Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01764

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01764

 

 

Ю ХХК-ийн хүсэлттэй

дампуурлын хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний 102/ШШ2022/02651 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч Ю ХХК-ийн гаргасан төлбөрийн чадваргүйд тооцож, дампуурсанд тооцон татан буулгуулах тухай хүсэлттэй, Ю ХХК-аас татварын өр төлбөрт 171,587,535.84 төгрөг гаргуулах, хуваарилагдах эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай БГДТХ-ийннэхэмжлэлтэй дампуурлын хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Э.З, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Ч, хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн тайлбарын агуулга:

Ю ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, нэг гишүүнтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлж 5252881 тоот регистрийн дугаартай, барилга угсралт, туслах гүйцэтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Компани байгуулагдсан цагаас хойш үндсэн чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж, санхүүгийн тайланг цаг тухайд нь гаргаж өгдөг байсан ч 2015 оны эхээр компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, тухайн оноос эхлэн үйл ажиллагаа явуулаагүй. 2008-2014 он хүртэл үйл ажиллагаа хэвийн явуулж, санхүүгийн тайланг тухай бүр гаргаж өгсөн. 2015-2022 он хүртэл Х санхүүгийн тайлан гаргаж байгаа.

Компани нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6281 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 406 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 505 дугаар тогтоолоор 188,164,320 төгрөгийг БГДТХ-т төлөхөөр болсон. Улсын дээд шүүхийн 505 дугаар тогтоол гарснаас хойш Ю ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй, орлого огт олоогүй бөгөөд өнөөдрийг хүртэл уг өрийг барагдуулах боломжгүй байсаар байна. Энэ өрийг барагдуулах зорилгоор Э ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, ХД-67 дугаар байрны 12 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан. Гэвч уг хөрөнгө нь өрийг бүхэлд нь барагдуулахад хүрэлцэхгүй бөгөөд тус компанид бүртгэлтэй бусад хөрөнгөөр ч өрийг барагдуулах боломжгүй байсаар байна. Ийнхүү тус компани нь өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор хуулийн этгээдийг татан буулгах, дампуурсанд тооцуулах, төлбөрийн чадваргүйд тооцуулахаар энэхүү хүсэлтийг гаргаж байна. Компанид бусдаас авах авлага байхгүй. Компани 2010 оноос 2013 онд Сонгинохайрхан дүүрэгт Аптаун хотхоны барилгын ажил гүйцэтгэсэн бөгөөд уг ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон компаниас хуурамч НӨАТ-ын баримт шивснээс болж татварын төлбөр нэхэгдэж, гурван шатны шүүхийн шийдвэр гарснаар Ю ХХК нь төлбөр төлөхөөр болсон.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарын агуулга:

Тус хэлтсийн татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй Ю ХХК нь тус шүүхэд хандаж төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай дампуурлын хэрэгт холбогдуулан Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байна. Ю ХХК нь 2008 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 2013 оны нэсэгдсэн өртгийн албан татварын тайлангаар өрийн үлдэгдэл 171,587,535.84 төгрөг байна. Тус компанийн тайлангийн өрийг төлүүлэхээр татварын хэлтсээс 2015 онд шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхээр татварын өрийг төлүүлэх шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн боловч татварын өрийг барагдуулаагүй байна. Тус татварын хэлтэс нь 2020 оны 6 дугаар сард татварын шинэ хуулийн хүрээнд гүйцэтгэлийн ажиллагааг өөрөө бие даан хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ю ХХК-ийн холбогдох материалыг хүлээн авч ажиллагаа явуулж ирсэн. Энэ хүрээнд тус компанийн захирал Б.Ч- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж ХД-67 дугаар байрны 12 тоот 56,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар өрийн тодорхой хувийг тооцон төлөхөөр ярилцлагын тэмдэглэл хийж гарын үсгээ зурсан боловч үйл ажиллагаа хэрэгжүүлж өрөө төлөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татварын өр төлбөрийг барагдуулж өгнө үү. Анх 188,164,320 төгрөгийн өр төлбөртэй байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж одоогийн байдлаар өр 171,587,535.84 төгрөг болсон байгаа. Тухайн орон сууцыг битүүмжилж, шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн байгаа.

 

3. Хэрэг гүйцэтгэгчийн тайлбарын агуулга:

АБ ХХК нь улсын бүртгэлийн 9011165050 дугаартай, 5252881 регистртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 5А байрны 49 тоотод байрлаж ажиллахаар 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 3 гишүүнтэйгээр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдаж, 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хувь эзэмшигч, гишүүнээс Х.Баттулга, Б.Л-, Ц.У- нар хасагдаж, Ю ХХК хувь эзэмшигч болж, гишүүний тоо 1 болж өөрчлөгдсөнийг 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр дүрмийн сан 250,000,000 төгрөгөөр нэмэгдэж 251,000,000 төгрөг болсныг улсын бүртгэлд бүртгүүлжээ. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Бат-Эрдэнэ овогтой Чинтулга.

Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2012-2021 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 208,579,334 төгрөг болж өөрийн хөрөнгийн 1197.31%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон, санхүүгийн тогтвортой байдал нь алдагдсан, өр төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгө байхгүй, хөрөнгө нь хүрэлцэхгүй болсон байна. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд Ю ХХК нь 2015 оноос өөрийн хөрөнгийн 1197.31%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж, төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

Ю ХХК-ийн өр төлбөрүүд 2014 оноос үүссэн байх ба 2014 онд 1,448,443.400 төгрөг, Эдийн засгийн ил тод бадлын тайлангаар 208,579,300 төгрөг, 2015-2021 онуудад 208,579,300 төгрөгийн тус тус өр төлбөртэй ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Компани эргэлтийн хөрөнгөгүй болсны улмаас 2015 оноос үйл ажиллагаагаа зогсоосон нь нөлөөлсөн байна. Мөн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 400 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа 2014 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь үүнийг нотолж байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах сахүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь Ю ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралта, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна. Компанийн удирдлага, хувь эзэмшигч нар нь санхүү эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, татварын болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэргээс шалтгаалан их хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Ю ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206017339 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ХД-67 дугаар байрны 12 тоот хаягт байрлах 54,7 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө байна. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь БГДТХ-ийн2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/1651 дугаартай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай Битүүмжлэлийн хуудас-аар тусгай тэмдэглэл бүртгэгдсэн байна. Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай. Иймд Ю ХХК-ийн эзэмшил, өмчлөлд буй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан борлуулж нэхэмжлэгчид хуваарилан өгөх нь Дампуурлын тухай хуулийн зохицуулалтад нийцэх юм. Шүүхэд ирүүлсэн БГДТХ-ийннэхэмжлэл нь өмнө гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байна. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг шүүх тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэдэг. Хариуцагч Ю ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг ба маргадаггүй.

Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заадаг боловч, нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн Ю ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23.1-д заасан этгээд болох хаиуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Мөн хэрэг гүйцэтгэгчийн зардлыг Ю ХХК-иас гаргуулахыг даалгаж, шүүхийн шийдвэрт тусгаж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Ю ХХК-ийг татан буулгасан шүүхийн шийдвэр гүйцэин төгөлдөр болмогц тус компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгчид шилжүүлэхээр шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

 

4. Анхан шатны шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хуулийн этгээдийн 55252881 регистртэй Ю ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг баримтлан БГДТХ-ийннэхэмжилсэн Ю ХХК-иас татварын өр төлбөрт 171,587,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж, Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсгүүдэд зааснаар Ю ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2206017339 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, ХД-67 дугаар байрны 12 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мөнгөн хөрөнгийг хуваарилах төлөвлөгөөг татан буулгах тухай шийдвэр гарснаас хойш 2 сарын дотор шүүхэд өгөхийг хэрэг гүйцэтгэгч А.Э даалгаж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ю ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-од шилжүүлж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсгүүдэд зааснаар Ю ХХК-ийг татан буулгах ажиллагааг явуулж, дуусгавар болгон, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-од даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Тус хэлтсийн татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй Ю ХХК-ийн Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай дампуурлын хэрэгт холбогдуулан Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтын дагуу БГДТХ-ээс нэхэмжлэл гаргасан ба Ю ХХК/5252881/2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх өрийн үлдэгдэл 171,587,535.84 төгрөг байхад Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тус компанийн нийт өр 208,579,300 төгрөг болж, нийт хөрөнгийн 1197,31 %-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон гэж өрийн дүнг өсгөн зөрүүтэй дүгнэн тус компанийг татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж, хариуцагч Ю ХХК татан буулгах санал гаргасныг шүүх хүлээн авч хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж дүгнэж, татан буулгах шийдвэр гаргасан байна.

Тус компанийн захирал Б.Ч- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр туул гудамж ХД-67 дугаар байрны 12 тоот 56.4 м.кв талбай бүхий 2 өрөө байраар татварын өрийн тодорхой хувийг тооцон төлөхөөр илэрхийлж байсан өөрийн хөрөнгөтэй, тэрчлэн Ю ХХК татварын хэлтсээс өөр газар өргүй байсан зэрэг нөхцөл байдпыг харгалзан үзээгүй, хэрэг гүйцэтгэгчийн зөрүүтэй үнийн дүнг өсгөн гаргасан дүгнэлтийг ч анзааралгүй, компанийг дампуурсан тооцож, татан буулгах хэмжээний нөхцөл байдал үүсээгүй байхад дампуурсан тооцож, татан буулгаснаар татвар ерийг бурэн төлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгээд байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хүсэлт гаргагчийн тайлбарын агуулга:

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасан нөхцөл байдал бий болсон тул шүүхээс Ю ХХК-ийг татан буулгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хэрэг гүйцэтгэгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг үндэслэж, тус компанийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр гаргасан. Иймд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт нь Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу тус компанийг төлбөрийн чадваргүй болон дампуурлын шинжилгээг зохих стандартын дагуу хийж дүгнэлт гаргасан.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Хүсэлт гаргагч Ю ХХК нь төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгох, дампуурсанд тооцож татан буулгуулах тухай хүсэлт гаргасан ба, нэхэмжлэгч БГДТХ- нь Ю ХХК-д холбогдуулан татварын өр төлбөрт 171,587,535.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, Ю ХХК-аас нэхэмжилсэн татварын өр төлбөрийн тухайд маргах зүйлгүй боловч компанийн санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан төлбөрийг төлөхгүй боломжгүй байна гэсэн тайлбар гаргажээ.

 

2. Ю ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгон, дампуурсанд тооцож татан буулгуулах тухай хүсэлтэд шүүхээс дампуурлын хэрэг үүсгэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт зааснаар түр хэрэг гүйцэтгэгчээр А.Э-ыг томилж, улмаар түр хэрэг гүйцэтгэгчээс төлбөрийн чадварын талаар дүгнэлт гаргаж ирүүлсэн, уг дүгнэлтийг үндэслэн Ю ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцож, шүүхэд нэхэмжлэл ирүүлэх хугацааны талаар нийтэд мэдээлэх тухай шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 08467 дугаартай захирамж гарсан байна.

/1хх 55, 142-150, 206/

 

3. Дээрх хугацаанд БГДТХ-ээс 2013 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөрт 171,587,535.84 төгрөгийг хариуцагч Ю ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, улмаар нэхэмжлэгч талаас хэрэг гүйцэтгэгчээр А.Э-ыг томилох санал гаргасныг шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10665 дугаартай захирамжаар баталгаажуулжээ. /1хх 210-216, 221, 225/

 

3.а. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/06281 дугаартай шийдвэрээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 406 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00505 дугаартай тогтоолоор хариуцагч Ю ХХК-аас 188,164,320 төгрөгийг гаргуулж БГДТХ-т олгохоор шийдвэрлэж байсан байна.

/1хх 23-34/

 

4. Нэхэмжлэгч болон хариуцагч өөрөө, хэрэг гүйцэтгэгч нараас хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх талаар санал гаргаагүй байх бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг шүүхэд гаргаж ирүүлсэн байна. /1хх 221-222, 227-239/

 

5. Дээр дурдсан хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээс үзвэл Ю ХХК-ийн нийт хөрөнгийн дүн 2012 онд 3,410,342,400 төгрөг, 2013 онд 1,048,347,500 төгрөг, 2014 онд 1,007,714,910 төгрөг, Эдийн засгийн ил тод байдлын тайланд 226,000,000 төгрөг гэсэн тус тус компанийн санхүүгийн тайланд мөн тусгагдсанаас үзэхэд Эндээс үзэхэд хариуцагч Ю ХХК дээр дурдсан 2013 оны Нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн үед төлөх хөрөнгөтэй байсан гэж үзэхээр байна.

 

6. Хариуцагч компанийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206017339 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ХД-67 байрны 12 тоот хаягт байрлах 54.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас өөр хөрөнгөгүй гэж хэрэг гүйцэтгэгч дүгнэжээ.

 

7. Гэвч хэрэг гүйцэтгэгч нь дүгнэлтээ гаргахдаа Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.5, 12.1.9-д заасан эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна. Тухайлбал, хэрэг гүйцэтгэгч дүгнэлт гаргахдаа зөвхөн санхүүгийн тайланг үндэслэсэн байх ба, хариуцагчийн үйл ажиллагаанд санхүүгийн анхан шатны баримтуудад үзлэг шалгалт хийх ажлыг зохион байгуулах, шүүхээр шийдвэрлүүлэх асуудлаар шүүхэд хандах, шаардлагатай мэдээ баримтыг хариуцагчаас гаргуулан авах зэрэг шаардлагатай ажиллагаануудыг хийгээгүй байхад анхан шатны шүүхээс уг асуудлаар дүгнэлт хийгээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/02651 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

  ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ