Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 408

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0418 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 464 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Ч.О нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0418 дугаар шийдвэрээр: Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.4-д заасныг баримтлан Ж ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасанаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 464 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 418 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг “Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-аас Нийслэл Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.  

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. ...Ж ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийг шүүхээс хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр эс эөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.1.7 “шинэ хороолол, хотхон, гэр хороолол, хотын хуучин хэсгийг шинэчлэн барилгажуулах шийдвэр гаргах”. Хот суурин газрыг хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн /Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.1.5 “хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх стандартыг хэрэгжүүлэх”. 11 дүгээр зүйлийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.4 “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах” гэсэн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

5. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хууль зүйн үндэслэлд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр өөрчлөлт оруулсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 “цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад эсхүл тухайн захиргааны актад заасан бол”, Хот суурин газрыг хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах” гэсэн зохицуулалтыг үндэслэх нь зүйтэй гэх өөрчлөлтийг оруулсан. Ийнхүү хууль зүйн үндэслэлийг тодорхойлохдоо магадлалын үндэслэл хэсэгт Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэснийг үндэслэсэн байна.

6. Үүнээс харвал манай төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж буй гол үндэслэл нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 тоот тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т заасан зохицуулалт болоод байна. Уг журмын 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар дараах 3 үндэслэл байна. Үүнд: Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, Төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн цуцлахаар зохицуулсан.

7. Цаг хугацааны хувьд Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан журам нь манай төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаас 3, 5 сарын өмнө гарсан байгааг энд дурдах нь зүйтэй. Дээрх 3 үндэслэлийн алийг баримталж төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжид “гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны ноцтой зөрчил удаа дараа гаргасан” гэх үндэслэлийг дурдсан байдаг. Дээр дурдсан зөрчил гаргаагүй талаарх нөхцөл байдлыг дараах байдлаар тодорхойлон холбогдох баримтаа хэрэгт хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн болно. Үүнд:

8. Ж ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/1043 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч үйл ажиллагаа эхлүүлсэн. Ийнхүү тухайн төслийн үйл ажиллагааг эхлүүлэх үед уг байршил нь бүхэлдээ гэр хороолол байсан бөгөөд орон сууцны барилга барих болон бусад барилга байгууламжийг барихад шаардагдах дэд бүтцийн асуудал огт шийдвэрлэгдээгүй, айл өрхүүд нь хэрэгжүүлж буй төслийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Ж ХХК-ийн зүгээс тухайн байршилд амьдарч буй иргэдэд төслийн талаар танилцуулга хийж, ач холбогдол, үр дагавар, хэрхэн хэрэгжих талаар уулзалт, сургалтыг 2014 оноос хийж 2 талт болон 3 талт гэрээг байгуулах ажлыг эхлүүлсэн. Мөн энэ үед Нийслэлийн удирдлагын зүгээс манай компанийн төсөл хэрэгжүүлж буй байршилд Улаанбаатар хотын шинэ төвийг шилжүүлэх улмаар Нийслэлийн засаг захиргааны төвийн барилгын суурийн шав тавих ёслол үйлдэж нийтэд мэдээлж байсан. Үүнтэй холбоотойгоор Ж ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн төлөвлөлтийг орчин үеийн шийдэл бүхий шинэлэг төлөвлөлттэй байх ёстой гэх тайлбарыг хийж байсан.

9. Ж ХХК нь тухай байршилд амьдарч буй 700 гаруй айл өрхөөс 500 гаруйтай нь 2 болон 3 талт гэрээг байгуулсан бөгөөд 2014-2015 оны 11 сар хүртэлх хугацаанд эхний ээлжийн айл өрхүүдтэй байгуулсан гэрээний дагуу нүүлгэлтийн зардлыг шилжүүлэн өгч айл өрхүүд эхнээсээ газраа чөлөөлж эхэлсэн. Ийнхүү эхний айлууд газраа чөлөөлөх хүртэл Ж ХХК нь 2-3 жилийн хугацааг зарцуулсан. Хавтаст хэрэгт айлуудад төлсөн газар чөлөөлөх болон түрээсийн төлбөртэй холбоотой баримтуудыг хавсаргасан бөгөөд уг баримтуудын огнооноос харвал 2015 оны сүүлээс эхлэн 2016 онд айл өрхүүд нүүж түрээсийн төлбөрөө авч эхэлсэнийг хангалттай нотолж байгаа юм. Мөн уг хугацаанд Ж ХХК нь Катод гал ХХК-тай хамтран цахилгааны шугам сүлжээ дэд станцын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 11 сарын орчимд ашиглалтад оруулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

10. Ийнхүү үндсэн Ж ХХК нь төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажил, айл өрхүүдтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхэд 2013-2017 он хүртэл 3 жил гаруйн хугацааг зарцуулсан. Үүнтэй зэрэгцэн манай компанийн зүгээс ерөнхий төлөвлөгөө батлуулах, зураг төслийн ажил хийж гүйцэтгэх, архитектур төлөвлөлтийн даалгавар авахаас эхлээд бүхий л шаардлагатай ажлыг хийсээр байсан. Энэ хугацаанд Ж ХХК нь барилгын ажлыг эхлүүлэх зорилгоор Төрийн орон сууцны корпорацитай 2015 оны 8 дугаар сард 2015/4-11 тоот “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан. Үүний дагуу төсөл хэрэгжүүлэх байршилд орон сууцны барилга барихад зориулан тус корпорацаас 3 тэрбум төгрөгийн хүүтэй зээл авч барилгын ажилд зарцуулахаар болсон.

11. 2016 оны сонгуулийн дараагаар Нийслэлийн удирдлагуудын зүгээс Улаанбаатар хотын шинэ төвийг шилжүүлэх улмаар Нийслэлийн Засаг захиргааны төвийн барилга барих шийдвэрээ өөрчилж Хан-Уул дүүрэг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр уг барилга нь ашиглалтад орж байгаа болно. Энэхүү шийдвэртэй уялдуулан Ж ХХК-ийн зүгээс төслийн байршил дахь ерөнхий төлөвлөгөөг өөрчлүүлэх, барилга байгууламжид өөрчлөлт оруулахаар нийслэлийн холбогдох байгууллагад хүсэлтээ тавьж ирсэн.

12. 2017 онд ТОСК-той байгуулсан гэрээний дагуу эхний ээлжийн санхүүжилтээ төслийн талбайд 5 давхар 2 ширхэг орон сууцны суурийн ажлыг хийж эхлэх үед Нийслэлийн Засаг дарга 2017 оны 5 дугаар сард А/328 тоот захирамжаар манай компанийн төсөл хэрэгжүүлэх нэгж талбаруудад өөрчлөлт оруулсны улмаас төлөвлөлт өөрчлөгдөх нөхцөл үүсч улмаар энэ талаар холбогдох байгууллагад хүсэлтээ уламжилсан. Үүнтэй холбоотойгоор эхлүүлсэн барилгын ажил зогсоход хүрсэн бөгөөд Нийслэлийн засаг дарга дээрх захирамжаа 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр А/711 тоот захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн. Энэ үед манай хүсэлтийн дагуу Гэр хорооллын дэд бүтцийн газраас Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулан батлуулахаар 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 03/542 тоот албан бичгээр хандсан байдаг.

13. Дээрх нөхцөл байдлуудтай холбогдуулан эхлүүлсэн барилгын ажил зогссон боловч манай компанийн зүгээс төсөл хэрэгжүүлэх байршил 6 ширхэг 12 айлын амины орон сууцны ажлыг хийж гүйцэтгэж байсныг энд дурдах нь зүйтэй.

14. Ийнхүү ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах хүсэлтийг шийдвэрлүүлэх, улмаар түүнтэй холбоотой архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинээр авах зэрэг ажлууд хийгдэж байсан бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлан манай компанид олгосон. Энэ цаг хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Гэр хорооллын дэд бүтцийн газраас манай компанид барилгын ажлаа 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор эхлүүл гэсэн шаардлага ирүүлсэн бөгөөд эхлүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэх талбайг багасгана гэж мэдэгдэж байсан. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хяналтын хороо гэх хороо хуралдан манай компанийн асуудлыг авч хэлэлцсэн байх бөгөөд ийнхүү манай компанийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж буй талаараа бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд бид шүүхэд хандсаны дараа Хяналтын хорооны хурлын тэмдэглэл нотлох баримтаар ирсэн танилцсан болно.

15. Дээр дурдсан бүхий нөхцөл байдлыг тайлбарлан холбогдох нотлох баримтаар нотолж мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон боловч анхан шатны шүүхээс Ж ХХК нь 2 болон 3 талт гэрээгээр хүлээсэн “батлагдсан зураг төсөл, төлөвлөгөөний дагуу барилга байгууламж барих үйл ажиллагааг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх, газраа чөлөөлсөн иргэнийг төсөл хэрэгжих хугацаанд түр суурьшуулах зардлыг хариуцах” үүргээ биелүүлээгүй нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэл болсон байна гэж шүүхээс дүгнэж байгаа. Энэхүү дүгнэлтээс харвал шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй болох нь илэрхий харагдана. Учир нь гэрээнд ямар нэгэн хугацаа тохироогүй бөгөөд Ж ХХК нь иргэдэд төлж байсан нүүлгэлт, түрээсийн төлбөрийн баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгааг огт үнэлж дүгнэлгүй шийдвэр, магадлалаа гаргасан.

16. Мөн Засаг даргын захирамжийн үндэслэлд дурдсаныг Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан журмын 5.2-д төсөл хэрэгжүүлэгч нь 6 сарын хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй гэсний үндэслэсэн байна. Гэтэл уг журам нь манай төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаас 4 сарын өмнө батлагдсан, нөгөө талаар манай компанийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан нь Засаг даргыг захирамж гарахаас 3 сарын өмнө байгааг огт анхаарч үзээгүй болно. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг нэг бүрчлэн няцааж холбогдох баримтаар баталсан бөгөөд хариуцагчийн зүгээс огт үгүйсгэж чадаагүй болно.

17. Мөн шүүх хуралдаан болох өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шаардсан баримт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирээгүй байгаа шүүхэд хандаж тайлбарласан боловч хүсэлтийг хүлээж авалгүй хурлын үргэлжлүүлсэн, нотлох баримт шинжлэн судлах үед шүүх бүрэлдэхүүнээс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалаар хэргийг анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд уг магадлалаас хойшхи хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судална гэх замаар оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн алдаа гаргасныг энд дурдах нь зүйтэй.

18. Дээр дурдсан үндэслэл баримтаар тогтоогдож байгаа бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэглэсэн хуулийн зүйл заалт нь маргааны шийдвэрлэхэд үндэслэл болохооргүй бөгөөд уг үндэслэл нь нотлогдохгүй байхад гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлийг бий болгож байгаа болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 418 тоот шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 464 тоот магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

ХЯНАВАЛ:

19. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.

20. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “хариуцагчаас архитектур төлөвлөлтийн даалгаврыг удаа дараа өөрчилсөн. ...хуралдахаас сар хүрэхгүй хугацааны өмнө бидэнд ажлаа эхлүүлэхгүй бол талбайг хураалаа гэсэн мэдэгдэл ирүүлсэн, манай компанийн эрхийг хөндсөн шийдвэртэй холбоотой мэдэгдэл, тайлбар, албан тоот ирүүлээгүй. ...нийслэлийн Засаг даргын А/650 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй…” гэж маргажээ. 

21. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжаар, ...Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т заасныг үндэслэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын ГХДТ-2013/1 багцын Б2, В, Г1 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Ж” ХХК нь “гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан” гэсэн үндэслэлээр тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн байна. 

22. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 07/29 дүгээр тогтоолоор Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах гэр хорооллын байршлыг тогтоосны дотор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ханын материал орчмын” 130 га талбайг барилгажуулахаар тогтоосон байх бөгөөд уг төслийн хүрээнд ГХДТ-2013/1 багцын 5 дугаар хороонд байрлах Б2, В, Г1 блокуудад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр нэхэмжлэгч “Ж” ХХК нь шалгарч, улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/1043 дугаар захирамжаар тус компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилжээ.  

23. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д аймаг, нийслэлийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар, тухайлбал хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, 11.2-т аймаг, нийслэлийн Засаг дарга нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй гурван талт гэрээ байгуулахаар, 26 дугаар зүйлийн 26.1-д төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороог тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулж, 26.4.1-д тус хороо төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх бүрэн эрхтэй байхаар зохицуулсан байна.

24. Мөн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4.11-д “Төсөл хэрэгжүүлэгч нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гурван талт гэрээг байгуулж, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлнэ”, 4.14-т “Гурван талт гэрээг Нийслэлийн Засаг дарга, түүнийг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар төсөл хэрэгжүүлэгч болон газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй байгуулна”, 4.25-д  “Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болон техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны ажлын албаны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамжийг хүчингүй болгоно” гэж тус тус заасан.

25. Хууль, журамд заасан дээрх заалтуудын дагуу төсөл хэрэгжүүлэгч “Ж” ХХК нь Гэр хорооллын хөгжлийн газар болон төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гурван талт гэрээг байгуулж, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 53.6 га газарт 3992 өрхийн 62 блок орон сууц болон 720 хүүхдийн цэцэрлэг, 500 хүүхдийн бага сургууль, 960 хүүхдийн дунд сургууль барих ажлыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байна.

26. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Ж” ХХК нь 2013 онд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойшхи 4 жил 8 сарын хугацаанд нийт 705 нэгж талбараас 30 нэгж талбарын газрыг чөлөөлж, 500 гаруй иргэдтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж, эхний ээлжийн 213 айлын 1 блок барилга угсралтын ажлын суурийг тавьсан, 6 ширхэг 12 айлын амины орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэснээс өөрөөр, газар, үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцоо хийж гурван талт гэрээ байгуулах, дээрх журмын 4.25-д заасан хугацаанд барилгажуулах ажлыг гүйцэтгэх үндсэн үүргээ биелүүлээгүй буюу төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогджээ.  

27. Иймд хариуцагчаас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэлх хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, ...гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хяналтын хорооны саналыг үндэслэн нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлана” гэснийг тус тус баримтлан, Хяналтын хорооны саналыг үндэслэн, ГХДТ-2013/1 багцын Б2, В, Г1 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Ж” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын А/650 дугаар захирамж хуульд нийцсэн, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

28. Түүнчлэн, нэхэмжлэгчээс “архитектур төлөвлөлтийн даалгаврыг удаа дараа өөрчилсөн, сүүлд гарсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг 6 сарын хугацаанд хэрэгжих боломжоор хангаагүй, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/328, 2017 оны А/711 дүгээр захирамжаар компанийн төсөл хэрэгжих нэгж талбаруудад өөрчлөлт орсон” гэж маргах боловч хариуцагчийн гаргасан эдгээр шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээнд өөрчлөлт ороогүй, хариуцагчаас төсөл хэрэгжүүлэх үйл явцад нөлөөлсөн, төслийг хэрэгжүүлэхэд нь  саад болсон, хориглосон шийдвэр гаргасан гэж үзэхгүй талаар шүүхүүд зөв дүгнэжээ. 

29. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, маргаан бүхий актын үндэслэлд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн “...шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй болох нь илэрхий харагдана. Учир нь гэрээнд ямар нэгэн хугацаа тохироогүй бөгөөд “Ж” ХХК нь иргэдэд төлж байсан нүүлгэлт, түрээсийн төлбөрийн баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгааг огт үнэлж дүгнэлгүй шийдвэр, магадлалаа гаргасан” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

30. Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 464 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Ч.ТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА