Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 389

 

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөлгч З.Тунгалаг /№0324/

нарийн бичгийн даргаар Б.Оч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад боржигон овогт Зоригтын З.Бд холбогдох 1811004570195 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, дүү нарын хамт амьдрах, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 35 дугаар гудамжны 469 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2007 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шүүхийн тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хиад боржигон овогт Зоригтын З.Б /РД- /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлт бичигдсэнээр/ З.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.Б нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэнжийн” 41-537 тоотод оршин суух хохирогч Д.Ууганцэцэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, шүүгээнээс нь 2 хос пүүз, үүргэвч цүнхийг хулгайлан авч нийт 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйсэн болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  

З.З.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "... 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед гэрээсээ гараад Ууганаа эгчийн гэрээс 2 хос пүүз хулгайлаад хар өнгийн цүнхэнд хийгээд гарсан... гэрийнх нь хаалгыг татсан чинь цоожтой байхаар нь хаалганы бариулаас нь хүчтэй татаж цоожийг нь эвдлээд орсон... архи уух гэж би хулгай хийсэн юм ..." гэх мэдүүлэг /хх-ийн 25х/,

З.З.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: ... Би ганцаараа хулгай хийсэн. Хулгай хийсэн эд зүйлээ Болдоо гэдэг зүс таньдаг хүнд 20.000 төгрөгөөр зарсан бөгөөд уг эд зүйлийг би буцааж аваад Ууганцэцэг эгчид өгсөн байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46х/,

хохирогч Д.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би ... 18 цаг болж байхад гэртээ ирсэн юм. Намайг гэртээ ирэхэд хаалганы цоожийг мулт татчихсан байсан. Түгжээ нь дүүжлээстэй хаалгыг даруулганаас нь мулт татчихсан байсан... тэгээд би гутлаа тайлаад далд хийх санаатай шүүгээгээ харсан чинь манай хүүхдүүдийн гуталнууд байхгүй байсан...

Манай гэрээс хүүхдийн хоёр хос пүүз болон хүүхдийн хичээлийн үүргэвч зэрэг эд зүйл алдагдсан байсан... Дараа нь сураглаж байгаад З.Бийг согтуу явж байсан талаар хүнээс сонссон юм ..., ...З.Б надаас уучлалт гуйж манай гэрээс хулгай хийсэн 2 ширхэг пүүз, хар өнгийн үүргэвчийг хүлээлгэн өгч бид хоёр эвлэрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22х/,

хохирогчоор Д.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "... Би Чингэлтэй дүүргийн 10-р хороо Дэнжийн 41-537 тоотод амьдардаг. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед гэрээ түгжээд гарч явсан. Ингээд буцаад 17 цаг өнгөрч байх үед гэртээ иртэл гэрийн хаалганы цоожийг цүүтэй нь татаж эвдээд гэрт хулгайч орж гэрийн баруун талын шүүгээнд байсан 2 ширхэг гарнет пүүз, гэрийн зүүн хойд талд байсан шүүгээнээс хар өнгийн үүргэвч алдагдсан... хулгай орсны дараа хойд хөрш Булгаа гэж хүнээс манайхаар хүн орсон уу гэтэл З.Б хар цүнх үүрээд гарч явсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

 

гэрч Э.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 14 цаг өнгөрч байх үед ... гэр лүүгээ явж байгаад Чингэлтэйн 15-р гудамжны орчимд зүс таних Докоо гэгч залуу намайг пүүз авах уу гэхээр нь харъя гэсэн чинь хар торон дотроос цэнхэр болон саарал өнгийн 2 ширхэг пүүз гаргаж ирсэн. Би үнийг нь асуухад хоёуланг нь 30.000 төгрөгөнд өгнө гэхээр нь 20.000 төгрөгөнд өгчих гээд уг 2 ширхэг пүүзийг авсан юм..., ... Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 07-ны орой 18 цагийн орчимд Докоо манайд ирээд... найз нь нөгөө 2 пүүзээ авчихъя. Би чамд худлаа хэлээд дүүгийнхээ пүүз гээд өгчихсөн боловч одоо цагдаагийн газар шалгагдаж байна гэхээр нь 20.000 төгрөгөө аваад түүнээс авсан 2 ширхэг пүүзийг буцаагаад өгсөн юм... Докоо надад пүүз зарах үедээ хулгайн эд зүйл гэж ерөөсөө хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,

"Дамно" хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Д.Бат-Эрдэнэ, д/а Х.Ганзориг нарын илтгэх хуудас /хх-ийн 15х/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18х/, Хэрэг учрал болсон газар нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 41-537 тоот хашаа бөгөөд ...гэрийн хаалганы доод өнцөгөөс дээш 80 см-н зайд хаалгыг хөшсөн ул мөр үүсгэгдсэнийг фото зургаар бэхжүүлэн ... авав ..." гэх тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зургууд /хх-ийн 9-13х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч З.З.Бийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олж согтууруулах ундааны зүйл хэрэглэх зорилгоор хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Ууганцэцэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан тул цаашид ямар нэг гомдол санал байхгүй болно, ...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөлх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч З.Бд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хоихорлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс догуур хорих ялыг оногдуулж, нээлттэй хорх байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хиад боржигон овогт Зоригтын З.Бийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. З.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан З.Бд шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч З.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. З.Бд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ