| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0352/Э |
| Дугаар | 383 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 383
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүгдэгч Д.Б, П.Э нар,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ганхуяг /¹1484/,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Дулмаагийн Д.Б, Бэсүт овогт Пүрэв-Ёндонгийн П.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 5-98 тоотод суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял, шийтгэгдээгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дулмаагийн Д.Б /РД- /
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгий гудамж, 37-654 тоотод суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 1999 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 330 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 30,000 төгрөгөөр торгох ялаар,
-2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүт овогт Пүрэв-Ёндонгийн П.Э /РД- /
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б, П.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус ял сонсогож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.Баасандоржийн ганцаараа үйлдсэн 3 удаагийн хулгайн гэмт хэрэг, бусадтай бүлэглэж үйлдсэн 2 удаагийн хулгайн гэмт хэрэг, шүүгдэгч П.Энхсайханы ганцаараа үйлдсэн 2 удаагийн хулгайн гэмт хэрэг, бусадтай бүлэглэж үйлдсэн 2 удаагийн хулгайн гэмт хэргийг тус тусд нь зүйлчлэн ял халдаах шаардлагагүй гэж шүүх үзэн хамгийн хүнд ялын төрөл, хэмжээтэй хулгайн гэмт хэргийн хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан зүйлчлэлд, хөнгөн хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг багтааж шүүгдэгч нарын үйлдсэн хулгайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг зүйл ангиар ял халдааж, тэдгээрийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх нь зүйтэй байна.
Иймд Д.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, П.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлэн өөрчилөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Мөн шүүх Д.Баасандорж, П.Энхсайхан нарт холбогдох тус хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
1. Шүүгдэгч Д.Б ганцаараа - 2016 оны 01 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 13 дугаар гудамжинд байсан хохирогч Г.Лхамрагчаагийн эзэмшлийн 89-31 УБӨ улсын дугаартай “Хьюндэй аксент” загварын тээврийн хэрэгслийн арын хаалганы жижиг гурвалжин шилийг хагалж, дотроос нь орос хромон гутал, хүрэм, МП тоглуулагч зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэм үйлдэл хийсэн болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн орой 22 цаг өнгөрч ажил дээрээ ажлынхантайгаа нэг шил 0,75 литрийн Ерөөл архи, 2 литрийн том пиво 2-ыг ууж байгаад ажлаасаа тараад 01 цаг өнгөрч байхад ажлаасаа гараад таксинаас зам гүүрийн автобазын тэнд буугаад гэр лүүгээ гахайн байрны тийшээ алхаад явж байгаад замаасаа нэг төмөр олоод нэг гудамжинд хар өнгийн 89-31 УБӨ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийн хойд талын цонхыг хагалан дотроос МР-5 тоглуулагч, эрэгтэй хуучин хромон гутал, эрэгтэй нацистан куртик зэрэг эд зүйлийг аваад гэрийнхээ урд талын овоолсон шороон дээр цасанд даруулж нуугаад тавьж хонуулаад маргааш өглөө нь гэрийнхнийгээ явуулаад нөгөө нуусан эд зүйлээ гэртээ оруулж 10 цагийн үед Алимаа гэгч танилцсан эмэгтэйгээ дуудаад Алимаад нэг ширхэг цамц 1 ширхэг өмд өгөөд Апимаатай цуг яваад Хүчит Шонхор зах орж, мөнгө авах гээд явж байгаад цагдаад баригдаад, тэр хулгайлсан эд зүйлүүдээ цагдаад хураалгаад, эзэнд нь авсан бүх эд зүйлүүдээ хүлээлгэн өгсөн..." гэх мэдүүлэг /5хх-ийн 3-5х/,
хохирогч Г.Лхамрагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2016 оны 4 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн орчимд машинаа хашаандаа оруулах гэхэд гулгаатай байсан болохоор өгсүүр газарт гарахгүй байсан. Тэгээд би машинаа гудамжинд үлдээгээд гэр лүү орсон. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өглөө 05 цаг 40 минутын орчим гэрээсээ гарч ирээд машин дээрээ очоод машинаа харахад зүүн хойд талын хаалганы жижиг шилийг хагалаад хулгайч ороод машин дотор байсан эд зүйлүүд алдагдсан байсан. Тэгээд би цагдаад хандаж дуудлага өгсөн. Миний машинаас MP тоглуулагч, миний өмсдөг хромон гутал, куртик зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 19х/,
хохирогч Г.Лхамрагчаагийн эзэмшлийн 89-31 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайлсан гэмт хэргийн, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 7-10х/, эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 20х/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 13х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар,
- 2016 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 19 дүгээр гудамжинд байсан хохирогч О.Билгүүний эзэмшлийн 27-86 УНЛ улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийн арын хаалганы жижиг шилийг хагалж дотроос нь богино цамц 14 ширхэг, өмд 4 ширхэг, амортизатор, гоо сайхны хэрэгсэл, масло, цамц зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 876.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжинд байсан Тоёота Приус 11 машин байхаар нь хойд талынх нь цонхыг хагалан дотроос нь Приус маркийн авто машины 2 ширхэг амортизатор, моторын тос 4 литрийн савтай, фудволкнууд, өмднүүд, куртик, гоо сайхны иж бүрдэл 2 ширхэг, малгайтай цамц 1 ширхэг зэрэг эд зүйлийг аваад цааш явсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 3-5х/,
хохирогч О.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 01-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 27-86 УНЛ улсын дугаартай Тоёота Приус маркын авто машинаа гэрийнхээ гадаа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны гадна үүрийн 05 цагийн орчимд таксинд явж баигаад ирээд өглөө болж байгаа болохоор гайгүй байх гэж бодоод тавиад гэртээ ороод унтаж байгаад 11 цагийн үед босоод ажилдаа гарах гээд гараад хартал миний машины хойд цонх хагарсан байдалтай дотроос амортизатор, моторын тос, фудволк, өмд, куртик, эмэгтэй хүний гоо сайхны иж бүрдэл, цамц зэрэг эд зүйл алдагдсан машины хойд шил хагарсан байдалтай байсан учир цагдаагийн байгууллагад хандсан.
Миний машины багаажинд байсан 1 хос моторын тос Мобил 4 литрийн савтай 1 ширхэг, Адидас нэртэй шинэ фудволк 14 ширхэг, Экстрем загварын өмд 5 ширхэг, эмэгтэй куртик 1 ширхэг, эрэгтэй куртик 1 ширхэг, гоо сайхны иж бүрдэл 2 хайрцагтай, Адидас брендийн юүдэнтэй цамц 1 ширхэг зэрэг нийт 8 төрлийн эд зүйлс алдагдсан. Дээр нь нэмж Приус 11 маркийн тээврийн хэрэгслийн хойд хаалганы гурвалжин шил хагарсан. Би машины гурвалжин шилний хохирол, 1 ширхэг Экстрем өмд хүлээн аваагүй энэ хохиролыг барагдуулж өгнө үү..." гэх мэдүүлэг /3хх-ийн 42-43х, 7хх-ийн 166х/,
хохирогч О.Билгүүний 27-86 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайлан авсан гэмт хэргийн, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 30-35х/ эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 37х/, эд зүйлийн үнэлгээ /3хх-ийн 44-45х/ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /5хх-ийн 102-104х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,
- 2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булагийн 20-1276 тоотод оршин суух иргэн Б.Болорхундагын байшингийн цонхыг түлхэн нэвтэрч цохилттой дрилл, 8 ширхэг нерж шатны бариул хулгайлж 152.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...цонхыг нь түлхэж онгойлгоод дотогш явж ороход үүдний амбаарын хананд байрлуулсан хавтгай хавтгай төмөрнүүдийг байшингаас гаргаад хашааны гадна талын буланд зөөж байрлуулаад буцаж ороод улаан өнгийн цахилгаан дриллийг аваад эргээд гарах гэж байгаад хөрш айлынх нь хүнтэй таараад намайг барьж аваад хэд хэд цохиод эд зүйлийг аваад намайг явуулсан. Тэгээд доошоо алхаж яваад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /9хх-ийн 63х/,
хохирогч Б.Болорхундагын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай гэрт хулгай орсон гэж урд талын дэлгүүрийн эгч хэлсэн. Тэгээд гэртээ очоод алга болсон зүйлийг бүртгээд байж байтал манай баз болох Мэндсайхан ирээд 2-лаа доошоо явж хулгайчийг хайж үзье гээд явж байтал манай гэрээс хулгай хийсэн хүнтэй зам гүүрийн баазын автобусны буудлын орчим тааралдаад бариад авсан.Тэгээд хулгайчийг цагдаад хүлээлгэж өгсөн. ...Манай гэрээс хулгайч эд зүйл авч явах гээд цохилттой дрилл, нержин шатны бариул багана 8 ширхэгийг гаргаад тавьсан байсан. Манай байшингийн үүдний таамбарын урд талын цонхыг түлхэж онгойлгон нэвтэрч орсон байсан.” гэх мэдүүлэг /9хх-ийн 52х/,
гэрч Д.Мэндсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Таван аривжих дэлгүүрний хүн танай дүү Болорхундагын гэрт хулгай орсон юм шиг байна. Цонх нь онгорхой дотор нь төмөр дуугараад байна гэхээр нь манай дүү Болорхундага ажилтай гэртээ байхгүй сонин юм бэ гэж бодоод өөрийн хадам ах Лхагваа ахад очоод үзээдэх гээд хэлсэн. Тэгээд удалгүй Лхагваа ах залгаад нэг залуу үүдний таамбарт байсан төмөр шатны бариулууд, цахилгаан дрилл зэргийг зөөж байна. Би барьж аваад алдчихлаа доошоо гудамж уруудаад яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд Болорхундага цагдаад дуудлага өгөөд, Лхагваагаас зугтсан залуугийн содон шинж тэмдэгийг мэдэж аваад дүү Болорхундагыг машиндаа суулгаад тэр одоо энэ ойр орчмоор явж байгаа хаа холддог юм гээд доошоо уруудаад явж байгаад Нарантуул -2 захын ойролцоо Лхагваа ахын хэлж байсан .... залуу явж байхаар нь дуудаад... машиндаа суулгаад цагдаад барьж өгнө гээд гэртээ очиход цагдаа нар ирсэн байсан.” гэх мэдүүлэг /9хх-ийн 57х/,
хохирогч Б.Болорхундагын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргийн, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /9хх-ийн 28-30х/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: /9хх-ийн 46-48х/, эд зүйлийн үнэлгээ /9хх-ийн 59-60х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч П.Э нь ганцаараа - 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдер Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 9-229 тоотод оршин суух хохирогч З.Хайлдагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж эд зүйл хулгайлж нийт 7.470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
П.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчимд шараа тайлах зорилгоор эгч Энхцэцэгийн гэрээс гараад 3,4-р хорооллын эцсийн буудал руу яваад 5000 төгрөгт 0.5 литрийн хэмжээтэй архи аваад хойшоо Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн гудамж руу орж, гэр хороолол дунд байх чингэлэгийн дэргэд архиа ганцаараа ууж дуусаад тэр хавьд байх айлын хашааг даван орж байшингийн цоожийг эвдэн орж, дотроос нь бурхан, судар хоёрыг авч гарсан. Тэгээд энэ бурхан, судар хоёрыг авч төрсөн эгч Энхцэцэгийнд очин, маргааш нь зарах гэж явж байгаад цагдаад баригдсан юм..." гэх мэдүүлэг,
хохирогч З.Хайлдагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Миний хуучин нэр Отгон-Өглөө байсан ингээд лам багшаас асуугаад ийм нэр зохихгүй байна гэхээр нь 2016 оны 5 дугаар сард иргэний бүртгэлийн газарт албан ёсоор хүсэлт гаргаад хуулийн дагуу өөрийн Отгон-Өглөө гэдэг нэрийг Хайлда гэдэг нэрээр сольж авсан. Одоо миний бүх бичиг баримт Хайлда гэдэг нэрээр явж байгаа. 2015 оны 9 дүгээр сарын өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 9-229 тоотод хашаанд байх байшингаасаа 19 см өндөр Балба хийцийн орчин цагийн гуулин бурхан, аль үеийг мэдэхгүй манай эмээгээс өвлөн ирсэн Чаравчомбо нэртэй муутуу цаасан дээр Түвд үсгээр бичсэн 60 см урт хуучин судар, марк загвар тодорхой бус хятад улсад үйлдвэрлэгдсэн ДиВиДи тоглуулагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Хулгайч манай гэрт орохдоо үүд, амбаар хоёрын завсар байсан лоомоор үүдний хаалганы цоожийг хөшин онгойлгон гэрт ороод зочны өрөөнөөс дээрх зүйлийг аваад гарсан байсан ба харин энэ хэргийн дараа мөрдөн байцаагч манай бурхан, судар зэргийг олж өгсөн ба харин ДиВиДи тоглуулагчийг олоогүй. Би бурханыг 450.000 төгрөгөөр гандан хийдийн дэргэд байх Найман Тахил дэлгүүрээс худалдаж авсан, ДиВиДи тоглуулагчийг Нарантуул захын цахилгаан барааны дэлгүүрээс 85.000 төгрөгөөр 2015 оны 01 дүгээр сард худалдаж авч байсан. Ашиглалтын хувьд шинээрээ шахуу байсан. Харин судрыг үнэ хэлж мэдэхгүй байна. Би энэ хэргийн улмаас олон удаа дуудагдаж ирсэн, дахин ирэх боломж байхгүй, миний хувьд одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй байна.” гэх мэдүүлэг /4хх-ийн 11х/,
гэрч Б.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын сүүлээр шиг санаж байна миний танил Бямбаа гэдэг хүн надтай утсаар яриад манай дүү бурхан, судар зармаар байна гэнээ. Чамд таних хүн байгаа юу гэж хэлсэн тэгэхээр нь би ямар бурхан юм бэ сонирхоё гэж хэлсэн. Ингээд би маргааш нь 3,4-р хороололд байх Энхцэцэг гэдгийн гэрийг нь Бямбаагаар заалгаад очиход одоо энд яригдаж байгаа П.Э гэдэг залуу Энхцэцэг нар байсан. Тэгээд би тэр хүмүүсийг хараад буруу гарын эд зүйл зарах гэж байгааг мэдээд ченжид очиж үзүүлье гэж дагуулан гараад өөрийн танил цагдаад утсаар хэлээд өөрийн явж байгаа чиглэлээ хэлээд, зам дээр зогсож байгаарай гэж хэлээд гарсан. Ингээд Баянбүрдийн тойргийн орчим цагдаа намайг зогсоож машин шалгаад П.Э, Энхцэцэг нарыг аваад явсан. Тэд өөрсдөө хэлэхдээ манай ахын эд зүйл юм. Намайг зараад наймаа хий гэсэн. Тэгээд би зарах гэж байгаа гэсэн. Гэхдээ би тэдний үгэнд итгээгүй тул цагдаад мэдэгдсэн..." гэх мэдүүлэг /4хх-ийн 22х/,
хохирогч З.Хайлдагийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 241-249х/, эд зүйлийн үнэлгээ: 7,470,000 төгрөг /4хх-ийн 17х, 19-21х/, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх-ийн 1-2х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,
- 2016 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Тулгын ажиллуулдаг "Халиун марал" хүнсний дэлгүүрийн вакум цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлсны улмаас нийт 1.327.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
П.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Намайг Дэнжийн 1000-д явж байхад Пүрэвдаваа ах ирээд хоёулаа Баянхошуу орьё гэж хэлээд намайг таксигаар дагуулаад явсан. Пүрэвдаваа Баянхошууны шинэ эцсийн автобусны буудлын хажууд таксинаас буусан. Пүрэвдаваа бид хоёр гудамжинд 0.33 литрийн архи хувааж уугаад байж байсан чинь Пүрэвдаваа ах нь дүүгийнхээ дэлгүүрээс хулгай хийх гэж байгаа юм аа гэж надад хэлсэн. Тэгээд би Пүрэвдавааг хулгайн гэмт хэрэг хийх гэж байгааг мэдсэн мөртлөө Баянхошууны шинэ эцсийн автобусны буудлын хажууд байрлах Халиун Марал нэртэй хүнсний дэлгүүрийн арын агуулахын хажууд очсон. Пүрэвдаваа автёрка гаргаж ирээд цонхны хаалт төмөрийг хөшиж онгойлгоод вакум цонхийг түлхэн онгойлгосон тэгээд би цонхны хаалт төмөрийг дээш нь өргөж өгөөд Пүрэвдаваа ахыг оруулж өгсөн. Пүрэвдаваа агуулахад нь ороод шуудайтай тамхи 2 ширхэг архи, пиво, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн аваад гарч ирсэн. Пүрэвдаваа бид хоёр хулгайлсан эд зүйлээ аваад такси барьж Дэнжийн 1000 руу явсан. Дэнжийн 1000-д очоод таксиндаа нэг блок улаан Вест тамхи өгөөд явуулсан. Пүрэвдаваа бид хоёр таксинаас буугаад шууд зочид буудал орж хоносон. Пүрэвдаваа бид хоёр маргааш нь буюу 10 дугаар сарын 01-ний өдөр зочид буудлаасаа гараад хулгайлсан тамхинуудаасаа хүнсний дэлгүүрүүдээр яваад бүгдийг нь зарсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 196-197х/,
хохирогч Д.Тулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Халиун Марал" нэртэй хүнсний дэлгүүрийг түрээсээр ажиллуулдаг юм. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны 11 цаг 55 минутанд хүнсний дэлгүүрээ хааж дэлгүүрийн хойд талд байх агуулахаа цоожилж явсан. Маргааш өглөө 7 цаг 30 минутын орчимд ирээд хүнсний дэлгүүрээ онгойлгоод үйл ажиллагаа явуулж байсан. Манай Халиун Марал нэртэй хүнсний дэлгүүрийн хойд талд байрлах хүнсний бүтээгдэхүүн хадгалах агуулахаа шалгатал вакум цонх онгорхой, цонхны хаалт төмрийг хөшиж онгойлгоод цонхыг түлхээд хулгай орсон байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дэлгүүрийн агуулахаас Ерөөл нэртэй,0.5 литрийн 2 ширхэг архи 15.000 төгрөгөөр үнэлнэ, нийслэл нэртэй лаазтай 4 ширхэг пиво 6000 төгрөгөөр үнэлнэ, Ессэ нэртэй тамхи 17 блок 510.000 төгрөгөөр үнэлнэ, Парламент нэртэй тамхи 4 блок 160.000 төгрөгөөр үнэлнэ, улаан Вест нэртэй тамхи 11 блок 242.000 төгрөгөөр үнэлнэ, сэнстэй Вест нэртэй тамхи 4 блок 104.000 төгрөг, саарал LD нэртэй тамхи 4 блок 88.000 төгрөг, Улаан Шонхор нэртэй тамх 6 блок 108.000 төгрөг, Кепт нэртэй тамхи 1 блок 32.000 төгрөг, Майлд нэртэй тамхи 1 блок 42.000 төгрөг, нарийн LD нэртэй тамхи 1 блок 22.000 төгрөгөөр үнэлнэ өөр алдагдсан зүйл байхгүй. Алдагдсан тамхиа Монгол Тамхи Co ХХК, Цахиур ХХК-аас худалдан авдаг, худалдан авсан баримт нь байгаа. Надад ямар нэгэн гомдол санал алга. П.Э, Пүрэвдаваа нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Тэглээ ч гэсэн миний таньдаг хүмүүс болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлж байгаа юм." гэх мэдүүлэг /3хх-ийн 79-80х, 81-83х/,
Иргэний нэхэмжлэгч С.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би ТэнцвэрТрэйд нэртэй компанийн захирлын ажил хийдэг юм. 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр намайг эхнэр Тэгшжаргалын хамт Оргилуун Булаг нэртэй дэлгүүрт байж байсан чинь манай дэлгүүрт урьд өмнө нь үйлчлүүлдэг байсан зүс таних залуу орж ирээд тамхи авах уу гээд байсан тэгэхээр нь би тэгээд хулгайн эд зүйл биш биз дээ гэхэд тэр зүс таних залуу би Баянхошуунд барилгын ажил хийгээд цалингийхаа оронд тамхи авсан юмаа гээд байсан. Би тамхийг нь худалдаж авахаар болоод цагаан шуудайны талаар тамхи хийсэн байсан. Хичнээн тамхи байсныг нь сайн мэдэхгүй байна. Тэр залуу 200.000 төгрөгөөр худалдана гээд байсан тэгэхээр нь 180.000 төгрөгөөр худалдаж авсан. Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй цалингийхаа оронд авсан юмаа гээд байсан тэгэхээр нь авсан юм. Надад гомдолтой байна цагдаагийн байгууллагад 31.200 төгрөгийн тамхи хураалгасан. Улаан Шонхор нэртэй тамхи 11 хайрцаг нийт 18.000 төгрөг, улаан Вест тамхи 6 хайрцаг нийт 13.200..." гэх мэдүүлэг /3хх-ийн 95-96х/,
"Халиун марал" хүнсний дэлгүүрээс эд зүйл хулгайлсан гэмт хэргийн, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 72-76х/, эд зүйлийн үнэлгээ 1.327.000 төгрөг /3хх-ийн 84х/, эд зүйл түр хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 92-93х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,
3. Шүүгдэгч Д.Б, П.Э нар нь бүлэглэн -2016 оны 11 дүгээр сарын 03-ны шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 5-347 тоот хашааны гадна байсан хохирогч Ж.Түвдэндоржийн 29-86 УБЕ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн арын хаалганы салхины шилийг хагалж, эд зүйл хулгайлсны улмаас нийт 1.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би Дэнжийн 1000-ын Нарантуул-2 зах дээр явж байгаад урьд нь танил П.Этай тааралдаад бид хоёр нэг шил архи авч хувааж уусан. Ингээд 17-р сургуулийн буудал дээр байдаг баар орох гэж явж байсан юм. Тэгтэл гэнэт миний урд писхийгээд юм дуугарахаар нь гайхаад хартал П.Э миний урдаас нэг хайрцагтай зүйл авч ирээд надад өгөөд чи доошоо гудамж уруудаад явж бай гэхээр нь би тэр гудамж уруудаад нилээд явж байтал П.Э араас мөн нэг хайрцагтай зүйл бариад тэврээд ирсэн. Ингээд 32-ын автобусны буудлын тэнд замын хажууд намайг 2 хайрцагтай зүйлээ хараад байж байгаарай гэж хэлчихээд П.Э түрүүлж яваад замаас такси зогсоож ирсэн. Тэгээд тэр хоёр хайрцагтай зүйлээ тухайн таксины багааж дотор хийгээд зам гүүрийн бааз дээр очоод бааз дээр байдаг нэг дэлгүүрт 7-8 блок улаан Вест тамхиа зараад, мөн нэг дэлгүүр 7 блок тамхи зарсан. Тэгэхэд л би тэр хайрцагтай зүйл тамхи болохыг мэдсэн. Мөн би нэг дэлгүүр лүү орж 10 блок тамхийг 14.000 төгрөгөөр зарсан. Ингээд 32-ын тойргийн хот руу явдаг автобусны буудлын ард байдаг дэлгүүрт ороод худалдагч нь гээд 1 залуу байхаар нь тэр залууд үлдсэн 59 блок тамхийг 14.000 төгрөгөөр тооцож зараад тэр дэлгүүрээс 500.000 төгрөг аваад үлдэгдэл 300.000 төгрөгөө маргааш нь авахаар болсон. Ингээд П.Э бид 2 тэр тамхинуудыг зараад би 120.000 төгрөг авсан. Маргааш нь нөгөө дэлгүүр дээрээ ирээд үлдэгдэл 300.000 төгрөгөө аваад би түүнээс нь 120.000 төгрөг авсан, би нийт 240.000 төгрөг авсан ба тэр мөнгөө үрээд дуусгасан байгаа. Тамхи зарсан оройноо П.Э бид 2 Сансарын тэнд байдаг нэг бааранд ороод тэр бааранд бол П.Э намайг даасан юм..." гэх мэдүүлэг /5хх-ийн 7-8х/,
П.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би 32-ын тойрог дээр би найз Д.Бтой хамт архи уугаад тэгээд нилээн их согтоод Дэнжийн 1000-ын дээшээ өгсөөд шарилын тийш Д.Бийн гэрт нь очих гээд явж байсан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна гадаа харанхуй болчихсон байсан. Тэгээд нэг гудамжаар явж байгаад тэр гудамжинд тавьсан байсан машины хажуугаар өнгөрөхөд Д.Б тэр машин руу харчихаад надад энэ машинд тамхи байна гэж хэлээд Д.Б бид 2 тэр машинаас тамхи хулгайлахаар болоод Д.Б тэр машины хойд шилийг хагалаад хаалгыг нь онгойлгоод нэг том хайрцаг дүүрэн улаан Вест тамхи мөн нэг тал хайрцаг улаан Вест тамхи хулгайлсан. Ингээд Д.Б бид 2 хулгайлсан 2 хайрцагтай тамхиа тэврээд тэндээс холдоод буцаад 32-ын тойрог дээр ирсэн. Ингээд 32-ын тойргийн урагшаа явдаг автобусны буудлын ар талын Сод гэдэг дэлгүүрт оруулж нилээд их тамхи зарсан. Нэг хайрцаг тамхийг нь 1400 төгрөгөөр бодож өгсөн. Тухайн үедээ ямар ч байсан 400 гаруй мянган төгрөг аваад маргааш нь үлдэгдэл 300.000 төгрөгийг ирж авахаар болсон. Мөн тэр хавийн дэлгүүрүүдэд тэр тамхийг бага багаар нь зарсан. Тэгээд тэр орой бол Д.Б бид хоёр тус тусдаа 300.000 төгрөгтэй болсон байсан. Ингээд тэр шөнөдөө Д.Б бид хоёр архи уугаад 57-р сургуулийн тэр хавьд бааранд орсон тэгээд тухайн мөнгөөрөө архи уугаад дуусгасан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /5хх-ийн 199-201х/
хохирогч Н.Даваалхамын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Казакстан улсаас тамхи оруулж ирдэг "Цахиур" ХХК-д хуулийн мэргэжилтнээр ажилладаг юм. Манай байгууллага нь өөрийн борлуулагч нараар дамжуулан оруулж ирсэн тамхиа Улаанбаатар хотын дэлгүүрүүдээр тараадаг бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай байгууллагын борлуулагч Түвдэндорж нь байгууллагуудаас тамхи аваад тараалт хийж явж байгаад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 347 тоот хашааны гадна тамхи ачсан өөрийн эзэмшлийн Тоёота Приус машинаа тавьсан байх үед нь хулгайч арын шилийг нь хагалж 80 блок буюу 800 хайрцаг улаан Вест тамхи хулгайлан авсан байсан. Ийм учраас байгууллагад 1.440.000 төгрөгийн хохирол учирсан. Би нэг ч тамхи хүлээн аваагүй хохирол барагдаагүй байгаа..." гэх мэдүүлэг /3хх-ийн 162-163х, 7хх-ийн 164х/
хохирогч Ж.Түвдэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаа тараад 18 цагийн үед гэртээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 5-347 тоотод ирээд хашааны гадна өөрийн 29-86 УБЕ улсын дугаартай машинаа тавиад гэртээ орж хоол ундаа идчихээд 1 цаг болсон. Тэгээд гарч ирэхэд машины хойд талын хаалганы салхины шилийг хагалсан байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаа дуудаад үзлэг хийсний дараа машин дотор байсан тамхинуудыг үзэхэд хайрцагтай 80 блок Вест тамхи алдагдсан байсан. Энэ тамхинууд минийх биш "Цахиур" ХХК-ийн тамхи байсан.
Надад машины шил хагарсан хохирол учирсан. Би тухайн үед 50.000 төгрөгөөр шинэ шил хийлгэсэн. Тэгэхээр салхины шилийг одоо үнэлгээ хийлгэхгүй, үнэлүүлэхгүйгээр шийдэж өгнө үү. Надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /7хх-ийн 158х/,
гэрч Г.Ганцоожийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой би дэлгүүрээ ажиллуулаад байж байтал манай дэлгүүрт 20-25 орчим насны дунд зэргийн бие хаатай залуу орж ирээд надаас улаан Вест тамхи зарж байна авах уу гэхээр нь үнийг нь асуутал 1 блокыг нь 16.000 төгрөгөөр өгнө гэсэн. Тэгэхээр нь би өөр хямдхан өгөх үү гэж асуухад олноор нь авбал шууд 1 блокыг нь 14.000 төгрөгөөр ав гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгэхэд би тэр залуу өөр нэг залуутай хамт хайрцагтай тамхинуудаа аваад орж ирсэн. Би 59 блок буюу 590 хайрцаг тамхийг 826.000 төгрөгөөр худалдаж авсан.
Тухайн үед 500.000 төгрөгийг бэлэн өгөөд маргааш ирж 300.000 төгрөгийг авахаар болоод үлдэгдэл 29.000 төгрөгөндөө архи, тамхи, алим, цэвэр ус зэргийг авсан. Тэгээд маргааш өглөө нь 11-12 цагийн үед нөгөө 2 залуу ирээд 300.000 төгрөгөө надаас аваад явсан. Ийм л асуудал болсон юм.
Би уг тамхийг худалдаж аваад өөрөө 9 блокыг нь авч үлдээд үлдсэн 50 блок тамхийг танил Аня гэдэг хүнд 1 блокыг нь 17.300 төгрөгөөр зарчихсан юм. Одоо би авч үлдсэн 9 блок тамхиа зараад дуусгасан байгаа. Тухайн миний таньдаг Аня гэгч эгч гадуур тамхи зарж явдаг ба манай дэлгүүр улаан Вест тамхи зардаг байгууллагтай гэрээтэй бөгөөд надаас хямдхан тамхи авч өгөхийг гуйж байсан юм. Тэгээд би өөрөө ашигаа гаргаад 1 блокыг нь 17.300 төгрөгөөр зарчихсан юм. Би хулгайн тамхи гэдгийг нь мэдээгүй. Би өөрөө эхэлж орж ирээд тамхи авах уу гэсэн залуугаас нь бүр наад тамхи чинь хулгайн тамхи биш биз гэж асуухад тэр залуу ямар ч асуудалгүй бид нар Нарантуул захын тамхины лангуун дээр ажилладаг юм хулгайн тамхи биш зунаас хойш цалингаа аваагүй болохоор мөнгөндөө бодож тамхи авсан юм гэж хэлж байсан. Тийм болохоор би хулгайн тамхи гэж мэдээгүй. /3хх-ийн 165-167х/,
гэрч О.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Чингэлтэй дүүргийн Булгийн 16-741 тоот хашаандаа "Хөтөл Нуур" нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой би дэлгүүрээ ажиллуулаад байж байтал манай дэлгүүрт 20-25 орчим насны дунд зэргийн бие хаатай залуу орж ирээд улаан Вест тамхи зарж байна авах уу гэхээр нь би үнийг асуутал 1 блокыг нь 14.000 төгрөгөөр өгнө гэсэн. Ингээд манай дэлгүүрийн тамхи дуусаж байсан болохоор 10 блок тамхийг 140.000 төгрөгөөр худалдаж авсан. Манай дэлгүүрээр олон хүн орж ирдэг мөн хүн ихтэй байсан болохоор зүс царайг нь сайн харж чадаагүй, одоо би тэр залууг харвал танихгүй, би авсан 10 блок тамхиа зараад дуусгасан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 168-169х/,
хохирогч Ж.Түвдэндоржийн 29-86 УБЕ улсын дугаартай, "Тоёота приус 20" маркийн тээврийн хэрэгслээс "Цахиур" ХХК-ны эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийн, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 150-154х/, эд зүйлийн үнэлгээ 1.440.000 төгрөг /3хх-ийн 164х/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар,
- 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэсгэрт байрлах Нуурын 23-ын 10-7 тоотод оршин суух хохирогч Ш.Мөнгөнтуяагийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж эд зүйл хулгайлан нийт 910.880 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
П.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гадуур архи ууж явж байгаад Д.Бтой таарсан. Д.Бийн хамтаар 1 литрийн архи аваад гудамжинд хамт хувааж уусан. Зам гүүрийн баазаас уруудаад явж байхад урьд 2 хоногийн өмнө цоожтой харагдаж байсан айл эзэнгүй байгаа харагдсан. Хашааны том хаалганы уяаг асаагуураар шатааж тасалсан. Тэгээд хашаанд ороод монгол гэрийн хаалганы цоожыг эвдэж онгойлгоол орсон. Тэгээд гэрийн хойморт зурагт, компьютер байсныг авсан, бас хайрцагтай бумба, цэнхэр эрээн рузалка цүнхэнд хийсэн. ...Одоо санахад Д.Бийн хамтаар хулгайн гэмт хэргийг үйлдсэн байж магадгүй. Тухайн айлын гэрт байхад Д.Б гэрийн интернэт кабелийг авна, айлд тавьж өгнө гэж ярьж байсныг санаж байна.” гэх мэдүүлэг /8хх-ийн 202х/,
Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...П.Э нэг хашаа заагаад энэ айл өдөр цоожтой байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр айлын хашааруу очоод том хаалганы уяаг асаагуураар шатааж тасалсан. Тэгээд хашаанд ороод миний биед явсан отвёркаар цоожийг хөшөөд онгойлгож гэр рүү ороод П.Э гэрийн хойморт байсан зурагтыг аваад зүүн талын орон дээр тавьсан. Гэрийн хойморт байсан компьютерийг харахад процессор байх байсан бөгөөд хайхад жижиг процессор олдсон. Тэгээд би хийх юм хайгаад баруун талын орны дээд хэсэгт байсан цүнхийг нээж үзэхэд цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн оймс, саарал өнгийн ноосон цамц байсан. Тэгээд гэрийн хойд талд байсан босоо шүүгээг уудлаад дотроос нь ясан иштэй хутга, хайрцагтай бумба, хөргөгчнөөс мах, босоо шүүгээний дээд хэсэгт байсан печений бөөрөнхий сав дотроос хоёр ширхэг бугуйн цаг авсан. Тэгээд гэрээс гарахдаа цэнхэр өнгийн цүнхэд авсан эд зүйлээ хийгээд бусад эд зүйлийг орон дээр байсан дэвсгэр даавуунд боогоод гарсан. П.Э зурагт бумба хоёрыг тэврээд гарсан. ...Тэгээд Нарантуул-2 захруу явж бумба, бугуйн цагийг зарсан. Компьютерийг сонин зардаг эгчид харж байгаач гээд үлдээсэн,...” гэх мэдүүлгээр /8хх-ийн 203-204х/,
хохирогч Ш.Мөнгөнтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 09 цагт гэртээ ирэхэд ...гэрийн хаалганы мод дээд хэсгээрээ цуурч эвдэрсэн, гэртээ ороод эд зүйлээ харахад бүх зүйлийг ухаад гаргачихсан, эмх замбраагүй болгоод орхисон, цахилгаан хэрэгсэлүүд байхгүй харагдсан тэгээд цагдаад дуудлага өгч шалгуулсан, Эд зүйлээ бүртгээд үзэхэд гэрийн хоймор хэсэгт ширээн дээр байсан 32 инчийн Лед дэлгэцтэй Могул брэндийн зурагт, залгуурууд, МНВС кабель хүлээн авагч төхөөрөмж, удирдлага, гэр интернэтийн төхөөрөмж, суурин компьютер, ясан иштэй 18-20см урттай хутга, 20 ширхэг бумба тавих аппарат, хөргөгчнөөс 4 кг мах, эрэгтэй, эмэгтэй хүний бугуйн цаг, даавуун цүнх, эрэгтэй цэнхэр жинсэн өмд, бор саарал өнгийн ноолууран цамц, фудволк, оймс зэрэг эд зүйлс алдагдсан байсан.” гэх мэдүүлэг,
гэрч Б.Эрхэмбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 09 цагт гэртээ ирэхэд ....гэрийн хаалганы мод дээд хэсгээрээ цуурч эвдэрсэн, гэртээ ороод эд зүйлээ харахад бүх зүйлийг ухаад гаргачихсан, эмх замбраагүй болгоод орхисон, цахилгаан хэрэгсэлүүд байхгүй харагдсан тэгээд цагдаад дуудлага өгч шалгуулсан, Эд зүйлээ бүртгээд үзэхэд гэрийн хоймор хэсэгт ширээн дээр байсан 32 инчийн Лед дэлгэцтэй Могул брэндийн зурагт, залгуурууд, МНВС кабель хүлээн авагч төхөөрөмж, удирдлага, гэр интернэтийн төхөөрөмж, суурин компьютер, ясан иштэй 18-20см урттай хутга, 20 ширхэг бумба тавих аппарат, хөргөгчнөөс 4 кг мах, эрэгтэй, эмэгтэй хүний бугуйн цаг, даавуун цүнх, эрэгтэй цэнхэр жинсэн өмд, бор саарал өнгийн ноолууран цамц, фудволк, оймс зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...тэр залуугийн нэрийг мэдэхгүй зүс харж байсан. Тэгээд ирээд надад компьютер байна авах уу гэсэн. Тэгээд авчирсан компьютерийг нь үзэхэд Леново нэртэй жижиг хэмжээтэй хар өнгийн процессор, Самсунг гэсэн хар өнгийн нимгэн дэлгэц залгуур утаснууд, гадна хэсэг нь саарал өнгийн өндөрдүү өсгөгч, гэр интернэтийн хүлээн авагч, төхөөрөмж, гар хулгана зэрэг зүйл байсан. Тэгээд компьютерийг зарна гэхээр нь 25000 төгрөгөөр худалдаж хуучин эд зүйл тавьдаг хэсэгтээ 2 хоног тавьж байгаад явуулын хүнд 85000 төгрөгөөр худалдсан.” гэх мэдүүлэг /8хх-ийн 150х/,
хохирогч Ш.Мөнгөнтуяагийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргийн, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8хх-ийн 121-128х/, П.Эы гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан пүүзийг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тогтоол /8хх-ийн 140х/, эд зүйлийн үнэлгээ 980.880 төгрөг /8хх-ийн 152-156х/, П.Эы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх-ийн 167-175х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Баасандорж, П.Энхсайхан нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Баасандоржийн ганцаараа үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас: - хохирогч Г.Лхамрагчаад нийт 340.000 төгрөгийн хохирол учруулснаас зарим эд зүйлийг нь биет байдлаар төлж барагдуулан, одоо 30.000 төгрөгийн үйлдэгдэлтэй,
- хохирогч О.Билгүүнд нийт 876.000 төгрөгийн хохирол учруулснаас зарим эд зүйлийг нь биет байдлаар төлж барагдуулан, одоо нийт 63.000 төгрөгийн үлдэгдэлтэй тус тус болно.
Хохирогч Б.Болорхундагт нийт 152.000 төгрөгийн хохирол учруулсанаас биет байдлаар нь буцаан төлсөн байх ба одоо хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн түүнд төлөх төлбөргүй байна.
Мөн П.Энхсайхантай бүлэглэж үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас: -хохирогч Н.Даваалхамд нийт 1.440.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс төлсөн зүйл байхгүй тул Д.Баасандоржид оногдох хувь 720.000 төгрөгийг хохирогчид төлүүлэхээр байна. Хохирогч Ш.Мөнгөнтуяад нийт 910.880 төгрөгийн хохирол учруулсанаас 64.880 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хохирогчид буцаан өгсөн байх одоо Д.Баасандорж нь өөрт оногдох 423.000 төгрөгийг хохирогчид төлөх үлдэгдэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.Баасандоржоос нийт 1.236.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт оногдох хувиар нь олгуулахаар шүүх шийдвэрлэв.
шүүгдэгч П.Энхсайхан нь БЗД, СБД, ЧД, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын төрийн сангийн 100900005406 тоот дансанд нийт 1.163.000 төгрөгийг байршуулсан бөгөөд уг мөнгөнөөс хохирогч З.Хайлдаад 20.000, Н.Даваалхамд 720.000 төгрөг, Ш.Мөнгөнтуяад 423.000 төгрөгийг тус тус олгож, түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. Хохирогч Д.Тулга нь /“Халиун марал” дэлгүүр/ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүгдэгч Д.Баасандоржид ял шийтгэл оногдуулахдаа: үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, бусдад учруулсан хохиролыг төлөөгүй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Энхсайханд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн хэргээ хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангид засаан хулгайн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн П.Эы хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус ял сонсогож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Д.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, П.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийн хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Дулмаагийн Д.Б, Бэсүт овогт Пүрэв-Ёндонгийн П.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Д.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 8 /найман/ сарын хорих ял
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч П.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б, П.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон нийт 857 /найман тавин долоо/ хоногийг биечлэн эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.
Шүүгдэгч П.Эы цагдан хоригдсон нийт 389 /гурван зуун наян ес/ хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, хорих ялыг бүрэн эдэлсэнд тооцож, түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Боос нийт 1.236.000 /нэг сая хоёр зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Лхамрагчаа /РД:ВЕ90010918/-д 30.000 /гучин мянга/ төгрөг, хохирогч О.Билгүүн /РД:ХП87030218/-д 63.000 /жаран гурван мянга/ төгрөг, хохирогч Н.Даваалхам /РД:ЙМ87061109/-д 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөг, хохирогч Ш.Мөнгөнтуяа /РД:МП82081561/-д 423.000 /дөрвөн хорин гурван мянга/ төгрөг тус тус олгож,
шүүгдэгч П.Энхсайханы БЗД, СБД, ЧД Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан нийт 1.163.000 /нэг сая нэг зуун жаран гурав мянга/ төгрөгөөс, хохирогч З.Хайлда /РД:ИГ80011607/-д 20.000 /хорин мянга/ төгрөг, хохирогч Н.Даваалхам /РД:ЙМ87061109/-д 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөг, хохирогч Ш.Мөнгөнтуяа /РД:МП82081561/-д 423.000 /дөрвөн хорин гурван мянга/ төгрөг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн П.Эы пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9 Шүүгдэгч П.Эд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч,
шүүгдэгч Д.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, П.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ