Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 83

 

 

Б.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Бмаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

прокурор Э.Б,

шүүгдэгч Б.У,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 319 дүгээр шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Б.Ут холбогдох, 201610010157 дугаартай, 1 хавтас, 126 хуудас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагч Э.Бын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Бмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: У-т холбогдуулан Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Б.У нь 2016 оны 07 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн орчим саатуулах байрны цагдаагаар ажиллаж байхдаа 2016 оны 07 дугаар сарын 15-16 нд шилжих шөнө саатуулагдсан У.Шыг жижүүрийн арын өрөө болон коридорт ээж дүү нарыг нь хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдан улмаар зодож цээжний зүүн талын 9, 10-р хавиргыг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ут холбогдох эрүүгийн 201610010157 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүйг дурдаж, хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Б бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогч У.Ш нь Б.Уыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэл үзүүлээгүй, мөн албан үүрэгтэй нь холбогдуулан олны өмнө хэл амаар доромжлоогүй болох нь гэрч Х.Гэрэлбаатар, Б.Эрдэнэтуяа, шүүгдэгч Б.Уын  мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.  Хохирогч У.Шын гаргасан дээрх үйлдэл нь захиргааны шинжтэй зөрчил учраас төрийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан доромжилсон гэж үзэх үндэслэлгүй, харин Б.У нь 2016.07.16-ны өглөө саатуулах байрны цагдаагаар ажиллаж байхдаа У.Шыг зодож цээжний зүүн талын 9, 10-р хавиргыг хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч У.Ш, гэрч У.Халиун, Б.Эрдэнэтуяа, Г.Б-Эрдэнэ, Т.Нандинцэцэг нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүх Б.Уын үйлдлийг яг ямар санаатай үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсныг шалгаж тогтоогоогүй гэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийг эмч Гантуяа тодорхой бичсэн учраас эмчийн тодорхойлолт биш гэж үзэх үндэслэлгүй юм. Б.Уыг Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2014.04.21-ний өдрийн 5/08 дугаар “Доод шатны прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Б.У нарт холбогдох хэргийг ЭБШХуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож тогтоолыг хавсаргасан тул анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт хянаагүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байх тул 2016.11.15-ны өдрийн 319 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Ш миний ээж, дүү нарыг хэл амаар доромжлоод байсан. Дараа нь У согтуу явж байгаад намайг энгийн хувцастай явж байхад олны дунд хэл амаар доромжилж байсан. Шын архи нь гарчихсан учраас би түүнтэй ярилцах гэсэн боловч Ш ойлгохгүй байсан. Шын хавирга хугарсан гэмтлийг би учруулаагүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

                       Шүүгдэгч Анчин овогт Будын Ут холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтыг явуулахдаа нэг талыг барьсан, гүйцэд биш хийсэн учир хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тодруулбал мөрдөн байцаалт явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, шинжээчийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад ашигласан баримт, материалууд нотлох баримтын шаардлага хангаагүй, мөрдөн байцаагч, прокурор нь цугларсан нотлох баримтыг бүх талаас нь бодит байдлаар хянаж үзэх үүргээ биелүүлээгүй байх ба шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа нь хэргийг хуулийн дагуу, шударга, үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоол /хх-65/, прокурорын тогтоол         /хх-68/-оос үзэхэд шийтгэх тогтоолд Уыг бүлэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж, прокурорын тогтоолоор Б.Уыг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож гэж тус  тус шийдвэрлэсэн байна. Харин урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59/-нд Б.Уыг 2013 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн талаар тэмдэглэгджээ.

Эдгээр зөрүүтэй баримтын аль нь шүүгдэгч Б.Уыг урьд ял шийтгэгдсэн эсхүл шийтгүүлээгүй эсэхийг тодорхойлж байгаа баримт болохыг зайлшгүй тодруулах нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох  хуулийн шаардлагад нийцэх бөгөөд мөрдөн байцаагч, прокурор нь талуудын хүсэлт болон өөрийн санаачилгаар хуульд заасан журмын дагуу хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлтийг гаргуулан авах эрхтэй учир шүүгдэгч Б.Уыг урьд ял шийтгэгдсэн эсэхтэй холбоотой баримтыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсны эцэст ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг дахин гаргуулж авах  нь зүйтэй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Прокурорт буцаасан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 319 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                   ШҮҮГЧИД                                                     Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                      Н.БМАА