Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01802

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01802

 

 

С.С-, Б.А-, З.Ц- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/02531 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.С-, Б.А-, З.Ц- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00878 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 782 дугаар магадлалаар 105,114,352.18 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж З.Ц-гийн өмчлөлийн 136 м.кв талбайтай хувийн сууц, хоёр машины гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв талбайтай газрын хамт 86,156,531 төгрөгөөр үнэлсэн нь бодит зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Энэхүү газрын үнэлгээг тогтоохдоо холбогдох дүрэм, журам зөрчсөн гэж үзэж байгаа. Төрийн мэдээллийн сангаас авсан нэгж талбарын дуудлага худалдааны анхны үнийн лавлагаанд уг газрын үнэлгээг 49,300,156 төгрөг гэж үнэлсэн байхад шинжээч нь 25,000,000 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй. Бид хоёр машины гарааштай, 125 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 80-100 сая төгрөг хүрэх байх гэж тооцсон боловч үнэлгээ хэт багаар гарсныг зөвшөөрөхгүй байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтооход тухайн хөрөнгийн байршил ба нөлөөлөх байх гэж найдсан.

Мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 21 дүгээр байрны 21 дүгээр тоотод байрлах, Ү-2204000086 дугаартай үл хөдлөх хөрөнгийг зах зээлээс багаар үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэхүү байр нь Сансар хороололд үнэлгээ сайтайд тооцогддог, гал тогоо томтой, давхартаа хоёр айлтай байдаг. Уг байрыг 170,599,000 төгрөгөөр үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00878 дугаар шийдвэрээр С.С-, Б.А-, З.Ц- нараас 105,868,074 төгрөгийг гаргуулан ХХБ ХХК-нд олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох З.Ц-гийн хувийн эзэмшлийн 136 м.кв сууц, 700 м.кв газар, С.С-ын 51 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийг гүйцэтгэлийг хангахыг даалгаж шийдвэрлэсэн.

Гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг гүйцэтгэхийг төлбөр төлөгч нарт хугацаатай мэдэгдэл өгсөн боловч биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгч нарын эзэмшил, өмчлөлийн дээрх эд хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21260781 дугаар тогтоолоор З.Ц-гийн эзэмшлийн 700 м.кв талбайтай газар, 136 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжлэн, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21260781/01 тогтоолоор хураасан. С.С-ын өмчлөлийн 51 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21260781/01 тогтоолоор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21260781/02 дугаар тогтоолоор хураасан.

Талуудаас дээрх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Хандгайтын богинод байрлах, эзэмшлийн газар, гарааш, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Б.А-, З.Ц- нар 500,000,000 төгрөгөөр, С.С-ын өмчлөлийн 51 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг 245,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн саналыг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилж үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор АБ ХХК, ХҮТ ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэж, үнэлгээний тайлангийн талаар нэхэмжлэгч нарт 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэж танилцуулан, үнэлгээний тайланг канондож өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-, З.Ц-, С.С- нарын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан төлбөр төлөгч З.Ц-гийн эзэмшлийн нэгж талбарын 700 м.кв талбай газар, түүний өмчлөлийн улсын бүртгэлийн 136 м.кв талбайтай хувийн сууц, С.С-ын өмчлөлийн 51 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн АБ ХХК, ХҮТ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Улсын Газрын харилцаа, геологи зураг зүйн агентлагийн зүгээс манай нэгж талбар буюу бидний эзэмшиж буй газрын анхан шатны дуудлага худалдааны үнийг 49,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад интернет сайтын дундаж үнээр үнэлсэн.

4.б. 2 сард хийсэн үнэлгээний ажил нь одоогийн буюу 3 сарын дараах зах зээл дээрх үнэ, инфляцийн түвшин зэрэгт нийцэхгүй байгаа ба бодит үнэлгээг үгүйсгэж байгаа учир үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч С.С-, Б.А-, З.Ц- нар нь НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00878 дугаар шийдвэрээр Б.А-, З.Ц- нараас зээлийн гэрээний үүрэгт 105,114,352.18 төгрөгийг гаргуулж, ХХБ ХХК-д олгож, хариуцагч С.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 782 дугаар магадлалаар дээрх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч нарын нэр, хувийн сууц гэсний дараа гарааш гэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар гэснийг НШШГГ- гэж өөрчилж шийдвэрлэсэн байна. /хх81-84/

 

2.а. Хуулийн хүчин төгөлдөр уг шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүхээс 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ГХ2021/00996 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх 80,85/

 

3. Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйл болох З.Ц-гийн эзэмшлийн газар, өмчлөлийн хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21260781 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21260781/01 дугаартай тогтоолоор хураасан, С.С-ын өмчлөлийн 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21260781/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21260781/02 дугаартай тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

4. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас санал авахад З.Ц-гийн эзэмшлийн газар, өмчлөлийн хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч Б.А-, З.Ц-, С.С- нар нь 500,000,000 төгрөг, харин С.С-ын өмчлөлийн 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч Б.А- нь 245,000,000 төгрөг, С.С- нь 220,000,000 төгрөг гэсэн санал гаргасан бол, төлбөр авагч ХХБ ХХК-аас барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх103-108/

 

5. Хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2/30 дугаар тогтоолоор шинжээчээр үнэлгээ хийлгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар АБ ХХК-ийг томилсон байх ба шинжээч нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 21 дүгээр байрны 21 тоот хаягт байрлах 51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 170,599,000 төгрөг болохыг тогтоосон, уг үнэлгээний дүгнэлтийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 4-161/2686 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна. /хх 109, 123-124/

 

6. Иймд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан боловч үнэлгээг зөвшөөрөхгүй гэж үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг мөн оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл хугацааг хэтрүүлснийг шүүх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэл гаргаагүй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

7. Шинжээч үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд зах зэлийн хандлагаар ижил байршилд байрлах орон сууцны үнэлгээтэй харьцуулан, орон сууцны талбайн хэмжээ, байрлалын итгэлцүүр, чанар хийц, давуу болон сул дутагдалтай талуудыг харгалзан үнэлгээг тогтоосон нь тайланд тусгагджээ.

 

7.а. Нэхэмжлэгч нь үнэлгээний дээрх аргачлал, дүгнэлтийг баримтаар няцаасан буюу үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байх бөгөөд анхан шатны шүүх үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул хэргийн баримтыг маргаанд хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2022/02531 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ