тусгай зөвшөөрлийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар үндэслэлтэй болох нь тогтоогдсон төдийгүй Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/920 дугаар албан бичгээр ирүүлсэн нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 19.68 га талбайгаар давхцаж байгаа нь нотлогдож байх тул ““Б” ХХК-ийн **-****** тусгай зөвшөөрлийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0514 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжийн 2 дугаар хавсралтад байх “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргаар “Б” ХХК-ийн ****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ