Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 397

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Отгонцэцэг,

улсын яллагч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Очирхүрээгийн О.Гт холбогдох 1811006260196 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тавандорж хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 63-1112 тоотод оршин суух хаягтай, урьд гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Монгол овогт Очирхүрээгийн О.Г, Регистрийн дугаар: / /.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "17" нэртэй баранд үйлчлүүлж байхдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Б.Булгантамирын “Самсунг Жи-7” маркийн гар утсыг авч нийт 448.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

­­­     ­­шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

О.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд гэртээ байж байгаад өдөр нь Хайлаастад айлд очиж хүмүүстэй золгоод орой 22.00 цагт гараад гэрлүүгээ явж байхдаа 17-н автобусны буудал дээр байдаг Дуулга нэртэй караокед ганцаараа орсон. Тэндээ 2 ширхэг 0.5 литрийн пиво уугаад дараа нь хажуу талын хаалгаар нь ордог бааранд орсон. Тэр бааранд дахиад 2 шил пиво уугаад дараа нь баарнаас гараад хажуу талд нь байдаг нэг буудал руу орж өрөө авсан. Тэгээд эргэж баарандаа орж ирээд ширээн дээр ганцаараа пиво уугаад сууж байсан. Миний хажуу талын ширээн дээр хоёр билүү гурван залуу сууж байсан юм. Тэгээд тэр ширээний хүмүүс ширээн дээрээ нэг залуу нь гар утасаа орхиод босохоор нь би гар утсыг нь аваад баарнаас гараад буудал руу орж өрөөндөө орсон. Тэгсэн удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,

хохирогч Б.Булгантамирын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 17 нэртэй бааранд 23 цагийн үед өөрийн найз Золбаярын хамт орсон. Тэгээд бид хоёр хамт нэг ширээнд суугаад пиво уугаад сууж байгаад би өөрийн бор өнгийн түрүүвч, хар өнгийн гадаргуутай Самсунг Жи-7 маркийн гар утсаа үлдээгээд бие засах гээд 00 орсон юм. Тэгээд ширээн дээр манай найз Золбаяр үлдсэн ба би бие засчихаад эргээд ирсэн чинь манай найз тайзан дээр бүжиглэж байсан. Ширээн дээр үлдээсэн миний гар утас байхгүй байсан бөгөөд би Золбаяраас асуухад мэдэхгүй гэж байсан. Баарны камерийг шүүз үзэхэд бид хоёрын хажуу талын ширээн дээр сууж байсан хар богино куртиктэй, хромон гуталтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хүн аваад гараад явж байгаа бичлэг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

               гэрч Ч.Золбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2018 оны 02 дугаар сарын дундуур өөрийн найз Булгантамиртай хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны 17 нэртэй автобусны хажууд байдаг бааранд орсон юм. Тухайн үед цаг 23 цаг болж байсан санагдаж байна. Тэгээд бид хоёр нэг ширээн дээр хамт суугаад пиво уугаад сууж байсан ба Булгантамир 00 орж бие засна гээд явсан. Би тэр хооронд тайзан дээр бүжиглэж байсан чинь манай найз 00-оос гарч ирээд миний утас хаана байна гээд асуугаад байсан. Би тэгэхээр нь мэдэхгүй ш дээ чи хаана орхисон юм бэ гэхэд ширээн дээр үлдээгээд явсан гэсэн. Тэгээд бид хоёр камерийн бичлэгийг шүүсэн чинь бид хоёрын сууж байсан ширээний хажуу талын ширээн дээр сууж байсан нэг залуу аваад гарч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,

               Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16-17х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

               Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч О.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,
нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Булгантамирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. О.Гаас хар өнгийн гадаргуутай “Самсунг жи7” загварын RV8H72CAMR бүхий сери дугаартай гар утсыг хүлээн авсан...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч О.Гт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Очирхүрээгийн О.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Гт 240 /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг журамлан О.Гийн цагдан хоригдсон нийт 10 /арав/ хоногийг 80 /наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, эдлэх 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас нь хасч тооцон, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 160 /нэг зуун жаран/ цагаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Гт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч О.Г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.  

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Гт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.БАТГЭРЭЛ