| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0742/Э |
| Дугаар | 773 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 773
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч А.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Тарган овогт Аюургинагийн А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811009210911 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа нийтийн байр түрээслүүлдэг гэх, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 13 дугар хороо, Сургуулийн 9 дүгээр гудамжны 120 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 77-24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тарган овогт Аюургинагийн А.Б /РД: /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ А.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.Бнь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 9 дүгээр гудамжны 120 тоотод байх нийтийн байранд хохирогч Н.Батсайхантай маргалдан зодож, эрүүл мэндэд нь "дух, зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Н.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд галчаар ажилладаг байсан юм. 2018 оны 03 сарын 16-ны өдөр би ажиллаж байсан нийтийн байрнаасаа гарна гэдгээд нийтийн байрны эзэн А.Бд хэлсэн чинь намайг ажлаасаа битгий гараач гэсэн юм. Тэгэхээр нь би цаашид ажиллаж чадахгүйгээ гэж хэлтэл А.Б миний зүүн нүдний орчимд 1 удаа, мөн баруун нүдний орчимд нэг мөргөсөн. Тэгснээ дахиж намайг заамдаж аваад зүүн нүдний орчимд дахин нэг удаа мөргөсөн. Тэгээд би А.Бгаас мултраад шууд зугтаагаад амьдардаг өрөөндеө эхнэртээ энэ талаар хэлээд цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн.
... А.Б намайг мөргөсөн юм. Би хохирогчоор өгсөн мэдүүлгээ буруу өгсөн байна яагаад ингэж мэдүүлснээ мэдэхгүй байна. ...А.Б бол намайг ямар ч байсан гурван удаа нүүрэн тус газар мөргөсөн нь үнэн. Тухайн үед намайг А.Бд зодуулаад зугтаагаад өөрийнх амьдардаг өрөөнд орж эхнэртээ энэ талаар хэлсэн юм. Тэгээд цагдаагийн хэлтэс ойрхон болохоор шууд очиж өргөдөлөө өгсөн юм. ... Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр буюу 5 дахь өдөр А.Бд зодуулсан. Тэр өдрөө цагдаагийн хэлтэс дээр ирж гомдлоо гаргаж шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг аваад явсан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэг өгсөн. 3 дугаар сарын 19-ний орой шүүх эмнэлэгт үзүүлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 15-17х/
гэрч О.Бямбажавын мэдүүлэг /хх-ийн 23-24х/, яллагдагч А.А.Бгийн мэдүүлэг /хх-ийн 33х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт 3821 дугаартай шинжээчийн “...Н.Батсайханы биед дух, зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" дүгнэлт /хх-ийн 21х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч А.А.Бг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул А.А.Бд торгох ял оногдуулж шийдвэрлэв
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тарган овогт Аюургинагийн А.Бг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А.Бг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.А.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ