| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0693/Э |
| Дугаар | 729 |
| Огноо | 2018-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 729
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ю.Тогмид /№1149/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Намхайн Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811018670848 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, боловсролгүй, мэргэжилгүй, Хүчит шонхор худалдааны төвд тэрэг түрдэг, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1230Б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Намхайн Н.Г /РД: /,
Холбгдсон хэргийн талаар: яллагдагч Н.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 6 дугаар сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "Аглаг Эрдэнэ" зочид буудалд хохирогч Ш.Мөнхжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Ш.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 14-ний өглөө 11 цагийн орчимд “Аглаг Эрдэнэ” гээд зочид буудалд гурван найзынхаа хамт орсон. Орой 23 цаг болж байхад манай хоёр найз яваад найз хүүхэн Баяраа үлдсэн юм. Би гарч дэлгүүр орчихоод тамхи татчихаад өрөөндөө ороход Баяраа хажуу өрөөний 3 залууг оруулчихсан архи ууж байсан. Би хамт суугаад архи уусан бөгөөд удалгүй тэр залуучуудыг өрөөндөө ор би одоо амармаар байна гэж хэлсэн. Тэгсэн чинь нэг залуу нь уурлаад намайг цохих гэхээр нь би нүүрээ гараараа дараад хойшоо суусан. Тэгтэл миний дээрээс нүүр рүү гараараа 4-5 цохисон. Миний хоёр хөмсөг л язарчихсан шархтай байснаас миний бие энд тэндээ ямар нэгэн хөхөрсөн зүйл байгаагүй. Тэр залуу миний баруун нүд болон хамар толгой хэсэгт гараараа 4-5 удаа цохисон юм.." гэх мэдүүлэг /хх-ийн 11-14х/
гэрч Ц.Октябрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 6 дугаар сарын 14-ний орой 23 цагийн орчимд би найз Дэмбэрэлсамбуу хадам ах Н.Г нарын хамт “Аглаг Эрдэнэ” караокед сууж байсан юм. Тэгээд караоке хаагаад Н.Г ах бид гурав буудал руу нь орсон. Н.Г ахын таньдаг хүн нь өрөө авсан гэж байсан. Тэгээд нэг өрөөнд ороход 3 залуу нэг хүүхэн байсан. Тухайн үед нүцгэн залуутай тэр өрөөнд байсан намхан залуу маргалдаад байсан. Тэгтэл манай хадам ах уг шалдан залууг өмөөрөөд нөгөө намхан залуугийн нүүр лүү нь нэг удаа цохичихсон. Н.Г ах тухайн үед тэр залуугийн баруун нүдний орчимд цохисон. Н.Г ах тэр залууг цохихоос өмнө бол тэр цохиулдаг залуугийн хоёр хөмсөг нь сэтэрсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,
гэрч М.Дэмбэрэлсамбуугийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...хажуу талын өрөөнд ороход нэг эмэгтэй нэг эрэгтэй хоёр хүн байсан. Тэр эрэгтэй хүний баруун хөмсөг нь сэтэрчихсэн, зүүн хөмсөгний дээд талд шалбарчихсан хоёр нүд нь доод зовхи орчмоороо бага зэрэг хөхрөлттэй нүүр нь хавдартай харагдаж байсан. Тэр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо жоохон муудалцаад байсан бөгөөд өрөөнд нь байсан шил архийг хувааж уучихаад тэр өрөөний залуу болон биднийг дагуулж орсон Н.Гын найз гэх залуу хоёр маргалдаад байсан. Би гарчихаад орж ирэхэд Н.Г тэр өрөөнд байсан залуугийн нүүр рүү нь Н.Г гараараа нэг удаа цохиод авсан чинь нүүрнээс нь цус гараад байсан. Н.Г цохих шиг болоход би салгахад тэр залуугийн баруун хөмсөгний орчмоос цус гараад байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7701 дугаартай дүгнэлтэд: "...Ш.Мөнхжаргалын биед баруун хөмсөгний дотор хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салст, баруун чихний ар хөхлөгийн хуйх, баруун бугалганы гадна дунд хэсгүүдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 27х/,
Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн "...баруун нүдний дотор хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/, яллагдагч Н.Гын мэдүүлэг/хх-ийн 35-36х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.Гыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Намхайн Н.Гыг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Гыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Гт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ