| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0705/Э |
| Дугаар | 740 |
| Огноо | 2018-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 740
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,
улсын яллагч П.Нямцэцэг,
хохирогч Г.Энхмөрөн,
шүүгдэгч Б.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Отгод овогт Болдбаатарын Сүхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811022270772 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 30-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа Шонхор зах дээр мах шулдаг гэх, ам бүл-4, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонт 15 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Отгод овогт Болдбаатарын Б.С/РД: /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичгдсэнээр/ яллагдагч Б.Снь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Г.Энхмөрөн шүүхийн хэлэлцүүлэгт: Хэрэг гарсан өдөр 1 залуу 2 эмэгтэй зогсож байсан. Хоёулаа хоорондоо маргаад би ажиглаад харж байсан. Тэгээд намайг харж байхад салаад явсан. Удаагүй нэг нь хурдтай гүйж ирээд зодоон болох гэж байна гэж бодоод салгах гээд очисон. Тэгээд тэр үед бэртэл авсан. Одоо миний эрүүл мэндэд хохирол учирсан. Байнгын нусаа татах, ажилаа хийхэд анхаарал төвлөрөхгүй байна. Би одоогоор эмчилгээ хийлгээгүй байгаа тухайн үед нь эмчлүүлээгүй болохоор 6 сарын дараа эмчилгээ хийлгэдэг гэсэн. 6 сар нь болоогүй байгаа болохоор эмчилгээгээ хийлгэж чадахгүй байна. Хохирлоо барагдуулах хүсэлттэй байна гэв.
Шүүгдэгч Б.Снь 2018 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Энхмөрөнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Тэр үед хажууд сааданд ганцаараа нэг залуу сууж байснаа гэнэт босч ирээд надруу дайраад дүү нар ингэхгүй гээд дайрахаар нь би зүүн гараараа өөрийгөө хаагаад, та тэс хөндлөнгийн хүн байж яах гээд байгаа юм гэсэн чинь миний зүүн гарнаас бариад өөрлүүгээ татаад намайг нүүрлүү мөргөсөн. Тэгэхээр нь би өөрийнхөө биеииг хамгаалах гээд зөрүүлээд тэр залууг цохиж авах гэтэл хий цохиод газар унасан ба тэр ах надаас барьсан тавихгүй байсан учир бид 2 хамт унасан юм. Тэгээд би түрүүлж босоод миний зүүн гарнаас тавихгүй болхоор нь би баруун гараараа нүүрлүү нь 2-3 удаа намайг тавиач гэж хэлээд цохисон. Тэгээд байж байтал найзууд хажуунаас ирчихсэн намайг тэр залуугаас салгах гээд намайг хойноос угз татсан чинь би нөгөө ахтай хамт дахиад унасан учир нь тэр ах миний гарнаас тавихгүй байсан. Тэгээд босч ирэхэд тэр ах 2 гараараа миний 2 гарыг бариад доошоо тонгойчихоод ална пизда минь, монгол ялна гэх зэргээр орилоод байхаар нь би тэр ахын нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн юм....би Энхмөрөн гэх хүнийг өшиглөж цохих үед үүссэн гэмтлүүд байх яг сайн хэлж мэдэхгүй байна надад зодуулаад унах үед нь өвдөг нь зулгарсан байх..." гэх мэдүүлэг /хх-ийн 32х-34х/,
хохирогч Г.Энхмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны шөнө 03:25 цагийн орчимд гэрийн гадаа буюу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хоро “Мандухай” зочид буудлын урд талд байрлах сааданд сууж байсан чинь миний сууж байснаас урдхан талд 2 эмэгтэй, 1 эрэгтэй юм яриад зогсож байсан чинь хажуугаар нь явж байсан 2 залуу нөгөө 3-ыг хэл амаар доромжлоод байсан ба 1 эмэгтэй нь гуйгаад салцгаасан ба эргээд нөгөө 2 залуу нөгөө 3 дээр ирснээ наадхыг чинь алаад хаячихъя гээд нэг залуу луу нь дайрахаар нь би наана нь харж байсан болохоор "хүүе болиочээ" гээд салгасан чинь нөгөө 2 залуу над руу дайраад цохих гэж дайрахаар нь бултсан чинь нөгөө залуу хий цохиж газар унасан.Нөгөө залууг нь барьж аваад доороо хийсэн байж байсан чинь цаанаас нь дахин 2 залуу гарч ирээд намайг хойд талаас өшиглөж унагаад 4 талаас өшиглөж зодсон. ...нөгөө залууг би хамгаалж болиоч гэж хэлсэн чинь намайг зодсон. Миний биед хамрын хажуу талыг сэтэртэл өшиглөсөн. Нүд болон нүүр ам луу маш олон удаа өшиглөсөн...,
...Хагалгаанд орох төлбөр 2.526.000 төрөг болно гэсэн. Мөн яг одоогийн байдлаар би өөрийн эрүүл мэндэд 263.980 төгрөгийн эм тариа авч хэрэглэсэн байгаа бөгөед энэ зардлаа нэхэмжилж байна. Мөн 7 хоног ажлаа алдсан бөгөөд энэ өдрүүдийн цалингүй байх үеийн мөнгөө бас давхар нэхэмжилж байна..."гэх мэдүүлэг /хх-ийн 8х-10х/,
гэрч Б.Лувсанравжаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...хүмүүс маргалдах чимээ гарахаар нь Ончир бид 2 гүйгээд очиход Гантулга Сүхбатын хажууд зогсоод татчихсан, өөр нэг залуу Гантулгыг тэвэрчихсэн зогсож байсан. ...Ончир бид 2 салгах гээд хажуу талаас нь цамцных нь араас хойш татаад дийлэхгүй, тэр залуу Сүхээг тавихгүй байхаар нь цааш түлхсэн чинь тэр залуу газар унасан. ...Бид нар бүлэглэж зодсон юм ерөөсөө байхгүй. Найзуудыгаа салгах гээд тал талаас нь татаж зулгаахад тэр архи уусан байсан болохоор бүлэглэж зодуулсан гэж ойлгогдсон байж болно...,
...Сүхээг татаад нүүр лүү нь мөргөчихсөн гэсэн. Сүхээ мөргүүлчихээд нөгөө залууг цохих гэж байгаад хальт хий цохиод өөрөө газар унаад өгсөн гэсэн. Тэгээд тэр залуу Сүхээ рүү ойртоход нь Гантулга нэг гараараа нөгөө залууг бариад, нөгөө гараараа Сүхээг татаад босгосон гэсэн. Тэгээд босч ирээд л хоорондоо барьцалдаад байж байхад нь Ончир бид 2 очиж таарсан байсан. ...Сүхээ би мөргүүлчихээд уурандаа 2-3 цохисон гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 14х, 17х-18х/,
гэрч Ц.Ончирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Сүхбат, Лувсаа хоёр ...Мандухай зочид буудлын урд талд байдаг байрны сааданд 2 залуу, 1 охинтой маргалдлаа гэж хэлээд ирсэн. Тэгэхэд Гантулга ямар хүмүүс байсан юм бэ гээд очиж харах гээд явсан. Тэгэхэд Б.Сяах гээд байгаа юм гээд араас нь дагаад явсан. Тэгээд тэр хоёрыг очиход маргалдсан 2 залуу, 1 охин байсан ба 2 залуу нь Гантулгыг хараад зугтаачихсан гэж байсан ба хамт байсан охин нь манай нөгөө хоёроос тэр 2 зулуугийнхаа өмнөөс уучлалт гуйгаад салсан гэсэн. Яг тэр үед нь хажууд талд нь зүгээр ганцаараа сууж байсан нэг согтуу залуу гэнэт босч ирээд дүү нар ингэж саагахгүй гээд Б.Сруу дайрсан гэсэн. Б.Сцашаа бай чамтай харьцаагүй байна гэж хэлэхэд тэр залуу нь гарыг нь татаад нүүр лүү нь мөргөчихсөн гэсэн. Тэгэхэд нь Сүхээ зөрүүлээд нүүр лүү нь цохисон гэсэн. Тэр үед Гантулга дундуур нь орж салгах гээд тэр хоёртой ноцолдсон гэсэн. Тэр үед тэд нар орилолдоод байгаа нь сонсогдохооор нь Лувсаа бид хоёр нөгөө хоёрыг олон хүнтэй зодолдоод байх шиг байна гэж бодоод Чинзоригийг буудлынхаа гадаа байж байгаараа гэж хэлээд нөгөө 2 дээр очтол тэр 2 олон хүнтэй зодолдоогүй, 1 хүнтэй Б.Сзууралдчихсан, Гантулга салгах гээд байж байсан. Тэгэхээр нь бид 2 та нар ингэж болохгүй гэж хэлээд салгаад нөгөө хоёрыгоо аваад буудал руугаа орсон. ...Зодоон болчих вий гэж бодоод шууд очоод салгасан. ... Лувсаа салгах гээд тэр залуугийн цамцнаас хойшоо угзраад татчихсан ба тэр үед нөгөө залуу хойшоогоо газар унаад өгсөн. Уначихаар нь бид нар гялс салсан дээрээ явъя, тэгэхгүй бол гай болчихоор хүн байна гээд яриад явсан. Тэрнээс өмнө намайг буудлын гадаа зогсож байхад Сүхээ тэр залууд мөргүүлснийхээ дараа хэд хэдэн удаа уурандаа цохисон юм шиг байсан. Өөр гар хүрсэн хүн байхгүй гэж бодож байна. Би бол гар хүрж цохиж зодсон асуудал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 15х-16х/,
гэрч М.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Б.Сирээд тэнд нэг 2 нөхөр зүгээр явж байхад дуудаад, юугаа харсан юм гээд байсан гэж бид нар дээр ирээд хэлэхээр нь би ямар хүн байсан юм очоод хараадхая гээд гүйгээд явсан. Тэгээд очиход миний өөдөөс нэг охин "ахаа та нар зүгээр явчих, манай 2 найз согтсон байна" гэсэн ба нөгөө 2 залуу нь цаашаагаа яваад өгсөн. Нөгөө охин ч араас нь явсан. Тэгээд эргээд явах гэтэл хажууд сандал дээр ойролцоо сууж байсан нэг ах "та нар ингэхгүй" гээд босоод ирсэн. Тэгэхэд Б.Сминий араас ирсэн байсан ба нөгөө ах Сүхээг барьж аваад тэр хоёр хоорондоо барьцалдаад тэр ах Сүхээг шууд мөргөсөн. Тэгээд Сүхээ мөргүүлснийхээ дараа нөгөө ахыг зөрүүлээд цохих гэж байгаад хий цохиод газар унахаар нь би татаж босгоод ирсэн ба нөгөө ах Сүхээгээс зуурчихаад тавихгүй зууралдаад байсан. Тэгээд би салгах гээд тавиачаа гээд жаахан чанга дуугарсан. Тэрийг манай Ончир, Лувсаа хоёр сонсоод гүйгээд хүрээд ирсэн ба бид гурав Сүхбатыг тэр ахаас арай гэж салгаад буудал руугаа явсан. ...Эхлээд тэр өөрөө Сүхээг татаад мөргөчхсөн. Тэгсэн Сүхээ уурлаад 2-3 удаа цохисон. Тэр үед бид нар салгах гэж байх хооронд цохисон байх, тэрнээс өөрөөр цохиж зодсоныг хараагүй. Ер нь бол маш хурдан 10 секунд орчим болоод л дууссан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19х-21х/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №9552 дугаартай шинжээчийн "Г.Энхмөрөнгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, зөөлөн эд эдийн няцрал, зүүн зовхи, зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, дух, зүүн сарвуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцралт, цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо... Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." дүгнэлт /хх-ийн 23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.С-ыг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Г.Энхмөрөн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжилсэн үнийн дүнгээс хавтас хэрэгт баримтаар авагдсан бодит гарсан зардал болох нийт 263.980 төгрөгийг, шүүгдэгч Б.Снь шүүхийн хэлэлцүүлэгийн үед хохирогчид төлж барагдуулсан ба цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогч Г.Энхмөрөн нь холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжилэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Сд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Отгод овогт Болдбаатарын С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-ыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Снь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Энхмөрөнд нийт 263.980 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Г.Энхмөрөн нь энэ хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ