| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0372/Э |
| Дугаар | 396 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 396
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Г.Ганбат /№1327/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Жавхлант овогт Очирпүрэвийн О.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811002500384 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 48 настай, ам бүл 5, ээж, дүү, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа үсчин ажиллуулдаг, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 17-439 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жавхлант овогт Очирпүрэвийн О.Г /РД: /,
Шүүгдэгч О.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Г нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн 17-469 тоотод хохирогч Ц.Янжинлхамыг зодож биед нь тархи доргилт баруун нүдний ухайрхайн дотор ханын хугарал, хамар ясны таславч мурийлт, хоолойд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хохирогч нөхрөө цагдаад байнга өгдөг байсан. Би тухайн үед найзуудтайгаа сууж байхад ороод ирсэн. Тэгээд чи миний дүүг цагдаад өгдөг хэн бэ гээд бид хоёр маргалдаж хохирогчийг цохисон гэв.
О.Гн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би хамар хавьд цохисноо мэдэж байна. Би тухай үед нэлээд халчихсан байсан болохоор сайн мэдэхгүй байгаа юм. Надаас өөр хүн бол зодоон цохион тухайн үед хийгээгүй. Би яг хаана нь хэдэн удаа цохиж юу болсныг сайн санахгүй байгаа юм. Ямар ч байсан хамраас цус гараад гэрээс гүйгээд гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33х/
хохирогч Ц.Янжинлхамын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би нөхөр Гүррагчаатай Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1089 тоотод хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан юм. Хамт амьдарч байх хугацаанд нөхөр Гүррагчаагийн гэрийнхэн дандаа дарамтлаад, нөхөр чинь архи уугаад яваад байна хоёр хүүхдээ хоосон хонуулаад байна гээд дарамтлаад байсан учраас тусдаа амьдарч эхэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нөхөр Гүррагчаа надруу залгаад хүрээд ир хоёулаа гэртээ очиж хоноё би жоохон архи уусан байна хүрээд ирээч гээд гуйгаад байсан. Ингээд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 17 дугаар гудамжинд очсон чинь Гүррагчаа найз Чойлоо, Улаанаа, Ганхүү нартай архи уугаад зогсож байсан. Ингээд явах юм уу гээд асуусан чинь таксинаасаа буугаад ир хоёулаа цуг явья гэхээр нь таксинд мөнгөө төлөөд буусан. ...Ингээд байж байхад Гүррагчааруу эгч О.Г залгаад найз нар нь зодоод байна гэж ярьсан. Тэгсэн Гүррагчаа хоёулаа хамт эгчийн гэрт очоод ирье гэсэн. Тэгэхээр нь би хамт очиж чадахгүй гэсэн чинь зүгээрээ хоёулаа хамт очьё найз нар нь зодоод байна гэнээ би чамайг эгчээс хамгаална. Ингээд бид Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 17-439 тоот хашаанд яваад очиход О.Г нь өөрөөсөө гадна 3 найзын хамт архи уугаад байж байсан Тэгээд хаалгаар орсон чинь О.Г намайг барьж аваад чи цагдаа нарт хэлдэг гэсэн намайг тэр цагдаа нартаа хэлээд бариулаад өг, мөн чи яагаад улаан өнгийн гутал, ягаан өмд өмсдөг юм бэ гээд зодоод миний үснээс зулгаагаад хоолойноос багалзуурдаад миний дээрээс өшиглөөд байсан. Мөн миний хамарлуу гараа атгаж байгаад цохьсон. Энэ үед нөхөр Гүррагчаа хараад зогсож байхаар нь би намайг хамгаална гэсэн яасан бэ гэхэд инээгээд зогсоод байсан. тэгээд гэрээс нь гараад Чойлоогийн гэрт очоод өөрийн хувцас эд зүйлээ аваад зогсож байхад араас Гүррагчаа орж ирээд намайг зодох гэж дайрсан боловч найз нь хамгаалсан учраас гарч зугтаагаад цагдаад дуудлага өгсөн, ...Миний биед учирсан гэмтлүүдийг О.Г учруулсан. Намайг заамдаж хувцаснаас барьж байгаад баруун хацарлуу нэг удаа алгадаад хоёр гараараа хамарлуу цохиход хамраас цус гарсан ба тэр үед хоолойноос хоёр гараараа багалзуурдаж байгаад буцаагаад татаж унагаагаад зүүн хөхний дээд тал, баруун гуяны ар тал, баруун хөлний шагайны ар талын хэсэгрүү өшиглөсөн. Тэгээд би босоод зугтаасан юм. ...надад 128.000 төгрөгийн баримт байгаа. Би цаашид эмчилгээ хийлгэж хамраа янзлуулмаар байна. Мөн нүдний ухархайд хагалгаа хийнэ гэсэн. Эдгээр зардлыг нэхэмжилнэ. Би зодуулж гэмтсэндээ гомдолтой байна. /хх-ийн 13,14х/,
гэрч Д.Гүррагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 сарын 08-ны орой найз Чойлоо, Улаанаа бид гурав хоёр шил хараа архи авч уугаад орой согтоод гэртээ ороход эгч О.Г байсан. Тухайн үед манай эгч О.Г бага зэрэг согтуу байсан бөгөөд Янжинлхамд хандаад чи яагаад манай дүүг шүүхэд өгчихөөд хамт орж ирж байгаа юм бэ гээд уурласан. Үүнээс болж эгч О.Г, эхнэр Янжинлхам нар хоорондоо маргалдсан. Ингээд Янжинлхам цагдаад дуудлага өгсөн байсан. Би тухайн үед согтуу байсан учраас болсон асуудлын талаар тодорхой санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,
гэрч А.Эрдэнэхуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид нар том өрөөнд сууж байхад гаднаас Гүррагчаа эхнэрийнхээ хамт орж ирсэн бөгөөд тэр үед О.Г гараад гал тогооны өрөөндөө ороод хаалгаа хаачихаад маргалдаж байгаад Гүррагчаагийн эхнэр гараад явсан. ...ямар ч байсан хэрэлдэж маргалдаад чанга, чанга хашгиралдаад байсан. Тэгэж байгаад О.Г буцаад ороод ирсэн ба удалгүй хойноос цагдаа ирж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 1308 тоот шинжээчийн: “Ц.Янжинлхамын биед тархи доргилт баруун нүдний ухайрхайн дотор ханын хугарал, хамар ясны таславч мурийлт хоолойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно.” гэх дүгнэлт /хх-26/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.Г нь хохирогч Ц.Янжинлхамыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Янжилхамд хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч О.Г нь хохиролыг төлсөн байх ба, хохирогч цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хохирогч О.Гд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, хувийн байдлыг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Жавхлант овогт Очирпүрэвийн О.Гг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Гг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар О.Гг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь Ц.Янжинлхамд нийт 128.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг төлсөн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ц.Янжинлхам нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Гд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ